Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00056

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00056

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сум, 4-р баг Улаанбураад оршин суух, ... регистрийн дугаартай, Ж тайлах овогт Б-н З-ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.З нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жантекей тайлах овогт Бурылбайн З миний бие нь 1965 оны 05 дугаар сарын 09-нд Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын малчин С.Бурылбайн 6 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад 1976 онд 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан.

Миний бие нь 1976 оноос 1989 онд нөхөрт гарах хүртлээ Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад өөрийн эцэг С.Бурылбайн суурьт туслах малчнаар ажилласан. 70 дугаар дансан дээр миний нэрийг бичихдээ өөр өөрөөр дуудлагаараа эсвэл нэрний зарим хэсгийг орхиж бичсэн байна.

Б.З миний бие нь 1976 оноос 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчин, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах хувьцаат компанид малчнаар ажиллаж байгаад хувиараа мал маллаж байгаа бөгөөд одоог хүртэл нийтдээ 40-өөд жил мал маллаж байна.

Иймд Жантекей тайлах овогт Бурылбайн З намайг 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31 -ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчин, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б.З ажилласан жилээ тогтоолгосон байдаг. Шүүгчийн 624 шийдвэрээр одоо хүсэлт гаргаж байгаа 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Яагаад гэвэл энэхүү шүүхийн шийдвэрийг гаргуулахад ажилласан жил, 70 дугаар дансны хуулбарыг архиваас авахад мөн онууд нь малчин гэж гарч ирсэн хэрнээ 1986 он нь ногоочин гэж гарсан.

Мөн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 1981 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс тогтоочихсон, 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.

Иймд 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааг малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд дээр Б.Зы 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.З нь 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор ажиллаж байсан болох нь:

Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн 1980, 1986 оны 70 дугаар дансны хуулбар болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд сумын Улаанбураа багийн 1981 оны 70 дугаар дансны хуулбар зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Зы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей тайлах овогт Бурылбайн Зыг 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4-р бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Зы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ