| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0973/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1012 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1012
2023 7 20 2023/ШЦТ/1012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Ж-ийн Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 02401 2026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
З овогт Ж-ийн Л, /РД…................ /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 1 дүгээр байрны .......... тоотын бүргэд хаалгыг төмрөөр цохиж хонхойлгож 330.000 төгрөгний хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад маргах зүйл байхгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бгийн өгсөн: "...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 10 цагаас эхэлж манай байрны доод давхарын 54 тоотын оршин суугч Лхагвасүрэн гэх эгч нь манай гэрийн хаалгыг согтуугаар нүдээд байхаар нь хаалгаа онгойлгосон чинь манай гэрлүү орох гээд мөн хэл амаар доромжлоод байсан. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь хаалгаа хаагаад цагдаа дуудсан чинь цагдаа ирэх хооронд төмрөөр хаалга хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоод охиныг нь дуудсан чинь охиноо “зайл” гээд явуулсан чинь араас нь ах нь гарч ирээд ээжийгээ аваад явсан. Тэгээд хаалгаа харахад хаалганы түгжээ гажсан хаалганы доод хэсэгт нэлэнхүйдээ хонхойсон байсан. Лхагвасүрэн нь өмнө удаа дараа манай хаалгыг нүдэж эхнэр хүүхдийг хэл амаар доромжилж, “байрны мөнгөө төл” гэж орилж хашгирдаг. Манай нялх хүүхэдтэй болохоор хэцүү байдаг юм. Бид нарын амгалан тайван байдал алдагдуулж маш их дарамттай байдаг..." гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дахь тал/,
ХХК-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 15-17 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 1 дүгээр байрны .... тоотын бүргэд хаалгыг төмрөөр цохиж хонхойлгож 330.000 төгрөгний хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмтээсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.шүүгдэгчээс 330,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд олгох саналтай байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 1 дүгээр байрны .... тоотын бүргэд хаалгыг төмрөөр цохиж хонхойлгож 330.000 төгрөгний хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 1 дүгээр байрны .... тоотын бүргэд хаалгыг төмрөөр цохиж хонхойлгож 330.000 төгрөгний хохирол учруулж эд хөрөнгө устгаж гэмтээсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бгийн өгсөн: "...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 10 цагаас эхэлж манай байрны доод давхарын 54 тоотын оршин суугч Лхагвасүрэн гэх эгч нь манай гэрийн хаалгыг согтуугаар нүдээд байхаар нь хаалгаа онгойлгосон чинь манай гэрлүү орох гээд мөн хэл амаар доромжлоод байсан. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь хаалгаа хаагаад цагдаа дуудсан чинь цагдаа ирэх хооронд төмрөөр хаалга хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоод охиныг нь дуудсан чинь охиноо “зайл” гээд явуулсан чинь араас нь ах нь гарч ирээд ээжийгээ аваад явсан. Тэгээд хаалгаа харахад хаалганы түгжээ гажсан хаалганы доод хэсэгт нэлэнхүйдээ хонхойсон байсан. Лхагвасүрэн нь өмнө удаа дараа манай хаалгыг нүдэж эхнэр хүүхдийг хэл амаар доромжилж, “байрны мөнгөө төл” гэж орилж хашгирдаг. Манай нялх хүүхэдтэй болохоор хэцүү байдаг юм. Бид нарын амгалан тайван байдал алдагдуулж маш их дарамттай байдаг..." гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дахь тал/, ХХК-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 15-17 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Н.Бд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгчээс уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 330,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох зүйтэй байна.
Шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсжэгт зааснаар шүүгдэгч *******д 240 цаг нийтэд тустай ажил хйлгэх ял оногдуулах саналтай байна., шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ж-ийн Л-г бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 330,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА