Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

           Иргэдийн төлөөлөгч Ж.Цэрэнчимэд,

Улсын яллагч Ж.Ганцэцэг,

Хохирогч П.Мөнх-Очир, түүний өмгөөлөгч  Г.Наранбаатар,

Шүүгдэгч Б.Тогтохжаргал, түүний өмгөөлөгч Л.Батчулуун /ҮД-2284/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохжаргалд холбогдох эрүүгийн 201601000175 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа 30-51 ДГО улсын дугаартай Хонгиан маркийн том оврын автомашинаар ачаа зөөдөг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 115 дугаар байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЕЮ79051313 регистрийн дугаартай, Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохжаргал.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Тогтохжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний  өдрийн 23 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймаг, Эрээн хотын Дүнчин дүүргийн Бэйжианг хойд гудамжинд үйл ажиллагаа явуулдаг Хуань Юи худалдааны төвийн авто машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан иргэн П.Мөнх-Очирын нүүрэн тус газарт ундааны шилээр цохиж, зүүн чамархай яс, суурь зүүн ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт бүхий амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Тогтохжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр машинтайгаа ачаа олох санаатай Эрээн хот руу орсон. 16 цагийн үед Мөнхбаттай таараад, хоол идээд, пиво уусан. Тэгээд манай машинд очоод хамт хоноё гээд шинэ барилгын зах руу орсон. Гэтэл тэнд 4 хүн барилдаад байгаа юм уу, зодолдоод байгаа юм уу байж байсан. Би авч явсан архиа тэд нартай хувааж уусан. Гэтэл Мөнх-Очир согтоод чимээгүй бай гэсэн. Намайг юм ярихад ална гээд “чи хүний нутагт үхмээр байна уу” гэсэн. Би айсандаа болоод ундааны шилээр толгойн тус газар нь цохьсон. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Би хохирогчийг хоёр удаа цохьсон. Намайг сууж байхад түлхэж унагаасан. Тэгээд босоод ирэхэд чи хүний нутагт үхмээр байна уу гээд заамдаад авсан. Гэрч нараас 7-8 метр зайтай байсан. Би ундааны шилээр цохиход Мөнх-Очир газар унаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогч П.Мөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 24 цагийн үед Тогтохжаргалтай таараад юм ярьж байгаад маргалдсан. Би хамт сууж байгаад машин руугаа очоод буцаж ирээд нааш цааш явж байсан. Гэтэл Тогтохжаргал чи яагаад холхиод байгаа юм бэ гэхэд нь чи намайг чи гэж хэллээ гээд маргалдсан. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн. Оюунбаяр миний толгойноос гарч байсан цусыг угаалгасан. Би эрүүл болохыг хүсч байна. Нэхэмжилсэн мөнгийг маань өгөх юм бол гомдол санал байхгүй. 67,592,000 төгрөгийг нэхэмжилнэ. Бодит зардал маань 7,093,500 төгрөг болсон. Хойшид эмчилгээтэй холбоотой зардал маань 67 сая төгрөг болж байгаа. Өмнө нь хавтаст хэрэгт 3,600,000 гаруй төгрөгийн баримт байсан. Үүн дээр өнөөдөр шинээр 3,489,300 төгрөгийн баримтыг гаргаж байна. Миний нэхэмжилж байгаа 67 сая төгрөгөнд юу юу орж байгаа вэ гэхээр Солонгос улсад эмчилгээ хийлгэх зардал 12,800,000 вон, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 1,500,000 төгрөг, Энх-Ундрага эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, олох ёстой байсан орлого 14,000,000 төгрөг, эм тарианы мөнгө зэрэг нийлээд 67,592,300 төгрөг болж байгаа. Энэ 67 сая төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн мөнгө хасагдаж тооцогдоно. Энэ хэрэг надаас болж үйлдэгдсэн юм шиг ярьж байна. Би нааш цаашаа л явж байсан. Гэтэл юу гээд холхиод байгаа юм бэ гэдэг байдлаас энэ хэрэг үүссэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс :

  

Мөрдөн байцаалтад хохирогч П.Мөнх-Очирийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюутбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Мөнхбатын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаа хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Батбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганхуягийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цогт-Очирын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Болор-Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Сэргэлэнгийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28  дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ган-Алдарын мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Баяржавхлангийн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1298 дугаартай:

            1. П.Мөнх-Очирын биед зүүн хөмсөгний өнгөц шарх, хамрын нуруу, зүүн бугалганы ар дээд хэсгийн шарх гэмтлүүд нь зүүн чамархай яс, суурь ясны зүүн их дававч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доохи цус харвалт, толгойн зүүн талын шарх гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. П.Мөнх-Очирын биед зүүн чамархай яс, суурь ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, толгойн зүүн талын шарх зүүн хөмсөгний өнгөц шарх, зулгаралт, хамрын нурууны шарх, зүүн бугалганы ард дээд хэсгийн шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх зүүн хөмсөгний өнгөц шарх, зүүн бугалга, хамрын нурууны шарх гэмтлүүд нь тус бүрдээ нэг нэг удаагийн ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн чамархай яс, суурь ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх зүүн хөмсөгний өнгөц шарх, хамрын нурууны шарх, зүүн бугалганы шарх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чамархай яс, суурь ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 52-р хуудас/,

 

  - Хохирогч П.Мөнх-Очирын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 59-69-р хуудас/

- Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 72-73-р хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 78-120-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 157-р хуудас/

- Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хавтаст хэргийн 192 дугаар хуудас/

- Хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 211-215, 244 дүгээр хуудас/ зэрэг болон,

 

шүүгдэгч Б.Тогтохжаргалын хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч А.Баярмаагийн  өгсөн:

            “... Тогтохжаргалын энхэр нь байгаа юмаа.  2000 оноос нэг гэр бүл болж нэг гэрт болоод 2001 онд Том охин Анужин мэндэлж гэр бүлээ батуулуулсан юм. 2007 онд Мөнхжин охин мэндэлсэн. 2010 онд охин Мөнхзаяа мэндэлсэн бөгөөд бид Дорноговь аймгийн замын үүд суманд амьдардаг юм. Миний хань Тогтохжаргал нь хадам аав Баярмагнайн дунд хүүхэд бөгөөд дээрээ 2 эгч, 2 ахтай доороо 3 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Хүүхэд ахуй насандаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 8 дугаар ангиасаа сургуулиасаа гарч ТЭМС-д орж мэргэжил эзэмшсэн. 1998 онд Замын-Үүд суманд Төмөр замын шилжүүлэн ачих ангид ачигчаар ажилд орсноос хойш 2012 он хүртэл кранистаар ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. ... 2012 оноос хойш ачааны авто машиныг зээлээр худалдан авч Эрээн Замын-Үүдийн чиглэлд ачаа бараа зөөн оруулж ирдэг ажлыг одоо хүртэл хийж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, бусдад тусч,бусадтай эвсэг найрсаг, архи дарс хааяа хамт олон болон найз нөхөдтэйгээ уудаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглээд байдаггүй, элдэв янзын ааш авир муухай зан гаргаад байдаггүй. Хүүхдүүддээ хайр халамж сайтай, сургууль дээр нь хүүхдийнхээ өмнөөс байнга уулзаж анхаарал тавьдаг. Гэр бүлдээ төлөв түвшин, хайр халамжаар дутаадаггүй, ааш авир сайтай, ах дүү хамаатан садандаа элэгтэй, сайн ханддаг, гэр бүлийнхээ төлөө анхаарал их хандуулдаг. Спорт урлагийн арга хэмжээнд идвэхтэй оролцдог, оюуны сэтгэн бодох чадвар сайтай, АХА тэмцээнд оролцоод тэргүүн байранд орж байсан. Маш чадварлаг ар гэр, ахуй амьдралаа сайн авч явдаг хань минь байгаа юм. Өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусадтай хатуу чангаар харьцдаггүй, цагдаагийн байгуулга болон эрүүлжүүлэх байранд орж байгаагүй, хуулийг чанд сахин биелүүлдэг, хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг юм. Манай нөхөр ар гэр, ахуй амьдралаа авч явдаг бөгөөд өөрсдийн амьдарч буй нэг өрөө байраа Капитрон банкинд барьцаалаад Хятадаас том ачааны авто машин худалдаж авсан юм” ...  гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Төржаргалын  өгсөн:

“... Би Тогтохжаргалыг танина. Бид хоёр хуурай ах дүү нар шахуу хүмүүс байгаа юм. Тогтохжаргал бид хоёр 1998 оноос хойш 2013 он хүртэл хамтран Төмөр замын ачиж буулгах ангид хамт ажиллаж байсан.  Тогтохжаргал үг дуу цөөтэй, төлөв томоотой,барагтай бол хүн зодож биед нь гэмтэл учруулахаар хүн биш байгаа юмаа. Манай байгууллагын 2-3 удаагийн аваргаар шалгарч байсан бөгөөд юмны түрүүнд савсагнаад хөдлөөд далдаганаад байх хүн биш, томоотой хүн байгаа юм ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч И.Баттамирын  өгсөн:

“... Тогтохжаргал бид хоёр төмөр замын ачиж буулгах ангид 2001 оноос 2011 он хүртэл хамт ажиллаж байгаад би ажлаасаа гарчихсан юм. ... Тогтохжаргал ажил төрөлдөө маш сайн байгууллагын болон төмөр замын аваргаар хоёр удаа шалгарч байсан. Байгууллагын аваргаар олон удаа шалгарч байсан юм. Зан байдлын хувьд хүнтэй үг дуугардаггүй, үг дуу цөөнтэй, олон таван яриагүй, төлөв түвшин, ажил албандаа дур сонирхолтой сайн залуу байсан. Баяр наадам болоод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед инээж сууж байгаад л унтаад өгдөг маш тусархуу хүн байгаа юм ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Бат-Эрдэнийн  өгсөн:

“... Тогтохжаргал нь 2000 оноос хойш төмөр замын ачиж буулгах ангид ачигчаар ажиллаж байгаад 2003 оноос Кранистын курст суугаад 2004 оноос Кранист хийж эхэлсэн санагдаж байна. ... Бид хоёр төмөр замд 10 гаруй жил хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж байсан бөгөөд 2013 онд Тогтохжаргал хувьдаа том ачааны машин зээлээр аваад. Эрээнээс бараа зөөх гээд ажилаасаа гарсан юм. Тогтохжаргал бол зан байдлын хувьд даруу төлөв зантай, илүү дутуу юм яриад байдаггүй, ямар нэгэн асуудал маргаан болоход огт хөдөлдөггүй, сүүлд нь үлдчихсэн хүн байгаа юм. Төмөр замд ажиллаж байхдаа албаны аварга, байгууллагын аваргаар шалгарч байсан. Ажил хөдөлмөртэй маш сайн, төмөр замчид дундаа нэр хүнд сайтай залуу юм ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Нарантуяагийн  өгсөн:

“... Миний хүү Тогтохжаргал нь 1979 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын төрөх  тасагт Баярмагнайгийн 5дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ 2 эгч, 2 ахтай, доороо 4 дүүтэй. Хүүхэд ахуй насандаа яслиар дамжаад, цэцэрлэгээр дамжаад сургуульд орсон. Дорноговь аймгийн 3 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 жилийн сургуульд суралцсан. Дараа нь 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж байгаад 8 дугаар ангиасаа сургуулиасаа гараад эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад жолооны курсд суралцаж, дараа нь сайншанд сумын барилгын коллежид 2 жил суралцаж, сантехникийн мэргэжилтэй болж төгсөөд Дорноговь сумын Замын-Үүд сумын шилжүүлэн ачиж буулгах ангид ачигчаар анх ажилд ороод, оосорлогч дараа нь кранист хийж ажиллаж байгаад 2013 онд өөрийн хүсэлтээр ажиллаасаа гараад, хувиараа том оврын авто машин жолоодож Эрээн рүү ачаа бараа зөөдөг ажил хийдэг болсон. Түүнээс хойш байнга л ачаа бараа зөөж, ажил амьдралаа залгуулаад явж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, барагтай хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, бусдад тусч нөхөрсөг хүн байгаа юм ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 37-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэцэгээгийн өгсөн:

“... Манай хүргэн Тогтохжаргал нь ... зан байдлын хувьд их томоотой, дуугүй, хэр баргийн юм ярьдаггүй, тусархуу залуу. Эхнэр хүүхдүүддээ халамжтай, элдэв муу зан байхгүй ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

           

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунтуяагийн өгсөн:

“... Манай дүү үг дуу цөөнтэй, эхнэр хүүхэддээ халамж анхаарал сайтай, найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд нэр хүнд сайн, бусадтай нийтэч, эвсэг найрсаг, архи дарс уугаад, гадуур хонож өнжөөд яваад байдаггүй. Одоо эхнэр 3 охиныхоо хамтаар амьдардаг ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 41 -р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Тогтохпүрэвийн өгсөн:

“... Б.Тогтохжаргал ах маань үг дуу цөөтэй, найз нөхөдтэйгээ нийтэч, ажлын газартаа нэр хүнд сайтай, ажилсаг, зөөлөн чихтэй. ... Дунд охин Мөнхжин нь цусны өвчтэй, сар бүр эмчилгээ хийлгэдэг  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

 

              - Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142-р хуудас/,

 - Улаанбаатар Төмөр Замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн даргын тодорхойлолт /хх-ийн 114, 174-178-р хуудас/,

- Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 145-146-р хуудас/,

- Гэрлэлтийн болон, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 148-149-р хуудас/,

- Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 150-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Тогтохжаргалын “Асап” сангийн лавлагаа /хх-ийн 151-153-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 155-р хуудас/,

- Дорноговь аймаг, Сайн шанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн албан бичиг /хх-ийн 168-р хуудас/, 

- Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн албан бичиг /хх-ийн 171-р хуудас/, 

- Шүүгдэгч Б.Тогтохжаргалын татвар төлөлт, нийгмийн даатгалын талаарх мэдээлэл /хх-ийн 183-188-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 190-р хуудас/

- Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 200-205-р хуудас/,

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Тогтохжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймаг, Эрээн хотын Дүнчин дүүргийн Бэйжианг хойд гудамжинд үйл ажиллагаа явуулдаг Хуань Юи худалдааны төвийн авто машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан иргэн П.Мөнх-Очирын нүүрэн тус газарт ундааны шилээр цохиж, зүүн чамархай яс, суурь зүүн ясны зүүн их далавч дайрсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, зүүн зулай чамархайд тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт бүхий амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн “... 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр машинтайгаа ачаа олох санаатай Эрээн хот руу орсон ... Мөнх-Очир согтоод чимээгүй бай гэсэн. Намайг юм ярихад ална гээд “чи хүний нутагт үхмээр байна уу” гэсэн. Би айсандаа болоод ундааны шилээр толгойн тус газар нь цохьсон. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Би хохирогчийг хоёр удаа цохьсон ...” гэх,

            хохирогч П.Мөнх-Очирийн “... 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 24 цагийн үед Тогтохжаргалтай таараад юм ярьж байгаад маргалдсан. Би хамт сууж байгаад машин руугаа очоод буцаж ирээд нааш цааш явж байсан. Гэтэл Тогтохжаргал чи яагаад холхиод байгаа юм бэ гэхэд нь чи намайг чи гэж хэллээ гээд маргалдсан ...” гэх,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч П.Мөнх-Очирийн “...“чи намайг чи гэлээ’ гэдэг шалтгаанаас болж маргалдсан байх гэж бодож байна ...Тогтохжаргал намайг шилээр цохьсон асуудал маш хурдан болж өнгөрсөн. Намайг шилээр цохингуут нь би босоод хойшоо болох үед хагархайгаар нь миний хамрын нуруу болон хөмсөгний дээд хэсэгт зүсэгдэхээр босоод зугатаах гэсэн чинь араас зүүн гарын булчингийн ар хэсэг рүү хатгасан ...” гэх,

            гэрч Б.Оюутбаярын “... 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр  ... Мөнх-Очир, Тогтохжаргалд хандаж намайг чи гэлээ гэж хэлсэн. Тэгтэл Тогтохжаргал пизда наахуу гэж хараагаад, хоорондоо маргалдаж бие биенийгээ пизда наахуу гээд үгээр идэж харааж байгаад Тогтохжаргал уугаад дуусгаад тавьчихсан байсан хятад ундааны шилийг аваад толгой руу 1-2 удаа цохиод авсан ... Маргааш нь би Мөнх-Очир ахын машин дээр нь яваад очиход кабин дотроо байсан ба нүүр толгой нь хавдчихсан, хамар дээгүүр нь ташуу зүсэгдчихсэн байсан. Мөн чамархай хэсэгт нь нилээн том хавдчихсан, зүүн мөрний булчингийн ар хэсэгт зүсэгдээд ангайчихсан харагдаж байсан ба Мөнх-Очир ах толгой хөдөлчихсөн байна гэж хэлж байсан.... Мөнх-Очир Тогтохжаргал нар хоёулаа л архи уучихсан байсан ...” гэх,

гэрч В.Мөнхбатын “... Мөнх-Очир кабиндаа бууж суунгаа байж байгаад кабинаа нээчихээд та нар юу яриад байгаа юм бэ гээд согтуурхаад байсан. ... Нэг мэдсэн чинь пис пас гээд л дуу гараад Мөнх-Очир алнаа гээд орилоод эхэлсэн чинь Тогтохжаргал зугатаагаад гүйгээд явчихсан. Мөнх-Очирын толгой болон зүүн суганы ар хэсэг хавьцаа цус гоожоод гээд Оюут нөгөө хамт байсан хоёр залуу нь ярьж байсан. Намайг харахад Мөнх-Очирын толгойноос нь цус гоожиж байсан ...” гэх,

гэрч З.Батбаярын “... 2016 оны 8 дугаар сарын 15-ны өглөө Эрээн хотын шинэ барилгын захын хашаанд машинтайгаа очтол Мөнх-Очир барилгын захын хашаан дотор танихгүй өөр хүний машины сүүдэрт нь гудас дэвсчихсэн доошоо хараад хэвтэж байхаар нь би өөрийнхөө машиныг байрлуулж тавьчихаад, явж очоод “хөөе чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад над руу эргэж харах үед нүүрэнд шарх харагдахаар нь ойртоод харсан чинь хамрын нуруунд ташуу зүсэгдсэн шархтай, мөн хөмсөгний орчимд бас олон тооны жижиг зүсэгдсэн шархтай болчихсон байхаар нь “яачихсан юм бэ юу болов” гэж асуухад “би ярьж чадахгүй байна” гэж нилээн удаан ярих гэж оролдож байж хэлэхээр нь “юу болсон юм бэ, яасан юм бэ” гэж асуусан чинь “хүнд зодуулчихлаа” л гэж арай гэж хэлсэн ...” гэх,

гэрч Ц.Ганхуягийн “... 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр П.Мөнх-Очир бид нарын Эрээн хотод байдаг түрээсийн байранд явж очиход П.Мөнх-Очир нь зодуулчихсан гээд орон дээр хэвтэж байсан ба Тогтохжаргал гээд залууд зодуулсан гэж хэлсэн ...” гэх,

гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Намайг өрөөндөө очиход П.Мөнх-Очир зүүн гарын булчингийн хэсгээ боочихсон, хамар нь бага зэрэг зүсэгдчихсэн, дух нь шалбарчихсан байсан юм. Зүүн гарынх нь чамархай хэсэгт хавдчихсан байсан юм. Мөн ярьж чадахгүй, ээрч гацаад байсан ...” гэх,

гэрч Ц.Цогт-Очирын “... 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би Эрээнд байдаг гэртээ яваад очтол П.Мөнх-Очир өрөөндөө ирчихсэн ганцаараа орон дээрээ хэвтэж байсан ба хамрын нуруунд ташуу зүсэгдсэн шархтай, хөмсөгний ойр орчимд бас жоохон зүсэгдчихсэн юм шиг болчихсон байсан ба зүүн талын чамархай орчимд нь хавдчихсан байсан ...” гэх,

гэрч Б.Ган-Алдарын “... 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... нэг мэдсэн чинь Мөнх-Очир, Тогтохоо нар нь хэн нь хэнийгээ хөөж тууж байгаа нь мэдэгдэхгүй том машины араар гүйлдээд явсан. Тэгсэн Оюут надад Тогтохоо гэх залуу Мөнх-Очирийн толгойг нь шилээр цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд удаагүй Мөнх-Очир хүрч ирээд Тогтохоо гэх бацаан миний толгой руу шилээр цохьчихлоо, мөн баруун гар билүү зүүн гараа бариад гар руу шилээр зүсчихлээ гээд үзүүлэхэд Мөнх-Очирийн толгой болон гарнаас нь цус гарсан байсан ...” гэх,

гэрч О.Баяржавхлангийн “... 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал хүлээн авах дээр хүн үзүүлье гээд сувилагч хэлэхээр нь очиж үзэхэд зүүн талын чамархай хэсэгт хаван үүссэн, цус хурсан, зүүн зовхинд цус хурсан, эмзэглэл ихтэй асуултанд өөрийн үгээр тод хариулж чадахгүй байсан юм ... Мөн хамрын хянганд ташуу язарч үүссэн шархтай, шарх нь тавласан, хөмсөг, зовхины дээд хэсэгт язарсан ба ... дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Гэхдээ яг цус гоожоод явж байгаа шарх биш, уг гэмтэл учраад 1-3 хоносон болов уу гэмээр гэмтэл байсан юм. ... П.Мөнх-Очирын биед учирсан байсан гэмтлүүд нь зах ирмэг нь зарим газраа тэгш, зарим газраа язарч үүссэн байсан учраас шилний хагархайгаар үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байсан юм ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1298 дугаар дүгнэлт, хохирогч П.Мөнх-Очирын өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Б.Тогтохжаргалыг танхайн сэдэлтээр, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

          Хохирлын талаар

 

          Хохирогч П.Мөнх-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 67,592,300 төгрөг нэхэмжилсэнийг дараах байдлаар дүгнэлээ.Үүнд:

 

          Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс болох 2,500,000 төгрөгийг /х-92,93/ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэх, мөн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг бодитой учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Хохирогч П.Мөнх-Очирын нэхэмжлэлээс 20,000 төгрөгийн баримт бүдэг /хх-86/, нийт 675,800 төгрөгийн тээврийн зардалд төлсөн  гэх баримтыг энэ хэрэгт шууд хамааруулан хохиролд тооцох боломжгүй /хх-94-114/, 50,000 төгрөгийн 2 ширхэг баримтууд нь ямар зорилгоор хэн ашигласан баримт болох нь тодорхойгүй, 340,000 төгрөгийн зардлаар үйлчилгээ үзүүлсэн таксины жолоочийн гэх бичгийн баримтыг тухайн төлбөрийг төлсөн баримт гэж үзэх боломжгүй /хх-120/, 280,000 төгрөгийн Энх Ундрага гэх газарт төлсөн баримтаас  хэн юу авсан болохыг тогтоох боломжгүй зэргээс үзэхэд нийт 1,415,800 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого болох 30,056,500 төгрөг нийт 31,472,300 төгрөгийн нэхэмжлэлийг тооцоолох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Хохирогч П.Мөнх-Очирын нэхэмжилсэн 67,592,300 төгрөгөөс хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн 32,500,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Тогтохжаргалын хохирогч П.Мөнх-Очирт төлсөн 3,620,000 төгрөгийг хасаад тооцоолох боломжгүй 31,472,300 төгрөгийг /хх-86,94-114,115,116,120-р хуудас/ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

          Нотлох баримтын шааардлага хангасан хэрэгт авагдсан баримтын үнийн дүн 1,467,444 төгрөг /3000 төгрөг хх-78, 160,000 төгрөг хх-79, 8500 төгрөг хх-81, 275,700 төгрөг хх-82, 9300 төгрөг хх-83, 137,850 төгрөг хх-84, 275,000 төгрөг хх-85, 9000 төгрөг хх-87, 18,000 төгрөг хх-88, 8744 төгрөг хх-89, 137,850 төгрөг хх-90, 15,800 төгрөг хх-91, 3700 төгрөг хх-117, 5000 төгрөг хх-118, 400,000 төгрөг хх-119/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан баримтын үнийн дүн 1,709,300 төгрөг нийт 3,176,744 төгрөг төлөгдөхөөр байна.Үүнээс шүүгдэгч Б.Тогтохжаргал нь  хохирогч П.Мөнх-Очирт 3,620,000 төгрөг төлсөн талаар баримтууд хэрэгт авагдсан байх ба, энэ талаар талууд маргаагүй бөгөөд нотлох баримтын хэмжээнд хохирол бүрэн төлөгдсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Иймд шүүгдэгч Б.Тогтохжаргалыг энэ тогтоолоор хохирогч П.Мөнх-Очирт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тогтохжаргал ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтууурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Б.Тогтохжаргалын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг  түүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72, 76 дугаар зүйлд зааснаар авсан Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохжаргалыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохжаргалыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Тогтохжаргалд оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Б.Тогтохжаргалын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-дэх хэсэгт заасныг баримтлан  хохирогч П.Мөнх-Очирын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  Б.Тогтохжаргал нь энэ тогтоолоор хохирогч П.Мөнх-Очирт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

7.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын баталсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол-ыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар хохирогч П.Мөнх-Очир нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тогтохжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тогтохжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                           Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ