Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00666

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00666

******* сум

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэгт байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2/80 байрны 13 тоотод оршин суух, Б овогт М-ийн Ц холбогдох,

дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 31,977.14 төгрөг, алданги 15,988.57 төгрөг, нийт 47,965.71 /дөчин долоон мянга есөн зуун жаран таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00556/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобал *******-ийн ерөнхий захирал Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ц нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай компанитай 1302738 тоот Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98110674 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэлх ярианы төлбөр 124,989.52 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Иймд М.Ц-гээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа тул ярианы төлбөр болох 31,977.14 төгрөг, гэрээний 5.14-д заасны дагуу 773 хоногийн алданги 15,988.57 төгрөг, нийт 47,965.71 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 47,965.71 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* *******-ний нэхэмжлэлтэй М.Цд холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 31,977.14 төгрөгийг бүрэн төлсөн байх тул үлдэх алданги 15,988.14 төгрөг болон шүүхэд өгсөн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимбобайл ******* нь М.Цд холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 31,977.14 төгрөг, алданги 15,988.57 төгрөг, нийт 47,965.71 /дөчин долоон мянга есөн зуун жаран таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь хариуцагч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 31,977.14 төгрөг /гучин нэгэн мянга есөн зуун далан долоон төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашням нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/7999 дугаартай албан бичгээр Ц.Алтангэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 17 дугаар тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цд холбогдох, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 31,977.14 төгрөг, алданги 15,988.57 төгрөг, нийт 47,965.71 /дөчин долоон мянга есөн зуун жаран таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаас 31,977.14 төгрөгийг хариуцагч М.Ц нь төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ