Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00624

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00624

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, Ж овогт Б-н З //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны11 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00615/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, гэрч М.Мандалбаяр, Х.Салимжан нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1980 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчин, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байгаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцно гэж заасан байдаг. Ийм учраас 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Б.Зы ажилласан байдалтай холбоотой 70 дугаар дансанд нэрийг нь янз бүрээр бичсэн байгаа. Мөн тухайн үеийн суурийн ахлагчийн нэрээр цалин хөлсийг нэг бичдэг байсантай холбоотойгоор зарим оных нь 70 дугаар данс аавынх нь нэрээр гарч байгаад эцэг нь нас барсны дараа Кулимхан гэдэг хүний нэрээр гарсан байсан. Салимжан гэдэг хүний нэр байгаа. Энэ хүн нь Б.Зы нөхөр нь байгаа юм. 1990 оны баримт гарч ирээгүй. Тухайн үед ажил эрхэлдэггүй хүн байгаагүй. Малчин мэргэжлийн үнэмлэхийг мөн авсан байдаг. Б.Зы ажиллаж байсан байдлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Тухайн үеийн хөдөлмөрийн тухай хуулиараа 15 наснаас ажил хөдөлмөр эрхлэх хуулийн шаардлага хангаж байсан. Иймд Б.Зы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах хувьцаат хувьцаат компанид 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь ажиллаж байсан байдлыг талаар байгаа бөгөөд эх хуваарь нь шүүхэд гаргаж өгсөн. Миний зүгээс хүсэлт гаргахад тогтоох боломжгүй жилүүдийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүхээс хүсч байна....Казах хүмүүсийн нэр өөр өөр бичигдсэн байдаг. Тухайн бичиж байгаа хүмүүс дуудлагаараа янз бүрээр бичдэг. Ийм байдлаар Зы нэр бичигдсэн байдаг....Ховд сумын хүмүүсийн ажиллаж байсан байдлыг харахаар өөр өөр байдаг. Гэхдээ Ховд сум тухайн үедээ ялангуяа тариалангийн бүс байсан учраас мал маллахыг хажуугаар ногоо тариад байдаг байсан. Зарим малчин хүмүүстээ ноос ноолуурын төлөвлөгөө гэдэг шиг ногоо тарих төлөвлөгөө өгсөн байдаг. Ногооны төлөвлөгөөт норм өгдөг байсан. Тэрнээс дандаа малчнаар ажиллаж байсан....гэв.

  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Б.Зы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.З нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадын 1982-1985, 1987, 1988, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 256 дугаартай Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 сарын 23-нд Сарыбулах хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, шүүх хуралдаанд гэрч М.Мандалбаяр ....Б.З нь 1980 оноос эхэлж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Тариалан нэгдэл тараад Сарыбулах ХК-д мөн малчнаар тартал нь ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Салимжан .... Б.З нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Би Зыг 1987 оноос хойш мэднэ. Б.З нь Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оноос нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 7-10, 12, 21, 23-33, 47, 48 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан ....Казах хүмүүсийн нэр өөр өөр бичигдсэн байдаг. Тухайн бичиж байгаа хүмүүс дуудлагаараа янз бүрээр бичдэг. Ийм байдлаар Зы нэр бичигдсэн байдаг.... гэх тайлбар, гэрч Х.Салимжаны ....Зияш гэж дууддаг.... гэх мэдүүлэг зэргийг үнэлэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадын 1982-1985, 1987, 1988 онуудын 70 дугаар дансанд Загияш, Зияш, Заяшхан гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадын 1986 оны 70 дугаар дансны хуулбарт Ногоочин, Зияш гэх бичилттэй байх бөгөөд уг нотлох баримтыг үгүйсгэх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Б.З нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 11 дүгээр тал/

Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.З нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1613000132 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 15 дугаар тал/ тогтоогдож байна.

Б.З нь 1991-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний гаргасан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Б.Зы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Зыг 1980 оноос эхэлж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан гэх гэрч М.Мандалбаярын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Б.З нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 6, 13, 14 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1981, 1982, 1989 онуудын 70 дугаар дансанд С.Буралбай, Салимжан, Халамжан гэх нэр бичилттэй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 16, 17 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Мандалбаяр, Э.Кабетай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж овогт Б З //-ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Б.З нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Зы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ