Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 00063

 

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00063

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Өлгий сум Елмон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Гэрэлт хотхон, - тоотод оршин суух,  дугаарын регистртэй, Б овогт Бын Ц,

Хамтран хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 72 айлын орон сууц, тоотод оршин суух, дугаарын регистртэй, Б овогт Бын Ц нарт холбогдох барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хуандых, хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваажаргал нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Елмон ХХК нь ОХУ, Казакстан улсаас өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн импортолж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд агуулахын бөөний худалдааны төв ажиллуулдаг. Б.Цэрэноров нь 2015 оны 06 дугаар сараас эхлэн манайхаас зээлээр бараа бүтээгдэхүүн авч борлуулж байхаар харилцан тохиролцсоны дагуу жил гаруй хугацаанд хамтран ажилласан. Энэ хугацаанд сар бүрийн эхээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын агуулахын бөөний төвөөс бараагаа захиалан Ховд аймаг руу татан авч, тухайн сарынхаа сүүлчээр Елмон ХХК-ийн худалдааны төлөөлөгчтэй хамт тооллого хийж зарж борлуулсан барааныхаа мөнгийг манай худалдааны менежер Баймуханы Еликийн Хаан банкны 5180999494 тоот дансанд тушаадаг байсан. Б.Ц нь өөрийн Хаан банкны 5845610373 тоот данснаас жилийн турш байнга дээрх данс руу шилжүүлдэг байсан. 2016 оны 10 дугаар сараас эхлэн татан авсан барааныхаа борлуулалтын мөнгийг цаг тухайд нь тушаахгүй, хугацаа хэтрүүлж эхэлсэн тул 2017 оны 01 дүгээр сард Б.Цын агуулахад зохих журмын дагуу тооллого хийж, агуулах дахь зарагдаагүй барааны үлдэгдлийг буцааж авч тооцоо нийлэхэд 4.538.500 төгрөгийг Б.Цоос авах авлагатай гарсан. Үүнийг Б.Ц өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байгаа болно. Үүнээс Б.Ц 500.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-нд дээр дурдсан дансанд шилжүүлсэн тул одоо 4.038.500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Елмон ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хуандых шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хамтран хариуцагч Б.Цтой оросын бараа борлуулахаар худалдааны төлөөлөгчөөр гэрээ хийж, Ховд аймгийн Елмон ХХК-ийн салбарт худалдааны төлөөлөгчөөр ажилд авч байсан. Манайх анх Б.Цтой гэрээ хийж байсан нь үнэн, гэрээн дээр Түүний дараа Б.Ц эгч би дэлгүүртэй манай дүү ажилгүй байгаа юм чинь үүнээс хойш Б.Ц бүгдийн хариуцаж, ирсэн бараануудыг бүгдийн өөрөө хүлээж аваад, тооллогын өөрөө хийгээд бүгдийн Б.Ц авч явах ёстой гэж амаар хэлэлцээр хийсэн. Үүнээс хойш Б.Ц нь манай компанийн сарын эхэнд явуулдаг бараануудыг хүлээж авч, сарын сүүлээр манай компанаас нэг хүн ирж хүлээн авалт, тооллого хийгээд ийм төгрөгийн бараа үлдчихсэн байна. Одоо ийм төгрөг манайд тушаах ёстой гэж хэлж, тэр бүрийг Б.Ц данснаасаа явуулж байсан. 100,000,000 төгрөгийн борлуулт хийсэн бол гэрээнд заасан урамшуулал авдаг. 100,000,000 төгрөгөөс дээш борлуулт хийсэн бол 5%-ийн урамшуулалтай гэж гэрээнд заасан. Б.Ц 2015 оны 6 дугаар сард 100,000,000 төгрөгийн борлуулт хийж 5%-ийн урамшуулал авч байсан. Сар бүрийн борлуултын урамшууллын хувиа авч үлдээд орсон орлогоо манай компанид тушаадаг байсан. Сүүлд борлуулт нь муудаад, орлого нь орж ирэхээ ч больсон. Манай компани 2017 онд сүүлийн бүх бараагаа акт хийж буцааж татаж авсан. Тэр үед энэ 30,000,000, 40,000,000 төгрөгийн зээлтэй байна. Чи Ховд аймагт очиж Б.Цоос үлдсэн мөнгийг гаргуулж ир гэж явуулсан. Сүүлд бид нар Б.Цтой чи ажилаа хийж чадахгүй байгаа учраас урамшууллын хувь олгохгүй гэж тохиролцоо хийсэн. Тухайн тохиролцоо дээр Б.Ц гарын үсэг зурсан. Сар бүрийн сарын эхэнд манайх бараа явуулдаг, бараагаа Б.Ц баримтаараа хүлээж авдаг байсан. Сарын сүүлээр манай компаниас хүн ирээд тооллого хийж агуулах дээр чинь ийм төгрөгийн бараа байна. Үлдэгдэл нь энэ байна, тушаасан мөнгө чинь энэ байна, үлдэгдэл зээл чинь энэ гэж сар бүрийн тайлан гаргаж гарын үсэг зуруулж байсан. Үүнийг үндэслэж хамгийн сүүлийн тооцоо гаргасан. Барааны үнэ 4,308,500 төгрөгийг Б.Цоос нэхэмжилж байна гэв.

Хариуцагч, хариуцагч Б.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Елмон ХХК-ийн захирал Б.Горькийн нэхэмжлэлтэй барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ховд аймгийн барааны зах дээр үйл ажиллагаа явуулдаг эгч Б.Цын хүнсний барааны худалдагчаар ажиллаж байсан тул бараа хэрхэн нийлүүлдэг, бараа нийлүүлэлтийн гэрээний талаар мэдэхгүй. 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл Елмон ХХК-ийн нийлүүлсэн хүнсний барааг худалдан борлуулж, борлуулсан барааны үнийг Елмон ХХК-ийн 5180999494 тоот дансанд шилжүүлдэг байсан. Барааны үнэ шилжүүлж байсан болон тооллого хийсэн баримт нь байгаа. Барааны үнийг бүрэн шилжүүлсэн тул Елмон ХХК-д төлөх өр байхгүй. Б.Ц нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Елмон ХХК-тай байгуулсан бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу би ажиллана гэж хэлсэн. Энэ гэрээг дүгнээгүй, би Т.Хуандыхтай гэрээ байгуулаагүй гэж хэлсэн. Т.Хуандых Б.Цэрэнхорлын хажууд нь худалдагчаар ажиллуулна гэсэн гэж худлаа хэлж байна. Би Т.Хуандых гэдэг хүнийг танихгүй, би н.Горкий гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж хэлсэн. Бид нар зах дээр гэрээ байгуулж байсан. Худалдааны төлөөлөгч н.Жолболат надтай ирж тооцоо нийлэх ёстой боловч н.Жолболат надтай ирж тооцоо нийлээгүй, гэрээнийхээ дагуу дүгнэж ажиллагаагүй, ажил хийж байхад хувь тооцно гэж ерөөсөө хэлээгүй, Елмон ХХК 100,000,000 төгрөгөөс дээш борлуулахгүй бол 30,000,000, 40,000,000 төгрөгийн орлого орохооор орлого муу байна гэдэг байсан. Хувь хасна гэж хэлээгүй. Гэрээнийхээ дагуу надтай тооцоо нийлээгүй гэж үзэж байна. Хамтран хариуцагч Б.Ц миний эгч бид хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо тулгасны дараа авлага өглөгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хамтран хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие тус Елмон ХХК-д ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй болно... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Елмон ХХК нь хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нарт холбогдуулан барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Ц нь ... Би Ховд аймгийн барааны зах дээр үйл ажиллагаа явуулдаг эгч Б.Цын хүнсний барааны худалдагчаар ажиллаж байсан тул бараа хэрхэн нийлүүлдэг, бараа нийлүүлэлтийн гэрээний талаар мэдэхгүй, 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл Елмон ХХК-ийн нийлүүлсэн хүнсний барааг худалдан борлуулж, борлуулсан барааны үнийг Елмон ХХК-ийн 5180999494 тоот дансанд шилжүүлдэг байсан. Барааны үнийг бүрэн шилжүүлсэн тул Елмон ХХК-д төлөх өр байхгүй... гэж,

Хамтран хариуцагч Б.Ц нь ... Елмон ХХК-д ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй... гэж тус тус маргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Елмон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдийн тайлбараас үзэхэд  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Елмон ХХК нь Ховд аймгийн иргэн хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нарт 2015 оны 06 дугаар сараас эхлээд бараа бүтээгдэхүүн зээлээр нийлүүлдэг, хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нар нь бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулсны төлбөрийг Елмон ХХК-д шилжүүлдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.,

263 дугаар зүйлийн 263.3-т Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэж тус тус заасан байна.

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хамтран хариуцагч Б.Ц, Елмон ХХК-нийг төлөөлж С.Жолболот нарын хооронд бараа зээлээр худалдах , худалдан авах гэрээг байгуулсан, хариуцагч Б.Ц хамтран хариуцагч Б.Цын худалдагчаар ажиллаж мөнгийг Елмон ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан үйл баримттай талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна./153/2018/00630/И индекстэй хэргийн 50 хуудас/

Уг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т ....талууд улирал тутам гэрээний хэрэгжилт, дараагийн сар, улирлын барааны татан авалт, нийлүүлэлт, хийгдэх төлбөрийн талаар болон гэрээний бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаа, зөрчил гаргасан бол хэрхэн арилгах зэрэг талаар дүгнэж, гэрээний дүгнэлтээ бичгээр үйлдэж байна.... гэх заалтыг талууд биелүүлээгүй зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Елмон ХХК-ийн зүгээс хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нараас барааны үлдэгдэл үнэ 4,038,500 төгрөг авах ёстой..., тооцоо нийлсэн акт байдаг гэх тайлбарыг гаргах боловч уг тооцоо нийлсэн гэх актад хариуцагч нар гарын үсэг зурж, баталгаажуулаагүй, уг баримтууд нь Елмон ХХК болон хариуцагч нарын хоорондын тооцоо нийлсэн акт мөн эсэх нь тодорхойгүй, Баян цамбагарав ХХК-ийн Ховд салбар гэх тайлан гэх эргэлзээтэй баримтууд байх тул талуудыг бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авсан гэрээний дагуу тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Елмон ХХК нь хариуцагч нараас 4 038 500 төгрөг авах нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна.

153/2018/00630/и индекстэй иргэний хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан Елмон ХХК-ийн захирал Б.Горький худалдааны төлөөлөгч Б.Ц нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд болон 153/2018/00630/и индекстэй иргэний хэргийн 64 дугаар хуудсанд авагдсан гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт нь Баян цамба гарав ХХК-тай тооцоо нийлж хариуцагч Б.Ц гарын үсэг зурсан байна.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн гэх Баян цамба гарав ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, эзэмшигч нь хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нар мөн эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч нь Баян цамба гарав ХХК гэх хуулийн этгээдтэй бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан уу? эсвэл хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц гэх хувь хүнтэй гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, зөрүүтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Елмон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц, Б.Ц нарт холбогдох барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Елмон ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд төлсөн 80,0000 /наян мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Елмон ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц, хамтран хариуцагч Б.Ц нарт холбогдох барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Елмон ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд төлсөн 80,0000 /наян мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ