Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00382

 

 

Алаг Уул-Ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1022 дугаар магадлалтай,

 

Алаг Уул-Ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

О.Мөнхбаатар, Д.Ариунаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 280,690,824 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян, хариуцагч Д.Ариунаа, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч О.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч О.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Д.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК нь хариуцагч О.Мөнхбаатар, Д.Ариунаа нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 280,690,824 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 118,991,640 төгрөг төлөхийг зөвшөөрч, 161,024,275 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Мөнхбаатар, Д.Ариунаа нараас зээлийн гэрээний үүрэгт 252,437,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,253,658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох О.Мөнхбаатар, Д.Ариунаа нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025760 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, О.Мөнхбаатар, Д.Ариунаа нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025762 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 54 тоот хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Ариунаагийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16-1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1022 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчид 2015.06.15-ны өдрийн 70,000,000 төгрөг, 2015.08.10-ны өдрийн 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн 2.3 дахь хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үнэлэлт дүгнэлт өгчээ.

Хавтаст хэргийн 12,13-р талд байх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээнүүдийн 2.3 дахь хэсэгт Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заасан байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа гаргаж зөрчилтэй өгүүлбэрийг тухайн зүйл хэсэгт оруулсан болохыг зөвшөөрнө гэхдээ дээрх заалтын тодруулсан хэсэг гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэсэн хэсэгтэй зөрчилтэй нийцэхгүй байгаа нь техникийн алдаа болохыг бататгахын зэрэгцээ хамгийн чухал бидний зүгээс тооцоолбор хийхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хууль зөрчиж илүүтэй бодсон зүйлс үгүй болно.

4.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, мөн зүйлийн 198.4 дэх хэсэгт Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж заасан байх бөгөөд дээрх гэрээний 2.3 дах заалтын тухайд бол Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 28,253,658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлээс хангахгүй орхисон хэсэг буюу 28,253,658 төгрөгийг ханган шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Д.Ариунаа, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч О.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх, мөн хуулийн 13.3-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулах, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарлах, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2015.06.15-ны өдрийн ЗГ2742015 тоот, мөн 2015.08.10-ны өдрийн ЗГ3602015 тоот зээлийн болон барьцааны гэрээг О.Мөнхбаатар, Д.Ариунаа нартай байгуулсан хэдий ч гэрээний хугацаанд өөрсөддөө давуу байдал үүсгэж гэрээний үүрэг зөрчигдөхөд буруутай байсан гэж үзэж байна.

5.2. Зээлдүүлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК гэрээний эрх үүргийг хангахад ямар нэгэн арга хэмжээ аваагүйн зэрэгцээ барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн зөрчлийг арилган, улмаар зээлийг төлж дуусгах зорилготой зээлдэгчийг очиход загнаж, хясан боогдуулж дарамт үзүүлж байсан байдаг.

Хариуцагч нь Алаг Уул-Ган ББСБ ХХК-иас гэрээг цуцлах мэдэгдэл өгч, нэмэлт хугацаа тогтоосон цаг үед буюу 2016.04.11-ний өдөр барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 34-р байрны 54 тоотод байрлах 52.80 м.кв 2 өрөө орон сууцыг /2015.06.15-ны өдрийн ЗГ 2742015 тоот 70,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан байрны нэг нь/ иргэн Д.Баасансүрэнд 116,160,000 төгрөгөөр худалдан борлуулахаар 11 хоногийн хугацаатай гэрээ байгуулж, ББСБ дээр худалдан авагчийн хамт очиж, захирал Б.Насанбуянд хандан барьцааны байраас худалдан борлуулж өр төлбөрөө төлөх болсон тухайгаа хэлж Худалдаа хөгжлийн банк болон нотариат дээр танайхаас орон сууцны эх хувь гэрчилгээг авч очих, холбогдох гэрээнүүдийг үйлдэх, байрны мөнгө хүлээн авах байгууллагынхаа дансаа банкинд өгөхийг хүссэн боловч зээлдэгчийг загнаж, очихгүйгээр хясан боогдуулж, чи байр зардаггүй юмаа, зарах гэж байгаа бол зөвхөн бэлэн мөнгөөр зээлийн төлбөрөө эхлээд бүрэн төлж байж байраа зар гэж уурсан загнаж, эндээс гар гэж хөөсөн байдаг. /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн хуралдааны бичлэгт нэхэмжлэгч талаас Б.Насанбуян хүсэлтийг зөвшөөрөөгүй уурласан нь үнэн гэж мэдүүлсэн нотолгоо байгаа/

Тухайн үед 116,160,000 төгрөгийг төлүүлсэн байсан бол хариуцагч 252,437,166 төгрөгийн өрөнд орж, эд хөрөнгө нь үнэгүйдэхгүй байх байсан.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн хуулийн зүйл, заалтыг шүүх хэрэглээгүй болно.

2016.04.11-ний өдөр 52.80 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж 116,160,000 төгрөгийг Алаг Уул-Ган ББСБ ХХК зээлийн үүрэгт тооцон аваагүй нь нэхэмжлэгчээс гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү, анз авах ёсгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийг хэрэглэх байтал хэрэглээгүй тул хяналтын гомдол гаргах үндэслэл болсон.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.3.1-д зээлдэгч аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон тохиолдолд зөвхөн зээлдүүлэгчийн санаачлагаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах, 3.5-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж тухайн өдрөөс хойш барьцаа хөрөнгийг борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирлоо төлүүлэхээр заажээ. Гэтэл зээлдүүлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн атлаа гэрээг цуцлахгүй байсан нь хууль болон гэрээний үүргээ өөрсдөө зөрчсөн гэж үзэхээр байна.

Алаг Уул-Ган ББСБ ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журмын 6.5.4-т зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон бол гэрээг цуцлан журамд заасан арга хэмжээг авахыг, 8.7-д зээл эрсдэлд орсон нь тогтоогдсон тохиолдолд ББСБ холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тус заажээ.

5.3. Зээлдэгч нарын авсан зээлийн зориулалт нь газар тариаланд ашиглагдах байсан ба энэ нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогддог. Зээл авсны дараа цаг уурын таагүй нөхцөл байдал үүсч 2015 оны 06 сард гантай, 7 болон 8 сард гандуу байснаас газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй байдал үүссэн нь Цаг уур, орчны шинжилгээний газар болон Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудын гаргаж өгсөн баримтаар нотлогдсон болно.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар нөхцөл байдалд зохицуулсан арга хэмжээг талууд тэргүүн ээлжинд авах байтал зээлдүүлэгчид саад учруулж барьцаа хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээг аваагүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал зээлдэгчид үүссэн байснаас гэрээ зөрчигдөхөд хүрснийг зээлдүүлэгч харгалзан үзэлгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсаныг гэрээний талуудын эрх тэгш, шударга байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон тухайгаа зээлдэгч зээлдүүлэгчид хэлж мэдэгдэж байсан байдаг.

5.4. 2016.04.07-ны өдөр 5/56 тоот мэдэгдлийг Алаг Уул-Ган ББСБ ХХК-иас зээлдэгчид 2016.04.13-ны өдрийг хүртэл нэмэлт хугацаа тогтоон хүргүүлсэн байдаг. Нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахааргүй байвал гэрээ цуцлагдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг зээлдүүлэгч авах байсан.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэгэнт цаг уурын нөхцөл байдлаас болж зээлийг зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал зээлдэгчид үүсч ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон байсан.

Дээрх 2 гэрээний хугацаа дуусаагүй байхад Алаг Уул-Ган ББСБ ХХК гэрээг цуцлах мэдэгдлийг 2016.04.07-ны өдөр өгсөн байдаг. Нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК нь гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөрөө талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт зааснаар ...зээлдэгч аливаа шалтгаанаар зээлээ төлөх боломжгүй болсон..., 3.5 дахь хэсэгт ...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдан барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад зардлаа нэн даруй төлүүлнэ гэж заасан зөвхөн зээлдүүлэгчийн эрх болох нэг талын санаачилгаар гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн 2016.04.13-ны өдөр ...зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасантай ч нийцсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх л ёстой, харин мэдэгдэхэд ямар хэлбэрээр, яаж мэдэгдэх тухай хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ...гэрээг цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдснээс бус хугацаа заан цуцлаагүй байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс 2016.04.07-ны өдрийн 5/56 тоот шаардлага гэх баримтад зээлийн гэрээг 2016.04.13-ны өдрөөр цуцлах агуулга тусгагдаагүй байна... шүүх зөв дүгнэлт хийсэн гэж анхан шатны шүүхийн алдааг давтаж, хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулан судалж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

5.5. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн 2016.01.08-ны өдрөөс хойш зээлдэгч талаас гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг утсаар ярих, мессеж захидал илгээх болон бусад байдлаар тавьж хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдэж байсан байдаг.

Хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан Алаг Уул-Ган ББСБ ХХК-ийн зээл хариуцсан мэргэжилтэн Б.Удвалын 96366300 дугаарын утаснаас ирүүлсэн зээлийн төлбөр шаардсан мессеж захидалд өгсөн хариуцагч нарын хариу мессеж захидлыг /шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал энэ нотлох баримтыг хүлээн зөвшөөрдөг/, мөн хариуцагч О.Мөнхбаатарын өдрийн тэмдэглэлд үзлэг хийлгэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлт өгөөгүй.

5.6. Тогтоосон нэмэлт хугацаа буюу 2016.04.13-ны өдөр зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байх бөгөөд үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн адил дуусгавар болсон. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдүүлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК гэрээг цуцлахыг 2016.04.07-ны өдөр зээлдэгч талд мэдэгдсэн гэж үзэж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан байгаа тул цуцалсан өдрөөр буюу 2016.04.13-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үүргийг шаардах ёстой байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч 2016.04.13-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүрэгт нийт 129,059,250 төгрөгийг төлөх тооцоо гаргасан болно.

5.7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч алдсан байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.2-т заасныг удирдлага болгон 252,437,166 төгрөгийг 129,059,250 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 123,377,916 төгрөгийг хэрэгсэхгүй болгон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нар нь 2015.06.15-ны өдрийн ЗГ2742015 тоот Зээлийн гэрээгээр 70,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож О.Мөнхбаатар, Д.Ариунаа нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Үүний дараа 2015.08.10-ны өдөр ЗГ3602015 Зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй зээлсэн.

Эхний зээлээс 2016.01.15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 44,077,252 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 38,750,000 төгрөг, зээлийн хүү 46,410,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,049,933 төгрөг, нийт 94,210,807 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй,

Хоёр дахь зээлийн хувьд нийт 19,891,440 төгрөгийн төлбөр төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 75,590,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,468,133 төгрөг, нийт 160,332,667 төгрөг, бүгд 2 зээлийн төлбөр 254,543,474 төгрөг байна. Иймд дээрх төлбөрийг зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал 124,600 төгрөгийн хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 280,690,824 төгрөгийг гаргуулна... гэж,

 

Хариуцагч Д.Ариунаа: ...150,000,000 төгрөгийг гэр бүлийн хүн маань газар тариалангийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Сүүлийн хэдэн жил ган гачиг болсноос шалтгаалан өрнөөс гарах ашиг өгөхгүй санхүүгийн хүнд байдалд хүргээд байна. Дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн барьцаанд зээлийн төлбөрийг дарахуйц хангалттай хөрөнгө барьцаалсан.Түүнчлэн барьцаанд байгаа Тохилог Зайсан хотхоны 34-54 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Баасансүрэнд худалдахаар, төлбөрийг зээлийн төлбөрт төлөхөөр тохирсон боловч банк барьцаанд байгаа байрыг заруулаагүйгээс төлбөрийн хэмжээ нэмэгдсэн, банк өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хаасан тул тус байрыг тухайн үед буюу 2016.4.11-ний өдрөөс зарагдах байсан 116,160,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэх хүсэлтэй байна. Зээлээс 75,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 181,991,640 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй ... гэж,

 

Хариуцагч О.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран: ...гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь 2016.04.07-ны өдрийн 5/56 тоот мэдэгдлээр №ЗГ3602015, №2742015 гэрээний үүргээ 2016.04.13-ны дотор биелүүлэхгүй бол гэрээг цуцална гэсэн мэдэгдэл хүргүүлсэн тул гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон 2016.04.13-ны өдрийг хүртэлх хугацааны 3 сарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэж байна... гэж тус тус маргажээ.

 

8. Зохигчийн хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2-т нийцжээ.

 

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Дээр дурдснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

9. Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч тайлбар, татгалзлаа нотлоогүй гэх дүгнэлт хийж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 252,437,166 төгрөгийг гаргуулж, үлдэх 28,253,658 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1.1-д нийцжээ.

 

10. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн хуулийн этгээд бөгөөд зээлдэгчид санал болгож байгаа гэрээний стандарт нөхцөл хуульд нийцсэн байх учиртай.

 

Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заасан нь хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд ...нэхэмжлэгчийн зүгээс техникийн алдаа гаргаж, зөрчилтэй өгүүлбэрийг тухайн зүйл хэсэгт оруулсан боловч нэмэгдүүлсэн хүүг хуульд нийцүүлэн тооцсон тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

11. Хариуцагч талаас ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй... тул гэрээний үүргийг 2016.04.13-ниы өдрөөр тооцож, нэхэмжлэлийг хангасан 252,437,166 төгрөгийг 129,059,250 төгрөг болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

11.1. Нэхэмжлэгчээс зээлээ төлөхийг шаардаж зээлдэгч нарт хүргүүлсэн 2016.04.07-ны өдрийн 5/56 тоот мэдэгдэлд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, цаашид гарах үр дагаврыг сануулсан агуулгатай байх бөгөөд тус шаардлагаар гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй.

 

12.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтууд гэрээг цуцлах нэхэмжлэгчид эрх олгосон зохицуулалт, хариуцагчийн ...орон сууцыг худалдан борлуулж 116,160,000 төгрөгийг зээлийн үүрэгт тооцож аваагүй... гэх тайлбар буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөө хариуцагч баримтаар нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар бусадтай хийсэн хэлцэл зээлийн үүргийг хүлээлгэн өгснийг нотлохгүй бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийг эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд ...үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

11.3. Зээлийг газар тариалангийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар авсан, цаг уурын таагүй байдлын улмаас зээлийг буцаан төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан арга хэмжээг аваагүй, гэрээ цуцлах нөхцөл үүссэнийг харгалзан үзэлгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан нөхцөл байдал, нотлох баримтыг шүүх дүгнээгүй гэжээ.

 

Хариуцагч нь авсан зээлийг хэрхэн юунд зарцуулсан, явуулж буй үйл ажиллагаанаас алдагдал хүлээсэн нь зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлийн талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн Цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаарын нөхцөлийн тухай тодорхойлолт нь тухайн цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлох бөгөөд хариуцагчид хэрхэн нөлөөлсөн, зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн хариуцагчийн бодит байдлыг нотлохгүй юм.

 

Дээр дурдснаар ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00435 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1022 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян, хариуцагч Д.Ариунаа, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагч О.Мөнхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Алаг Уул-Ган ББСБ ХХК-аас 2020.06.12-ны өдөр төлсөн 299,219 төгрөгийг, хариуцагч Д.Ариунаагаас 2020.06.04-ний өдөр төлсөн 774,839.58 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД