Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

2020                2              18                                        2020/ДШМ/226

 

 

 

Т.Г, Э.Ө, Ц.Д, С.Ц,

Ж.Б нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Д.Ренченхорол, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШТ/1970 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Энхжаргалын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Т.Г, Э.Ө, Ц.Д, С.Ц, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1709000000176 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ширнэн овгийн Т.Г , 19.. оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхийн хамт  .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................ /;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

2. Хатиган овгийн Э.Ө- , 19.. оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, гагнуурчин мэргэжилтэй, “Бэрэн констракшин” ХХК-д кранист, өрлөгчин ажилтай, ам бүл  ... , дүүгийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............. /;

3. Булган овгийн Ц.Д- , 19.. оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , хүү, бэр, ач нарын хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............. /;

4. Боржигон овгийн С.Ц , 19.. оны 5 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:  ............... /;

5. Боржигон овгийн Ж.Б- , 19.. оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............... /;

Т.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчим хамт архи ууж байсан Д.Атай маргалдаж, улмаар түүнийг цохиж зодсоны улмаас Д.А нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барж, Т.Г нь хүн алсан,

Т.Г нь Э.Ө-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах хохирогч Д.Э-ийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подьем төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Г нь Ц.Д- тэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах хохирогч Х.О-ийн байшинд нэвтэрч, 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, гацуур модны тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Ө-  нь Т.Гтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах хохирогч Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подьем төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Д- нь Т.Гтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах хохирогч Х.О-ийн байшинд нэвтэрч, 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, гацуур модны тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчимд хохирогч Д.А нь бусдад зодуулсан байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн ба шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

С.Ц  нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчимд хохирогч Д.А  нь бусдад зодуулсан байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн ба шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Э.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Цн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дараахь зүйлүүдийг тодруулах шаардлагАтай байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2 дахь заалтад заасан хэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн, эргэлзээгүй, нотлогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ц мэдүүлэхдээ “... дугуй засварын үүдэнд Г, А цохиод унагаачихсан. Аны нүүр, ам нил цус болчихсон байсан. А, Г нар нилээн согтуу байсан. Аны биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Г, А нар манайхаас гараад явцгаасны дараа 7-8 минутын дараа л би ардаас нь гарахад А газарт уначихсан нүүр, ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Г зогсож байсан. Тэгээд би “чи хүн аллаа” гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан. Б хажууд нь хамт байсан. Б нь Г Аыг зодож байхыг яг харсан хүн байгаа юм. ... Манай гэрт архи ууж байхад Г Аыг зодох гээд “ална шүү” гээд байхаар нь гэртээ өмөөрөөд байлгаад байсан. Би 17 цаг болж байхад гарсан. Тэр үед л зодоон болсон” гэжээ. /1хх-46-51/

Мөн гэрч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... 16 цаг өнгөрч байхад Бэлхийн эцэс дээр Ц ах, Доогий эгч, Г нартай тааралдаад Цын гэрт очиж 0.750 литрийн архи уусан. Г ах Ахоёр Ц ахын хашаанд муудалцаад зодолдоод байсан. Г намайг харж байхад А нүүр хэсэг рүү гараараа шанаадаад унагачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Г ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед Ц ах байсан. Дараа нь Доогий эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Г ах Доогий эгчийн утсыг булааж аваад гарч явсан. Зодолдох үед 17 цаг өнгөрч байсан /1хх-52-54/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт С.Ц, Ж.Б- нар дээрх мэдүүлгүүд үнэн зөв гэж мэдүүлсэн болно. Тэдгээрийг мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд С.Ц, Ж.Б- нарын мөрдөн шалгалтын явцад өгсөн эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзвэл талийгаач АС.Цын хашаанд Т.Гад зодуулсны улмаас тархиндаа гэмтэл авсан гэж үзэхээр байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч Гыг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчим хамт архи ууж байсан Д.Атай маргалдаж улмаар түүнийг цохиж зодсоны улмаас Д.А нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г нь хүн алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар автобусны буудлын орчим гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Тухайн маргаан болох үед хамт байсан С.Цын эхнэр А.Д- нь мөрдөн шалгалтын явцад С.Ц, Ж.Б- нарын дээрх мэдүүлгийг үгүйсгэж, “... Орой 17 цаг өнгөрч байхад харьж яваад буудал дээр Г, Бажгаа хоёртой тааралдсан. ... Г, Бажгаа, нөгөө хойноос орж ирсэн согтуу хүн гурвуулаа хашааны хаалгаар гараад явсан. Тэр гурван хүнийг гаргаад амбаарынхаа завсраар хойноос нь хашаанаас гартал нь харахад манай хашаанаас гурвуулаа хамт гарч явсан. Манай гэрт болон хашаанд ямар ч маргаан зодоон болоогүй. Бажгаа намайг үнс гэхээр нь нэг үнсэхэд манай нөхөр уурлаад байсан. Ц уурлаад цагдаа дуудна гээд залгах гэтэл Бажгаа манай нөхрийн гар утсыг булааж авсан гэж /1хх-65-68/ мэдүүлсэн ба өмнөх шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ хашаанд зодоон болоогүй гэж /3хх-136-137/ мэдүүлсэн байна.

Гэрч А.Д-, Ж.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад Ж.Б- “...Доогийн эгчийн ярьсан зүйл үнэн. Би тухайн үед айсандаа ийм мэдүүлэг өгсөн.” /1хх-87-89/ гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Н- мэдүүлэхдээ “... Би гэрийнхээ үүднээс харахад С.Ц ахын хашаанд гурван хүн маргалдаж байсан. Манайхаас тэдний хашаа харагддаг. Жаахан ноцолдож байгаад салсан. Бие биенээ түлхэж унагаагаад нэг нь нөгөөгөө боль гээд байсан. Тэр гурав маргалдаж байхдаа газар бол унаагүй. Гадаа гуталгүй байсан хүн тэр түлхэлцээд байсан хүмүүс дотор байгаагүй. 20-30 насны 2 хүн зодолдож байсан. Залуу хүмүүс хоорондоо түлхэлцэж байсан. Залуу хүмүүсийн хөдөлгөөн өөр шүү дээ. Энэ шүүгдэгч нарын дотор тэнд зодоон дунд байсан гэх хүн харагдахгүй байна.” гэж мэдүүлсэн болно.

3. Шинжээч эмч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... хохирогчийн духанд үүссэн шарх хоосон гараар цохиход үүсэх боломжгүй /3хх-139/ гэж тус тус мэдүүлжээ.

Эдгээр зөрүүтэй нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ талаарх тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2019/шт/37 дугаартай шүүхийн тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

4. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 3.2-д зааснаар “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг зөв тодорхойлон бичээгүй, мөн хуулийн 5.3-д заасан хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг зөрүүтэй тусгасан, хуулийн шаардлагыг хангаагүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Э.Ө-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдаанаар гомдол хүсэлтийг шийдвэрлэж Т.Гад авсан цагдан хорих, Э.Ө-, Ц.Д-, С.Ц, Ж.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар Ц, Б нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад анх өгсөн мэдүүлгээсээ буцаж “мэдэхгүй”, “хараагүй” гэж мэдүүлдэг. Энэ талаар прокурор шаардлагАтай ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэрч нар анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ баталгаажуулж мэдүүлсэн. Гын зүгээс ямар нэг байдлаар дарамталсан, нөлөөлсөн зүйл байхгүй. Мөн насанд хүрээгүй гэрч Золбоогийн “тухайн айлын эхнэртэй нийлээд хашаан дотор гурван хүн байсан. Хоёр нь гараад явсан. Хойноос нь айлын эзэн дагаж явсан”, гэрч Н-ын “хашаан дотор талийгаач маргаан үүсгэж байхад тэр залуу байгаагүй” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газар тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/шт/1970 дугаартай “Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараахь нөхцөл байдлууд байна. Үүнд:

 1. Гэмт хэрэг гарсан байдал, тухайлбал гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь нотлогдоогүй гэсэн нь ойлгомжгүй байна. 

       2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Г, амь хохирогч А, Батцэрэн буюу Балжка нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчим Ц, түүний эхнэр Доржсүрэн нартай тааралдаж тус буудлын дэргэд байх Цын гэрт хамт орж архи ууцгаасан байдаг. Гэрт Г Атай маргалдсан таарамжгүй харилцаа үүссэн бөгөөд Цын эхнэр Доржсүрэн гэрт маргалдлаа гэж хэлээд тэд гэрээс гарч  ирээд маргаан үргэлжилж А нь Гад зодуулж толгойдоо хүнд гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан, гэрчүүдийн мөрдөн байцаалтад өгсөн дараахь мэдүүлгүүдээр нотлогдоно.

       гэрч С.Цын 2 дахь удаагийн “...манай гэрт ууж байхад Г, Аг зодох гээд ална шүү гээд байхаар нь би өмөөрөөд байлгаад байсан чинь Анайз нь гэртээ харьж унтлаа гээд байсан, тэгээд манай гэрээс Г, Бажгаа, А гурав хамт гараад хашаанаас гарч явсан. Араас нь гарсан чинь Агазар унасан байсан. Г, Бажгаа хоёр хажууд нь хамт байсан” гэх,

       гэрч Ж.Б-гийн “...Г ах Ахоёр Ц ахын хашаанд муудалцаад зодолдоод байсан. /17 цагийн үед/ Г намайг харж байхад А нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Цын гэрт сууж байгаад Гтай хоорондоо маргалдаад байсан” гэх,

       гэрч Энх-Амарын “Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст буугаад байж байхад Ц, Г, А гурав Ц-ын гэрээс гарч ирж байсан бөгөөд Г машинд суугаад явж байсан. Ц-той цуг дугуй засварын тэнд очсон чинь Агазар хэвтэж байсан. Ц надад Г цохисон гэж хэлсэн” гэх,

       гэрч Э.Б-ын“... Бэлхийн эцэс дээр хүн зодуулсан байна гэж дуудлага ирүүлсний дагуу 19 цаг өнгөрч байхад Бэлхийн эцсийн буудал дээр очиход А гэгч дугуй засварын наана хоёр хөлөө дээш гозолзуулчихсан, хажууд нь Ц гэх хүн хамт байж байхаар нь дагуулаад А гэр рүү нь очиж, охиныг нь дуудаад удалгүй 103 ирэхээр нь өгч явуулсан. Ц нь Г гэх хүн цохисон гэж хэлж байсан.” гэх,

       гэрч А-ийн “...талийгаач толгойны оёдолдоо хүрэх гээд байхаар нь би гарыг нь бариад “хэн ингэсэн юм бэ” гэхэд талийгаач “Ганбаа, Ганбаа” гэж давтан хэлээд байсан. Аав дээр очиход нилээн хөгшин 60 орчим насны ах байсан. “ Гэрлүүгээ орохоос өмнө Ганбаа тэр хоёр маргалдаж байсан, гэртээ орчихоод гарч ирэхэд Ганбаа зодчихсон байна. Түргэн, цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд Ганбаа утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Манай гэрийг зааж өгөхөөс өмнө харж байсан ах надад манай аавыг унасан байхыг автобусан дотроос хараад цагдаа дуудсан гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд.

       Амь хохирогч А нь Г гэх хүнтэй маргалдаж, зодуулахаас өмнө биеийн байдал нь эрүүл ил харагдах гэмтэлгүй байсан. Мөн амь хохирогч А нь зөвхөн Г-тай л маргалдсан, Г-аас өөр хэн ч түүний биед халдаагүй, зодоогүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. 

Гэмт хэрэг гарсан газрыг “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчимд” гэж прокурор дүгнэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнд шүүх эргэлзсэн байх бөгөөд  хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэж Т.Г-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ үйл явдлыг автобусны буудлын орчимд болсон гэж дүгнэсэн бөгөөд хх-н 17-19, 20-21,  22-24, 29-31 дүгээр талд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан гэрэл зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхийн автобусны буудлын орчим гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Бэлхийн 18 дугаар хорооны автобусны буудал, гэрч Ц-ын хашаа, гэрч Н-ын хашааны үзүүрт байх дугуй засварын газар зэрэг объектууд нь бүгд зэргэлдээ байрлалд оршиж байдаг тул хамгийн содон объектоор гэмт хэрэг гарсан газрыг “Бэлхийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим” гэж тодорхойлж бичсэнийг шүүх тухайн газарт  буюу автобусны буудлын орчимд гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

   Түүнчлэн амь хохирогч А-г Г зодож гэмтэл учруулсныг хамт архи ууж байсан Ц, Б /Бажгаа/ нар үзсэн харсанаа эхний болоод удаа дараагийн гэрчийн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлж ирсэн.

      Гэтэл шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан хэргийн гол гэрч Ц, Батцэрэн, Доржсүрэн нар яллагдагч Гын нөлөөнд автаж урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж, өөрчлөн худал мэдүүлэг өгч эхэлсэн. Энэ байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаАтай саад учруулах, мөн хэргийн ул мөрийг баллах гэсэн санаа зорилго бүхий хууль бус ажиллагаа гэж харагдаж байна. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ц, Батцэрэн, Доржсүрэн нар мэдүүлэг өгөхдөө айж сандарч илт худал ярьсныг шүүх хуралдаанд оролцогчид харж сонссон, мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “ Ажиглаж байхад гэрч нар айсан, нөлөөнд автсан байдал харагдаж байна...” гэж танилцуулсныг тус шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан, дуу дүрсний бичлэгээр баримтжуулсныг дурьдах нь зүйтэй байна. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан мөрдөн шалгах ажиллагааг үгүйсгэж, эргэлзээ бүхий ойлголт төрүүлэн илт худал мэдүүлэг өгсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулсан гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан  хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн гэрчүүд шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн.

            3.  Амь хохирогч Ань биедээ гавал тархины хүнд гэмтэл авсны улмаас үхэлд хүргэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аврагдах боломж муутай байсан нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2299 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. /хх-91-93, 98-100 дугаар хуудас/

            2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд 2299 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, мэтгэлцэгч талууд болон шүүх бүрэлдэхүүнээс тавьсан асуултад хариулт авсан бөгөөд энд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй. Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэлэлцүүлгийн явц байдлыг баримтжуулсан бичлэг зэргээс тодорхой харагдана.

            Гэтэл шүүх дээрх үндэслэлдээ яг юуг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт Т.Г гэсэн шинжээч эмч дүгнэлт гаргаагүй.

            Хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй авагдсан зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулан шүүхийн хэлэлцүүлэг явуулсан байна.

            4.  Прокурорын яллах дүгнэлт  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 3.2-т зааснаар “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг зөв тодорхойлон бичээгүй, мөн хуулийн 5.3-т заасан хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг зөрүүтэй тусгасан, хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч захирамждаа ямар хор, хохирлыг,  мэдээллийг зөрүүтэй тусгасан, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг зөв тодорхойлоогүй гэж дүгнэснээ тодорхой бичээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

   Т.Гад холбогдох хэргийн яллагдагч, гэмт хэргийг нотлох гол гэрчүүд нь бие биесээ сайн мэдэх танил, найз нөхдийн харилцаАтай хүмүүс болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байхад шүүх нь тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа байдал зэрэгт тал бүрээс нь дүгнэлт хийлгүйгээр удаа дараа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширч, хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/шт/1970 дугаартай “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г, Э.Ө-, Ц.Д-, С.Ц, Ж.Б- нарт холбогдох хэргийг прокурор З.Энхжаргалын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэнийг бүрэн тогтоох, тус шүүхийн 2019 оны шт/37 дугаартай тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй зэрэг үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гадна шүүх хуралдааны явцад нотолно гэж заасныг анхаарч, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээн болон шинжлэн судлах нотлох баримтуудад тулгуурлан тэдгээрийг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар гэмт хэрэг хаана гарсан байдлыг прокурорын яллах дүгнэлтэд дурьдснаас өөр байдлаар тогтоох боломжтой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлж, зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн үндэслэлээ зааж, энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан газрыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоосноор прокурорын яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримтыг өөрчилж, хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчиж байгаа явдал биш юм.

Иймд уг шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2 дахь заалт үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэл нь анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан “прокурорын яллах дүгнэлт нь “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг зөв тодорхойлон бичээгүй ...” гэсэн заалттай агуулгын хувьд адил тул шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дэх заалт мөн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “Хохирогчийн духанд үүссэн шарх хоосон гараар цохиход үүсэх боломжгүй гэж шинжээч мэдүүлсэн тул зөрүүтэй байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, өмнө хэргийг прокурорт буцааж байсан шүүхийн тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй” талаар шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт 3 дахь заалт болгон бичжээ.

Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд ямар нэгэн шинжээч оролцоогүй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Чулуунсүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн асуусан “хохирогчийн духанд үүссэн шарх гараар цохиход үүсэх боломжтой юу” гэх асуултанд “хоосон гараар цохиход үүсэх боломжгүй” гэж хариулсныг хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүйн дээр шинжээчийн бусад дүгнэлт, хариултуудаас үзэхэд “гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой” талаар тайлбарлаж байсан байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШТ/1970 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Т.Г, Э.Ө-, Ц.Д-, С.Цолзол, Ж.Б- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Т.Гад урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Ө-, Ц.Д-, С.Цолзол, Ж.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ