| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2019/1025/Э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 225
2020 2 18 2020/ДШМ/225
Б.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн, Г.Батбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.С-д холбогдох эрүүгийн 1903010590474 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жангар овгийн Б.С-, 19.. оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ....., эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................ /;
Б.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 8 цаг 5 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хорооллын 19, 20 дугаар байрны тоглоомын талбайн замд “Тоёота Приус” маркийн 67-59 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,
мөн дүрмийн 3.5 а.б.г-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх эсхүл жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Б.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Б.С-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.С-ээс 2.490.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-д олгож, О.Х- холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.С цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч А.Адъяасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.С нь үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Б.С Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хохирол, оршуулгын зардалд нэхэмжилсэн нийт 8.852.000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд төлсөн, цаашид хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х- талийгаачийн буяны 21 болон 49 хоногтой холбоотой зарцуулсан гэх 2.490.000 төгрөгийн үнийн дүн бүхий 2 хуудас баримт гаргаж өгснийг шүүгдэгч Б.С-ээс гаргуулж шийдвэрлэснийг бүрэн барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардалд нийт 11.342.000 төгрөгийг төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэж тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй байна. Өмгөөлөгч миний хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол...” гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, түүний улмаас хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ. Гэтэл Б.С-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар санаатай орхиж зугтаах байдал тогтоогдоогүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэх зохицуулалт байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дахин хянаж өгнө үү. Б.С-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн хэлбэр болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй юм. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ туйлаас харамсан гэмшиж, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээснээс үүсч байгаа хууль зүйн үр дагаврыг сайн ойлгож байгаа, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хууль нь иргэдэд айлган сүрдүүлэх аргаар эрх зүйн ухамсар бий болгож бусдыг бие хүн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус... хэрцгий... шинжгүй байна...” гэснийг баримтлан тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй. Б.С- нь анх удаагийн ял шийтгэлтэй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, тэнсэн харгалзах ял оногдуулбал тэрээр учруулсан хохирлын нэг төрөлд багтах хор уршгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний ар гэрийнхэнд нөхөн төлж арилгах бүрэн боломж бүрдэх тул тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэх зохицуулалт байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан “...гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол...” гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, энэхүү гэмт үйлдлийг үйлдэхийн тулд тухайн субъектийн зүгээс санаатай гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, хүсэл бий болсон байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар санаатай орхиж зугтаах үйлдэл тогтоогдоогүй тул энэхүү зүйлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, санаатай гэмт үйлдлийн субъектын хандлага нь тухайн хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахыг хүсч байдгаараа болгоомжгүй гэмт үйлдлээс ялгагдаж байдаг. Б.С-ийн үйлдэлд энэхүү нөхцөл байдал байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь ялыг давхардуулах үндэслэл болсон байна. Б.С-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Уг хохирлыг шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд төлж барагдуулсан. Мөн хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Иймд тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан Сиди бичлэгээс үзэхэд амь хохирогч сууж байхад “Тоёота Приус” маркийн автомашин хохирогчийн дээгүүр нь гарсан. Хохирогч тарган, том хүн биетэй хүн байсан ба чирэгдсээр байхад жолооч түүнийг мэдэж зогсох бүрэн боломжтой байсан. Гэвч жолооч ухарч байгаад чигээрээ явсан байдаг. Жолооч зам тээврийн осол гарсан тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан бүх арга хэмжээг авах ёстой. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч ослын дараа амьд байсан ба эмнэлэгт очиж нас барсан” гэж ярьж байгаагаас үзэхэд хохирогчийн нас барсан тохиолдолд л цагдаад мэдэгдэж, осол гаргасны дараахь шаардлагатай арга хэмжээг авах мэт ойлгогдож байна. Харин ч амьд байх үед нь эмнэлгийн түргэн тусламж шуурхай дуудаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн бол хохирогч нас барахгүй байх боломжтой байсан. Б.С- эрхээ хасуулсан байж автомашин жолоодож, мэдсээр байж осол гаргаж, улмаар ослын газрыг орхиж явсан учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан шийтгэл хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч үлдэгдэл хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол бүрэн барагдсан гэснээрээ шүүгдэгчид ял завшуулах ёсгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Б.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 8 цаг 5 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хорооллын 19, 20 дугаар байрны тоглоомын талбайн замд “Тоёота Приус” маркийн 67-59 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэж, мөн дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг,
мөн дүрмийн 3.5 а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх эсхүл жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Б.С-ийн яллагдагчаар өгсөн “... би осол болсон хэргийн газарт ухарч байгаад машины хойно сууж байсан хүнийг мөргөөд дээгүүр нь гарч байгаа бичлэгийг үзсэн. Осол хийж байгаа автомашин миний машин мөн байсан. ... Тухайн үед намайг ухарч байх үед машин оволзсон, энэ үед би хойно явган хүний цемэнтэн зам дээр гарч байгаа болохоор тулаад оволзож байна гэж л ойлгож байсан.” /хх-132/,
“... Жолоодох эрхээ хасуулсан, жолоодох эрхгүй үедээ осол гаргасан үйлдлээ ойлгож, гэмшиж байна...” /хх-187/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-ийн “... Одоо би буруутай жолоочоос буяны ажилд зарцуулсан мөнгийг нэхэмжилж байна. Мөн миний сэтгэл санаа маш их хүнд байгаа, жолоочид гомдолтой байна.” /хх-63/ гэх мэдүүлгүүд,
дуудлагын лавлагааны хуудас /хх 2-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-15/, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-36/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1987 дугаартай “... Талийгаачийн цогцост уушгины судсан дахь өөхөн бөглөрөл, цээжний өвчүү яс дээд 1/3 хэсгээрх хугарал, дунд 1/3 хэсгээрх хугарал, цус хуралт, цээжний баруун 2, 3, 4, 5 дугаар хавирга эгэмний шугамаарх шууд хугарал, 2, 3 дугаар хавирга суганы арын шугамаарх, 4, 5 дугаар хавирганы суганы урд шугамаарх шууд бус хугарал, цээжний зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаарх шууд бус хугарал, 2, 3, 4, 5 дугаар хавирга суганы урд шугамаарх шууд бус хугарал, 6, 7 дугаар хавирга далны шугамаар, 8, 9, 10 дугаар хавирга эгэмний шугамаар шууд бус хугарал, үнхэлцэг хальсны цус хуралт, дух, баруун хөмсөг, хамрын баруун угалз, цээж, хэвлийд зурагдсан зулгаралт, ар нуруунд зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгджээ. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх ба учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. ...Талийгаач нь уушгины судсан дахь ... шууд бус хугарал, үнхэлцэг хальсны цус хуралт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ...” гэх дүгнэлт /хх 91-93/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 113-114/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.С-ийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний амь нас хохироосон, уг хэргийн газрыг орхиж зугтаасан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял, хүний амь нас хохироосон хэргийн газрыг орхиж зугтаасан байдлыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, А.Адъяасүрэн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Б.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хэрэг учрал болсон газрын хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд, шүүгдэгч нь өөрийн жолоодож явсан бага оврын суудлын автомашинаар амь хохирогч Б.Б-ыг дайрсныг мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар зохицуулжээ. Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тэнсэх...” талаар гаргасан шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, А.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Батбаяр, А.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ