Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00054

 

А.Агийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, А.А-ийн  нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч А.А, хариуцагчийн төлөөлөгч Н.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/0 2 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын А.А--д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн англи хэлний багшаар эгүүлэн тогтоолгох” тухай.

            Нэхэмжлэлд: “Миний бие тус сургуулийн захирлаар ажиллаж байсан М.А-ийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус сургуулийн англи хэлний үндсэн багшаар томилогдож, ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ажилд томилогдсон цагаас эхлэн ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байсан. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг огт үндэслэлгүй бөгөөд миний урьд ажиллаж байсан сургуулийн англи хэлний үндсэн багшийн орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа. Ажил олгогчийн зүгээс намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж үндэслэлгүйгээр давтан зөрчил гаргасан хэмээн ажлаас халж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтын хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг ажил олгогч зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн англи хэлний багшаар эгүүлэн тогтоож өгнө үү.” гэв. 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч А.А нь тус сургуулийн захирал /М.А/-ын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/47 дугаартай тушаалаар англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбоотой англи хэлний багшаар томилогдсон байна. Гэхдээ тус сургуулийн захирлаар ажиллаж байсан М.А нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлтгүйгээр холбогдох хууль журмыг зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, А.А нарын 3 багшийг багшаар томилон ажиллуулж, сургуулийн төсвөөс цалинжуулж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д заасан ажиллагааг хийгээгүй, уг журмыг бүхэлд нь зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, гаднаас багш томилон ажиллуулж, тэдгээрийг сургуулийн төсвөөс санхүүжүүлэн сургуулийн төсвийг хэтрүүлж, авлага, өр төлбөр үүсгэсэн байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газраас манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд төсөв хэтрүүлсэн, авлага, өр, төлбөр үүсгэсэн зөрчилд холбогдуулан тус аймаг дахь Төрийн Аудитын газар /2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/38 тоот албан шаардлага/-аас Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санг мөрдөж ажиллах гэсэн шаардлага хүргүүлсэн билээ. Миний бие сургуулийн захирал буюу төсвийн захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан төсвийг зохистой удирдах, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, төсвийг зориулалтаар нь зарцуулах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоох үүрэгтэй бөгөөд дээрх эрх, үүргээ биелүүлэх үүднээс хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч А.А давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр эсхүл үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас нь халсан асуудал байхгүй болно. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчиж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлүүдийг зохицуулсан байх бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.А-гийн ажлын байр хэвээр хадгалагдаагүй байхад намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-г Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн англи хэлний багшаар эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч, доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргах нь:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсанаар гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй нотлох баримт байхгүй” гэжээ. Гэтэл тухайн хавтас хэрэгт байгаа Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр 07-ны өдрийн 07\38-БӨА-2017\05-ГА тоот албан шаардлагын “ШААРДАХ НЬ” хэсгийн 1, заалтаар “илүү орон тоог хасах” заалт оруулж шаардсаныг, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2018 оны 0 сарын 05-ны өдрийн Хяналт шалгалтын танилцуулгын 3 дахь болон 11 дэх заалтуудаар “орон тоо бүтцийг батлагдсан хэмжээнд мөрдөх”, илүү орон тоог цомхотгох, Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон зэрэг нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас үнэлээгүй байна. Эдгээр нотлох баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан шаардлагад бүрэн нийцэж байтал шүүх нотлох баримтыг “үнэн зөв эргэлзээгүй” талаас нь үнэлж чадаагүй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар англи хэлний багшийн орон тоо хасагдсан, эсхүл орон тоо цөөрүүлсэн эсэхийг тушаалд тусгаагүй” гэжээ. Гэтэл багш А.А нь өөрөө тухайн  бүрэн дунд сургуулийн батлагдсан бүтэц орон тоонд ажиллаж байгаа үндсэн багш биш болох нь түүнийг ажилд томилсон тушаалаар батлагдах бөгөөд нэхэмжлэгч А.А нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус сургуулийн захирлын “Ажилд томилох тухай ”Б\47 тоот тушаалаар ажилд томилогдохдоо батлагдсан орон тоонд биш, “Гүнзгийрүүлсэн сургалт” нээж байгаатай холбогдуулан ажилд томилогдсон болох нь уг томилсон тушаалын 1 дүгээр заалтаар тодорхой байна. Өөрөөр хэлбэл батлагдсан бүтэц орон тооноос гадуур БСШУ-ны сайдын 333 тоот тушаалыг үндэслэж томилогдсон болохыг шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүхээс А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\02 тоот тушаалыг үг өгүүлбэр хуулийн заалт бүрд дүгнэлт хийсэн мөртлөө ажилд томилсон тухай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б\47 тоот тушаалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна.

Хоёр: Хууль хэрэглээний талаар анхан шатны шүүх алдаа гаргасан гэж үзэх үндэслэл:

1. Ерөнхий боловсролын  бүрэнд дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ажилд томилох Б\47 тоот тушаалд БСШУ-ны сайдын 333 тоот тушаалаар баталсан “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ыг баримталж А.А-г ажилд томилсон байдаг. Гэтэл  бүрэнд дунд сургуулийн захирал асан М.А нь “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын З.6-д заасан “гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах шийдвэрийг Сургуулийн зөвлөл гаргана” гэсэн заалтыг зөрчиж Сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй /тухайн үед сургуулийн зөвлөл байгуулагдаагүй байсан/, захирал асан М.А нь дур мэдэн гүнзгийрүүлсэн сургалт явуулах шийдвэр гаргасан байдаг.

2. БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар баталсан Үлгэрчилсэн журмын  зүйлийн зүйлийн 2.1.1-т заасан “аймгийн боловсрол соёлын төвөөр батлуулах, дүгнэлт гаргуулах шаардлагыг зөрчсөн, энэ нь журмын 3.7.4-т заасныг давхар зөрчсөн болох нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулж буй “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын холбогдох заалтуудыг зөрчиж байсныг харгалзаагүй, журмын дээрх заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна.

3. М.А-ийг Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэнд дунд сургуульд хууль бусаар томилогдсоныг Улсын дээд шүүхийн 2017 оны 6 сарын 15-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэчихсэн бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж заасан учир тус сургуульд захирлын албыг эрхлэх үйл ажиллагаа явуулах, тушаал шийдвэр гаргах эрх мэдэлгүй байхад А.А-г  2017 оны 8 дугаар сарын 29-нд ажилд томилж байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Захирал асан М.А нь Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2017 оны 6 сарын 15-ны өдрийн тогтоол гарсан өдрөөс эхлэн захирлын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. М.А-ийн хувьд цаашдаа захирлаар ажиллах боломжгүй болсныг мэдмэгц хувийн ашиг сонирхлын үүднээс дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж олон хүнийг томилж орхисны нэг нь багш А.А билээ.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130\ШШ2018\00180 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч А.А-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан шийдвэр болсон. Хариуцагч Н.О “өмнө ажиллаж байсан захирал М.А-ийн хууль бус үйл ажиллагаа байсан”, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай “ажилд томилох тухай” тушаалыг үгүйсгэж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “ажил олгогч иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөө хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан байхад захирал Н.О шүүхэд хангалтай нотлох баримт гаргаж чадаагүй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг тайлбарлахдаа “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын бүтэц тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно.  Эдгээр ойлголтуудад ажил, албан тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг анхааруулбал зохино” гэж тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.О-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.А нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдуулан захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай” тушаалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн англи хэлний багшаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, сургуулийн дотоод журмын 3.3 дахь заалт болон аймгийн Төрийн Аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 07\38 албан шаардлагыг тус тус үндэслэн А.А-г ажлаас чөлөөлжээ.

Ажилтан А.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг ажил олгогч зөрчсөн гэж, харин ажил олгогч “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан үндэслэл буюу эрх бүхийн байгууллага шаардсан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

Ажил олгогчийн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримталсан боловч орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлийн талаар ажил олгогч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17 зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК