Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00001

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоотод оршин суух, Ц овогт А-ын О //,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-1 тоотод оршин суух, С овогт М-ын Б /3/ нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох,

хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тайланг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

нэхэмжлэгч А.О-ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 07 тоот амины орон сууц, граж, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн 2 удаагийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай тодруулсан шаардлагатай,

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох,

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаартай Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах,

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дуудлага худалдаанд оруулах хөрөнгө хэлэлцсэн тухай тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай 153/2019/00449/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Мөнхцооз нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О, М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.О, М.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Шийдвэр гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гомдол гаргасан. Гомдлын шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 109 дугаар гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн банкан дахь харилцах данс, эд хөрөнгийг битүүмжилж, хураасан үйл ажиллагаанууд явагдсаны дараа шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн. Банкан дахь харилцах данс, эд хөрөнгийг битүүмжилж, хураасан үйл ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Гомбосүрэн явуулсан. Удахгүй ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж, дахин шүүхийн маргаан үүсгэнэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараа явагдсан  эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон үйл ажиллагааны талаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг үнэлгээ тогтоосон энэ үйл ажиллагаа хангахгүй байгаа.

Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг гүйцэтгэх хуудсанд тусгана гэж заасан байдаг. Ховд аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 109 дүгээр гүйцэтгэх хуудсанд А.О, М.Б нараас нийт 96,320,188 төгрөг гаргуулж Хас банканд олгох, улсын тэмдэгтийн хураамжид 639,550 төгрөг гаргуулж Хас банкны Ховд аймаг дахь салбарт олгуулах гэсэн 2 үүргийг тусгаж гүйцэтгэх хуудас явуулсан байдаг. Энэ гүйцэтгэх хуудсанд одоогийн маргаж байгаа нэхэмжлэгч А.Оын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу газар, хувийн орон сууц, граш зэрэг эд хөрөнгийг төлбөрт тооцуулах агуулга байхгүй байсан. Гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д ...шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ. Тухайн ажиллагаа бүртэй холбогдсон эрх үүргийг тайлбарлана... гэж заасан байдаг. Эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ тогтоохтой холбоотойгоор нэхэмжлэгч А.От мэдэгдэж, эрх үүрэг тайлбарлаагүй. Нийт 2 удаа шинжээч томилж,  үнэлгээ тогтоолгосон байдаг. 2019 оны 6 дугаар сард шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд үнэлгээ тогтоосон процесс ажиллагаа болсон байдаг.

Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх маргаанаас өмнө Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 09/01 дугаартай тогтоол гаргаж 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийнхээ нэхэмжлэгч А.Оын өмчлөлийн 3 эд хөрөнгө буюу газар, граш, амины орон сууцийг битүүмжилж, хураасан үйл ажиллагааг хүчингүй болгосон. Уг эд хөрөнгө битүүмжилж, хураасан үйл ажиллагааг хүчингүй болгосон учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дахиж энэ үйл ажиллагааг хийх ёстой байсан боловч эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн үйл ажиллагаа хүчингүй болсны дараа эд хөрөнгө үнэлүүлсэн үйл ажиллагаагаа ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хүчингүй болгоогүй байсан учир эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан А.О нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1722 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбогдуулан маргаан үүсээд маргааныг шүүх эсвэл дээд шатны албан тушаалтан, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хүлээж  аваад тухайн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эсвэл маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх ёстой. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсгэсэн байхад хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх ёстой байсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаанд дахин эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон үйл ажиллагаанууд явагдсан.

Эхний 2 шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд заавал ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах ёстой учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 47 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан байгаа. Хэрэв эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн үйл ажиллагаа хүчингүй болох юм бол энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө хүчингүй болгоод заавал шүүхээр маргаан шийдвэрлүүлэх шаардлагагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь илэрхий хууль зөрчиж байна.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа, 3 хоногийн дараа эд хөрөнгө хураасан үйл ажиллагаа, 3 хоногийн дараа эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагаануудыг явуулсан. Хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх ёстой байсан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр дээрх ажиллагаануудыг явуулсан.

2019 оны 6 дугаар сард эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн үйл ажиллагааг хүчингүй болгочихоод үнэлгээ тогтоосон үйл ажиллагааг хүчингүй болгоогүй байхад шүүхэд марган үүссэн учраас дахин энэ ажиллагааг шинээр явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Харин М.Б гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж яригдахгүй учраас шүүх шийдвэртээ энэ талаар тусгахад татгалзах зүйл байхгүй.

Шүүхээс 2 төлбөр төлөгчид холбогдуулж гүйцэтгэх хуудас гаргаж явуулсан байхад зөвхөн А.От холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараад А.О-ын эд хөрөнгийг хураасан ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчид 3 эд хөрөнгө буюу граш, хашааны газар, амины орон сууц байгаа бөгөөд тухайн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар тохиолдолд худалдан борлуулах вэ гэдгийг хуульд заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуулиар ипотекийн зүйл болсон эд хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр худалдан борлуулна гэж заасан байдаг.

Ипотекийн эд зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр ипотекийн эд зүйлийг дур мэдэн худалдан борлуулдаг үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж 2009 онд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад хүчингүй болгосон.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуульд зааснаар ипотекийн эд зүйлийг шүүхийн шийдвэргүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дур мэдэн худалдан борлуулдаг байсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Үндсэн хуулийн цэц 13 дугаартай шийдвэр гаргаж, түүнийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулдаг байсан үйл ажиллагааг болиулаад, хуулинд өөрчлөлт орсон.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газар, 44.4.2-д улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгө болох түүх, урлаг, соёлын үнэт зүйлс зэрэг барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасан байдаг учраас нэхэмжлэгчийн дээрх 3 эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр худалдан борлуулах эрх шийдвэр гүйцэтгэх албанд одоогийн хуулиар болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар зайлшгүй шүүх шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрээр дур мэдэн худалдан борлуулахаас биш дур мэдэн худалдан борлуулах хуулийн зохицуулалт байхгүй.

Нэхэмжлэгчийн өмчлөгчийн газрын хэмжээ өөрчлөгдсөн байтал 2019 оны 6 дугаар сард үнэлэхдээ 91,700,000 төгрөгөөр, мөн оны 9 дүгээр сард үнэлэхдээ 91,700,000 төгрөгөөр гээд хоёр удаа адилхан үнэлсэн. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага судлаагүй.

Нэхэмжлэгч эд хөрөнгө худалдан борлуулах саналдаа миний газрын хэмжээ 1400 м.кв, 160,000,000 төгрөгөөр үнэлж байна гэж бичсэн байдаг. Яагаад газрын хэмжээ өөрчлөгдсөн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон үнэлгээчин тодруулаагүй.

Газрын үнэлгээтэй холбогдуулан Засгийн газрын 3 удаагийн тогтоол байдаг ба шинжээч нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай гэсэн тогтоолыг барьж шинжээч дүгнэлт гаргасан талаараа дүгнэлт болон хариу тайлбартаа бичсэн байдаг. Энэ тогтоолоос харахад газрын хэмжээ, суурь үнэлгээнд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн газрын хэмжээнд өөрчлөлт орохоор байна.

Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 324 дугаар Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах тухай тогтоолд зааснаар мөн газрын хэмжээ, зэрэглэлээс хамаараад өөрчлөлт орохоор байна.

Мөн Засгийн газрын 2018 оны 181 дүгээр Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай тогтоолуудаас харахад газрын хэмжээ, байршил, тухайн аймгийн Засаг даргын эрх хэрэгждэг газар, инженерийн шугам сүлжээ холбогддог газруудын үнэлгээ өсөхөөр байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар бол Ховд аймгийн Засаг даргын эрх хэрэгждэг газар буюу Ховд аймгийн Засаг дарга өмчлүүлэх шийдвэр гаргадаг газарт хамаардаг учраас Ховд аймгийн Засаг дарга 2 удаа захирамж гаргаж нэхэмжлэгчид өмчлүүлсэн. Өөрөөр хэлбэл инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэсэн үг. Монгол улсын Газар өмчлүүлэх тухай хуулиар инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт буюу аймгийн төвийн сумд газар өмчлүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэдэг хуультай. Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрладаг буюу Өргөө зочид буудлын яг ар талын залгаа газар. Өргөө зочид буудал дулааны шугам сүлжээтэй холбогдсон учир дулааны шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар үнэлгээ нь өндөр юм.

Шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна. Шинжээчийн үнэлсэн граш, амины орон сууц хоёрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 336 дугаар Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай тогтоолоор барилга байгууламж ямар жишиг үнэлгээтэй байх, жишиг үнэлгээг яаж хэрэглэх талаар тодорхой заасан байдаг ба өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ тогтоол дээр амины болон нийтийн орон сууцны үйлдвэрийн барилгын нэгж талбайн төсөвт өртгийг жишиг байдлаар тогтоосон жишиг байдаг. Үүнд: өрлөгөөр бүтээсэн хувийн орон сууц ямар байх эсвэл цутгаж барьсан хувийн орон сууц ямар байх талаар жишиг үнэлгээ гаргасан байна. Жишээ нь өрөгт араг бүтээц бүхий орон сууцны 1 м.кв-ийн төсөвт өртөг нь 654.14 гэж үнэлсэн. Мөн граш, агуулахын 1 м.кв-ийн төсөвт өртөг нь 509.80 гэж үнэлгээг заасан байдаг.

Үүнээс харахад нэхэмжлэгчийн өмчлөлийн граш, үл хөдлөх эд хөрөнгийг метр квадратаар нь үржүүлж үзэх юм бол шинжээчийн дүгнэлтэд зааснаас хамаагүй өндөр дүн гарч байгаа. Гэтэл 2010 онд батлагдсан Засгийн газрын суурь үнэлгээнээс хамаагүй бага байгаа учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тогтоол гарснаас хойш 9 жил өнгөрч байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ жил болгон өсдөг. Тиймээс шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна.

Төлбөр авагч Хас банк шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргахдаа барьцааны зүйлүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад хүсэлтийг үндэслээд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь банкны хүсэлтээр биш шүүхийн шийдвэрээр явагдах ёстой байсан ч төлбөр авагчийн хүсэлтээр явагдсан учраас хууль зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гүйцэтгэх баримт бичигт эд хөрөнгө худалдан борлуулах талаар заасан байна уу, үгүй юу гэдгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч албан бичиг явуулаад тодруулах боломжтой.

Хоёр төлбөр авагчид холбогдуулж гүйцэтгэх хуудас гарч, хүргэгдсэн байхад нэг төлбөр авагчид холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж, нэг төлбөр авагчид холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан зөрчил байгаа. Маргаан үүссэний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг түдгэлзүүлсэн бол үнэлгээтэй холбоотой асуудал яригдахгүй байсан. Энэ маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө бие даан шийдвэрлэх боломжтой....Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 7 тоотод байрлах Ү-1617002498 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий граж, Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай, 1346 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1617003472 улсын бүртгэлийн дугаартай, 52.4 м.кв талбай бүхий амины орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах, мөн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2019 оны  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Төлбөр авагч  Хас банк 4 дүгээр сарын 01-ны өдөр 96,320,188.89 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу тус шүүх 4 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх хуудас бичсэний дагуу төлбөр төлөгч А.О-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

Төлбөр авагч өөрөө гүйцэтгэх хуудас, гүйцэтгэх хуудастай холбоотой шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалуудыг авчирч өгөх ёстой. Түүний дагуу нэхэмжлэгч шийдвэр, тогтоол, магадлалуудыг манай байгууллагад гаргаж өгсөн. Гүйцэтгэх хуудас бичигдэхдээ А.О, М.Б гэсэн хоёр хүн дээр бичигдсэн нь үнэн. Манай цахим бүртгэлд хариуцагчийг нэг хүнээр бүртгэдэг. Хас банкнаас зөвхөн А.От гүйцэтгэлийн ажиллагаа явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Гүйцэтгэх хуудас дээр 96,320,188.89 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 639,000 төгрөг-ийг Хас банканд өгөхөөр заасан байсан. Бид нар гүйцэтгэх хуудсанд заагдсаны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үүрэгтэй.

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэх тогтоол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д ...үүсгэх тогтоолтой холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй... гэж заасны дагуу үүсгэх тогтоол, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудастай холбоотойгоор шүүхэд гомдол гаргах эрх нэхэмжлэгч талд байхгүй. Шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа.

Хариуцагч нь А.О, М.Б байхад нэг хүнд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Нэхэмжлэгч байгууллага ганцхан А.От холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан учраас А.От шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа явагдсан.

Хоёрдугаарт нь: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад, шийдвэр гүйцэтгэгч шат дараалсан процесс ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажуулах ажиллагаа бүрэн хийгдсэний  дараа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдээд үнэ тогтоолгох ажиллагаа хийгддэг.

Шийдвэр гүйцэтгэгч нь эхний үнэ тогтоолгосон, эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн ажиллагааг хугацаа алдаж хийлгэсэн учраас хүчингүй болгосон. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх ажиллагаа хийсэн. Үүнээс хойш үнэлгээ хийлгээгүй хугацаа алдсан. Үнэлгээ хийлгүйгээр хурааж авсан учир эд хөрөнгө хураасан болон битүүмжилсэн ажиллагаанууд нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болсон.

Эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан ажиллагаануудыг хүчингүй болгосноос хойш төлбөр төлөгч А.От төлбөрөө төлөх хугацаа хангалттай байсан. Өөрөө сар болгон болон хэсэгчлээд төлөөд явна гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн боловч хүсэлтийнхээ дагуу хэсэгчилж мөнгө төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хугацаанд сайн дураараа төлсөн мөнгө байхгүй учраас шийдвэр гүйцэтгэгч нь албадан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу битүүмжлэх, хураах, үнэ тогтоолгож худалдан борлуулах ажиллагааг явуулсан. Шинжээчийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгч албанаас дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг томилсон тушаал нь үндэслэлтэй, хуулийн дагуу явагдсан.

Төлбөр болон төлбөр авагч нараас үнийн санал авахад үнийн санал нь маш их зөрүүтэй байсан учраас бид Ховд аймгийн хэмжээнд байдаг үнэлгээчинд хандаж, ахлах гүйцэтгэгчийн тогтоол үйлдэн хүлээлгэн өгсний дагуу үнэлгээ тогтоож, манайд ирүүлсэн. Үнэлгээний талаар бид нар нөлөөлөөгүй. Шинжээчид хуулийн хүрээнд эрх үүрэг тайлбарлаж өгсөний дагуу үнэлгээ тогтоож өгсөн. Би шинжээчийн тогтоож өгсөн үнэлгээтэй санал нэг байна. Газрын өөрчлөлтийн талаар манай байгууллагад төлбөр төлөгч нь хандаад өөрчлүүлэх боломжтой байсан боловч өөрөө хандаагүй.

Төлбөр төлөгч нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сайн дураараа мөнгө төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар 3,000,000 төгрөгийг дансны барилт хийж Хас банканд төлсөн. Өөрөө сайн дураараа мөнгө төлөөгүй. Процесс ажиллагаанууд дарааллын дагуу явагдсан. Процесс ажиллагааны дараалалд гомдол гаргасан удаа байхгүй ба 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргасны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх 2 үндэслэл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгч өөрөө түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, үүнийг хангасан шүүгчийн захирамж гарсаны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэнэ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол гаргах эрх байхгүй. Нэхэмжлэгч өөрөө түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлээд явсан.

Хамгийн гол нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхэд гүйцэтгэх баримт бичгийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэх тухай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болох хугацаагаар эсвэл гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр хураан авах эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болох хугацаагаар түдгэлзүүлэх эрх нь шүүгчид байдаг. Харин манай байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй.

Ажиллагаа хийх процесс хугацаа алдагдаж байгаа бид нар сүүлд эрх хэмжээнийхээ хүрээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гартал гэдэг үндэслэлээр түр түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09/01 дугаартай тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн  19220220/04 дугаартай битүүмжилсэн тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр төлөгч А.Оын өмчлөлийн 19220220/05 дугаартай хураасан тогтоолын хугацаа дуусч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үнэлгээ хийлгэсэн учраас 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон. Харин 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээ хүчинтэй хэвээр байгаа....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тайлбартай санал нэг байна. А.От эрх, үүрэг танилцуулаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, ажиллагаа болгон дээр эрх, үүргийг нь танилцуулсан.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах эрх хэмжээ байхгүй гэж байна. Төлбөр төлөгчийн арилжааны банкан дахь дансыг битүүмжлээд төлбөр барагдуулахад тухайн дансан дахь мөнгөн дүн нь хүрэлцэхгүй тохиолдолд эд хөрөнгөд нь халдаж, албадлагын арга хэмжээ авч хураах, битүүмжлэх арга хэмжээ явуулах эрхтэй байдаг....2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгө үнэлсэн үнэлгээ хугацаа алдсан гэдэг үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болсон....2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болсон. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагаа нь хуульд нийцсэн....Эхлээд төлбөр төлөгчид төлбөрөө төлөх хугацаа олгодог. Энэ хугацаанд сайн дураараа төлөөгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ буюу эхлээд данс битүүмжлэх арга хэмжээ авдаг. Тухайн битүүмжилсэн дансны мөнгө төлбөрт нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд халдаж битүүмжлэх, хураах ажиллагаа явагддаг....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Мөнхцооз шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоолын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-7 тоотод байрших иргэн А.О-ын өмчлөлийн 1346 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрших 52,4 метр квадрат талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц, 45 метр квадрат талбай бүхий авто машины граш зэрэг 3 хөрөнгөнд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхдээ үнэлгээний стандарт арга аргачлалыг баримталж, үнэлгээчний ёс зүйн шаардлагыг хангаж, хараат бус байдлыг хангасны үндсэн дээр уг үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийх явцдаа Ховд аймгийн  Жаргалант сумын Наран багийн 25-7 тоотод байрших 3 үндсэн хөрөнгийн чанар байдал, ашиглалтын нөхцөл, орчны шинжилгээг хийсэн. Шинжилгээ хийх гэж 3 удаа очсон. Нэг удаа очихдоо А.О-тай утсаар ярьж гэртээ байна гэхээр нь очсон чинь гэртээ байхгүй, охин нь байсан. Энэ талаар бид нар үнэлгээнийхээ тайланд тусгасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын талбайн өөрчлөлт гэж ярьж байна. 2013 онд Засаг даргын захирамж гараад, 2016 онд Хас банканд зээлийн барьцаа болгож тухайн газрыг тавьсан байна. Зээлийн барьцаанд тавьсан одоогийн хүчин төгөлдөр байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ болон өнөөдөр мөрдөж байгаа кадастрын зураг дээр 1346 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар гэж тусгасан байгаа учир 1346 метр квадрат талбайд газрын үнэлгээ хийсэн.

2013 оны захирамжид дурдсанаар газрын суурь үнэлгээг 3000 төгрөгөөр авсан. Би үнэлгээ хийх  явцдаа Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд тусгагдсан суурь үнэлгээг баримталж 4,500 төгрөгөөр нэгж талбайн  суурь үнэлгээг тооцсон. Өртгийн хандлагаар тооцож, 6,057,000 төгрөгөөр тодорхойлогдсон. Суурь үнийн тухайд миний тооцоолсон үнэ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа захирамжид тусгагдсан суурь үнээс 1,500 төгрөгөөр илүү байна. Засгийн газрын тогтоол мөрдөж хийсэн учраас найдвартай эх үүсвэрээ дурдсан.

Газрын үнэлгээг хийхдээ өртгийн хандлагыг ашигласан тохиолдолд норматив аргуудыг хэрэглэдэг. Үнэлгээний стандартаар орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн хандлага гэсэн гурван үндсэн арга, хандлагуудыг хэрэглэдэг.

Сар болгон тогтмол орлоготой үед орлогын хандлагыг хэрэглэдэг учраас эдгээр гурван хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орлогын хандлагыг хэрэглээгүй гэдгийг тайландаа дурдсан ба өртгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн хандлага хоёрыг ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийсэн.

Жишиг үнийн хандлагаар тооцоолж газрын үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 182 дугаар тогтоолын суурь үнийг үндэслэхэд 6,057,000 төгрөгөөр тооцоологдсон.

Зах зээлийн жишиг үнийн хандлага, харьцуулалтын хандлагыг хэрэглэсэн тохиолдолд тухайн газартай ойролцоо түвшний 3 газрын зарах үнийн саналыг харьцуулсан. Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай зарагдсан 700 метр квадрат бүхий газрыг 128,000,000 төгрөгөөр худалдаж авсан, мөн багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1162 метр квадрат талбай бүхий газрыг 140,000,000 төгрөгөөр зарах, Наран багийн нутагт байрлах 1070 метр квадрат талбай бүхий амины орон сууцтай газрыг 100,000,000 төгрөгөөр зарах саналтай 3 эд хөрөнгийг харьцуулж жишиг болгож сонгон авсан.

Норматив аргаар тооцсоноос гадна зах зээлийн жишиг үнийн хандлагыг тооцоолж Олон улсын үнэлгээний стандартад тодорхойлогдсоноор газрын 19 хүчин зүйлийг харьцуулалт хийж авч үзсэн. Тохируулга хийдэг үнэлгээний арга байдаг. 19 хүчин зүйлээр тохируулга хийгээд нэгж талбайн үнийг 58,800 төгрөгөөр тооцоолоод, 1346 м.кв-г 79,044,008 төгрөгийн үнээр тооцоолсон. Үүнээс үнэлгээний бүхэлчлэх аргыг ашиглаад зах зээлийн үнэ нь 79,000,000 төгрөг гэж тооцоолсон.

Хоёрдугаарт: Барилга хот, байгуулалтын газрын даргын тушаалаар батлагдсан нормативууд байдаг гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Стандартын зураг төсөлтэй, барилгын шаардлага хангасан тохиолдолд нормативыг хэрэглэх боломжтой. Нормативуудын хувьд харьцангуй өндөр нормативууд байдаг.

Миний хувьд үнэлгээг гаргахдаа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан нормативыг ашигласан. Энэ норматив үнэлгээ нь аж ахуйн аргаар баригдсан барилгад хэрэглэдэг норматив. Блок юм уу тоосгон өрлөгөтэй барилгын нэг м.кв талбайг 428.4 мянган төгрөгөөр норматив тогтоосон байдаг. Тийм учраас 52,4 м.кв талбайг үржүүлж үнэлгээг гаргасан. Норматив аргыг ашиглахад энэ барилгыг барихад хэчнээн хэмжээний өртөг, зардал гарах вэ гэдэг зардал гарч ирдэг. Энэ барилга 2013 онд улсын бүртгэийн гэрчилгээ авсан. Гэрчилгээ авахаас өмнө хэдэн онд баригдсан нь тодорхойгүй. Тийм учраас бид ашигласан хугацааг 2013 оноос хойш тооцсон.

Мөн газар дээр нь очиж барилгын чанар байдлын үнэлгээ хийсэн. Барилга гадна талдаа засал хийгдээгүй, 80 хувийн гүйцэтгэлтэй хэвээрээ, дээвэр нь хавтгай, тааз намхан, чанар байдлыг үзэхэд дунд үнэлгээтэй байсан. 50 хувийн элдэгдэлтэй, цаашид ашиглах хугацааг тооцсоны үндсэн дээр үнэ цэнийн бууралтын кофецонтыг ашиглаад өнөөгийн бодит үнийг гаргаж, 5,950,000 төгрөгөөр барилгыг үнэлсэн.

Зах зээлийн үнэ цэнэ гэж худалдагч, худалдан авагч тал уг хөрөнгүүд болон зах зээлийн орчны талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй, төлбөрийн талаар аливаа шахалт, дарамтгүй харилцан тохиролцож, хөрөнгө өр төлбөрийг арилжахаар юм уу солилцохоор тооцоолсон дүнг хэлнэ.

Бидний үнэлгээг тооцоолсон нөхцөл байдлаас үзэхэд уг барилгыг өртгөөр тооцоолсон хандлага 5,954,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэ цэнийг 5,900,000 төгрөгөөр тооцоолж, өртөгийн хандлагаар тооцоолсон дүн гарсан.

Мөн зах зээлийн ханшаар тооцоолохдоо гурван бодитой амины орон сууц буюу 25,000,000 төгрөгөөр зарах үнийн саналтай, 80 м.кв талбайтай, блокон өрлөгөтэй байшин, 25,000,000 төгрөгөөр зарах үнийн саналтай, 72 м.кв талбайтай, блокон өрлөгөтэй байшин, 18,000,000 төгрөгөөр зарах үнийн саналтай, 64 м.кв талбай бүхий тоосгоор баригдсан амины орон сууцнуудын жишиг үнэ цэнэ, ашиглалтад орсон он, хийц, байршил, хөрөнгийн зориулалтуудыг харьцуулалт хийж үзсэн.

Хөрөнгийн зохицуулалтын хувьд ижил байсан. Байршилын хувьд Наран баг, Алагтолгой баг, Бугат баг гэх байршилтай хөрөнгүүд байсан. Эдгээр хөрөнгүүдээс газрын нөлөөлөх үнэ цэнийг хасаад цэвэр барилгын үнэ цэнийг гаргаж ирсэн. Ингэснээр зах зээлийн үнээр энэ барилга 8,800,000 төгрөгийн үнэ цэнэтэй гэсэн тооцоог хийсэн учраас хамгийн өндөр дүн болох 8,800,000 төгрөгөөр зах зээлийн үнэ цэнийг бодит үнэ гэж хүлээн зөвшөөрч дүгнэлтэндээ 8,800,000 төгрөгөөр амины орон сууцийн барилгыг үнэлсэн.

Авто машины граш мөн 2013 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. Үүнээс өмнө хэдэн онд баригдсаныг мэдэхгүй. Мөн амины орон сууцтай адил норматив аргыг ашиглаад 3,500,000 төгрөгөөр үнэ цэний тооцоог гаргасан.

Грашийн байдал, ашиглалтын нөхцөл байдал, чанар зэрэг эдгээр хүчин зүйлүүд нөлөөлж 3,500,000 төгрөгөөс илүү үнэ цэнэ хүрэхгүй гэдгийг харгалзаж грашийг 3,500,000 төгрөгөөр, амины орон сууцийг 8,800,000 төгрөгөөр, өмчлөх эрхтэй 1346 м.кв талбай бүхий газрыг 79,000,000 төгрөгөөр, нийт эдгээр 3 хөрөнгийг 91,300,000 төгрөгөөр бодит үнэ цэнийг тогтоож үнэлгээг гаргаж явуулсан.

Ховд аймагт мөрдөгдөж байгаа газрын зах зээлийн дундаж ханш нь м.кв болон бусад нөхцөл байдлуудаас хамааруулаад үнийн дүнгээр 1-2 өрөө байр буюу доод тал нь 50,000,000 төгрөг, дээд тал нь 70,000,000 төгрөгтэй байдаг.

Мөн 1346 м.кв талбайтай газар маань бүсчлэлийн хувьд Газрын албанаас тодруулсанаас 5 дугаар бүсэд хамаарагдаж байгаа. Даамангийн хувьд Өргөө зочид буудлын хойд талаас буюу Өргөө зочид буудал руу харсан. Бусад бүх байршлуудын хувьд айлын хашаатай залгаа юм. Энэ нь газрын үнэ цэнд том нөлөө үзүүлдэг. Өргөө зочид буудлын баруун талд байгаа булангийн байшинтай хашаа нь 100,000,000 төгрөгөөр зарагдсан.

Ийм ийм хүчин зүйлүүд, нөхцлүүд, харьцуулах хөрөнгүүд байсан учраас би газрын үнэ цэнийг 79,000,000 төгрөг гэж үзэж байгаа.

Гурван хөрөнгийг аргачлалын дагуу, үнэлгээчний ёс зүйн хүрээнд бодит үнэ цэнэ тодорхойлогдсон гэж үнэлж үнэлгээний тайланг явуулсан....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн үнэлгээтэй сая дэлгэрэнгүй танилцлаа. Хас банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эдгээр 3 хөрөнгөнд 60,000,000 төгрөгийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ хүргүүлсэн. Тухайн эд хөрөнгийг нийтдээ 93,000,000 төгрөгөөр үнэлсэн учир Хас банк төлбөр төлөгчийн нөхцөл байдал, өөрийнх нь хүсэлтийг харгалзан дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч тухайн үнээр нь худалдан борлуулах эсвэл банк өрөндөө авах зорилготой байсан. Төлбөр төлөгч А.Отай 2018 оны 02 дугаар сард шүүхэд хандахаас өмнө, шүүхэд хандаад 3 шатны шүүхийн шийдвэр гарах явцад, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгчтэй  тохиролцох саналыг удаа дараа тавьсан. Хас банк эвлэрч, тохиролцож, зээлээ барагдуулах тал дээр нээлттэй байгаа. Хамгийн сүүлд гэхэд хөрөнгийн үнэлгээ хийснээс хойш төв албанаас ирсэн ажлын хэсэгтэй харилцагчийг дуудаж уулзуулаад, нөхцөл байдлыг танилцуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 93,000,000 төгрөгөөс 15,000,000 гаруй төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлье гэсэн саналыг мөн тавьсан. 2018 оны 02 дугаар сараас хойш өөрийнхөө хөрөнгийг хүсэж байгаа үнийн дүнгээрээ зараад үлдэгдлийг нь өөртөө авах боломж байсан. Банк ч тэр хугацааг нь хангалттай олгосон. Хамгийн сүүлд би төлбөр төлөгч А.Оыг банкан дээрээ дуудаад та зээлээ хурдан төлөхгүй бол болохгүй байна. Барьцаа хөрөнгөө та өөрөө зар гээд тухайн хөрөнгийг авч магадгүй ойролцоо барилга барьж байгаа Жаргалант луу ХХК, Ховдын өргөө ХХК, Турлиахт ХХК-ийн захирлуудтай төлбөр төлөгч А.Оыг уулзуулаад энэ газрыг барилга барьдаг юм чинь зээлээр аваач гээд ярилцахад зах зээлийн ханшинд байхгүй үнэтэй байна гэсэн.  А.Оын хашааны эгц урдаас харсан хашааг Хас банк өмнө жил нь 68,000,000 төгрөгөөр зарсан. Гэтэл А.О  хашаагаа 79,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Өргөө зочид буудлын хажууд гэж яриад байна. Өргөө зочид буудал яг замын хажууд байдаг. А.Оын хашаа Өргөө зочид буудлын ар талд жижиг тэрэг орох нарийн гудмаар явж байж ордог. Нүүрэн тал нь Өргөө зочид буудал руу хардаг. Бусад тал нь айлын хашаа руу хардаг газар юм....А.Оыг зээлээ төлөөч ээ, тохиролцъё. Та хөрөнгөө өөрийнхөө үнээр зараадахаач ээ гэж Хас банк араас нь гуйж зөндөө явж байгаа. Миний өрөөнд 3 компанийн захиралтай уулзаж байхдаа 150,000,000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд бүгд зах зээлийн үнээс илүү үнэтэй байна гэж хэлсэн. Цаашид ийм процессийн ажиллагааг явуулах боломжгүй болсон тул би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдааг явуулж өгөх хүсэлт тавьсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сард бүрэн дууссан. Хас банкны төв албанаас ирсэн ажлын хэсгийн тавьсан санал буюу 96,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 81,000,000 төгрөгийг төлөөд, зээл бүрэн төлснөөр шийдвэр гаргах боломж өөрт нь байсан боловч өөрөө бичгээр шүүхийн шийдвэр гарах хүртэл эцсээ хүртэл явна гэж бичиж өгсөн байсан. Ингэж  хугацаа хожсоноор өөрт нь ямар давуу тал бий болохыг мэдэхгүй. Энэ мөнгө бол ганцхан Хас банкны мөнгө биш. Олон хүний хадгаламжийн мөнгийг хуримтлуулж байж хүнд олгодог гэдгийг мэдэж байгаа байх.

А.О нь анхнаасаа энэ мөнгийг төлөхгүй гэж гурван шатны шүүхээр явж шийдвэр гаргуулсан. Одоо барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төлөхгүй гэж байна. Барьцаа хөрөнгөө худалдан борлуулж төлөхгүй гэж байгаа бол ядаж сард 100,000-500,000 төгрөгийн төлбөр төлөөд явсан бол Хас банк гэрээ байгуулж, харилцан тохиролцоод хэдэн жил ч хамаагүй үргэлжлүүлээд төлбөрөө төлөөд явах боломж байгаа. Гэтэл төлбөр төлөхгүй гэж татгалзаад байна.

Мөн өөрийнх нь хариуцлагагүй байдал харагдаж байна. Өөрийнх нь газарт өөрчлөлт орсон юм бол түүнийгээ гаргаж өгөөд дахин үнэлгээ хийлгэх боломжтой байсан. Өөрийнхөө ажлыг шүүхээр хийлгэх гээд байна. Шүүхэд ойлгомжгүй тайлбар, хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага гаргаад цаг алдаад байгааг ойлгохгүй байна.

Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх эрх байхгүй. Энэ шүүх хуралдаанаас хамаараад Хас банкны эрх ашиг хөндөгдөх гэж байгаа учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудыг бол хүлээн зөвшөөрөхгүй байна.....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээд нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О, М.Б нар нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тайланг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 07 тоот амины орон сууц, граж, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн 2 удаагийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай тодруулж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаартай Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дуудлага худалдаанд оруулах хөрөнгө хэлэлцсэн тухай тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь үндсэн болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 7 тоотод байрлах Ү-1617002498 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий граж, Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай, 1346 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1617003472 улсын бүртгэлийн дугаартай, 52.4 м.кв талбай бүхий амины орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах гэж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2019 оны  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох гэж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж тус тус тодруулав.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эс зөвшөөрч маргасан болно.

А.О, М.Б нараас үндсэн зээлийн төлбөр 77,575,757.58 төгрөг, зээлийн хүү 17,515,733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577,698.64 төгрөг, нийт 96,320,188.89 төгрөг гаргуулан Хас банкны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,613,649 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай магадлалт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00239 дугаартай тогтоол зэргээр тус тус тогтоогдлоо. /1-р хх-ийн 5-9, 10-13, 14-17 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Хас банкны Ховд салбарын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 24/416 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудас бичсэн байна. /1-р хх-ийн 76, 77 дугаар тал/

Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 19220220 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор А.От холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2 дахь заалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.От зөвшөөрчээ. /1-р хх-ийн 111 дүгээр тал/

А.Оын өмчлөлийн 1. Наран багийн 25-р гудамжны 07 тоот амины сууц, 52.4 м.кв талбай, Y1617003472, 2.граж 45 м.кв талбай, Y-16177002498, 3.Наран баг 25-р гудамжны 7 тоот, гэр бүлийн хэрэгцээний газар 1346 м.кв, Г1617002377 зэрэг эд хөрөнгийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19220220/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилжээ. /1-р хх-ийн 133 дугаар тал/

Мөн дээрх эд хөрөнгүүдийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19220220/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авчээ. /1-р хх-ийн 136 дугаар тал/

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч А.О нь амины орон сууцыг 40,000,000 төгрөг, автогражийг 10,000,000 төгрөг, газрыг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлэхээр саналыг гаргасан байна. /1-р хх-ийн 138 дугаар тал/

Улмаар 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19220220/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор А.Оын өмчлөлийн Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай 1346 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Y-1617003472 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц 52.4 м.кв талбай бүхий 80 %-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Y-1617002498 улсын бүртгэлийн дугаартай 45 м.кв талбай бүхий граж зэрэг эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Хөрөнгө үнэлгээний ХХК Ховд салбар Мөнхцоож шинжээчээр томилжээ. /1-р хх-ийн 151 дүгээр тал/

98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19220220/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцооз нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайлангаар газрыг 79,000,000 төгрөг, амины орон сууцыг 8,800,000 төгрөг, гражийг 3,500,000 төгрөг, нийт 91,300,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1-р хх-ийн 155-166 дугаар тал/

Дээрх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайланг Хас банкны Ховд салбар, А.О нарт 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 173, 175 дугаар тал/. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцэж байна.

Харин нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч А.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй хууль зөрчсөн байх боловч талууд энэ талаар маргаагүй учир хууль зүйн дүгнэлт өгөхгүй шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заажээ.

Дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09/01 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19220220/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19220220/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус бүр хүчингүйд тооцжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь ....Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн байсан учир 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09/01 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19220220/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19220220/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгосон тул үүнийг дагалдаад 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайлан хүчингүй болсон.... гэж тайлбарлав.

Гэвч амины орон сууц, граж, газар зэргийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Ч.Мөнхцоожийг томилсон 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19220220/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь хүчин төгөлдөр байна. Энэхүү тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүйд тооцоогүй байна.

Уг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19220220/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь хүчинтэй байх тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайлан нь хүчин төгөлдөр байна.

Дээрх тогтоол хүчинтэй байхад 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19220220/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19220220/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус бүр хүчингүйд тооцсон гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайланг хүчингүй болсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайлан нь хүчинтэй байх хэдий ч эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулснаас хойш 1 сар 3 хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчжээ.

Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр-ны өдрийн А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 7 тоотод байрлах Ү-1617002498 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий граж, Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай, 1346 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1617003472 улсын бүртгэлийн дугаартай, 52.4 м.кв талбай бүхий амины орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

А.Оын өмчлөлийн 1. Наран багийн 25-р гудамжны 07 тоот амины сууц, 52.4 м.кв талбай, Y1617003472, 2.граж 45 м.кв талбай, Y-16177002498, 3.Наран баг 25-р гудамжны 7 тоот, гэр бүлийн хэрэгцээний газар 1346 м.кв, Г1617002377 зэрэг эд хөрөнгийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19220220/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилжээ. /1-р хх-ийн 178-179 дүгээр тал/

Мөн дээрх эд хөрөнгүүдийг 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19220220/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авчээ. /1-р хх-ийн 183 дугаар тал/

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч А.О нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр амины орон сууцыг 40,000,000 төгрөг, автогражийг 10,000,000 төгрөг, газрыг 156,000,000 төгрөгөөр тус тус үнэлэхээр саналыг гаргасан байна. /1-р хх-ийн 186 дугаар тал/

Улмаар 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19220220/05 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор А.Оын өмчлөлийн Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай 1346 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Y-1617003472 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц 52.4 м.кв талбай бүхий 80 %-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Ховд аймаг Жаргалант Наран баг 25 гудамж 07 тоот хаягт байршилтай Y-1617002498 улсын бүртгэлийн дугаартай 45 м.кв талбай бүхий граж зэрэг эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Хөрөнгө үнэлгээний ХХК Ховд салбар Мөнхцоож шинжээчээр томилжээ. /1-р хх-ийн 188 дугаар тал/

98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19220220/05 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцооз нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр газрыг 79,000,000 төгрөг, амины орон сууцыг 8,800,000 төгрөг, гражийг 3,500,000 төгрөг, нийт 91,300,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1-р хх-ийн 193-204 дүгээр тал/

Дээрх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтийг Хас банкны Ховд салбар, А.О нарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 207, 209 дүгээр тал/.

98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19220220/05 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын үндэслэн хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт нь үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болохоор заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчжээ.

Тодруулбал, 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 19220220/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар, амины орон сууцны барилга болон авто машины граж үнэлсэн тухай тайлан зэрэг нь хүчинтэй байхад буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрөөгүй байхад үнэлгээ тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2019 оны  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 7 тоотод байрлах Ү-1617002498 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий граж, Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай, 1346 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1617003472 улсын бүртгэлийн дугаартай, 52.4 м.кв талбай бүхий амины орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр А.О, М.Б нарын нэхэмжлэлийг гардан авчээ. /1-р хх-ийн 29 дүгээр тал/

Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь А.От холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, 98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 дотор мэдэгдэх үүргээ тус тус хэрэгжүүлэлгүйгээр хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

А.От холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх үндэслэл бий болсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн атлаа А.Оын өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулахаар хэлэлцэж, улмаар дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг томилсон нь буруу болжээ.

 

Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаартай Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч томилох тухай тушаал, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дуудлага худалдаанд оруулах хөрөнгө хэлэлцсэн тухай тэмдэглэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О, М.Б нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5-д заасныг баримтлан Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн А.Оын эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2019 оны  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн  98 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаартай Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч томилох тухай тушаал, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дуудлага худалдаанд оруулах хөрөнгө хэлэлцсэн тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд А.Оын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25 дугаар гудамжны 7 тоотод байрлах Ү-1617002498 улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбай бүхий граж, Г-1617002377 улсын бүртгэлийн дугаартай, 1346 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1617003472 улсын бүртгэлийн дугаартай, 52.4 м.кв талбай бүхий амины орон сууц зэргийг үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О, М.Б нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ