Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХК, “А” ХХК, “М” ХХК,

“Н” ХХК, “У” ХХК нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0414 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “А” ХК, “А” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “У” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “А” ХК, “А” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “У” ХХК

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Э

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0142/З                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0414 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэр бүхий 5 компаниас гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай” 1/114 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 01 сарын 09-ны өдрийн 1/114 дугаартай "Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай" албан бичиг буюу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлтэй өгөөгүй, харин талуудын маргаагүй, “хэм хэмжээний акт”-ын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэдх хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

2.2. Захиргааны ерөнхий хуульд “хэм хэмжээний актыг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмыг нарийвчлан заасан, харин хэм хэмжээний актыг бүртгэлээс хасах тухай заагаагүй. Нэгэнт хуульд заагаагүй учир түүнийг хориглосон агуулгаар тайлбарлах нь “хуульд үндэслэх зарчим”-ын илэрхийлэл бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдад журмыг бүртгэлээс хасах эрх хуулиар олгогдоогүй.

2.3. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т заасан “эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох” тухай зохицуулалтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд журмыг бүртгэлээс хасах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу. Учир нь, дээрх зохицуулалт нь зөвхөн захиргааны актыг хүчингүй болгох эрх бүхий буюу уг захиргааны актыг батлан гаргасан эрх бүхий этгээдэд хамааралтай. Харин энэхүү маргааны хувьд хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн сайд бус Санхүүгийн зохицуулах хороо баталсан учир нь Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т заасныг энэ тохиолдолд хэрэглэхгүй. Иймд Анхан шатны шүүх хуулийн тодорхой заалтыг шууд утгаар нь тайлбарлахгүйгээр “өргөжүүлэн, өөр утга агуулга”-аар тайлбарласан нь үндэслэлгүй болно.

2.4. Анхан шатны шүүх “Даатгалын хураамжийн хэмжээ 700,000 төгрөг хүртэл байхаар нэмэгдсэн нь иргэдийн эрх, ашигт нийцэхгүй гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Гэвч даатгалын хураамж 700,000 төгрөг байхаар журамд заагаагүй, хураамжийн хэмжээг тодорхой итгэлцүүрээр нэмж, эсхүл хорогдуулах нь хуульд заасан, зөвшөөрөгдсөн зохицуулалт болно.

2.5. Анхан шатны шүүх “.. даатгалын хураамжийн хэмжээ нэмэгдэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” хэмээн маргаан бүхий захиргааны актыг хянах хүрээнээс хальж дүгнэлт хийсэн. Даатгалын хураамж “нэмэгдсэн, нэмэхгүй байх” эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Учир нь, 2018 онд батлагдсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмын дагуу тооцоолол хийхэд дунджаар 56,000 мянган төгрөг байгаа ба Нэгж нөхөн төлбөрийн хэмжээ 2018 онд дунджаар 602,800 (зургаан зуун хоёр мянга найман зуу) төгрөг байсан ба 2023 оны дундаж үзүүлэлт 1,092,700 (нэг сая ерэн хоёр мянга долоон зуу) төгрөг болж өссөн байна.

2.6. Албан журмын даатгалын хувьд хураамж, нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардлаар хосолсон харьцааг гарган үзэхэд 2022 онд 148 хувь, 2023 онд 108 хувь буюу даатгалын нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардал нь хураамжийн орлогоос өндөр байгаа нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн барагдуулахад даатгалын байгууллагуудад эдийн засгийн бодит хүндрэл тулгарч улмаар хохирогчийн эрхийг хамгаалах дээрх хуулийн зорилтыг биелүүлж чадахгүйд хүрэх бодит нөхцөл байдал үүсээд байна.

2.7. Төр нь иргэний эдийн засаг, нийгмийн баталгааг хангах үүргийн дагуу даатгалын байгууллагаар Албан журмын даатгалын тухай хуулиар үүрэг болгож чиглэл өгдөг атлаа даатгалын байгууллагын үйл ажиллагаа, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх шаардлагатай болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0414 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “А” ХК, “А” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “У” ХХК нараас “ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай” 1/114 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дугаар албан бичигт “... “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоход хэрэглэх итгэлцүүр”-т жолоочийн даатгалын хураамжийг “700.000” төгрөг хүртэл тооцох, мөн даатгуулагчийн насны хязгаараас хамааруулан тооцохоор тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд “Журам, загвар, маягтыг шинэчлэн батлах тухай” Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлээс хассан болохыг үүгээр мэдэгдье.” гэжээ.

4. Анхан шатны шүүх “... Санхүүгийн Зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хамаарсан тусгай нөхцөлийн утга нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он, жолооны хүрдний байрлал, өмнөх жилд туулсан замын уртад харгалзах утгуудын арифметик дундажтай тэнцүү байх ба дараах томьёогоор тооцно гэж заасан ба уг хэсгийн хүснэгтэд тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн оноос шалтгаалан 10-аас дээш жилийн өмнө үйлдвэрлэгдсэн бол 1.3 гэх мэтээр үйлдвэрлэгдсэн хугацаанаас хамааран 4 хэсэгт ангилан ялгаатай байдлаар итгэлцүүр хэрэглэхээр журамласан байна.

Мөн дээрх Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын 9 дүгээр хавсралтад даатгуулагчийг наснаас нь шалтгаалан 25 хүртэлх, 25-40 хүртэлх, 41-60 хүртэлх, 61 болон түүнээс дээш гэж 4 ангилсан байна.

Учир нь дээрх журмын 9 дүгээр хавсралтаас үзэхэд даатгуулагчийг наснаас нь шалтгаалж 4 ангилсан итгэлцүүр нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он гэсэн итгэлцүүртэй уялдаад жолоочийн даатгалын хураамжийн хэмжээ нэмэгдэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дээрх тайлбар үндэслэлтэй.” гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн өөрийнх нь гаргасан маргаан бүхий шийдвэрийн хүрээнд дүгнэлт хийгээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын талаар нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээс хэтрүүлж өөрийн санаачилгаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагчаар татагдаагүй этгээдийн хэм хэмжээний актад дүгнэлт хийснээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн байна.

6. Мөн хариуцагчид маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон эсэхтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй байна.

Захиргааны хэргийн шүүх “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд юуны түрүүнд хариуцагч захиргааны байгууллагад тухайн маргаан бүхий актыг гаргах бүрэн эрхийг аль хуулиар олгосон, уг хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж захиргааны акт гаргахдаа хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгдөг.

Хэрэв захиргааны байгууллагад эрх хэмжээ олгогдоогүй байвал тухайн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар “илт хууль бус” буюу анхнаасаа гарах ёсгүй байсан, эрх зүйт төрд байх боломжгүй, илэрхий алдаатай акт болохыг тогтоодог.

Маргаан бүхий акт нь Санхүүгийн зохицуулах хороонд хуулиар бүрэн эрх олгосны дагуу баталж гаргасан, нийгмийн харилцааг зохицуулсан, дахин давтан үйлчлэлтэй, улсын бүртгэлд бүртгэгдсэн, нийтээр дагаж мөрдөж байгаа хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хассан байх бөгөөд энэхүү бүрэн эрх, чиг үүрэг, эрх хэмжээг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад олгосон хууль байхгүй, маргаан бүхий шийдвэртээ бүрэн эрх олгосон хуулийг заагаагүй, хариу тайлбарт ч энэ талаар тайлбарлаж чадаагүй байх ба анхан шатны шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүй байна.

7. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын хүрээнд Хууль тогтоох, гүйцэтгэх, Шүүх гэсэн 3 эрх мэдэл нь харилцан тэнцвэртэй хэрэгжихийн тулд хуулиар олгосон чиг үүргүүдийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хууль тогтоогчоос нийгмийн тодорхой харилцааг журамлан зохицуулах бүрэн эрхээ хуулиар өөр этгээдэд олгосны дагуу тухайн этгээд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг гаргаж, зохих журмаар бүртгүүлж, нийтлэгдсэний дараа хуулийн адил нийтээр дагаж мөрддөг. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд нь захиргааны хэм хэмжээний акттай холбоотой харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн  65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан хүрээнд “хэм хэмжээний актыг бүртгэх эсэх, бүртгэхгүй гэж үзсэн тохиолдолд баталсан этгээдтэй хэрхэн харьцах талаар мөн хуульд журамласан хүрээнд дүгнэлт гаргах, хэм хэмжээний актын нэгдсэн санг эрхлэх, нийтэд хэм хэмжээний актыг эмхэтгэн нийтэлж хүргэх” зэрэг зөвхөн бүртгүүлэх процессийн ажиллагаанд оролцох эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Тэрээр нэгэнт бүртгэгдсэн, нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээний актын агуулгыг хянах, улмаар бүртгэлээс хасах эрхийг олгоогүй, энэ талаар иргэд гомдол ирүүлсэн бол өөрийн бүрэн эрхэд хамаарах хүрээнд холбогдох арга хэмжээ авах, бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар зохих байгууллагад хандахыг зөвлөх үүргээр эрх хэмжээ нь хязгаарлагдана.

8. Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэж тус тус зааж, тусгайлан журам батлах эрхийг олгосны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 493 дугаар тогтоолоор “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцоход хэрэглэх итгэлцүүр”-ийг батлан гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд уг журмын агуулга, хууль зүйн үндэслэлийг хянаж хууль зөрчсөн гэж үзэж, шууд улсын нэгдсэн бүртгэлээс хассан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт хамаарах илт хууль бус үйлдэл болжээ.

9. Хариуцагч нь хариу тайлбартаа “... захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хүрээнд хийгдсэн ажиллагаа, ... Санхүүгийн зохицуулах хороо нь уг албан бичгийн дараа өөрөө 2024 оны 493 дугаар тогтоолоо хүчингүй болгосон тул уг албан бичгийг хүчингүй болгосноор 493 дугаар тогтоол сэргэж хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасныг хүлээж авах боломжгүй.

Учир нь эрх зүйт төрд илэрхий алдаатай илт хууль бус акт үйлчилж байх боломжгүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр “илт хууль бус акт” болохыг  шүүх тогтоож шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үр нөлөө нь тухайн актыг анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүйг тогтоож, дахин ийм дур зоргын шинжтэй үйл ажиллагааг эрх зүйт төрд гаргуулахгүй байхад оршдог.

Хариуцагчийн гаргасан илт хууль бус үйлдлийн үр дагаврыг жолоочийн даатгалын эрх зүйн харилцаанд оролцогчдын тухайн итгэлцүүр журмын хүрээнд явуулж байсан үйл ажиллагаа зогсох, ойлгомжгүй байдлыг тодорхой хугацаанд бий болгосон нөхцөл байдлаар хязгаарлаж, энэ хүрээнд актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.

10. Мөн нэгэнт эрх хэмжээгүй этгээдийн гаргасан илт хууль бус захиргааны акт учраас агуулгын хувьд хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн журмын заалт Жолоочийн даатгалын тухай хуульд нийцсэн эсэх, Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхах зарчим зөрчсөн эсэх зэрэгт захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй.

Учир нь тухайн журмыг баталсан этгээд болох Санхүүгийн зохицуулах хороо хариуцагчаар татагдаагүй байхад түүний тайлбар, гаргасан актын эрх зүйн үндэслэл тайлбарыг авахгүйгээр журмыг хуульд нийцсэн эсэхийг энэхүү захиргааны хэргийн хүрээнд дүгнэхгүй тул нэхэмжлэгчийн уг актын улмаас зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхол нь тухайн актын улмаас бус харин тухайн журмыг бүртгэлээс хассаны дараа 2025.01.10-ны өдөр 01 дүгээр тогтоолоор баталсан журмын заалттай хамааралтай тул тухайн маргааны хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороо нэгэнт бүртгэлээс хассантай холбоотой хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж дахин журам баталсныг шууд илт хууль бус актыг биелүүлж гарсан гэж үзэхгүй, өөрийн хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд гаргасан Хэм хэмжээний акт тул энэ хүрээнд нэхэмжлэгч нар маргах эрхтэй.

            11. Дээрх үндэлэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХК, “А” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “У” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасах тухай” 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/114 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

 ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

             ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

             ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ