Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00090

 

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00090

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Барга овогт Б-ийн Б-ийн хүсэлттэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Гантуяа, хүсэлт гаргагч Б.Б-, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Барга овогт Батхүүгийн Б миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвальд байрлах 96 м2 2 өрөөг 2015 оноос Фитнесийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Анх уг байрыг ашиглахад гэрэл гэгээ орох боломжгүй, ус алдсан, бохирын ус дүүрсэн, хаалга цонх нь бүрэн эвдэрсэн хүн ашиглах нь байтугай орох боломжгүй байсан. Тухайн үед 62 айлыг хариуцаж байсан СӨХ-ийн ажилтан Нарантуяа гэдэг хүнтэй уулзаж асуухад Өөрөө засаж янзлаад ашиглаж болно. Манай СӨХ-д харин цэвэрлэгээний мөнгө гэж сард 20-30 мянган төгрөг төлнө шүү гэж хэлсэн. Миний бие нь 2015 оноос хойш СӨХ-ийн цэвэрлэгээ үйлчилгээний хөлс гэж эхлээд 20 000 төгрөг төлж байгаад яваандаа 50 000 төгрөг төлөх болсон. Тухайн подвалийг ашиглалтын шаардлага хангасан хэмжээнд хүргэж засварлахад надаас нийтдээ материал болон засварын хөлс нийт 12 сая орчим төгрөгийн зардал гарсан. Ингээд 2015 оноос хойш одоог хүртэл Леди Фитнесийн төвийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Энэ хугацаанд Ховд аймгийн олон мянган бүсгүйчүүд сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлсээр ирсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвальд байрлах 96 м2 2 өрөө нь хэн нэгний өмчлөл, эзэмшилд хамаарахгүй байх бөгөөд энэ талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс лавлагаа авсан болно. Иймд Барга овогт Батхүүгийн Б/РД: / намайг Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалийн голын хаалганд байрлах 96 м2 2 өрөөний хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Б.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалийн голын хаалганд байрлах 96 м2 2 өрөөний хууль ёсны эзэмшигч болох нь

- Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалийн голын хаалганд байрлах 96 м2 2 өрөөг тохижуулан эзэмшиж байсан талаархи гэрэл зургууд

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1497 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ,

89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж тус тус заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалийн голын хаалганд байрлах 96 м2 2 өрөөний хууль ёсны эзэмшигч нь Батхүү овогтой Б /  / мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалийн голын хаалганд байрлах 96 м2 2 өрөөний хууль ёсны эзэмшигч нь Батхүү овогтой Б /  / мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ