Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00055

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00055

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сум, Төгрөг гол багт оршин суух, .. регистрийн дугаартай, С овогт Дийн Бы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1968 оны 01 дүгээр сарын 04-нд Ховд аймгийн Ховд хотын харьяат Доржийн 3 дахь охин болон төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгсөөд Увс аймгийн ХАА-н ТМС-ийн сүүн технологийн ангийг 1986 онд төгсөж ирсэн.

1986 оноос хойш аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн амбулаторийн тасгийн асрагч үйлчлэгчээр ажилд орж 1997 оныг дуустал ажилласан. 1989 онд Манхан сумын иргэн Амарсанаатай гэр бүл болж 1998 оноос хойш Манхан суманд одоог хүртэл амьдарч байна.

1998 онгоос хойш хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч ирлээ. Тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа бөгөөд аймгийн төрийн архиваас 11 жил ажилласан баримт олдож байгаа болно. 2020 оны 01 дүгээр сарын 04-нд тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон бөгөөд аймгийн Архивын тасгаас лавлагаа авч хавсаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэмж хэлэх тайлбар байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Бы 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар Ажилд авах тухай тушаал, Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 1987 оны 10 дугаар 15-ны өдрийн 93 дугаар Ажилд авах тухай тушаал, Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн лавлагаа, Д.Бы 1987, 1990, 1991, 1992, 1994 онуудын цалингийн картны хуулбар, 1986-1994 оны цалингийн тодорхойлолт, Ховд аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн захирлын 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар Чөлөө олгох тухай тушаал, Ховд аймгий Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа,

Гэрч Д.Даваасүрэнгийн ...Миний бие нь Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын 1982-1995 он дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Д.Бтай хамт ажиллаж байсан бөгөөд Д.Б нь асрагчаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Гэрч С.Болор... Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын 1982-1995 он дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Д.Бтай хамт ажиллаж байсан бөгөөд Д.Б нь асрагчаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сэрээнэн овогт Доржийн Быг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ