Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат  даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ГУ ” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\00 дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-*** дүгээр тушаалаар, 2011/*** дүгээр газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг бөгөөд газрын төлбөрөө 11 жил төлж, газрын гуравласан гэрээ байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний А/** дугаар тушаалаар газар ашиглах эрхээ 5 жилээр сунгуулж 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болохоор газрын гуравласан гэрээ байгуулсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт манай компанийн дээрх газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

          Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 32, 43 дугаар зүйлийн заалтын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, танилцах нөхцөл боломжоор хангаагүй,  актыг мэдэгдээгүй зэргээр илт хуулийг зөрчин гаргасан захиргааны акт юм. Манай компанид энэ хуулийн процессыг Улсын бүртгэлийг гэрчилгээ дээрх хаяг болон газрын гэрээнд бичигдсэн хаяг, утасны дугаараар мэдэгдээгүй, аливаа мэдэгдэл ирээгүй болно. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн баримтлахгүй хуулийг буруу хэрэглэж хүчингүй болгосон алдаатай тушаал юм.

           Сүүлийн 2 жилд дэлхий нийтийг хамарсан “covid 19” цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорио тогтоосноор эдийн засгийн байдал хүндэрсэн, үйл ажиллагаа зогссон энэ үед аж ахуйн нэгжийг судлахгүйгээр, хувийн  хэрэг бүрдүүлж, нотлох баримтгүйгээр хуульд нийцүүлэхгүйгээр, Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг хувийн компанийг дарамталсан  тушаал гаргасан гэж үзэж байна.

           Энэхүү хууль зөрчсөн тушаалын улмаас 11 жил төлсөн газрын төлбөр болон бусад хөрөнгө оруулалт зэрэг компаниас гаргасан зардлыг шүүхийн зүгээс анхаарч үзнэ үү.

           Иймд илт хууль зөрчин, хууль буруу хэрэглэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын хавсралтын 92 дугаар хэсэгт  заасныг хүчингүй болгож, “ГУ ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү.

Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\00 дугаар тушаалыг бид 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гардаж авсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“ГУ ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

           “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын гол үндэслэл  нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу  барьсан орон байрыг ашиглах...” мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр  зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

          Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3.-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 10 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим  заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл,  цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс  хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь  тухайн газар дээрээ гэрээнд  заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу  тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй \барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м\ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч  энэ талаар холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

             “ГУ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А\*** дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А\** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын А-а хязгаарлалтын бүсэд 1.5 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан.

               Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэсэн Байгалын цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар  хууль зөрчиж анх  олгосон сайдын тушаалыг хүчингүй болгосон.

                Тусгай хамгаалалттай газар нутгийн  тухай хуульд зааснаар  дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын  зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

                Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн  цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/****тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл  авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуй нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2*** тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг  дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А\** дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж  гаргасан байна.

              Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

              Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/00 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ГУ ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч “ГУ ” ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Богдхан Уулын Арцатын аманд 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан байх бөгөөд уг тушаалыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2011/1** тоот газар ашиглах гэрчилгээг олгожээ[2].

Улмаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна[3].

Нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байжээ.

Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/00 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “ГУ ” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ[4].

Дээрх маргаан бүхий тушаалын хавсралтын 92 дугаарт нэхэмжлэгч “ГУ ” ХХК-ийн нэр бичигдсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Г*******” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2017/1** тоот гэрээг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталж, баталгаажуулжээ[5].

Уг гэрээний 4 дүгээр зүйл. “Газар ашиглагчийн эрх, үүрэг”, 1. “Г******* ХХК нь тухайн газар дээр зориулалтын дагуу ... тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглана.”, 2. “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, ...”, 5 дугаар зүйл. “Бусад зүйл”, 4. “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална.” гэж тус  тус заажээ.

Гэрээний дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар ашиглагч газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд мөн Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах зохицуулалттай байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/**** дугаар албан бичиг, түүний хавсралт[6], 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820170264 дугаартай акт[7] зэргээр нэхэмжлэгч нь газрыг ашиглах эрхийг олж авснаас хойш одоог хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, мөн 2011-2020 он хүртэлх хугацааны зарим жилүүдийн хагас, зарим жилүүдийн бүтэн газрын төлбөр болох 53.***.*** төгрөгийг 2021 оны 1 дүгээр улиралд буюу маргаан бүхий захиргааны акт гарсан өдрөөс хойш төлсөн үйл баримт тогтоогддог бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5,3**,*** төгрөгийн газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь “ГУ” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, гэрчилгээгээр маргаан бүхий  газрыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийн гаргасан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгч “ГУ ” ХХК-д оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч хүргүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй болно.

 Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компани хүлээж аваагүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Гэхдээ дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь хэдийгээр хариуцагч нь маргаан  бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг оролцоог хангаж, сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан зөрчил байгаа ч нэхэмжлэгч нь маргаан актын үндэслэл болсон газрын тухайд хуульд зөрчлүүдийг гаргасан үйл баримт тогтоогдож байх тул оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр маргаан захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ГУ ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/00 дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГУ ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А** дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГУ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ГАНБАТ           

  

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 5-6 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 7 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 13-18 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 83-86 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 54-59 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас