Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 189

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Нарантунгалаг,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Б.Нямгэрэл, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуулар овгийн Балжиннямын Нямгэрэлд холбогдох эрүүгийн 201626022018 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61-153 тоотод оршин суух хаягтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хуулар овогт Балжиннямын Нямгэрэл  /РД:ЧК62010719/.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нямгэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгийн ойролцоо газарт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Энхтуяагийн толгойн тус газарт чулуугаар шидэж онож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямгэрэл мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 20-ны өглөө хувьцааны 100.000 төгрөгөө аваад нэг шил архи авч уусан. ТҮЦ рүү ороод тамхи авахаар ороход архи үнэртээд байна гар гээд хөөсөн. Архи уусандаа болоод газраас чулуу аваад шидсэн юм. Тэр үед хохирогч цонхны цаана байсан юм шиг байна лээ. Гэнэт танихгүй залуу ирээд барьж аваад удалгүй цагдаа ирсэн” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Энхтуяа мэдүүлэхдээ: “....Би 2016 оны 7 сарын 20-ны өдөр өөрийн түрээслэн ажиллуулж байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Парадоксын автобусны буудал дээрхи ТҮЦ-ндээ сууж байсан чинь зүс таних ТҮЦ-ний эзний хүү гэх залуу үүдэнд хог түүдэг хүмүүстэй архи булаацалдаад орилоод байхаар нь нөхөр Ганбатын хамт гарч тэр хүмүүсийг ТҮЦ-нээс холд гээд бүгдээрэнг нь явуулсан. Тэгээд нөхөр ажилтай гээд явсны дараа ТҮЦ-ний эзний хүү орж ирээд малгайгаа нэхээд байсан. Тэгэхээр нь би малгайг чинь мэдэхгүй гэсэн чинь чи намайг чи гэлээ гээд гарч яваад гартаа жижиг чулуу барьж орж ирээд лангууны шилэн дээр жижиг чулуугаараа аажуухан цохиж чи намайг чи гэснийхээ горыг амсах уу гэхээр нь би дуугүй суугаад байсан чинь ТҮЦ-нээс гараад явсан. Тэгээд миний сууж байсан талын цонхны гадна ирээд нөгөө барьж байсан жижиг чулуугаараа цонхыг аажуухан тогшоод цохиод байхаар нь би босоод зогсож байсан чинь гэнэт том чулуу цонх хагалж орж ирээд миний духны зүүн хэсэгт оносон. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад ТҮЦ-нээсээ гарахгүй байж байсан чинь нөгөө залуу ТҮЦ-ний гадаа эргэлдээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр залууг барьж авсан. Удалгүй дүү Саруул ирээд би дүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орж толгойдоо 5 оёо тавиулаад цагдаад өргөдөл гаргасан.

Би шинжээч эмч Г.Батцэцэгийн 2016.07.21-ний өдөр гаргасан 10167 дугаар дүгнэлттэй уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

…Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйлгүй. Би эмчилгээний зардал мөнгөө бүрэн барагдуулж авсан” гэжээ. /хх 22-23, 24 хуудас/

 

            Гэрч Б.Ням-Осор мэдүүлэхдээ: “…Нямгэрэл байнга очиж ТҮЦ-ний хүмүүсээс жижиг сажиг юм нэхэж өгөхгүй бол уурлаж зовоодог гэж ярьж байсан.

            Нямгэрэл сүүлийн 1 жилийн хугацаанд тодорхой эрхэлсэн ажилгүй ээжид эрхлээд гэрээс эд зүйл хулгай хийж зарж архи дарс ууна, архи уухаараа агсан согтуу тавьдаг. Би удаа дараа цагдаад мэдэгдэж архины эмчилгээнд явуулж байсан. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж цагдаагаар шалгуулж байсан асуудалгүй. Ер нь бол архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Архи уусан үедээ агсан согтуу тавьдаг ааш зан нь их догшин болдог. Эхнэр хүүхэд байхгүй. Гэрээсээ хулгай хийнэ” гэжээ. /хх 25-26 хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч Н.Саруултөгс мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гадуур явж байсан чинь танил хуурай ах Ганбат надруу утсаар залгаад эгч Энхтуяагийн толгойг хүн хагалчихсан гэнээ яаралтай боломж байвал очоод туслаадах гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн эгч дух хэсэгтээ салфтекаар дарчихсан бас ТҮЦ-ний цонх хагарчихсан гадна нь цагдаа нар нэг эрэгтэй хүнийг барьчихсан эгчээс юу болсон талаар асуусан чинь зүгээр байж байсан чинь цонхоор чулуу орж ирээд миний толгойг оноод хагалчихсан чулуу шидсэн хүн нь гадаа баригдчихсан байгаа гэсэн. Тэгээд цагдаа нар тэр хүнийг авч яваад би эгчтэй хамт Гэмтлийн эмнэлэг орж толгойг нь оёулсан. ...би хэргийн талаар харж үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэжээ. /хх 27-28 хуудас/    

 

            Гэрч Л.Ганбат мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Энхтуяагийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ндээ сууж байсан чинь тус ТҮЦ-ний эзний хүүхэд гэдгээр нь зүс таних Нямгэрэл ТҮЦ-ний үүдэнд баахан танихгүй хүмүүстэй архи булаацалдаад байсан. Тэгэхээр нь би тэд нарыг жоохон дуугүй болох талаар шаардлага тавьчихаад буцаад ТҮЦ-ндээ ороход тэр хүмүүс тараад явчихсан. Тэгээд би жоохон ажилтай байсан болохоор эхнэрийг ТҮЦ-нд ганцааранг нь үлдээгээд явсан. Би яваад удаагүй байсан чинь эхнэр над руу утсаар залгаад Нямгэрэл миний толгойг ТҮЦ-ний цонхны цаанаас чулуу шидэж цонх хагалж миний толгойг хагалчихлаа гэхээр нь би танил дүү Саруултөгсийг оч гэж хэлээд өөрөө Гэмтлийн эмнэлэгт араас нь яваад очсон чинь эхнэр дух хэсэгтээ 5 оёо тавиулсан байсан. Тэгээд цагдаад очиж гомдол гаргасан.

            Нямгэрэл байнга согтуу орж ирж тамхи, архины мөнгө өг гээд ядаргаатаад байдаг. Тухай бүрт нь бид нар аргалаад заримдаа өгөөд заримдаа өгөхгүй гаргадаг байсан” гэжээ. /хх 29-30 хуудас/

 

            Гэрч Б.Тошлоо мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Парадоксын автобусны буудал дээр Нараа гэх хүнтэй хамтарч ТҮЦ байгуулсан. Тэгээд тус ТҮЦ-нд түр сууж байсан Энхтуяа гэх Нараагын дүү гэж сонссон. Би ямар нэгэн харилцаагүй.

            Нямгэрэл ТҮЦ-ний цонхруу чулуу шидэж хагалаад дотор нь сууж байсан хүүхдийн толгойг чулгуугаар онож хагалсан гэсэн. Тэр өдөр Нямгэрэл гэрээсээ эрүүл гараад архи ууж яваад ийм асуудал гаргаад цагдаагийн газар нөгөө хүмүүс нь барьж өгсөн гэсэн. Оройхон 02 цагийн үед Нямгэрэл намайг эрүүлжүүлээгүй гээд гэртээ ирсэн.

            Нямгэрэл ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уусан үедээ муухай чанга дуутай, намайг алаад өг гээд цээжээ гаргаж дэлслэн. Их муухай ааш зантай болдог” гэжээ. /хх 31-32 хуудас/

 

            Гэрч П.Нарантуяа мэдүүлэхдээ: “...Энхтуяа надад хэлэхдээ ТҮЦ-нд зогсож байсан чинь Нямгэрэл цонхны гаднаас чулуу шидэж цонх хагалж тэр чулуу нь миний толгойг онож хагалсан гэж л хэлсэн. Тэгэхээс би яг ямар учраас яагаад тийм асуудал болсон талаар мэдэхгүй байна. Ер нь Нямгэрэл архи уусан үедээ их танхай, орилж хашгирдаг их тогтворгүй ааш зантай болдог.

                        Тошлоо бид хоёр 2 талаасаа мөнгө нийлүүлж худалдаж авсан ТҮЦ байгаа юм. Тошлоо бид 2 бараагаа мөнгө нийлүүлж худалдаж аваад ерөнхийдөө би хариуцаж ТҮЦ-ээ ажиллуулж сарын эцэст ашигаа бодож хувааж авдаг юм. Би 2015 оны 10 дугаар сараас эхлэн нөхрийн дүү өвдсөн болохоор өөрөө ТҮЦ-ндээ зогсох боломжгүй болоод хамаатны хүүхэд Энхтуяаг тус ТҮЦ-нд зогсож ажиллуулж ашиг орлогыг нь авч бай гээд түр хугацаанд ажиллуулж байсан…” гэжээ. /хх 33-34 хуудас/

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №10167 дугаартай дүгнэлтэд: 1. Э.Энхтуяагийн биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 6. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэжээ. /хх 36 хуудас/

 

            Эмчилгээний нийт 174,100 баримтууд /хх 19 хуудас/

            Шүүгдэгч Б.Нямгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50 хуудас/

            Шүүгдэгч Б.Нямгэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 хуудас/

            Шүүгдэгч Б.Нямгэрэлийн оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 52 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед шүүгдэгч Б.Нямгэрэл ТҮЦ-д ороход хохирогч Э.Энхтуяа түүнийг үл хүндэтгэсэн байдлаар хандсан бөгөөд үүнээс болж маргаан үүсч хохирогчид гэмтэл учруулсан байна.

Өөрөөр хэлбэл 25 настай хохирогч Э.Энхтуяа нь шүүгдэгч Б.Нямгэрэлийг 54 настай болохыг мэдэх боломжтой, эдгээр хүмүүс хамаатан садан төрлийн болох нь гэрч П.Нарантуяагийн мэдүүлэг /хх 33-34/-ээр нотлогдож байх ба хохирогч нь шүүгдэгчтэй чи гэж харьцан архины муухай үнэртэй гэж түүнийг доромжилсон нь Монгол зан заншилын ах хүнийг хүндлэх ёс зүйг зөрчсөн бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлжээ. 

           

            Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Нямгэрэлд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

            Шүүгдэгч Б.Нямгэрэл нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгийн худалдагч Э.Энхтуяагийн толгойн тус газарт чулуугаар онож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхтуяа /хх 22-23, 24/, гэрч Б.Ням-Осор /хх 25-26/, насанд хүрээгүй гэрч Н.Саруултөгс /хх 27-28/, гэрч Л.Ганбат /хх 29-30/, гэрч Б.Тошлоо /хх 31-32/, гэрч П.Нарантуяа /хх 33-34/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №10167 дугаартай дүгнэлт /хх 36/, Эмчилгээний баримт /хх 19/, шүүгдэгч Б.Нямгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

           Иймд шүүгдэгч Б.Нямгэрэлийг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Нямгэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцсон болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Энхтуяад 174.100 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9х12х7.5 см хэмжээтэй блокны хагархай буланг усгахаар шийдвэрлэв.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хуулар овгийн Балжиннямын Нямгэрэл нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуулар овгийн Балжиннямын Нямгэрэлийг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9х12х7.5 см хэмжээтэй блокны хагархай буланг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

 

6. Шүүгдэгч Б.Нямгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 174.100 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нямгэрэлийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Нямгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

           

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              

               ШҮҮГЧИД

                                                                                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ