Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00054

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00054

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, 11-р баг Хайрханы 6-р гудамжны 12 тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Б овогт Шийн Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Д миний бие 1962 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн.

Бага насаа аав ээжийн асрамжинд өнгөрөөж, 1970 онд Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1978 онд МХЗЭ-ийн илгээлтээр Маа-д гарч аав ээжийн хамт Ховд аймгийн Манхан сумын Бясагалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад бог мал маллаж байгаад 1980 оны 6-р сард цэргийн амбанд татагдан 3 жил цэргийн алба хааж 1983 онд халагдсан.

Цэргийн албанаас халагдаж ирээд өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байгаад 1992 онд нэгдэл тарж компани болоход Манай зам ХК-д малчнаар ажиллаж байгаад 1994 онд кампони тархад хувийн аж ахуйтан болсон.

Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон тул надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1978 оны 06 дүгээр сарын 15-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчин, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчинаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргагч Ш.Дыг 1978-1980 он, 1983-1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоочихсон шүүхийн шийдвэр байгаа учраас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд дээр 1978-1980 он, 1983-1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоочихсон шүүхийн шийдвэр байгаа учраас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож гэж тодруулж, нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Д нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1500 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн 1978-1980 он, 1983-1990 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 628 дугаар лавлагаа, 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоол, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 543 дугаартай лавлагаа, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 05/41 дүгээр Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, Ш.Дын нэгдлийн гишүүний үнэмлэхийн эх хувь,

Гэрч Ж.Долгорсүрэнгийн ...Ш.Д нь Манхан сумын Зэрэг гол багт 1978-1994 он хүртэл мал маллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч Д.Ичинхорлоогийн ...Ш.Д нь Манхан сумын Зэрэг гол багт 1978-1994 он хүртэл хонь, ямаа маллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Дын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бууч овогт Ширтэнхүүгийн Дыг 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар, Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ