Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00053

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00053

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сум, 3-р баг Мөрөнд оршин суух, .. регистрийн дугаартай, О овогт Сийн Гын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Г миний бие 1972 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушийн нэрэмжит 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1980 онд 8-р анги төгсөж ХАА-н ТМС-д суралцаж улмаар 1982 онд цэргийн албанд татагдан 3 жил цэргийн алба хааж ирээд аав ээжийн хамт амьдарч байгаад 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 177 дугаар тушаалаар тус үйлдвэрт засварчнаар томилогдон ажиллаж байгаад 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус үйлдвэрийн даргын 08 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Миний хөдөлмөрийн дэвтэр үйлдвэрийн боловсон хүчин хариуцсан ажилтанд хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон.

Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Гын 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Г нь 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны хуулбар, Ховд аймгийн Барилгын материаын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, С.Гын Монгол Улсын Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Гын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олохон овогт Сэрээтэрийн Гыг 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ