Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ202/0243

 

 

 

 

 

 

 

         2022         03           31                                      128/ШШ2022/0243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шарнууд овгийн ********** /РД: Х*7********/,

Нэхэмжлэгч: Шарнууд овгийн ********** /РД:Х***********,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Д ХХК /РД: 521******/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Д ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.  учирсан хохирол 68,938,000 төгрөг, М.Цээцэндбаатарт учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах, 3. хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:  “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 53 дугаар байрны 3-а тоот 61 м.кв орон сууцны өмчлөгч Мангалсүрэнгийн Сүнжидмаа, З-б тоот 44 м.кв орон сууцны өмчлөгч Мангалсүрэнгийн ******** бид манай барилгын урд баригдаж буй Д ХХК-ийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Бидний өмчлөлийн 2 орон сууц 2 дугаар давхарт, цонхнууд урагш харсан бөгөөд Д ХХК-ийн барьж буй барилгын улмаас нар үзэхээ больж, харанхуй хонгилд амьдарч байгаа мэт боллоо. Тус компанийн барилга нь ихээхэн өндөр (одоогоор 16 дугаар давхар баригдаж байна) манай байрнаас 13 метрийн зайтай барьсны улмаас барилгын хоорондын зайн стандарт, нарны ээвэрлэлтийн норм зөрчигдөж, галын аюулгүй байдал алдагдаж, газар хөдлөлтийн үеийн эрсдэл нэмэгдэх нөхцөл байдалтай болоод байна. Манай гэрт нарны шууд тусгал орж ирэхгүй байгаагаас хүйтэн, чийгтэй болж, хана тааз мөөгөнцөрдөх нөхцөл бүрдэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөх боллоо.

Энэ асуудлаар 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч Д ХХК-д Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00041** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд нэр бүхий иргэнээс гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32020/01** дугаартай захирамжаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хэрэг үүсгэсэн тул өргөдлийг хянан үзэх боломжгүй” хэмээх хариуг шүүгчийн захирамжийн хамт ирүүлсэн бөгөөд үүгээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний огноо, дугаарыг бид анх удаа мэдсэн, одоог хүртэл архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зурагтай танилцаж чадаагүй байна.

Ийнхүү Д ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас биднээс гадна олон хүний Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх зөрчигдөж байгаа бөгөөд дараах журам, стандартуудыг зөрчсөн хэмээн үзэж байна. Үүнд:

1/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.1-д барилга барих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах талаар зохицуулсан бөгөөд 4.3.1-д зааснаар 12 давхар барилгад 40 метрийн, 16 давхар барилгад 45 метрийн радиуст байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөөс зөвшөөрөл, санал авах талаар заасан боловч уг барилгад энэхүү ажиллагаа хийгдээгүй.

2/ Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж (БНбД 23-04-07) норм ба дүрмийн 3.1-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдна”, 3.3-т “Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно”, 3.5-д “Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд: а) Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд” гэх зэргээр стандартчилсан.

3/ Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БН6Д31-01-10) норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтаар “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга авто машины гараж ил зогсоол хоорондын зай хэмжээ”-г тодорхойлсон байх бөгөөд 2.5-д “орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд үзүүлэв” гээд

 

Д/д

Зай хэмжээний норматив

Зайн хэмжээ (М) барилгажих талбайд барих барилгын давхрын тоо

2-4

5

9

12

16

1.

Барилгын тууш /урт/ талуудын хооронд

15

21

32

45

62.0

 

 

 

 

 

 

 

2.

Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд

10

12

18

24

32

3.

Орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд

 

Галын нормоор тогтоогдоно.

4.

Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд

-

-

-

29

48

                     

 

Энэхүү нормын дагуу “Д” ХХК-ийн барилга нь 12 давхар бол 24 метрийн зайд, 16 давхар бол 32 метрийн зайд баригдах ёстой. Гэтэл 13 метрийн зайд барьж, 5 давхар барилга барих л боломжтой газарт одоогоор 16 давхар барилга бариад байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Донгхүүнглобал ХХК-ийн хууль зөрчсөн энэхүү буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байна. Мөн тус баригдаж буй барилга нь нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх байдлаар олон хууль, стандартыг зөрчиж олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгавар, Эскиз зураг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, оршин суугчид бидний эрхийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч нар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Бидний өмчлөлийн 2 орон сууц 2 дугаар давхарт, цонхнууд урагш харсан бөгөөд Донгхүүнглобал ХХК-ийн барьж буй барилгын улмаас нар үзэхээ больж, харанхуй хонгилд амьдарч байгаа мэт боллоо. Тус компанийн 17 давхар барилга нь манай байрнаас 13 метрийн зайтай барьсны улмаас барилгын хоорондын зайн стандарт, нарны ээвэрлэлтийн норм зөрчигдөж, галын аюулгүй байдал алдагдаж, газар хөдлөлтийн үеийн эрсдэл нэмэгдэх нөхцөл байдалтай болоод байна. Манай гэрт нарны шууд тусгал орж ирэхгүй байгаагаас хүйтэн, чийгтэй болж, хана тааз мөөгөнцөрдөх нөхцөл бүрдэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөх боллоо. Урд цонхоороо богд уул хардаг байсан бол одоо хуйтэн цемент л харах болсон. Энэхүү шалтгааны улмаас манай 2 орон сууцны үнийн уналтаас бий болсон алдагдал, тав тух алдагдсан, сэтгэл санааны хохирол, хүйтэн, харанхуй өрөөнд амьдарч байгаагаас тень залгаж, өдөр ч байсан гэрлээ асаалттай байлгахаас үүдэн гарах цахилгааны төлбөр, эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөлөл зэргийг тооцож, м.кв тутамд 1,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна.

Хууль, стандартыг зөрчиж олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингуй болгож, нэхэмжлэгч нарт учирсан 105,000,000 (нэг зуун таван сая) төгрөгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч нар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрмийн дагуу Донгхүүнглобал ХХК-ийн барилга нь 12 давхар бол 24 метрийн зайд, 16 давхар бол 32 метрийн зайд баригдах ёстой. Гэтэл 13 метрийн зайд барьж, 5 давхар барилга барих л боломжтой газарт 17 давхар барилга бариад зогсоогүй тус барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 болон уг дүрмийг баримтлахаар заасан атал хууль, дүрэм зөрчиж баригдсан, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилгыг комисс байнгын ашиглалтад хүлээн авсан нь хууль ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч тайлбартаа: “Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.  Донгхүүнглобал ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгч М болон М нарт ямар хэмжээний хохирол учирсан болохыг тодруулж нэхэмжлэгч М тухайд 68,938,000 төгрөг, М. хувьд 36,062,000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА2892021 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах гээд үндсэндээ таван нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа.

Нэхэмжлэгч М.Цээцэндбаатар, М.Сүнжидмаа нар Хан-Уул дүүрэгт байрлах Нархан хотхонд амьдардаг. Нархан хотхоны 53 дугаар байрны 3а тоот 68 м.кв орон сууцны өмчлөгч М.Сүнжидмаа, 3б тоот 44 м.кв орон сууцны өмчлөгч М.Цээцэндбаатар нар эгч дүү хоёр, дээрх хаягт оршин суудаг, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид юм. 2005 оноос хойш анх Нархан хотхон баригдан ашиглалтад орсон цагаас эхлэн оршин сууж байгаа.

Нархан хотхон нь 2005 онд баригдсан, ашиглалтад орсноос хойш нэхэмжлэгч нар амьдарч байгаа. Энэ хугацаанд ээжийнх нь нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байдаг байсан. Гэрчилгээг 2013 онд шилжүүлж авсан. М.Цээцэндбаатар, М.Сүнжидмаа нарын ээж нь 2013 онд өөд болж түүний дараагаар гэрчилгээг шилжүүлж авсан байгаа. 3а, 3б тоот тусдаа хаалгатай. Тухайн үед ханыг нураагаад нэгтгэсэн шалтгаан нь баруун талд нь ээж нь амьдардаг байсан бөгөөд өндөр настай ээжийгээ асрах шаардлагатай болсон учраас засварын ажил хийж ханыг нураасан гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид өгсөн. Анхнаасаа 2 байр байсан. Одоо ч тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй.

Гэтэл Донгхүүнглобал ХХК Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр 2020 онд “Ханс-вилл-2” хотхоны 5 блок барилга баригдаж эхэлсэн. Зөвшөөрлийн дагуу баригдсан 17 давхар орон сууц нь нэхэмжлэгч нарын эрхийг хөндөж байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хоёр иргэний орон сууц нь 53 дугаар байрны 3а болон 3б тоот гэсэн орон сууц бөгөөд энэ нь 2 давхарт байрладаг зүүн тийшээ харсан 2 цонхтой, урагшаа харсан 4 цонхтой, баруун тийшээ харсан 1 цонхтой байрлалтай  орон сууц.

Урд талд баригдсан 17 давхар, техникийн давхартайгаа нийлээд 18 давхар барилга нарны тусгал, нарны ээвэрлэлтийн стандартыг хангахааргүй, мөн барилга хоорондын зай хэт ойр буюу 13 метрийн зайтай баригдсан. Ингээд галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн үеийн эрсдэл гэх зэрэг аюултай нөхцөл байдал бодитой бий болсон гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна. Барилга баригдсанаас хойш М.Сүнжидмаагийн зүүн талын 2 цонх зүүн талаасаа ч нар үзэхээ больсон, урд талын хоёр цонх мөн адил нар үзэхээ больсон. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгч байгаа фото зургаас харахад  урд талын цонхноос урд талын барилгын орой харагддаггүй, тийм ойр хэмжээтэй өндөр барилга баригдсан байгаа юм. Баруун талын орон сууц нь М.Цээцэндбаатарынх бөгөөд энэ орон сууцны тухайд бол баруун талынхаа цонхоор үдээс хойших нарыг үздэг харин урагшаа харсан цонхтой унтлагын өрөө нь огт нар үзэхгүй байхаар өндөр барилга баригдсан байгаа юм.

Энэ барилгатай холбоотой маргаан бүхий захиргааны акт буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлүүдэд барилгын суурийн хэмжээ, давхар хоорондоо зөрүүтэй, үүнийг нотлох баримт шинжлэн судлах шатанд тухайлан судлуулна. Барилгын суурийн хэмжээ зөрүүтэй, барилгын давхрын тоо зөрүүтэй ийм байдалтай барилга барьсан байхад нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоод, сунгаад, мөн цаашлаад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар Улсын комиссоос дүгнэлт гарган захиргааны процессын үйл ажиллагаа явагдаад дууссан. Үүнээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй ноцтой зөрчигдөх үр дагавар хэдийн бий болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж хангаагүй байхад барилгыг ашиглалтад оруулан оршин суугчид нь эхнээсээ ороод эхэлсэн байгаа юм. Нар хааж барилга барьснаас нэхэмжлэгч нарын орон сууцны үнэ цэнэ буурсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-иар хохирлоо үнэлүүлснийг нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар 68,938,000 төгрөгийг М.Сүнжидмаад, 36,062,000 төгрөгийг М.Цээцэндбаатарт тус тус нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргах ёстой, энэ бол зөвхөн барилгын үнэ цэнийн бууралтын дүн буюу үнийн зөрүү.

Үүнээс гадна нарны ээвэрлэлтийн стандартын шаардлага хангагдаагүй улмаас барилга хүйтэн, харанхуй болж хоёр ам бүл, хүүхдүүд аятай тухтай орчинд амьдрах боломжгүй болоод байна. 2007 онд батлагдсан стандарт нь хүний сэтгэл зүй, физиологийн, мөн нян бактери үржих асуудалтай холбогдож үүсэх нөхцөл байдлыг хангуулах стандарт байдаг. Тэгэхээр энэ барилгын улмаас хоёр айлын ам бүлийн сэтгэл санаа хохирон, өглөө сэрэхдээ хүйтэн ханатай харанхуйд, байнга гэрэл асаалттай, зуны улиралд байнгын эсгий таавчигтай байхаар ийм нөхцөл байдалтай амьдардаг. Цаашлаад барилгын үндсэн эдэлгээнд хор хохирол учрахаар дээрх нөхцөл байдал бүрдэж байна гэж үзэж байгаа. Үүнийг тодорхой судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 2007 онд нарны ээвэрлэлтийн батлагдсан стандартад зааж өгсөн, тухайн барилга баригдсанаар стандарт шаардлага хангагдах боломжгүй болж байгаа юм.

2007 оны Нарны ээвэрлэлтийн стандартад “орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж эрүүл ахуйн норм” Монгол Улсын Барилгын норм ба дүрмийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууцны хорооллын нутаг дэвсгэрийн нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн, нян устгал болон дулааны үр ашигтай  нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэж заасан. Тэгэхээр нарны тусгал өөрөө ямар үр дагавартай, ач холбогдолтой юм бэ? Өнөөдөр зөвхөн бидний барилгын үнэ буурч байна гэж байна. Хүний эрүүл мэнд, хүний сэтгэл зүйд хүртэл нарны тусгал нөлөөлөх юм байна гэдгийг энэ нарны тусгалын стандарт дээр маш тодорхой тусгасан байдаг.

Тус норм ба дүрмийн 3.3-т “тухайн эдэлбэр газар дээр барилга шинээр барихдаа зэрэгцээ бусад барилга байгууламжийн сүүдэрлэлт мөн тэдгээрийн болон тэнд оршин суугчдын амрах тоглоомын талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно”, 3.5-д “нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна” гэж заасан байдаг.  Айлын 1 ба 2, 3 өрөөнд 1-с доошгүй, 4-6 өрөөтэй орон сууцны 2-3 өрөө, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-с доошгүй хувьд нар тусахаар байна гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч нарын урд талын цонхноос авсан зургийг өнөөдөр нотлох баримтаар өгсөн байгаа үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэр завсраар унтлагын өрөөний 60 хувьд нар тусахгүй, 3-4 цаг нар тусахгүй.

Ийм нөхцөл байдалд байгаа. Нархан хотхоны тухайд урд талын барилга баригдахаас өмнө хамгийн үнэтэй орон сууц байсан бол одоо бол хамгийн хямд үнэтэй байр болсон.

Нэхэмжлэлд дурдсан хоёр барилгын хоорондын зай багадаа 32 метр байх ёстой, гэтэл өнөөдрийн байдлаар 13 метр байгааг нотлох баримтуудаар хангалттай нотолж болохоор байгаа.

Шүүх газар дээр нь очиж үзлэг хийгээд 13 метр гэдгийг лазер метрээр хэмжиж гадна хананаас хэмжилт хийсэн байдаг. Энэ нь орон сууцны зураг төсөл, төлөвлөлт, норм стандартыг зөрчиж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 онд 5/14 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтыг ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг баталсан. Энэ журмын дагуу барилгын ажил явагдаагүй бөгөөд хариуцагч талын захиргааны үйл ажиллагаа  эдгээр журмуудыг зөрчсөн. Эдгээр хууль болон стандарт зөрчсөн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд  зөрчсөн бодит үндэслэлүүд бий болгосон ч барилгын ажлыг дуусгасан. 

Эскиз зураг гэдэг нь барилга баригдахаас өмнө батлагдаад түүнийг заавал дагаж мөрдөх журамтай гэж ойлгож байна. Гэтэл барилгаа барьж дууссаны дараа мөн шүүхийн маргаан дууссаны дараа эскиз зургаа батлуулна гэдэг тайлбарыг өглөө. 2008 онд Улсын экспертизийн дүгнэлт гарсан байдаг. 5 блокоор E, P, A, C, D гэсэн. Үүн дээр 3 давхар, 1 давхар, 15 давхар, 10 давхар, 6 давхар гэдэг ийм 5 өөр давхар бүхий 5 блок объект байна гэсэн дүгнэлт байдаг ч 17 давхар баригдсан.

            Барилгын зай стандартын тухайд БНБД 31-01-10 стандартын 12 дугаар хүснэгт дээр барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцын өрөөний цонхтой хөндлөн талын хооронд 16 давхар байхад 32 метр байна гэдэг шаардлага байгаа. Гуравдагч этгээдийн ярьсан 2001 оны БНБД 31-01-01 гэдэг стандарт байдаг. Энэ стандартын 1.2 дахь хэсэгт нар тогтмол тусах өрөөний хэмжээг 1, 2, 3 өрөө сууцанд 1 өрөөтэй тэнцэхээр заасан, 4, 5, 6 өрөөтэй орон сууцанд 2 өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Нийтийн сууцны өрөөнүүдийн 60-аас доошгүй хувьд нар тогтмол тусаж байхаар тооцож нарны секторын 70-220 градусын дагуу байрлуулан төлөвлөнө гэсэн энэ шаардлага хангагдаагүй. 1.3 дах хэсэгт бүх төрлийн орон сууцны барилгын орон сууцны өрөө, гал тогооны өрөө байгалийн гэрэл тусах цонхны нүхний талбайн доор тухайн өрөөний шалны нийт талбайн 8/1-ээс багагүй байхаар төлөвлөсөн. Тэгэхээр өнөөдөр тэр завсраар нар тусаад шалан дээр тусахгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмыг баримтлахгүй гэсэн тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс ярьж байгаа. Баримтална гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох , барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам байна. Энэ журмын 3 дугаар зүйлийн 12 дах хэсэгт “барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг  зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.” Газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд  барилгын эх загвар зураг хүчингүй болно гэдэг журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Тэгэхээр барилга 2019 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр  сууриасаа дээшээ шууд баригдсан. Өөрөөр хэлбэл үндсэн барилга баригдаагүй байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс  үзэж байна.

            Энэ нөхцөл байдал 2008 оноос хойш буюу эскиз зураг батлагдсанаас хойш 2019 оныг хүртэл үргэлжилсэн.  Тэгэхээр энэ зургийг шинэчлэх ёстой, дахин батлуулах гэсэн ийм журам шаардаж байна. Ийнхүү шинэчлээгүй бол тухайн эскиз зураг хүчингүй болно гэсэн ийм тодорхой зохицуулалт хэрэгтэй. 2014 онд батлагдсан журмын дагуу барилга баригдсан бол энэ эх загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцагч байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн актууд шинэчлэгдэх ёстой. Шинэчлэгдсэний улмаар дурдагдаж байгаа 31-01-10 норм ба дүрэм, 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын шаардлагад нийцэх үр дагавар бий болно.

            5/14 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын 4.1 дэх хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааны иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана. Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авна.”, 4.2.1 дахь заалтад “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбай дээр барилга байгууламж барих, үүнд хэдэн давхраас шалтгаалаад хэдэн метрийн радиуст барих вэ гэдэг санал авна”. Тэгэхээр хороолол доторх барилгажаагүй талбайн хэсэг биш гэж үзэж байдаг. Нархан хороолол доторх барилгажаагүй талбайн хэсэг байсан бол тухайн барилгын хашаан дотор барилга барихдаа холбоотой энэ шаардлагыг баримтална гэж талууд ярьж байна. Тэгэхээр орон сууцны хороолол гэж юу вэ, орон сууцны хотхон гэж юу вэ гэдгийг Хот байгуулалтын тухай хуулиар зохицуулсан байгаа. Хороолол дотор гэдэг нь ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан тэр хэсэг болон барилгажих талбай зэргийг ялгах ёстой.

            Хотхон гэдэг бол өөр асуудал. Иргэдээс санал авах асуудлын тухайд барилгын компани болох Донгхүүнглобал ХХК нь иргэдээс санал авах ажиллагааг явуулах ёстой байсан. Тус журмын 4.11 дэх хэсэгт санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно. Энэ журмыг хариуцагч болон компани зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлах болон асуулт хариултын шатанд юу тодорхой болж байна гэхээр барилга барихтай холбогдсон захиргааны үйл ажиллагаанууд нь хоорондоо уялдаа холбоогүй, талууд хоорондоо нэлээдгүй хэдэн асуудлаар зөрчилтэй болж байна. 2007 онд анх Архитектур төлөвлөлтийн даалгавар Тектоник ХХК-иар батлуулсан гэсэн үг болж байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд 2,7 га талбайд дараах хэд хэдэн барилгыг барина гэж тусгагдсан байна. Хэмжээний хувьд 30х15,6 метр энэ нь 9 ширхэг барилгын хариуцагч тал нь нэхэмжлэгч талын маргаж байгаа барилга гэсэн тайлбарыг өгсөн.

            45м х 12м  гэдэг ийм хэмжээгээр барилга баригдаад үзлэгийн тэмдэглэл дээр илүү тодорхой хэмжээ байдаг. Бодит нөхцөл байдалд дээрх хэмжээнээс илүү гаргаж барьсан байна. Хэрвээ архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу барилга баригдсан бол барилгыг хаах буюу нэхэмжлэгч талд учирсан хохирол илүү бага учрах байсан гэж үзэж байна. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд 4 блок барилга байна. Гэрчилгээнд 45х12,2 м, 60,6х12,9 м ингээд хоёр өөр барилгын хэмжээг тодорхойлдог.  Бодит нөхцөл байдалд бол 5 блок барилга баригдсан байна.

            Барилга барих зөвшөөрлийн гэрчилгээнд заасан 4 блок барилга барьсан бол байршил нь нэхэмжлэгчдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар барилга баригдаж болох байсан гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна

            2008 онд батлагдсан эскиз зураг дээр 15 давхар барилга баригдахаар батлагдсан бол өнөөдрийн байдлаар 17 давхар техникийн давхартайгаа нийлээд 18 давхар барилга баригдсан, нэхэмжлэгчийн орон сууцны цонхоор барилгын орой харагдахааргүй баригдсан байгаа. Энэ зөвшөөрлийн гэрчилгээ, эскиз зураг зэрэг яг ямар шалтгаанаар яаж хоорондоо холбогдож байна гэдгийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна.

            Хариуцагч байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл барилгаа барьчихаад шүүхийн маргаан дуусахаар эскиз зургаа шинэчлэн батлуулна гэж ярьж байгаа нь хариуцлагагүй тайлбар байна гэж үзэж байна. 15 давхар болон 17 давхрын хооронд ялгаа байгаа. Хэрвээ 15 давхар барилга баригдсан бол зүүн талын цонх нар үзэх боломжтой ч байж болохоор байсан. Баримт бичиг болон хууль зөрчиж гаргасан барилгын зөвшөөрлийн үйлдэл болгон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна. Энэ барилгыг ашиглалтад оруулахад ийм асуудалтай барилгыг Улсын комиссоос хүлээн авсан. Бодит нөхцөл байдалд  бичгээр олгосон зөвшөөрөл зураг төслөөс өөр, асуудалтай байхад Улсын комиссоос хүлээн авахгүй байх ёстой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж комиссын дүгнэлттэй маргаж байгаа юм. Барилга баригдсанаас шалтгаалаад хохирол үр дагаврын асуудал яригдаж байна. Хариуцагч байгууллагын хууль болон стандарт зөрчсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж болохоор байгаа юм. Энэ бодит хохирлыг шинжээч 107,000,000 сая гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас 105,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан учраас энэ дүнгээрээ М.Цээцэндбаатарын нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,000,000 сая төгрөгөөр багасгаад ингээд нэхэмжлэлийн үнийн дүн буюу 105,000,000 сая төгрөгтөө бариулж байгаа юм. 

Эдгээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлээ гаргалаа. Тийм учраас нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХӨ0407 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд батлагдсан эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон 004180/208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, мөн 2021 онд барилгыг ашиглалтад оруулсан Улсын комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээр хохирлыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж өгнө үү.” гэв.

5. Хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нархан хотхоны урд талд нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжийг үндэслэн Тектоник ХХК-д тус газраас 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2008 онд эскиз зургийг баталсан. Донгхүүнглобал ХХК-д Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зургийг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар иргэдийн саналыг аваагүй, 4.3.1-д заасан зай хэмжээний нормативыг зөрчсөн гэжээ. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж заасан. Тектоник ХХК-ийн барилга барьж байгаа эзэмшил газар нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй тул иргэдээс санал авах шаардлагагүй болно. Журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс тодорхой зайд байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс санал авна гэж заасан нь нэхэмжлэгчид хамааралгүй заалт болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Нархан хотхоны урд талд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 тоот захирамжийг үндэслэн тухайн үед Тектоник ХХК-д газрын эрх үүссэн. 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, 2008 онд эх загвар зураг батлагдсан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажил явуулах компанид гаргаж өгсөн.

Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлүүд дээр хариу тайлбар хэлэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын иргэдээс санал авах заалт буюу 4 дүгээр зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2 –ыг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Тухайн журмын 4.2.1-ийн  “иргэдийн саналыг аваагүй”, 4.3.1-д заасан “барилга хоорондын зай хэмжээний нормуудыг зөрчсөн” гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа.

Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-т  орон сууцны дундах барилгажаагүй талбай буюу тухайн радиуст барилга барихаар бол иргэдээс санал авахаар тусгагдсан. Гэхдээ энэ нь төлөвлөлтийн хувьд 2007 онд тус журам батлагдахаас 7 жилийн өмнө гаргасан тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар байгаа учраас энэ журмыг нэгдүгээрт буцаан хэрэглэхгүй, хоёрдугаарт тухайн төлөвлөлтийн орчин нь өөрөө орон сууц дундах барилгажаагүй талбай биш юм.  Барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Барилгын норм ба дүрэм 30-01-04-т зааснаар 5 давхар барилга хоорондоо 12 метр байхаар төлөвлөсөн бөгөөд энэ норм нь 2004 онд батлагдсан. 2007 онд архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын зөвшөөрөл олгохдоо тухайн барилгын норм ба дүрмийн дагуу төлөвлөлтийг гаргуулсан. Энэ норм дээр юу гэж байна вэ гэхээр “тухайн төлөвлөж байгаа барилга нь тууш болон хөндлөн талуудын хоорондох  хананы хэмжээний хувьд  5 давхар барилга 12 метр байхад хангагдана” гэдэг.

Барилгын норм ба дүрэм 23-01-04-07 дугаартай дүрмийн дагуу 2 барилга нь нарны ээвэрлэлтийн стандартыг  хангаж байна гэсэн шинжээчийн дүгнэлт байдаг.

Дөрөв дэх шаардлагын тухайд манай байгууллагаас нэхэмжлэгч тал өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Манай байгууллагын зүгээс тухайн архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эх загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн зураг нь барилгын норм ба дүрмийг зөрчөөгүй гэж үзэн хариуцагчаас шаардаж байгаа 105,000,000 төгрөгийг манай талаас гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Үндсэндээ манай байгууллагад холбогдуулан дөрвөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэгдүгээрт бол нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу санал авах журмыг хэрэглэх ёстой байсан гэж байна. Донгхүүнглобал ХХК-ийн барилга нь 2011 онд баригдаж эхлээд 31 хувьтай баригдаж дусаагүй байсан нь гэрчилгээ авснаар нотлогдож байгаа. Тухайн барилгын суурийн ажил нэгэнт хийгдсэн газарт 2014 онд дахин саналыг авна гэж байхгүй. Нөгөөтээгүүр нарны ээвэрлэлтийн тухайд нэгэнт шинжээчийн дүгнэлтээр гарсан энийг бол тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч буруу тайлбар өгч байна. Үүнийг залруулж хэлье. Барилгын норм ба дүрмийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “айлын нэгээс гурван өрөөтэй бол нэгээс  цөөнгүй, дөрвөөс зургаан өрөөтэй бол хоёроос цөөнгүй,  мөн унтлагын өрөөний жаран хувиас багагүй” гэж байна, энэ нь бол дотуур байрны өрөөнд нарны тусгал  60 хувь гэх болохоос унтлагын өрөө биш, тиймээс нэхэмжлэгч талын тайлбар бол үндэслэлгүй юм. Зай хэмжээний шаардлагыг бол дэмжиж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах” гэсэн зохицуулалт байгаа, энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Үүнээс харахад нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч М.Цээцэндбаатар 2005 онд тухайн одоо  байгаа орон сууцанд амьдардаг байсан, харин барилгын ажил 2011 онд эхэлсэн байсан тиймээс барилгын ажил явагдаж эхэлсэн тэр үеэс шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан нь харагдаж байгаа учраас нэхэмжлэгч тал захиргааны актад гомдол гаргах эрхээ нэгэнт алдсан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй татгалзаад буцаах үндэслэл хангалттай болж байна. Үүнд бас тусгайлсан дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна.

Эскиз зураг гарсны дараа барилгын ажлын зураг гэж гаргадаг. Тухайн ажлын зургаар техникийн нөхцлүүдээ аваад барилгын ажил хийгдэнэ. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хамгийн том бүрдэл болж байгаа гэсэн үг. Барилгын ажлын зургийн хүрээнд өөрчлөлт оруулж болдог. Барилгын ажлын зургийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.” гэв.

7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:  “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА2892021 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлд хариу тайлбар өгье. Тухайн үед Донгхүүнглобал ХХК-ийн барилгыг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/862 захирамжаар байгуулагдсан чиглэл бүрийн байгууллагаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 256 айл өрхийн 10 давхар үйлчилгээ конторын  барилгад хуралдаж мэргэжлийн чиглэл бүрийн гишүүдэд үүрэг даалгавар өгч, үүрэг даалгаврын биелэлт бүрэн хангагдсан гэж тухайн оролцогч байгууллагуудын гишүүдийн нэгдсэн шийдвэр гарсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд БА-289/2021 дугаар олгон баталгаажуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/862  дугаар захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан, үүнд шат шатны төрийн захиргааны байгууллагуудаас оруулж ажилладаг. Улаан шугамын актыг Газар зохион байгуулалтын албанаас шалгаж явуулдаг. Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн ахлах байцаагч зэрэг бүх байгууллагууд ажилладаг. Нэхэмжлэгчийн тайлбараас бол гал гарсан тохиолдолд урд талын байрнаас гал алдах эрсдэл үүсвэл яах вэ гэсэн тайлбарыг өгч байна. Үүний тухайд Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн ахлах байцаагч ажилладаг. Хэрвээ гал алдах эрсдэлтэй гэж үзвэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дээр түдгэлзүүлж болох бөгөөд мэргэжлийн хүрээнд тэр албан тушаалтанд ийм эрх байгаа гэсэн үг. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

8. Гуравдагч этгээд Донгхүүнглобал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ 1/ Манай Донгхүүн глобал ХХК нь өөрийн эзэмшлийн орон сууцны барилга барих зориулалт бүхий газар дээр орон сууцны барилга барьж, улмаар дуусаагүй барилгадаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Бид Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэх явцад зохих хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллаж байгаа болно.

Манай компани нь барилгын зураг төсөл, барилга угсралт, зохиогчийн хяналт, архитектур төлөвлөлтийн даалгаврыг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудаар гүйцэтгүүлж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Хансвил хотхоны 2 дугаар ээлжийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд заагдсаны дагуу барьж байгаа болно. Тус хотхоны архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төсөл нь 2007 онд батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан иж бүрэн зураг төслийг магадлалаар оруулан 2008 ондоо баталгаажуулсан болно.

Мөн тус 2 дугаар ээлжийн барилгын суурийн ажил 2008 онд холбогдох зөвшөөрлийн дагуу хийгдэж 2012 онд дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Иймд 2008 оны БНбД-н дагуу холбогдох зөвшөөрөлтэй барилгын суурийн ажил хийгдсэн бөгөөд барилга хоорондын зайны шаардлагыг хангасан. Уг асуудлаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2008 онд суурийн ажил хийгдсэн тухай шинжээчийн дүгнэлт гарсан.

Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан барилгын норм дүрмийн шаардлагыг манай байгууллага хангасан тул суурийн ажил хийгдсэнээс хойш шинэчлэгдсэн норм дүрэмд нийцүүлэх хуулийн үндэслэл байхгүй. Мөн сүүлд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5/14 тоот тогтоолыг мөрдөх үндэслэлгүй.

2/ Тус хотхоны нарны ээвэрлэлийн зураг төслийг мэргэжлийн хяналтын захиалгаар мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн. Тус зураг төслийн дагуу нарны ээвэрлэлтийн БНбД-н шаардлага хангасан.  

3/ Манай барилгын тухайд 2008 оны бүх бичиг баримт батлагдан суурийн ажил хийгдсэн учир БНбд 31-01-10-ийг дагаж мөрдөх үндэслэлгүй. Тухайн үеийн БНбД 31-01-01-ийн дагуу барилгын хоорондын зайг бүрэн хангасан болно.

Улаанбаатар хотын иргэдийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хансвил хотхон нь зөвхөн орон сууцны зориулалтаар барилга баригдахаар анхнаасаа төлөвлөгдөж, оршин суугчид нь сургууль, цэцэрлэг, дэлгүүр зэрэг дэд бүтцэд холбогдохоо хот төлөвлөлтөд тусгагдсан.

Манай барилгын үндсэн карказын ажил хийгдэж дууссан бөгөөд нийт 400 оршин суугчид гэрээ байгуулан захиалга өгч төлбөрөө шилжүүлсний дагуу захиалагч нарын хөрөнгөөр барилгад хөрөнгө оруулалт хийгдэж орон сууц баригдаж дуусаж байгаа тул эдгээр захиалагчдын өмчлөх эрхийг зөрчиж болохгүй гэж үзэж байна.

Дээрх бүх хариу тайлбарын шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтууд нь өмнөх Нархан хотхоны оршин суугчийн нэхэмжлэлтэй хэрэгсэхгүй болсон захиргааны хэргийн материалд байгаа болно. Иймд иргэн М.Цээцэндбаатар, М.Сүнжидмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Гуравдагч этгээд Донгхүүнглобал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эх загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар дээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 31-01-02 дугаар барилгын норм ба дүрмээр барилга хоорондын зай 9 метр байсан. барилгын норм ба дүрэм 31-01-10 буюу 2010 онд шинэчлэгдсэн норм ба дүрмээр барилга хоорондын зай 15 метр болсон. Тэгэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан барилгын норм ба дүрмийн шаардлага хангаж байсан. Энэ хавтас хэрэгт авагдсан байгаа 2007 болон 2008 оны агаар сансрын зургаар 2008 онд тухайн суурь цутгагдсан байгаа.

Мөн 2014 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан журмын талаар хариуцагч тайлбар хийлээ. Үүн дээр хариуцагч талтай давхцуулалгүй тайлбар нэмж хэлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч галын аюулгүй байдлын шаардлагын хувьд аюултай гэсэн дүгнэлт гарсан гэж байна. Тухайн дүгнэлтэд зөвхөн Нархан хотхон дотроо галын аюулгүй байдлын норм ба дүрэм зөрчсөн буюу нэхэмжлэгч талын иргэдийн амьдарч байгаа байр нь өөрийнхөө эдэлбэр газрынхаа урдуур галын машин явах зайгүй төлөвлөгдсөн, хашаа барьсан. Нархан хотхон дотроо галын шаардлага хангахгүй, түүнээс эргэн тойрны барилгатай ямар ч хамааралгүй дүгнэлт болно.

Нарны ээвэрлэлтийн тухайд нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийн шаардлага хангаж байгаа гэдэг нь эрх бүхий  мэргэжлийн байгууллага болох Барилгын хөгжлийн төвөөр шинжээч томилогдоод дүгнэлт нь гарсан. Үндсэн маргаж байгаа хоёр асуудал буюу барилга хоорондын зай, нарны ээвэрлэлт хоёр нь норм ба дүрэм хангасан байхад үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэгдүгээр шаардлагын тухайд гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан, гэтэл нэхэмжлэгчийн хувьд  энэ байдал тогтоогдохгүй байгаа буюу өөрөөр хэлбэл маргааны гол асуудал нь 2011 онд батлагдсан барилгын зураг төслийн төлөвлөлт БНБД 31-01-10 норм ба дүрмийг баримтлах эсэх асуудал дээр  маргаан үүсгэж байгаа. Энэ норм ба дүрмийг хэрвээ баримтлах юм бол барилга хоорондын зайн хэмжээний шаардлага хангагдахгүй, харин үүнээс өмнө үйлчилж байсан норм ба дүрмийг баримтлах юм бол барилга хоорондын зайн хэмжээ болон галын аюулгүй байдлын хэмжээ хангагдана.

Энэ талаарх дүгнэлт 1 дүгээр хавтас хэргийн 130 дахь талд нотлох баримтаар авагдсан байгаа. Гэтэл энэ бодит нөхцөл байдлаас харах юм бол Донгхүүнглобал ХХК-ийн хувьд Ханс вилл-2 хотхоны хөрөнгө оруулалтын ажлыг 2008 оноос эхлүүлсэн байдаг. 2008 онд барилгын суурийн ажил хэдийн хийгдээд 2011 онд барилга 31-35 хувьтай байх үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг. Энэ талын нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн 131-136 дахь талуудад авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд болон 164-168 дахь талд авагдсан агаар сансрын зургуудаас барилгын суурийн ажил хэзээ хийгдсэн болон тухайн үед хэдэн хувьтай баригдсан байсан бэ гэдэг нь харагддаг.

Мөн БНБД 31-01-10 норм ба дүрмийг баримтлахад Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд өмнө үйлчилж байсан журмыг хүчингүй болгоод энэ норм ба дүрэм нь өөрөө 2011 оны 1 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон тусгай зөвшөөрөл, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь энэ баталсан норм ба дүрэмд хамаарч байгаа юм. Үүнээс өмнө олгогдсон байсан зөвшөөрөл, эскиз зургаар энэ норм ба дүрэм нь барилгын ажилд хамааралгүй гэдэг нь тодорхой харагддаг. Энэ бүгдээс авч үзвэл 2011 он болон 2015 оны норм ба дүрэм, журам, тогтоолууд нь энэ хэрэгт  хамааралгүй.

2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны сайдын 130 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм, журам” барилгажилтын нарны тусгалын хангамж БНБД 2023-04-07 дугаартай журам бол манай барилгад үйлчилж байгаа. Галын аюулаас хамгаалах зайг барилга хооронд 9 метрээс багагүй байхаар тогтоосон Донгхүүн глобал ХХК нь энэ заасан хэмжээг баримталж барилга барьсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний дагуу барилгын ажил явагдсан гэж үзэхээр байна. Үүнээс хойших нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хариу хэлэхэд нэгэнт хууль ёсны дагуу олгогдсон баримт бичиг зөвшөөрөл учир учирсан хохирол, барилгын ажлын дүгнэлтийг хүчингүй болгох гэж шаардаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гэдэг нь өөрөө эзлэхүүн төлөвлөлтийг заадаг. Эзлэхүүн гэдэг нь урт, өргөн, өндрийн хэмжигдэхүүн. Нэхэмжлэгч талаас 15, 17, 18 гээд давхрын тоо зөрүүтэй байна гэж байна. 15 давхрыг яагаад 17 давхар болгосон юм бэ гэхээр барилгын өндөр барилгын нормоороо 51 метр буюу 16 давхрын дээд хэмжээг 51 метр байхаар зөвшөөрдөг. Тэр дотор давхрын өндрийг 2метр 85см болгоод давхрынхаа тоог нэмсэн. Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгаврын зөвшөөрөгдсөн эзлэхүүн доторх өөрчлөлт буюу архитектур төлөвлөлтийн даалгавар нь зөвхөн төлөвлөлтийн хязгаарыг зааж өгч байгаа юм. Тухайн хязгаар дотор норм дүрмийнхээ хүрээнд төлөвлөсөн төлөвлөлт нь норм дүрэм хангаж байна гэдгийг эх загвар зургаар хэмжиж үзээд баталгаажуулж байгаа юм. 12метр 12,5метр 12,7 гэдэг зөрүүтэй байгаа нь 12метр гэдэг нь  өөрөө барилгын тэнхлэг нь гэсэн үг. Энэ нь тэнхлэгээс гадуурх хэмжээг эдэлбэр газар дээрээ норм ба дүрмийн дагуу  заана гэж байгаа.

Маргаантай 108 дугаар байрны тухайд 17 давхраар эскиз зураг байхгүй.   Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа батлуулна. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээрх хэмжээг эскиз зургийн төлөвлөлт дээр өөрчилсөн байгаа. Яг анхны батлагдсан эскиз зураг нь 12,5х45 м гэсэн  хэмжээгээрээ байгаа.

Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд нэхэмжлэгч М.Цээцэндбаатар нь захирал Энхболдтой уулзаад 100,000,000 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцны байр 4-6 өрөө бол зонхилох өрөөнд 2-оос доошгүй цонхтой байна. Зонхилох өрөө гэдэг нь хүн байнга байх зориулалттай зочны өрөөг хэлнэ. Нийтийн байр, дотуур байранд 60 хувь байна. Цонхны хэмжээ нь шалны хэмжээний 8/1-ээс багагүй энэ бол талбайн харьцаа буюу шалны талбайн 8/1-ээс багагүй талбайтай цонх байна гэж заадаг.

 Ханс-вилл, Нархан хотхон бүгд нийлээд хороолол гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь тухайн бүсийг хот төлөвлөлт бодлогоороо барилгажих бүс гэж үздэг. Барилгажих бүсийг дотор нь орон сууцны барилгаар барилгажих бүс гэж тайлбарладаг. Тухайн бүс бүхэлдээ орон сууцны зориулалтаар барилгажих бүс учраас 2004 онд энэ газар  нь олгогдсон. Нархан хотхон баригдахаас өмнө байгаа юм. Тэгэхээр орон сууцны хороолол доторх нь тухайн нэгдүгээр хороолол   юм уу гуравдугаар хороолол юм уу, нарны хороолол юм уу түүний дотор эдэлбэр газар тоглоомын талбайд барилга барьдаг учраас түүнээс сэргийлж гаргасан заалт болохоос биш өөрийнхөөсөө гадуурх зүйлд хамааралтай заалт биш юм. Үүнийг мэргэжлийн хүн биш учраас буруу ойлгож тайлбарлаж байна. Барилга хоорондын зай 32 метр гэж гэдэг нь худал. Барилгын байрлал нь хөндлөн бол 15 метр дагуу бол 32 метр гэдэг. 5 барилгын 5 зөвшөөрлийн гэрчилгээ байгаа. Нэг барилга нь өөрөө офиссын зориулалттай барилга учраас тусдаа нэг гэрчилгээтэй гэсэн үг.

            Давхрын өндөр дээр тайлбар байна. Батлагдсан эх загвар дээр нийт 15 давхар,  давхрын өндөр нь 3,3 метр гэж заасан байгаа. Нийт барилгын өндөр нь 49,5 метр. Газар дээр давхрын өндрийн 2,85 метр болгон давхрыг 17 болгосон ингэснээр барилгын өндөр 46,5 метр буюу батлагдсан эх загвар зургаас барилгын өндөр 1 метрээр намхан байгаа гэсэн үг.” гэв.

10. Гуравдагч этгээд Донгхүүнглобал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Бидний үзэж байгаагаар өнөөдрийн байдлаар Барилгын норм ба дүрэм, тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа зүйл байхгүй байна. Яагаад гэхээр гал түймрийн асуудлыг тодорхойлж ярьсан. Нэхэмжлэгчийн эрхийг хохироож болзошгүй гэж ярьж байгаа нарны ээвэрлэлтийн асуудал юм. Үүнд шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Нэхэмжлэгч тал хэд хэдэн зүйл дээр буруу дүгнэлт хийсэн байна.

            Нарны ээвэрлэлтийн тухайд өглөөний нар нэхэмжлэгч нарын амьдардаг хотхон баригдахаас өмнө, зэргэлдээ Ханс-Вилл хотхон байдаг газар. Зүүн талд 15 давхар Ханс-Вилл хотхон дөрвөн  барилга барьж байгаа. Нар хааж байгаа гэдэгт бид буруугүй. Нархан хотхоны зүүн талд өөр өндөр барилгын орон сууцны төсөл батлагдсан байсан гэсэн үг. Тэгэхээр нарны тусгалыг шууд хааж байгаа. Энэ нь хэрвээ 17 давхар биш 15 давхар баригдсан бол барилгын орой харагдана, нарны тусгал илүү тусна гэх мэтчилэн эдгээр тайлбарууд нь үндэслэлгүй юм. 15 давхар барилга барьсан тохиолдолд нэхэмжлэгч талын субьектив эрх нь зөрчигдөхгүй юм шиг тайлбар хийж байгаа нь боломжгүй юм.

            Зөвхөн нарны ээвэрлэлтийн асуудал ч биш хот тохижилт буюу барилга орон сууц барих нь өөрөө зарим нэг сөрөг үр дагавартай хэдий ч эхэнд баригдсан барилгуудыг ингэж хашиж хаах нь өөрөө боломжгүй юм. Барилга байгууламж барьснаар хорт утаа зэрэг маш олон сөрөг үр дагавруудаас салах үр дүнтэй учраас үүнийг бас ойлгох нь зүйтэй юм. Барилга байгууламжийн барих зөвшөөрлийг барилгын ажил явагдаад эхэлсэн эсвэл дууссан тохиолдолд түүний дараагаар барилгын норм ба дүрэм зэрэг өөрчлөгдсөн тохиолдолд нэгэнт эхэлсэн барилгын ажлыг зогсоох эсвэл нураах ийм боломж байхгүй. Үүн дээр хуулийг буцаан хэрэглэх асуудлыг ярих ч шаардлагагүй. Яагаад гэвэл яг тухайн үйл явдал болсон үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хэм хэмжээний актууд нь тухайн үед нийцэж байх юм бол хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй. Хот тохижилтын сөрөг үр дагаврууд гардаг. Энэ талаар манай зүгээс шийдэх гэж оролдоод одоо баригдаж байгаа барилгын орон сууцнаас өөрийнхөө амьдарч байгаа орон сууцын м.кв-тай дүйцүүлэн байр авах саналыг манайхаас тавьсан ч хүлээж аваагүй байдаг.  Барилгын норм дүрмийн дагуу барилга баригдаж байгаа л бол барилгын үйл ажиллагааг хэвийн явуулж л байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цээцэндбаатар, М.Сүнжидмаа нар нь “тэдний өмчлөлийн орон сууц бүхий байрны урд барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчиж барилга баригдсанаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, орон сууцны үнэлгээ буурсан, галын аюулгүй байдал алдагдсан” гэх үндэслэлээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан Донгхүүнглобал ХХК-ийн 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Сүнжидмаад учирсан хохирол 68,938,000 төгрөг, М.Цээцэндбаатарт учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, тодруулбал Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Донгхүүнглобал ХХК-д олгосон 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас М.Сүнжидмаад учирсан хохирлыг гаргуулж олгохоор шийдвэрлэж, бусад шаардлагыг буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Цээцэндбаатарт учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хууль тогтоомжийн зохицуулалтын тухайд. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал баримтлахаар, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх, энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэхээр, 7.5-д барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээхээр заажээ.

Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандартын шаардлагыг хангасан байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж төлөвлөсөн байх шаардлага тавигдана.

Мөн 14 дүгээр зүйлд барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байхаар заасан.

Хоёр. Маргаанд хамаарах барилгад эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн болон төлөвлөлтийн баримт бичгийн талаар.

1. Маргаан бүхий газарт буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нархан хотхоны урд талд анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар Тектоник ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 13,000 м.кв газрыг эзэмшүүлсэн[1] ч уг захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрчилгээг тус компанид олгохдоо газрын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 27,000 м.кв хэмжээгээр олгосноор бичиж, гэрээг энэ хэмжээгээр байгуулж, газрын баталгаат хэмжээ тогтоосон актыг энэ хэмжээгээр үйлдэж, уг 27,000 м.кв газрыг нэгж талбарын 18644309013439 дугаарт бүртгэж[2], 2009 оны 303 дугаар захирамжаар[3] эзэмшил газрын талбай, байршлыг өөрчилж 27,000 м.кв хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжаар Тектоник ХХК-иас Донгхүүнглобал ХХК-д 13,500 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж, Тектоник ХХК-ийн эзэмшилд 13,500 м.кв газар үлдсэн[4] байдаг. Донгхүүнглобал ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлж авсан 13,500 м.кв газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18643309937433 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж[5], 2017 оны А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй буюу нэгж талбарын дугаар хэвээр байх бөгөөд 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгож, мэдээллийн сангийн программын өөрчлөлтөөс шалтгаалан нэгж талбарын дугаар 1780600516 болж, газрын эзэмших эрхийг улсын бүртгэлийн А-2206000001 дугаарт бүртгэжээ.     

3. Хариуцагч Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газраас /хуучин нэрээр/ 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Тектоник ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар олгосон гэх 27,000 м.кв газар дээр баригдах орон сууц үйлчилгээний 30м х 15,6м-ийн хэмжээтэй 9 барилга, 22м х 22м хэмжээтэй 2 барилга 7-18 давхар, 60м х 180м хэмжээтэй усан оргилуур бүхий зоориндоо автомашины граж бүхий талбайтайгээр ХУ/04/07 дугаартай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж[6], зүүн талын 13,500 м.кв газар дээр нь Ханнсвилл хотхон баригдсан, энэ архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт ороогүй байна. 

4. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2008 онд батлагдсан эскиз зургаар 8 дугаартай барилга буюу маргаанд хамаарах барилга нь 12.2м х 45м хэмжээтэй, 15 давхар байхаар зурагдсан[7], хотхоны харагдах байдлын зургаар 15 давхар баригдахаар төлөвлөгдсөн[8], энэ эскиз зурагт мөн л өөрчлөлт оруулаагүй байна.   

5. Донгхүүнглобал ХХК-ийн эзэмшил 13,500 м.кв газар дээр барих 45м х 12.2 м, 60.6м х 12.9м хэмжээтэй 15 давхар 4 блок барилгад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 6 дугаар сарын 14-нд 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгосноор[9] энэ маргаанд хамаарах 108 дугаартай барилга баригджээ.   

6. Донгхүүнглобал ХХК нь барилга угсралтын ажил хийгдэж, 80 хувийн гүйцэтгэлтэй буюу гадна өнгөлгөө, дотор засал хийгдээгүй байх үед[10] 2021 оны 1 дүгээр сарын 26-нд “2007 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх” хүсэлт гаргасныг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 2 дугаар сарын 08-нд 03/299 тоотоор “шүүхийн маргаантай байгаа” үндэслэлээр шийдвэрлэлгүй буцаасан, мөн энэ үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа сунгуулах 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 08/317 тоотоор буцаасан байдаг.

7. Донгхүүнглобал ХХК-ийн захиалгаар баригдсан 2 блок 17 давхар орон сууц үйлчилгээний барилга, 1 блок 10 давхар үйлчилгээтэй офиссын барилгыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад оруулж БА-289/2021 дугаартай дүгнэлт үйлджээ.[11]

8. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч нарын оршин суудаг 53 дугаар байрны урд талд хөндлөн байрлах буюу маргаанд хамаарах 108 дугаар байрны сууринд “Силл хотхон Махатма Гандигийн гудамж” хаягаар 108 дугаараар 460 м.кв талбайтай барилга 2011 онд 31 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлд Ү-2206016587 дугаараар Донгхүүнглобал ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн[12], улмаар 2019 оны 5 дугаар сарын 06-нд Г.Батжаргалын өмчлөлд мөн л 31 хувийн дутуу гүйцэтгэлтэй шилжсэн барилга нь одоо маргаанд хамаарах 108 дугаартай бетон цутгамал орон сууцны зориулалттай барилга биш бөгөөд суурийг 2010 онд хийж, суурин дээр нь 2011 онд баригдсан 1 давхар түр барилга байсан нь 2016 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгсөн, газрын хувийн хэрэгт авагдсан фото зургаас[13], мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2005-2007 оны, 2010, 2011, 2012 оны агаарын зургаас[14] харагдаж байна. Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02-01/2567 дугаартай Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн албан бичигт “4 блок орон сууцны барилгын суурийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна.”[15] гэснээс тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 2007 оны ХУ-04/07 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургаар 2011 онд барилга баригдсан байсан гэж гуравдагч этгээд тайлбарлаж буй нь үгүйсгэгдэж байна.

Гурав. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар. 

1. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны барилгууд 2005 онд ашиглалтад орсон байсан нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн 2005-2007 оны агаарын зургаас тодорхой байна[16]. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий Нархан хотхоны 53 дугаар байр нь хотхоны хамгийн баруун талд хойноос урагш уртаашаа байрлалтай орших бөгөөд түүний урд талд Донгхүүнглобал ХХК-ийн захиалгаар баригдсан хотхоны 108 дугаартай барилга нь баруунаас зүүн тийш хөндлөн байрлалтай.

2. Нэхэмжлэгч М.Сүнжидмаа нь Нархан хотхоны 53 дугаар байрны 3а тоот 61 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 11-нээс, нэхэмжлэгч Б.Цээцэндбаатар нь уг байрны Зб тоот 44 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, М.Сүнжидмаагийн өмчлөлийн 61 м.кв 3 өрөө 3а тоот орон сууц нь 2 дугаар давхарт зүүн тийш харсан 2, урагш харсан 2 цонхтой, түүний залгаа 3б тоот Б.Цээцэндбаатарын өмчлөлийн 44 м.кв 2 өрөө орон сууц нь урагш харсан 2, баруун тийш харсан 1 цонхтой болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд[17] тусгагджээ. 

3. Нархан хотхоны эзэмшлийн газар болон Донгхүүнглобал ХХК-ийн эзэмшлийн газар дундуураа гудамгүй, залгаа байрлалтай, Нархан хотхон эзэмшил газрынхаа урд хэсэгт барилгуудыг тулгаж барьсан, Донгхүүнглобал ХХК 2 блок барилгаа газрынхаа хойд хэсэгт хөндлөн барьсанаас Нархан хотхоны 6 давхар орон сууцны барилга, Донгхүүнглобал ХХК-ийн барьсан 17 давхар орон сууцны барилга хоорондын зай 13.2 м болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02-01/2567 дугаартай албан бичигт тусгагдсанаар тогтоогдож байна.  

4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн дээрх албан бичигт “Нархан хотхоны орон сууц, Донгхүүнглобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын суурь хоорондын зай 13.2 м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31.1.10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5, заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээний нормативыг хангахгүй байна гэж дүгнэсэн[18] байдаг.  

5. Шүүх нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий барилга болон Донгхүүнглобал ХХК-ийн хэрэгжүүлж буй Хансвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилгын хоорондын зай хэмжээг тогтоолгох, энэ нь орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-01 болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм ба дүрэмд нийцэж буй эсэхийг, нарны ээвэрлэлтийн шаардлага хангаж буй эсэх, холбогдох норм ба дүрэмд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийн хувьд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд,

Барилгын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр

1/ шинжээч нь барилга хоорондын зай хэмжээний тухайд “Барилгын хэмжээг 2007 оны архитектур төлөвлөлтийн даалгавраар 30м х 15,6м хэмжээтэй 9 барилга 7-18 давхар төлөвлөгдсөн” гэж дүгнэсэн ч батлагдсан эскиз зургийг дүгнээгүй, дүгнэлтдээ “ажлын зураг, загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлага хангагдсан тохиолдолд батлагдана, баригдах барилга нь батлагдсан зураг төслийн дагуу дагуу баригдана” гэж бичсэн ч ийнхүү батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийн дагуу баригдсан эсэхийг дүгнээгүй байна.

“барилга хоорондын зай 13 м байгаа нь 2004 онд батлагдсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 –ийн гал тусгаарлалтын зай хэмжээний шаардлагыг хангаж байна” гэж дүгнэж, шүүхээс шинжээчид тавьсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм ба дүрэмд нийцэж буй эсэхэд хариулаагүй байна.

2/ шинжээчийн дүгнэлтэд нарны ээвэрлэлтийн шаардлагын тухайд 2007 онд батлагдсан орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн нормыг баримталж дүгнэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 3а тоот 61 м.кв 3 өрөө орон сууц, 3б тоот 44 м.кв 2 өрөө орон сууцыг нийлүүлээд 4-6 өрөөтэй орон сууцанд нарын тусгалын үргэлжлэх норматив хугацааг 2-оос цөөнгүй өрөөнд заавал хангуулах шаардлагыг баримталсан нь буруу, түүнчлэн тухайн 2 орон сууцыг 1 орон сууц гэж үзээд том өрөөний цонх баруун болон урд зүгт харсан 14:00-17:30 цагт, унтлагын өрөөний цонх урд зүгт харсан 14:45-17:30 цагт нарны шууд тусгалыг үзэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь

а/баримталсан БНбД 23-04-07 норм ба дүрмийн заалтын 2 болон 3 өрөөтэй орон сууцны шаардлагыг баримтлалгүй, 4-6 өрөөтэй 1 орон сууцанд тооцсон нь үндэслэлгүй,

б/ нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг Skech up pro2021 программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлохдоо урд зүгт харсан цонхонд 14:00-17:30 цагт нарны шууд тусгал үргэлжилж байна гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлтэй болж чадаагүй байна. Нарны шууд тусгалыг 3 дугаар сарын 22-ны өдрийн цагаар харуулсан зургаас үзвэл,

- 3а байрны тухайд урд талын 2 цонхонд 16:15-17:00 цагт 45 минут нарны шууд тусгал тусаж, 17:00 цагт нар тухайн барилгад чанх баруун талаас туссанаас барилгын өөрийн сүүдэрт орж нар урагш харсан цонхонд шууд тусахгүй, зүүн тийш харсан 2 цонхонд нарны шууд тусгал тусахгүй байгаа нь шинжээч дүгнэлтдээ баримталсан норм ба дүрмийн 2 цагаас багагүй байх шаардлагыг хангахгүй байна.

- 3б байрны тухайд баруун талын 1 цонх 13:25 цагаас хойш нар тусаж, урд талын 2 цонхны баруун талынх нь 1 цонхонд 14:45-17:00 цагт нар тусаж, 14:55-17:00 цагт урд талын 2 цонхонд нар тусаж, 17:00 цагт нар тухайн барилгад чанх баруун талаас туссанаас урд талын цонхнууд барилгын өөрийн сүүдэрт орж нар урагш харсан цонхонд шууд тусахгүй болж байна, өөрөөр хэлбэл баруун талын 1 цонхонд 13:25 цагаас хойш, урд талын 1 цонхонд 14:45-17:00 цагийн хооронд, урд талын 2 дахь цонхонд 14:55-17:00 цагийн хооронд нарны шууд тусгал тусаж байгаа нь нарны ээвэрлэлтийн шаардлагыг хангаж байна.

6. Барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал мөрдөхөөр заасан бөгөөд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2019 онд олгох үед Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрэм мөрдөгдөж байсан, уг норм ба дүрмээр барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилга 32 м зайтай байхаар тогтоосон байхад 17 давхар барилга тууш талаараа нөгөө барилгын сууцны өрөөний цонхтой хөндлөн талтай 13.2 м зайтай байгаа нь норм, дүрмийг барилга хангахгүй байна. 

7. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 норм ба дүрмийн 3.1-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдна”, 3.3-т “Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно”, 3.5-д “Нарны тусгалын үргэлжлэх норматив хугацааг дараах өрөө тасалгаанд болон талбайд заавал хангуулна. Үүнд: а) Айлын 1, 2 ба 3 өрөөтэй сууцны нэгээс цөөнгүй, 4-6 өрөө сууцны хоёроос цөөнгүй өрөөнд, мөн дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд” гэж заасан нь нэхэмжлэгч М.Сүнжидмаагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд 2 цонхонд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа 45 минут байгаа нь хангахгүй байна.

8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.1-д барилга барих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, 4.3.1-д 12 давхар барилгад 40 метрийн, 16 давхар барилгад 45 метрийн радиуст байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөөс зөвшөөрөл, санал авахаар заасан ч 2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо төлөвлөгдсөн барилгаас 13.2 м зайд нарны тусгал халхлагдах байрлалд орших барилгын өмчлөгчдөөс санал аваагүй нь дээрх журмыг, цаашлаад нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Дөрөв. Эрх бүхий этгээдээс батлагдсан баримт бичиг, төлөвлөлт зөрчигдсөн талаар.

Барилгын тухай хуулиар барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал мөрдөхийг, барилгын зураг төсөл нь эрх бүхий байгуулагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар буюу архитектур төлөвлөлтийн даалгавар, норм нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгаварт үндэслэн боловсруулагдсан байхыг, барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдах, барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байхыг хуульчилсан.   

1. Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар 13,000 м.кв газар эзэмших эрх олгогдсон байхад уг захирамжийг биелүүлж гэрчилгээ бичиж, гэрээ байгуулах үүрэг бүхий Газрын алба 27,000 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, кадастрын зургийг тэр хэмжээгээр мэдээллийн санд оруулж, газрын хэмжээний талаарх энэ зөрчил арилаагүй байхад уг захирамжийг үндэслэн 27,000 м.кв газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2007 онд, барилгын эскиз зургийг 2008 онд баталсан байдаг. Тодруулбал газрын хэмжээний талаарх энэ зөрчлийг 2009 оны 303 дугаар захирамжаар арилгаж 27,000 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн байдаг.

2. Хариуцагчаас 2007 онд баталсан ХУ-04/07 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт 30м х 15,6м-ийн хэмжээтэй 9 барилга 7-18 давхар хэмээн төлөвлөлтийг зөвшөөрсөн ч 2008 онд эскиз зургийг батлахдаа 8 дугаартай барилга буюу маргаанд хамаарах барилга нь 12.2м х 45м хэмжээтэй 15 давхар байхаар батлагдсан, өөрөөр хэлбэл эскиз зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавраас барилгын суурийн хэмжээ болон давхрын тоо зөрүүтэй байхад зөрчлийг арилгаагүй баталсан байна.

3. Улмаар эх загвар зураг буюу эскиз зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавраас барилгын суурийн хэмжээ болон давхрын тоо зөрүүтэй батлагдсан байхад энэ зөрчлийг арилгахгүйгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 6 дугаар сарын 14-нд 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр 45м х 12.2 м хэмжээтэй 15 давхар 4 блок барилга барихаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай зөвшөөрлийг олгосон нь хууль бус болжээ.

4. 2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр 12.2м х 45м хэмжээтэй 15 давхар барилга барих зөвшөөрлийг олгосон байхад гуравдагч этгээд нь 17 давхраар барьж байхад хариуцагч нь хяналт тавиагүй, өөрөөр хэлбэл батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг зөрчиж барилга барьж байхад хяналт тавиагүй төдийгүй барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан нь буруу болжээ.

6. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг 2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо баримтлаагүй нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний маргаанд хамаарах 108 дугаар байранд холбогдох хэсгийг хууль бус байсан гэж үзэх үндэслэл боллоо.

Тав. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдал.  

1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн олгосон ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зургийг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Учир нь 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн олгосон ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зургаар хотхоны 1, 2 дугаар ээлжийн барилга баригдаж ашиглалтад орсон, өөрөөр хэлбэл бусад этгээдэд эерэг үйлчлэл бүхий эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсний дээр, 2007, 2008 онд батлагдсан барилгын төлөвлөлтийн эдгээр баримт бичгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий барилгад тусах нарны шууд тусгалын хааж, барилга хоорондын зайн норм дүрмийг зөрчиж баригдсан 108 дугаартай барилгын хувьд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хариуцагч захиргааны байгууллага зөвтгөх боломжтой байсан тул 2007, 2008 онд батлагдсан барилгын төлөвлөлтийн эдгээр баримт бичгүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

2. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Донгхүүнглобал ХХК-д олгосон 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 0004180 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

1/ Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь Донгхүүнглобал ХХК-д Хансвилл хотхоны 2 дугаар ээлжийн 4 блок барилга барих барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2019 онд олгохдоо архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоосон хэмжээнээс зөрүүтэй батлагдсан эскиз зургаар зөвшөөрснөөс ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрмээр тогтоосон “... барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилга 32 м зайтай байх” шаардлагыг 17 давхар барилга тууш талаараа нөгөө барилгын сууцны өрөөний цонхтой хөндлөн талтай 13 м зайтай баригдсанаар зөрчсөн буюу нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцнаас энэ норм ба дүрэм хангагдахгүй байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзлээ.     

2/ Ийнхүү орон сууцны барилга хоорондын зай хэмжээний норм ба дүрмийг зөрчсөнөөс нэхэмжлэгч М.Сүнжидмаагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа 45 минут байгаа нь нарны ээвэрлэлтийн буюу нарны тусгалын хангамж норм ба дүрмээр тогтоосон “орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэсэн шаардлага зөрчигдөж, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  зөрчигдсөн гэж үзлээ.

Нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг орон сууцны барилгад нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөөлийг харгалзан нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны доод хэмжээгээр буюу хамгийн багадаа 3-4 цаг байхад энэ шаардлага хангагдахаар тогтоодог, энэ шаардлага буюу нарны тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөөлөл хангагдаагүйгээс нэхэмжлэгч М.Сүнжидмаад болон түүний гэр бүлд эсрэгээрээ сөрөг нөлөөлөл бий болж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  зөрчигдсөн гэж маргаж буй нь үндэслэлтэй байна.   

3/ Эскиз зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавраас барилгын суурийн хэмжээ болон давхрын тоо зөрүүтэй батлагдсан зөрчлийг арилгаж зөвтгөөгүй нь, нөгөө талаас энэ үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан барилгын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм, барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүйгээс захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болжээ.

Хэдийгээр 2007 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлагдаж хотхон төлөвлөгдсөн байсан ч 2019 онд барилгыг барихаар зөвшөөрөл хүссэн байх тул барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо энэ үед мөрдөгдөж байсан барилгын төлөвлөлтийн болон нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг журамласан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлэх, мөрдөх ёстой байтал мөрдөөгүйгээс журмаар заасан “16 давхар барилгад 45 метрийн радиуст байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөөс зөвшөөрөл, санал авах” ажиллагааг орхигдуулсан нь хуульд нийцээгүй байна.

4/ Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Донгхүүнглобал ХХК-д олгосон 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 0004180 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар тодорхойлсон хэдий ч уг захиргааны акт нь нэгэнт хэрэгжиж, барилга баригдаж ашиглалтад хүлээж авсан, нэхэмжлэгч нарын хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байх тул захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т нийцэхийн дээр захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар арилгуулах байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардах эрхийг нээнэ. 

3. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг гаргуулах шаардлагын хувьд зарим хэсгийг хангаж хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч М.Сүнжидмаад учирсан хохиролд 68,938,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч М.Цээцэндбаатарт учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1/ Хариуцагч захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс нэхэмжлэгч М.Сүнжидмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт зургаас дээр дүгнэсэн.

Нэхэмжлэгч нар нь барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм зөрчиж олгосон захиргааны байгууллагын хууль бус зөвшөөрлийн улмаас өөрт учирсан гэх хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, тодруулбал хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-иар орон сууцны зах зээлийн үнэлгээ буурсан зөрүүг тогтоолгож, 3а тоот орон сууцны өмчлөгч М.Сүнжидмаад 68,938,000 төгрөгийн, 3б тоот орон сууцны өмчлөгч М.Цээцэндбаатарт 36,062,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргуулсан, хариуцагч, гуравдагч этгээд нь хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргаснаас биш хохирлын хэмжээний талаар маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.6-д зааснаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

2/ Хэдийгээр нэхэмжлэгч М.Цээцэндбаатарын өмчлөлийн орон сууц бүхий барилгаас барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийг зөрчиж, өмчлөгчөөс санал авах журмыг зөрчиж барилга барих зөвшөөрлийг олгосон ч нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг Skech up pro2021 программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийн хавсралт зургаар түүний өмчлөлийн 3б байрны баруун талын 1 цонхонд 13:25 цагаас хойш, урд талын 1 цонхонд 14:45-17:00 цагийн хооронд, урд талын 2 дахь цонхонд 14:55-17:00 цагийн хооронд нарны шууд тусгал тусаж байгаа нь нарны ээвэрлэлтийн шаардлагыг хангаж байх тул захиргааны байгууллагын энэ хууль бус шийдвэрийн улмаас үүссэн гэх хохирол шаардах эрх түүнд үүсээгүй гэж шүүх үзлээ.   

4. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Маргаанд хамаарах 108 дугаар барилгад 125 айлын орон сууц ашиглалтад орсон, уг барилгын чанарын талаарх маргаан биш, эрх нь зөрчигдсөн гэх нэхэмжлэгч нар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан гэх хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хохирол гаргуулах хэлбэрээр шийдвэрлэх боломжтойгоос гадна орон сууц захиалагч, өмчлөгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг энэ нэхэмжлэлийн шаардлагаар хөндөх боломжгүй тул барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэлээ.

Зургаа. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий Нархан хотхоны тухайн байр нь гадна ханандаа дугаарлалтгүйгээс байрны дугаарын хувьд шинжээчийн дүгнэлтэд 51 дүгээр байр хэмээн андуурсан боловч дүгнэлтэд хамаарах байр нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц бүхий 53 дугаар байр болох нь шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан зургаас тодорхой дүгнэгдэхээр байна. Тодруулбал шинжээч хэдийгээр дүгнэлтдээ 51 дүгээр байрны 3 тоот гэж бичсэн ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийн хавсралт зургаас үзвэл 53 дугаар байрны 3а тоот орон сууц нь зүүн тийш 2 цонх, урагшаа 2 цонхтой 3 өрөө, 53 дугаар байрны 3б тоот орон сууц нь урагшаа 2 цонх, баруун тийш 1 цонхтой 2 өрөө байр болох нь, шинжээчийн дүгнэлт нь 53 дугаар байрны 3а, 3б тоот орон сууцнуудын хувьд гуравдагч этгээдийн барьж буй 17 давхар 108 дугаартай орон сууцны барилга нарны шууд тусгалыг хаасан эсэхэд гарсан болох нь маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.      

Долоо. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах маргах эрхийн 30 хоногийн хугацааг тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш тооцохоор зохицуулсан, тухайн барилгад олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын хариуг өгөхөд мэдэгдсэн тул энэ хугацаанаас тооцохыг, барилгын суурь ухаж, барилга барьж эхэлсэн үйлдэл нь нэхэмжлэгчдийн хувьд эрхийг нь зөрчсөн гэх маргааны үйл баримтад хамаарах бодит факт болохоос маргаж буй захиргааны акт биш, нэхэмжлэгч нар барилга барьсан үйлдэлтэй нь бус тухайн барилгыг барих зөвшөөрөл олгосон захиргааны акттай маргаж буй үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 19-нд гаргасан гомдолд 8 дугаар сарын 31-ний өдөр хариу өгснөөс нэхэмжлэл гаргах хугацааг тооцохоор байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэсэн байдаг. 

Найм. Шүүхийн зардал шийдвэрлэсэн талаар.

1. Шинжээчийн ажлын хөлс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн, уг зардал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар хэргийн оролцогчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах бөгөөд 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар үнийн дүнгээр илэрхийлэгдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хувь хэмжээгээр хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар, хэрэгсэхгүй болгосон хувь хэмжээгээр нэхэмжлэгч М.Цээцэндбаатараар нөхөн төлүүлэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч нар 105,000,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас  нэхэмжлэгч М.Сүнжидмаад учирсан хохиролд 68,938,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлын 65,6 хувийг буюу 2,624,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас, 34,4 хувь буюу 1,376,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Цээцэнбаатараас нөхөн гаргуулж шинжээчид олгохоор шийдвэрлэлээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлж, нэхэмжлэл ... хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгохоор” зохицуулсан тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Сүнжидмаа, М.Цээцэндбаатар нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Донгхүүнглобал ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас М.Сүнжидмаад учирсан хохиролд 68,938,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.Сүнжидмаад олгож, нэхэмжлэгч нарын бусад шаардлага болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилгын эскиз зураг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах,  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Цээцэндбаатарт учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд 2,624,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас, 1,376,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Цээцэнбаатараас нөхөн гаргуулж Барилгын хөгжлийн төвд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Сүнжидмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сүнжидмаад олгосугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 65, 72 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 75-80 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 152-155 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 81, 85 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 86-89 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 129 дүгээр хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 233 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 235 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 142-143 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 177-178, 183 дугаар хуудас

[11] Хэргийн 4 дүгээр хавтсын 156-195 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 133, 136 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 93-94 дүгээр хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 167-170 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 137-138 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 167 дугаар хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 177-179, 181, 183 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 137-138 дугаар хуудас