| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00542/и |
| Дугаар | 00665 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 00665
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00665 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Босго багт байрлах, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 4-12 тоотод оршин суух, Ч овогт Ч-ны Э //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 167,656 төгрөг, нийт 1,667,656 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00542/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* дарга Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ч.Э нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Зээлээ төлөөгүй учраас шүүхэд хандсан. Ч.Эгөөс үндсэн зээл 1,500,000 төгрөг, ...зээлийн хүү 167,656 төгрөг, нийт 1,667,656 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Хэрэгт авагдсан сум хөгжүүлэх сангийн зээл нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Уг хугацаанаас тооцож үзвэл 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хариуцагч нь үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна....1,500,000 төгрөгийн зээл авсан....Эргэн төлөлт хийгдээгүй....Зээлийн гэрээтэй холбогдуулан маргаан байхгүй....Оёдлын цехний зориулалттай авсан....Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас эвлэрүүлэн зуучлалд 2019 оны 6 дугаар сард хандаж дараа нь шүүхэд хандсан байдаг. Аль ч тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ үндэслэлээр хариуцагч талд гэрээний үүргээс татгалзах эрх үүссэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон ямар нэгэн үйл баримт хэрэгт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь Ч.Эд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 167,656 төгрөг, нийт 1,667,656 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат эс зөвшөөрч ....Зээлийг эргэн төлөх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Уг хугацаанаас тооцож үзвэл 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан....Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж мэтгэлцлээ.
Хариуцагч Ч.Э нь Ховд аймгийн ******* сумын ******* даргатай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ байгуулан оёдлын гэр цехийн зориулалтаар 1,500,000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатайгаар зээлж авсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 14-ний төлбөрийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 7 9, 10-14 дүгээр тал/
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, хариуцагч нь 1,500,000 төгрөг авсан боловч төлбөр огт төлөөгүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.... гэж тус тус заасны дагуу Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.
Гэтэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн хугацаа болох 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд хариуцагч Ч.Э-гөөс зээлийн төлбөрийг шаардаж байсан, эсхүл тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд энэ хугацаанаас тоолоход нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь зээлийн төлбөрийг Ч.Э-гөөс шаардах эрх дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 167,656 төгрөг, нийт 1,667,656 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 41,632 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 167,656 төгрөг, нийт 1,667,656 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 41,632 /дөчин нэгэн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ