| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2019/0690/Э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 224
2020 2 18 2020/ДШМ/224
Э.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Г.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1911018910813 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаан шувуут овгийн Э.Б-, 19.. оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ..........., ам бүл ..., эхнэрийн хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;
Э.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон Бөмбөгөр” худалдааны төв дотор иргэн Г.Т-г “бараа материал дутаасан” гэх шалтгаанаар баруун гараараа зүүн чих рүү нь 2 удаа цохиж, Г.Т-н биед “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг таван зуун нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, хохирогч Г.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнөх шүүх хурал дээр хохирогч Г.Т нь урьд өмнө зодооны асуудалд орсноос чих гэмтэлтэй, чихнээс юм гоождог байсан талаараа хэлсэн. Мөн үүнийг нь хамт ажиллаж байсан ажлынхан нь ч нотолдог. Г.Т-н эмчилгээний зардал гэж 700.000 төгрөгийг авга ах, ээж нар нь шантаачилж авсан байдаг. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Тиймээс цаашид учруулаагүй гэмтэлдээ санхүүгийн болон шийтгэл хүлээж муу нэртэй болохыг хүсэхгүй байгаа тул дахин хэлэлцэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Б-ын үйлдлийн улмаас Г.Т-н биед хөнгөн хохирол учирсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Т-н чих хэрэг болох цаг хугацаанаас өмнө гэмтсэн байсан нь түүний анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлгээр тогтоогддог ба түүнтэй хамт нэг дор ажиллаж байсан Д.Ө хохирогчийн чих үе үе хатгуулж өвддөг байсныг нотолдог бол мөн тус компанид цуг ажиллаж байсан Б.Ж нэг удаа ажилдаа ирэхэд нүүр болон чихний хэсгүүдэд хөхөрч шалбарсан, хавдсан, ажил дээрээ нилээн зовиуртай байсан болохыг хэлсэн. Д.Ө, Б.Ж нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, Г.Т-н чих өмнө нь гэмтэлтэй байсан эсэхийг тогтоолгох тухай хүсэлт гаргасан хэдий ч прокуророос шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Шүүхийн шийтгэх тогтоолд Г.Т-гаас шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг огт дурьдалгүй зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь учир дутагдалтай болсон байна. Г.Т нь өмнө чихэндээ гэмтэл авсан талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлсэн ба энэхүү мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл учирсан болохыг дүгнэсэн хэдий ч цаг хугацааны хувьд хэрэг гарсан өдөр үүссэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан. Тиймээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зааснаар зайлшгүй баримтлах үүрэггүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг анхаарч үзэлгүй Э.Б-ыг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн. Э.Б- нь Г.Т-г алгадсан үйлдэл гаргасан хэдий ч түүнд хохирол учруулаагүй, гэмт хэрэг, хохирлын шалтгаант холбоо тогтоогдоогүй болно. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Э.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудын тухайд, Э.Б-ыг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн тогтвортой өгсөн мэдүүлэг, түүнийг нотолсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б-ийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Хэрэгт эргэлзээ бүхий байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч Г.Т-г “бараа материал дутаасан” гэсэн шалтгаанаар баруун гараараа зүүн чих рүү нь хоёр удаа цохиж, Г.Т-ийн эрүүл мэндэд “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
“... 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Содон бөмбөгөр худалдааны төвд “Митс жапан” гэр ахуйн барааны дэлгүүртээ ажлаа хийж байтал, 11 цаг өнгөрч байх үед манай гүйцэтгэх захирал Э.Б-, ерөнхий нягтлан бодогч Н нар орж ирсэн. ...Ерөнхий нягтлан касс дээр очиж орлого тоолж байх үед гүйцэтгэх захирал надад “чи бараа материал дутаасан уу” гээд дэлгүүрийн хойд талын агуулах руу дуудаж оруулаад миний зүүн талын чих рүү хоёр удаа баруун гараараа алгадаж цохьсон. Намайг цохиулж байх үед манай дэлгүүрийн ажилтан Б бараа өрөөд зогсож байсан. ...Миний чих оройноос өвдөж эхлэн булга, цус гойжсон” тухай мэдүүлсэн хохирогч Г.Т-гийн мэдүүлэг /хх 11/,
“...Б захирал Т-г агуулахын өрөө рүү дуудаж, яагаад мөнгө дутаад байгаа юм, чамд хариуцуулж үлдээж байхад гэх мэт зүйл ярьсан. Би бас агуулахын өрөө рүү орж бараа янзлах гэж орсон. Гэтэл гэнэт хүн алгадах шиг дуугарсан. Эргээд харахад Т, Б захирал нар зогсож байсан” гэх Н.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 21/,
“Т-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8330 дугаартай дүгнэлт /хх 23/, мөн шинжээчийн “...Г.Т-гийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн чихний хэнгэргэн хальсны цооролоос өөр гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээчийн 8330 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх хэргийн материалаар хийсэн шинжээч эмч нарын дүгнэлт /хх 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа “торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...хорих ялаар солих болохыг дурьдсугай” гэж ойлгомжгүй байдлаар бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор, энэхүү хугацаанд биелүүлээгүй бол хэрхэн яаж хорих ялаар тооцон солихыг хуульчилжээ.
Харин шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг нарийвчлан тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг тухайн хуульд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор гэж ойлгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б-аас “...учруулаагүй гэмтэлдээ санхүүгийн болон шийтгэл хүлээж муу нэртэй болохыг хүсэхгүй байгаа тул дахин хэлэлцэж, цагаатгах”, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатараас “...шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Т-д учирсан чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэснийг анхаарах, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх, нотлох баримтыг шалгахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Э.Б-ыг цагаатгаж өгөх”-ийг хүссэн тус тус утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Тэдний давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, гомдолд дурьдсан зүйлс хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч чихэндээ гэмтэл авсан өдрийн оройноос нь эхлэн чихнээс нь булга гоожиж, цус гарсан талаар тодорхой мэдүүлсэн, шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарахыг нотлон тогтоосон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Э.Б-ын баруун гараараа хохирогч Г.Т-н зүүн чих рүү хоёр удаа алгадаж цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт торгох ялыг биелүүлэх хугацааг тодруулсан өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/704 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...” гэснийг “...торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ