Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00378

 

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00834 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1105 дугаар магадлалтай,

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Д.Одонтуяа, Т.Нарантуяа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,751,484,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Одонтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттуяа, Л.Гантогтох, хариуцагч Д.Одонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Д.Одонтуяад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 32,751,484,39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Нарантуяад холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч Д.Одонтуяа ...зээл олгогч Монгол шуудан банк нь татан буугдсан, зээлийн гэрээний оролцогч бус этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00834 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Одонтуяагаас 32,751,484.39 төгрөг гаргуулах тухай Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Нарантуяад холбогдуулан гаргасан шаардлагаасаа нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1105 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Одонтуяагаас зээлийн гэрээний үүрэгт 32,751,484 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одонтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 321,707 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Одонтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан, үнэлбэл зохих баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хууран мэхлэх аргаар 2019.03.07-ны өдөр гэрээг цуцлах, тантай дахин маргахгүй гэх шалтгаанаар гэрээг хаах төлбөрт 37.95 ам.долларыг тушаачих гэх мэт аргаар тушаалгасан бөгөөд түүнийг гэрээний зээлийн төлбөрт төлөөгүй юм. Энэ талаар нэхэмжлэгч нь хэлэхдээ зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар эвлэрнэ, дахин хэргийг шүүхээр маргаан үүсгэхгүй мэтээр ярьж итгүүлсэн. Гэтэл хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө энэ асуудлаар эвлэрэх хүсэлт гаргаж, шүүхийн аль ч шатанд хэргийн оролцогч нар нь эвлэрэх эрхтэйг сануулж хурлаас өмнө шийдвэрлэнэ мэтээр ярьж байсан, түүнд итгэн шүүх хуралдаан болох өдрийг мэдээгүй, хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй.

4.3. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэн миний хуулиар олгосон эрх болох өмгөөлөгч авах эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 37.95 ам.долларыг хууран мэхлэх аргаар тушаалгасан талаар нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулах талаарх миний шийдлийг нэхэмжлэгч нь тэгэх хэрэг байхгүй энэ асуудлаар цаашид маргахгүй эвлэрнэ гэж хэлснээр намайг давж заалдах шатны шүүх хуралдаанд оруулаагүй хэргийг өөрт ашигтай байдлаар шийдүүлсэн байна.

Иймд хэргийг анхан шатны шүүх руу буцааж, хэргийн гол асуудал болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалган тогтоолгож шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч Д.Одонтуяа, Т.Нарантуяа нар нь Монгол шуудан банктай 2007.01.16-ны өдөр ЗГ/06/02 дугаартай Зээлийн гэрээ, ЗБГ/06/02 дугаартай барьцааны гэрээ, 01 дугаартай Фидуцийн гэрээ тус тус байгуулж, 4,500.00 ам.долларын зээлийг сарын 2.4 хувь, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр 12 сарны хугацаатай авч ашигласан, гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүрэгт 712.74 ам.долларыг төлсөн, байсан, 2019.03.07-нд 37.95 ам.долларыг төлснөөс өөр төлбөр хийгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,787.26 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 6,964.46 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,452.18 ам.доллар, нийт 12,203.9 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах 2019.10.23-ны өдрийн Монгол банкнаас гаргасан ханшаар тооцож /1,00 ам.доллар=2,683.69 төгрөг/ 32,751,484.39 төгрөгийг хариуцагч Д.Одонтуяагаас гаргуулж өгнө үү, барьцааны хөрөнгө бодит байдал дээр байдаггүй, фидуцийн гэрээнд заасан автомашин үрэгдэж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон байсан, хариуцагч Т.Нарантуяа хаягтаа байдаггүй, хаа байгаа нь тодорхойгүй тул түүнд холбогдох шаардлагаас татгалзаж байна... гэжээ.

 

Хариуцагч Д.Одонтуяа: ...зээл олгогч гэрээний үүргээ биелүүлэлгүй зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, зээл төлөх нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, улмаар зээл олгогч банк татан буугдсан. ...гэрээний оролцогч биш тал нэхэмжлэл гаргаж байгаа тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар 2007.01.16-ны өдөр Монгол шуудан банк, Д.Одонтуяа нар 06/02 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, банк 4,500 ам.долларыг сарын 2.4 хувийн, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Одонтуяа гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх, гэрээний хугацаанд зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй бол төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэж харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хайлуулах төхөөрөмж, автомашин барьцаалж, барьцааны гэрээ, Митсубуши пажеро маркийн суудлын автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ тус тус байгуулжээ.

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгө 4,500 ам.долларыг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч гэрээний үүрэгт 750,69 ам.долларыг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Нарантуяад холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

8. Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.-д нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

8. Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010.03.17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагчийн томилсноор Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн байна.

 

Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар банкны эрх хүлээн авагч банкийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй тул банкны эрх хүлээн авагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.

 

9. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан, ...2019.03.07-ны өдөр 37.95 ам.долларыг зээлийн төлбөрт төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэх үндэслэл зааж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... гэх үндэслэлээр дүгнэлт хийж, өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

10. Хариуцагч Д.Одонтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч нь хууран мэхлэх аргаар гэрээг цуцлах, дахин маргахгүй гэх шалтгаанаар гэрээг хаах төлбөрт 37.95 ам.доллар тушаачих гэж төлбөр тушаалгасан бөгөөд дээрх төлбөрийг зээлийн төлбөрт төлөөгүй, ...зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар эвлэрнэ, шүүхээр марган үүсгэхгүй гэх мэтээр ярьж итгүүлсэн, ...улмаар түүнд итгэж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй, ...шүүх нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, ...нотлох баримтыг буруу үнэлсэн... /тодорхойлох хэсгийн 4.1-4.3/ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалган тогтоолгож шүүхэд хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

10.1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчийн хооронд 2007.01.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээ 12 сарын хугацаатай тул гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2008.01.16-ны өдрөөс эхлэн тоологдох боловч хариуцагч нь 2019.03.07-ны өдөр зээлийн төлбөрт 37.95 ам.долларыг зээлийн төлбөрт төлсөн нь хэргийн 38 дугаар талд авагдсан Балансын гадуурх дансны хуулгаар тогтоогдсон тул хуулийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэн, хугацааг дахин шинээр тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч зээл төлүүлэх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Хариуцагчаас ...нэхэмжлэгч нь хууран мэхэлж 37.95 ам.долларыг төлүүлсэн... талаар анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад тайлбар гаргаж мэтгэлцээгүй, энэ тухай хэрэгт баримтгүй тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй.

 

Давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1105 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Одонтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Одонтуяагаас 2020.06.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД