Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/ШШ2025/0031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага "П" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, С.Д

Иргэдийн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/031/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. "П" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс "П" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Нэхэмжлэгч "П" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “..."П" ХХК /РД:*******/ нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 645 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Булагийн ам нэртэй газарт байрлах 133 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 801А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг тогтоох тухай" тогтоолоор 124,32 га талбай нь хэсэгчлэн давхцалтай болсноор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2.1. Монгол Улсын Их хурлын 2020 оны 47 дугаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" тогтоолоор Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын ангиллаар Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагтай манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн 7.88 га, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг"-тай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 5.33 га талбай нь давхцалтай буюу одоогийн байдлаар зөвхөн 1,55 га талбайд л үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөл байдал үүссэн. бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахын өмнө нь ч тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөн олговрын асуудлаар огт хэлэлцэн санал авч байгаагүй.

2.2. "П" ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/31 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан "... нөхөн олговор авах тухай" хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй (манай хүсэлтийг хариуцан авсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Б-той удаа дараа ******** утсаар холбогдон хүсэлтийн хариуг асууж лавлахад шийдвэрлээгүй байна гэх хариуг амаар өгсөн) тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.2-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

2.3. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 18.1.3-д “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох", Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж тус тус заажээ.

2.4. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөн олговрыг зайлшгүй олгох үүргийг Засгийн газарт хуулиар хүлээлгэсэн байна.

2.5. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жил дотор олгох үүргийг хүлээлгэсэн.

2.6. Иймд “П” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Төрийн захиргааны байгууллага Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Б" нэртэй 133.35 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-000**** дугаартай тусгай зөвшөөрлийг анх 1997 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр "Г төв" ХХК-д олгожээ.

3.1. Дээр дурдсан тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хүлээн авч Т69*** дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн / хуучин нэрээр / даргын 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр "П" ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

3.2. Нэхэмжлэгч "П" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 47 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд уг тогтоолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох талаар тусгагдаагүй байна.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор телнө", 14.5-т "Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно" гэж заасан байна.

3.4. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэж хуульчилсан.

3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж хуульчилсан.

3.6. Иймд "П" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

            1. Нэхэмжлэгч шүүхэд анх “П” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ““П” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговор олгохыг даалгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

            3. Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            4. Нэхэмжлэгч “П” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 645 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Булагийн ам нэртэй газарт байрлах 133 гектар уурхайн талбайд ашигт малтмалын ашиглалтын 801А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэн авсан байна.

            5. “П” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй 133 га  талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хийлийн зааг тогтоох тухай” тогтоолоор 124,32 га талбайтай хэсэгчлэн давхцалтай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагтай 7.88 га, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор батлагдсан “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-тай 5.33 га талбай тус тус давхцалтай  болсноор нэхэмжлэгч компани зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

            6. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч “П” ХХК-ны зүгээс нөхөн олговортой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр дараах байгууллагуудад хүсэлт гаргаж хандсан байна.

            6.1Ашигт малтмал, газрын тосны газарт 2012 оны 01 дүгээр сарын 9-ны өдрийн 02 тоот, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21/2024 тоот, 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 3/29 тоот албан бичгүүдээр хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй,

6.2 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2023/15 тоот албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтийг гаргахад тус яамны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/1608 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн,

6.3 Шилжүүлсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар нэг хариу ирээгүй,

6.4 Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 1/945, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1588 тоот албан бичгүүдээр “... Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралтаар “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-аар баталсан ба нөлөөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нөхөх олговрын талаар урьдчилан тохиролцохоор зохицуулсан тул шийдвэр гаргасан байгууллага болон тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг ирүүлсэн,

6.5 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хандсан боловч тус яамны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/359 тоо албан бичгээр Ноён уулыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авсан гэх хариуг ирүүлсэн,

6.6 Нэхэмжлэгч “П” ХХК 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/31 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандаж нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ний 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/31 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан нөхөх олговор авах тухай бичгээр гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан боловч шийдвэрлэхгүй орхигдуулсан болох нь хэрэгт авагдсан албан тоотууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч компанийн нөхөх олговор авахтай холбоотой хүсэлт хариу албан бичгүүд нь бүгд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд дээрх Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд “П” ХХК-ний хүсэлтүүдийг ямар нэг байдлаар шийдвэрлээгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад заасан нөлөөлөлд өртсөн “П” ХХК-ний тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авах, хилийн заагийг тогтоох шийдвэр гаргахаас өмнө нөхөх олговор олгохтой холбоотой асуудлаар талууд огт хэлэлцэж байгаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

9. Тухайлбал Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.3-д “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам “ -ын Гурав. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагаа, 3.5-д “Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг судлан дүгнэлт гаргахдаа дараах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ”, 3.5.2-д “Улсын тусгай хэрэгцээнд авах газрын хилийн заагийг тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд давхацсан эсэхийг заавал нягтлан шалгана”, 3.7-д “Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газартай давхацсан тохиолдолд нөхөх олговор олгох асуудлыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран холбогдох хуульд заасан журмын дагуу тооцно” гэж заажээ.

10. Дээрх хууль болон журамд нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нөхөх олговор олгох эсэх асуудлыг зохицуулсан байх бөгөөд  нэхэмжлэгч “П” ХХК-ний хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 133 га газар нь хэрэгт авагдсан баримтаар бараг бүхэлдээ нөлөөлөлд өртсөн байх тул хариуцагч Монгол Улсын Засгийн газраас  Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговор олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авахын тулд хариуцагч байгууллагын зүгээс дээрх журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, хуульд зааснаар нөхөх олговор олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хариуцагч нар хоорондоо тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс тохиролцох талаарх хүсэлтүүдийг холбогдох байгууллага болон хариуцагчид гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

12. Нэхэмжлэгч нь 2009 онд тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн төлбөр, газрын төлбөрийг цаг хугацаанд төлж байсан, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж байсан үйл баримтууд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

13. Иргэдийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд “нэхэмжлэгч “П” ХХК-д нөхөх олговор олгох нь зүйтэй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 , 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  нэхэмжлэгч “П” ХХК-ний эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 801А тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “П” ХХК-д Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ШҮҮГЧ                                                   Л.ОДБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

                             ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН