| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0219/З |
| Дугаар | 221/МА2025/0583 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0583
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0430 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-н гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0219/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0430 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10. “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тал маргаан бүхий газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй.
2.2. Мөн газар ашиглах эрх бүхий этгээд нь албан ёсны хаяг, байршлаа өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс мэдэгдэх ажиллагаа хийгдэх боломжгүй болсон нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байгааг анхан шатны шүүхээс хянан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн, /Хавсралтын 10-д/ нэхэмжлэгч “А” ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээ байгуулаагүй гэж үзэж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/796 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Өгөөмөр гэх байршилд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгосон 2 га газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон, газрын төлбөрийн зөрчилгүй газар ашиглагчийн эрхийг төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан маргаан бүхий тушаалын тус холбогдох хэсэг хууль бус. ... нэхэмжлэгч нь аялал жуулчлалын бааз байгуулахаар төсөл боловсруулсан, террас, барилгын ажил, гүний худаг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, төслийн загвар зургийг боловсруулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, төлөв байдлын тайлан, менежментийн төлөвлөгөө хийлгэсэн, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан зэргээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж бодитоор бэлтгэсэн, ... 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь нийтэд илэрхий үйл баримт” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан” гэх гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.
4.1. Нэхэмжлэгч “А” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/796 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0171360 дугаар гэрчилгээ авсан боловч зориулалтын дагуу газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар барилга, байгууламж буюу гэр сууц барих зэргээр бодитой үйлчилгээ явуулж эхлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
4.2. Гэвч газар ашиглах эрх олгогдсноос хойш Коронавируст халдварт цар тахлын улмаас улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сараас эхлэн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл “газраа ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэж үзэх талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
4.3. Уг өндөржүүлсэн бэлэн байдал 2022 оны 2 дугаар сард цуцлагдсанаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад маргаан бүхий тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэснийг “... гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал байхгүй байсныг ойлгох”-оор заасанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл уг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааг хариуцагч харгалзаж үзэлгүй Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан нь уг хуулийн заалтад нийцээгүй байх тул Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар “... маргаан бүхий газрыг гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
5. Харин хэрэгт авагдсан “М” нэртэй амралт, жуулчлалын бааз байгуулах төслийг 2022 онд боловсруулж, уг төслийн хүрээнд Ерөнхий үнэлгээг гаргуулж, БНЧУ-ын “М” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг, мөн хамтран ажиллах гэрээ, “А” ХХК-тай Террас сүүдрэвч болон барилгын ажлын гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “О” ХХК-тай Гүний худгийн ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулж, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдсэн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, 2022 онд “О” ХХК-аар боловсруулсан Загвар зураг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн газраа ашиглахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж байсныг нотлохоос бус “газрыг ашигласан” гэж үзэх үндэслэл болохгүй.
5.1. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу төрөөс байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах зорилго нь газар ашиглагч нь тухайн зориулалтаар өөртөө ашиг, орлого олох үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах, улмаар тухайн үйлчилгээний орлогоос татвар төлөх, ажлын байр бий болгох зэргээр газрыг нийгэм, эдийн засгийн гүйлгээнд оруулснаар газар ашиглагч иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас газар өмчлөгч төр /төсөв бүрдүүлэх/ хэн аль нь газар ашигласны үр шимийг хүртэхэд оршдог. Тиймээс газар эзэмшигч, ашиглагчийг үйлдвэрлэл, үйлчилгээг эхлэхэд зайлшгүй шаардлагатай дээр дурдсан болон бусад баримтуудыг бүрдүүлэхэд шаардагдах тодорхой хугацаа буюу 2 жилийг олгоод, харин 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол эрхийг хүчингүй болгодог.
5.2. Мөн анхнаасаа газар ашиглах эрх олж авахдаа зохих журмаар тухайн газрыг хэрхэн ашиглах талаар хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж төсөл боловсруулсны үндсэн дээр эрх олж авдаг атал төсөл боловсруулсан, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах хугацаа зэргийг тухайн 2 жилд багтаан шийдвэрлэх, мөн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, холбогдох зөвшөөрөл авах зэрэг нь холбогдох хуулиар зохицуулагдсан хугацаатай, тухайн хугацаанд эрх бүхий этгээд шийдвэрлээгүй бол гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байдаг.
Үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар “газрыг ашиглаагүй” гэдгийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүйг ойлгохоор тайлбарласан.
6. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч компанийн дээрх үйл ажиллагааг газар ашигласан гэж үзэхгүй ч 2020-2022 он хүртэл газрыг бодитой ашиглаагүй нь /ковидын/ “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай холбоотой, 2022 оны 02 сараас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт нь уг хуулийг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ