Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00074

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2020/00074

Ховд аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, Хаш өргөө 12 айлын орон сууц, .. тоотод байрлах, Н ХХК-д холбогдох,

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч Н ХХК нь 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1,718,640 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Н ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Н ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Н ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн 5845138908 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийж өрөө барагдуулсан тул Н ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Н ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь хариуцагч Н ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага болох 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 812 дугаартай албан бичгээр С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 42,448 төгрөгийн тал хувь болох 21,224 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-д холбогдох, 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Д.Жавзмаа нар нь хариуцагч Н ХХК ийг нэхэмжлэлийн шаардлага болох 1,718,640 /нэг сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 42,448 төгрөгийн тал хувь болох 21,224 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд  оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОЮУН-ЭРДЭНЭ