| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00643/И |
| Дугаар | 00623 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00623
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00623 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Онцгойн 24 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, Товогт Н-н Ог //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00643/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Н.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь1964 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Ховд хотын II 10 жилийн 10 дугаар ангийг 1982 онд төгссөн. 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд үйлчлэгчээр орж, улмаар тус сургуулийн оюутны гуанзанд бэлтгэгчээр 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллаж байгаад 1986 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн суралцаж 1991 онд төгссөн. 1995 оноос 2011 он хүртэл Ховд дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургуульд Сургалтын албаны арга зүйч, 2011 оноос 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон: Сая тэтгэвэртээ ортол миний Багшийн дээд сургуульд ажиллаж байсан үеийн тушаалууд нь байгаа мөртлөө тухайн байгууллага дотроо шилжин ажилласан тушаал байхгүй гээд нийгмийн даатгалын байцаагч энэ хугацааг шүүхээр тогтоолгох гэж хэлсэн.
Иймд намайг Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал оюутны байрны цэвэрлэгч, оюутны гуанзны бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Н.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал оюутны байрны цэвэрлэгч, оюутны гуанзны бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.О нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал оюутны байрны цэвэрлэгч, оюутны гуанзны бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1690 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай Ажилчин чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Д.Оюунгэрэлийн ....Би 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн үеийн нэршилээр Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд ажилд орж одоог хүртэл үйлчлэгчээр ажиллаж байна. Одоо манай сургууль Ховд их сургууль гэсэн нэршилтэй байгаа....Намайг 1983 оны 12 дугаар сард ажилд ороход Намсрайн О нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн оюутны байранд цэвэрлэгч хийж байсан. Тэгээд 1985 оны хавар Саранцэцэгийг жирэмсний амралтаа авахад Н.О нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн гуанзны бэлтгэгчээр ажилласан. Тэгээд1986 онд бид нарыг ээлжийн амралтаа эдлээд ороод ирэхэд Н.О ажлаасаа гарчихсан байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Түмэндэмбэрэлийн ....Би 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн үеийн нэршилээр Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд ажилд орж одоог хүртэл үйлчлэгчээр ажиллаж байна. Одоо манай сургууль Ховд их сургууль гэсэн нэршилтэй байгаа....1983 онд Н.О нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн оюутны байранд цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1985 оны хавар Саранцэцэгийг жирэмсний амралтаа авахад Н.О нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн гуанзны бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн. 1986 оны зун Н.О нь Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурна гээд ажлаасаа гарсан юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 7, 20-21, 23-24 дүгээр тал/
Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Оюунгэрэл, Д.Түмэндэмбэрэл нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т Н-н О //-ийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал оюутны байрны цэвэрлэгч, оюутны гуанзны бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ