| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00638/И |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2020-03-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00091
| 2020 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00091 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт Т Хын нэхэмжлэлтэй,
улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг Ж.Тохайн нөхөх олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, прокурор Т.Өсөхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний аав болох Жамбуугийн Тохай нь 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улс төрийн хэргээр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаар тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн цаазлагдсаныг 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дээд шүүхийн цэргийн коллегийн 190 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Иймээс Тохай овогт Х миний биед цагаатгалын нөхөн олговор 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан Жамбуугийн Тохайгийн Хын эцэг Жамбуугийн Тохой нь 1938 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаад Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 33, 47 дугаар зүйлд зааснаар дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Ингээд 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дээд шүүхийн Цэргийн коллегийн 190 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Нөхөр олговрын жагсарлтын 27 дээр Ховд аймгийн Тохойн Х, Жамбуугийн Тохайн хүүхэд гээд 80,000,000 төгрөгийн баримтыг бүрдүүлсэн. Улс төрийн хэрэгт шийтгүүлсэн, цагаатсан эцэг Жамбуугийн Тохайгийн нөхөн олговрыг Тохайгийн Хд нөхөн олговор болох 80,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж байна. Мөн Казак хүмүүсийн нэр өөр өөрөөр бичигдэж байсан учраас нэг ойлголт болгоод 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/2019/00515 дугаартай Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Мөн төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурорын оролцоод Казак хүмүүсийн нэр өөр байдаг талаар тайлбарласан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т зааснаар шаардах эрхтэй байгаа тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би Т.Хын нэхэмжпэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байна. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 515 дугаартай шийдвэрээр Хыг Жамбуугийн Тохайгийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоосон буюу садан төрлийн холбоог тогтоож шийдвэрлэсэн байна. Хэргийн материалтай танилцахад уг шийдвэрийг гаргахад шаардагдах нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэж үзэж байгаа. Харин бусад нотлох баримтуудаар хэлс хэргээр шийтгүүлсэн болон цагаатгагдсан нь тогтоогдсон учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Х нь цагаатгалын нөхөн олговор 80,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэлмэгдэгч Жамбуугийн Тохай нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баривчлагдан мөрдөгдөж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дээд шүүхийн Цэргийн коллегийн 190 дүгээр магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5662 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03-6/5304 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03-6/5301 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03-6/5304 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36/005275 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.Х нь хэлмэгдэгч Жамбуугийн Тохайн төрсөн хүү мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2019/00515 дугаартай шийдвэрээр тогтоогдлоо.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Х нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Зууны мэдээ сонинд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Т.Хын нэрийг зарлажээ.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Харахас назар овогт Тохайн Хд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Харахас назар овогт Тохайн Х / /-д олгосгуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ