Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1127

 

 

 

 

 

 

 

   2023        08         28                                  2023/ШЦТ/1127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,  

шинжээч Т.Чимэд-Очир /цахимаар/,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Х.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0843 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Аыг 2023 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 1 дүгээр орцонд Г.Уыг согтуурсан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж согтуурсан үед нь хүч хэрэглэн халдаж, биед нь зүүн талын хоншоорын хөндийн урд болон гадна ханын бяцарсан хугарал, зүүн талын ухархай дотор болон гадна доод ханын хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн талын завжинд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 0843 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч М.А нь 2023 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 1 дүгээр орцонд Г.Уын эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

БЗДЦХ-2, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,

 

Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед найз Саруултуяатай бөхийн өргөөний ойролцоо Солонгос хоолны газарт уулзсан. Тэндээ бид 2 хүний 3 лааз 0.5 литрийн савалгаатай “сэнгүр” гэх нэртэй пиво уусан. Тэндээсээ хэдэн цагт гарснаа сайн санахгүй байна. Тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” гэх нэртэй бааранд орсон. Бааранд ороод бас хүний 3 шил 0.5 литрийн савалгаатай “сэнгүр” гэх нэртэй пиво уусан. Тэндээ бүжиглээд найзтайгаа хамт байсан. Нэг мэдсэн чинь манай найз гараад явсан байсан. Тэгээд би найзыгаа хараад бааранд буцаж ороод юу болсноо санахгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэг орцонд сэрсэн. Гараа харсан чинь гар нил цус болсон байсан. Нүүрээ харж чадаагүй. Миний цүнхэн дотор гар утас байсан. Тэгээд өөрийн дүү Ганзоригтой утсаар яриад таксидаад гэртээ ирсэн. Замаараа хорооллоос дүүгээ аваад гэртээ ирсэн. Миний хамрын яс цуурсан, нүдний ухархай бяцарсан, зүүн нүдний хажууд оёдол тавиулсан, зүүн тал хавдсан, зүүн нүд хөхөрсөн байна.”,

“..сэрсэн чинь одоо зодуулсан байгаа орцонд сэрсэн. Сэрэх үед маш их өвдөж байсан. Хувцас, нүүр, гар, толгой зэрэг зүйлс цус болсон. Нүүр тэр чигтээ хавдартай байсан. Улмаар би Улаанбаатар хотод байдаг дүү Ганзориг руу залгаад таксинд сууж Ганзориг дээр очсон юм. Тэгээд Ганзориг нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм. Тухайн баар руу танил Саруултуяагийн хамт орсон. Нөгөө хоёр залуу нь караокедоо үлдсэн. Хамт ороогүй. Би бааранд ороод пиво уугаад бүжиглэж байснаа л санаж байна. Тэнд ямар хүнтэй уулзсан, яаж гарсан, зодуулсан газраа яаж очсон талаар огт санахгүй байна. Би караокед байхдаа 2 шил, бааранд ороод 3 шил пиво уусан. Архи огт уугаагүй. Би ер нь архи уудаггүй. Тэгээд л амархан согтсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 13/,

 

Хохирогч Г.Уын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 16-24/,

 

Гэрч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 10 минутад манай төрсөн эгч У над руу залгаад уйлаад “хүнд зодуулсан юм шиг байна, хаана байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “таксинд суугаад миний байгаа газар хүрээд ир” гэсэн. Тэгээд удалгүй манай эгч нэг такситай ирсэн. Улсын дугаарыг нь хараагүй. Эмэгтэй жолоочтой саарал өнгийн тоёота приус 30 маркийн машин байсан. Манай эгч надтай уулзахад нүүрнийх нь зүүн тал нь хавдсан, 2 гар, сарвуу, нүүр, үс, чих, хувцасны ханцуй хэсэг нь цус болсон байсан. Тэгээд такситай нь гэртээ ирээд Саруултуяа гэх найзыг нь дуудаад хамт гэмтлийн эмнэлэгт орсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“2023 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 04 цаг 40 минутад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөтлөлцөөд шатаар дээшээ гарч байна. Буцаад 2023 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 05 цаг 00 минутад дээшээ гарсан эрэгтэй нь буцаад шатаар доош бууж байх ба куртикнийхээ малгайг өмссөн, царайгаа нуугаад, баруун талын хөл нь доголсон байдалтай гарч байв. Нөгөө эрэгтэй олон удаа орцоор орж гарах бөгөөд хохирогч эмэгтэй нэг ч удаа гарч ирээгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 43 минутад орцноос гарч ирж байгаа харагдаж байна. Мөн орцоор ажил эхэлж байгаа учраас хүмүүс орж, гарч байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 37-38/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын нэмэлтээр гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 362 дугаар:

“Г.Уын биед зүүн талын хоншоорын хөндийн урд болон гадна хананы бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон гадна доод хананы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн талын завьж, уруулын зүүн буланд цус хуралт, зүүн талын завьжинд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрний зүүн талын гурвалсан мэдрүүлийн хөнгөн хэлбэрийн саажил гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Г.Уын биед учирсан гэмтэл нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрхийг алдагдуулсан гэмтэлд хамаарахгүй ба цаашид “нүүрний зүүн талын гурвалсан мэдрүүлийн хөнгөн хэлбэрийн саажил” нь бүрэн эдгэрэх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 76-81/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2414 дүгээр:

“Г.Уын биед зүүн талын хоншоорын хөндийн урд болон гадна хананы бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон гадна доод хананы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн талын завьж, уруулын зүүн буланд цус хуралт, зүүн талын завьжинд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цусны бүлгийг тус газрын тусгай шинжилгээний хэлтэст дээж, шинжээч томилсон тогтоолын хамт хүргүүлж тодорхойлуулах боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 85-86/,

 

Шүүгдэгч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  

“Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 30 минутад танил ах Ганболдтой уулзаж 2 шил 0.75 литрийн хэмжээтэй 40 градусын архи хувааж уугаад тэр өдрийнхөө 00 цагийн үед ганцаараа гараад такси бариад 13 дугаар хорооллын гэрлэн дохион дээр зогсож байхад “Paris гэх нэртэй баар харагдаад гэрэл анивчаад байхаар бааранд ормоор санагдаад тэр бааранд ороод ганц шил пиво уучхаад гэртээ харья гэж бодоод “Paris бааранд ганцаараа ороод 5 градусын 0.5 литрийн пиво 3 шилийг уусан. Тэгээд цаашаагаа юу болсон талаар санахгүй байна. Тэгээд би баарнаас гараад манай байрны хажууд 2 байрны дунд харанхуй нарийн хэсэгт давсаг хагарах гээд шээж байхад хажууд нэг эмэгтэй суугаад шээж байсан. Тэгээд дахиад юм санахгүй байгаа. Нэг мэдэхэд би шатруу унасан. Ер нь тухайн үеийн үйл явдлуудыг сайн санахгүй орон гаран санаад л байна. Сүүлд би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн үүрээр цагийг нь сайн санахгүй байна ямар ч л байсан гадаа гэгээ орсон байсан. Тэгэхэд би өөрийн гэрийн орцонд 3 давхарын шатан дээр суугаагаараа сэрсэн. Тэгээд би өмдний халаасандаа утсаа үзсэн чинь утас байхгүй байхаар нь утсаа хайсан. Тэгсэн чинь 2 давхарын шатны хамгийн доод хэсэгт миний орон гаран санаж байгаагаар шөнө надтай хамт байгаад байх шиг байсан эмэгтэй хэвтэж байсан. Тэр үед тэр эмэгтэйгийн хамар, хөмсөгний дээд талаас цус гарсан байдалтай байхаар нь би тэр эмэгтэйгээс “яасан юм бэ чи” гэж асуусан чинь нөгөө эмэгтэй ямар нэгэн хариулт өгөөгүй “ёооё ёооё толгой өвдөөд байна” гээд л байсан. Тэгээд би утсаа хайгаад гадаа гараад ирсэн замаараа яваад шээсэн газраа очиж үзээд тэгээд эргээд орцон дотор ороход нөгөө эмэгтэй шатан дээрээ байрлалаа солиод хэвтэж байсан. Тэгээд би тэр эмэгтэйг босгоод “манай гэр лүү оръё цусыг чинь угаая” гээд гэрлүү хамт ороод шууд угаалгын өрөө рүү хамт ороод нүүрийг нь угаах гээд ванн дээрээ суулгасан байсан чинь нөгөө эмэгтэй баруун талруугаа угаалтуур мөргөөд хойшоо ванн мөргөөд унасан. Тэгээд би дахиж босгож ирээд нүүр гарыг нь угааж өгсөн. Тэгээд буцаад гадаа орцонд хаалга дээр гаргаад “гэрт чинь хүргэж өгье” гэсэн. Тэгээд би хаалганы гадаа шатан дээр суулгаж орхиод өөрөө гэртээ ороод цус болгосон угаалтуур энэ тэрийг цэвэрлэчихээд эргээд гараад очиход нөгөө эмэгтэй байхгүй болсон байсан. Тэгээд би эргэж гэртээ ороод хувцасаа тайлж байхдаа өвлийн куртикны дотор халаасанд утас маань байхаар нь гаргаж ирээд цэнэглээд гэртээ амарсан. Би тухайн бааранд ороод 3 шил 0.5 литрийн хэмжээтэй пиво авч ууснаа бол орон гаран санаж байна. Тэгээд сүүлд маргааш нь сэргээд банкны гүйлгээгээ харсан чинь карт уншуулсан байсан. Тэгээд гарсан зарлага нь 3 пивоноос арай үнэтэй тооцоолоход 5 шил пиво уусан юм шиг байхаар би сүүлд цагдаа дээр ирчихээд нөгөө бааранд очиж барменаас нь асуухад 5 шил 0.5 литртэй пиво уусан гэж хэлсэн. Би тухайн бааранд ямар нэгэн хүнтэй согтоогүй ухаантай байх хүртлээ хэнтэй ч танилцаагүй. Би ер нь архи уусан байхдаа хүнтэй танилцдаггүй юм. Би У гэх эмэгтэйг урд өмнө танихгүй, уулзаж байгаагүй цагдаа дээр ирээд л мэдсэн. Тэгэхдээ тэр эмэгтэй манай орцонд хэвтэж байсан хамар хөмсөгнөөс нь цус гарсан гэрт оруулж нүүрийг нь угааж өгсөн эмэгтэй байсан. Би өөрөө их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр эмэгтэйд гар хүрч зодож, цохисноо санахгүй байна. Харин би орцны шалан дээр хэвтэж байхаар нь гэртээ оруулж нүүрийг нь угааж өгсөн. Би тухайн үед нэг танидаг ахтайгаа 2 шил 0.75 литрийн архи, ганцаараа 0.5 литрийн 3 шил пиво уусан байсан. Би тухайн үед болж байгаа үйл явдлыг санах эргэн санах чадваргүй маш их согтолттой байсан. Тухайн үед надад хохирогч Уын биед санаатай халдсан зүйл байхгүй. Бид 2 хоёулаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор надад санаатай үйлдэл байхгүй миний хэргийн зүйлчлэлийг хэргийн бодит байдалтай нийцүүлэн зүйлчилж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

 

Хохирогчийн хохирол төлбөрт 10.000.000 төгрөг төлж барагдуулсан баримт /хх-ийн 103/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байх бөгөөд 2.7 “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэх шинжийг нарийвчлан тодорхой хуульчилсан байна.

 

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэж тухайн нөхцөлд бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдалыг хамааруулана.

Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, үйлдэл хийх нь хүн бүрт харилцан адилгүй байх ба өөрийн үйлдэлийг удирдан жолоодож чадахгүй, болж байгаа үйлдэлд хариу илэрхийлж чадахгүй, болсон үйл явдлыг санахгүй байгаа нь тухайн хүнийг хүчтэй согтуурсан гэж үзэх нөхцөл байдал мөн болно.

Хүчтэйгээр согтуурсан хүн нь биеэ хамгаалж чадахгүй байдалтай байдаг байна. Энэ байдлыг бусад этгээд мэдсээр байж түүний эсрэг үйлдэл хийсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангадаг.

 

Иймд шүүгдэгч М.Аын хохирогч Г.Уын их хэмжээгээр согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж биед нь зүүн талын хоншоорын хөндийн урд болон гадна хананы бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон гадна доод хананы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн талын завьж, уруулын зүүн буланд цус хуралт, зүүн талын завьжинд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрний зүүн талын гурвалсан мэдрүүлийн хөнгөн хэлбэрийн саажил бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.У нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 10.192.362 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Аын нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлын 2 ширхэг баримтыг шүүхэд гаргаж өгөн нэхэмжилсэн бөгөөд шүүхээс Эм Би Жи эмнэлгийн 4.795.000 төгрөгийн нэхэмжлэх бүхий баримттай хохиролын төлбөр төлөгдөөгүй, бодитоор гараагүй зардал байх учир хэлэлцэхгүй орхилоо. Учир нь ирээдүйд гарах зардалын тооцооллыг шүүхээс урьдчилан дүгнэх нь учир дутагдалтай байх төдийгүй уг нэхэмжлэхийн дүн тодорхой хугацааны дараагаар өөрчлөгдөх боломжтой байдаг юм. Шүүх гэмт хэргийн хохиролыг тооцохдоо зөвхөн бодитоор гарсан зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх учиртай.

Харин 48.000 төгрөгийн нэхэмжлэл нь тухайн гэмт хэргийн улмаас үүссэн байх тул шүүгдэгч М.Ааас гаргуулаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.А нь уг 48.000 төгрөгийн хохиролыг хохирогчийн дансанд шүүх хуралдааны явцад шилжүүлсэн учир түүнийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 4.795.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдож цаашид гарсан зардлын талаарх хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч М.А нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч нь өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээд удаагүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Тэрээр гэмт үйлдэл бүртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг нь анхаарах нь зүйтэй байна. Ийм учраас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх...” гэсэн дүгнэлтийг,

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн байгаа. Өөрөө мөн адил согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг санахгүй байгаагаа мэдүүлсэн. Цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлөхөд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай учир ажиллах нөхцөлөөр нь хангаж ял шийтгэх нь зүйтэй. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ ганц Баянзүрх дүүргээр бус Улаанбаатар хотоос гарахыг хориглож шийдэх, энэ нь боломжгүй бол тэнсэж хянан харгалзаж болох юм...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ч шүүгдэгч, хохирогч нарын хэрэг болсон гэх орц руу орж байгааг харуулсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хурааж ирүүлсэн байх тул хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацагаар шүүгдэгч М.Аыг тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүгдэгч М.Ат хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жил 8 сарын хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.У нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ