| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00612/и |
| Дугаар | 00625 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00625
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00625 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1-5 тоотод оршин суух, А овогт О-ны П //-ийн нэхэмжлэлтэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 153/2019/00612/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч О.П нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 1968 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон ба 1976 онд наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр 10-н жилийн дунд сургуулийн 9 дүгээр ангид элсэн ороод, 1978 онд аравдугаар анги төгссөн. Аравдугаар анги төгсчихөөд 1978-1980 оны хооронд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын эмчийн ангид суралцсан. 1980 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албаа хаагаад 1983 оны 6 дугаар сард халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад жолоочоор ажиллаж эхэлсэн. 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Тээврийг удирдах газар тусдаа гарах болсон тул Авто тээврийн 4 дүгээр баазын Шатахууны хэсэгт 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж эхэлсэн ба 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.
Намайг анх нэгдүгээр ангид ороход миний дууддаг нэрээр буюу Пүрэв гэдэг нэрээр бичсэн бөгөөд тэр цагаас хойш миний бичиг баримтууд бүгд Пүрэв гэдэг нэрээр бичигдэх болсон. Цэргийн алба хаахдаа бас Пүрэв гэдэг нэртэй гэж хаасан бөгөөд цэргийн алба хаасан талаарх лавлагаа маань Пүрвээ гэдэг нэрээр гарсан. Би цахим үнэмлэх авахад миний төрсний гэрчилгээн дээр П гэдэг нэрээр байсан тул иргэний үнэмлэх авахдаа П гэдэг нэрээр авсан. Миний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх П гэдэг нэрээр байгаа бөгөөд бусад бүх бичиг баримтууд Пүрэв болон Пүрвээ гэдэг нэрээр байгаа. 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 143872 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн ба тухайн хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ Отгоны Пүрэв гэж нээсэн учраас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байгаа тул шүүхэд хандах болсон. 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн 143872 дугаартай Ховд аймгийн Тээврийг удирдах газраас Отгоны Пүрэв нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Отгоны П намайг мөн болохыг тогтоож өгнө үү.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.П нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
143872 дугаартай, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн, Ховд аймгийн Тээврийг удирдах газраас Отгоны Пүрэв нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Адуучин овогт Отгоны П мөн болох нь уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирсон, уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дүгээр тушаал, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар тушаал гэх бичилт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1571 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай Авто тээврийн 4-р баазын орон тоо цалингийн тухай тушаалын хуулбар зэрэгтэй тохирсон зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
143872 дугаартай, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн, Ховд аймгийн Тээврийг удирдах газраас Отгоны Пүрэв нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ПЮ59102131 дугаар регистртэй, Адуучин овогт Отгоны П мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 143872 дугаартай, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн, Ховд аймгийн Тээврийг удирдах газраас Отгоны Пүрэв нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь дугаар регистртэй, А овогт О-ны П мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ