Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар  2023/ШЦТ/263

 

   2023         04         14                                    2023/ШЦТ/263

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

Хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могойд овогт ЭНд холбогдох эрүүгийн 2203 00111 0213 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Могойд овогт ЭН, регистрийн дугаар ............................

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Монцамэ агентлагт гадаад харилцааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын гудамж 87 байрны 79 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул голын гудамж 87 дугаар байрны 79 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Могойд овгийн Э.Н нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины ам, Холбооны бетон антены гарцтай замд “Тоёота Хайландер” маркийн 33-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Эыг дайрч түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие тухайн үед санамсаргүйгээр хохирогч Ч.Эт учруулсан зам тээврийн осолдоо харамсаж байна. Тухайн үеийн шалтгаан нөхцөл байдалд одоо хүртэл эргэлзэж явдаг. Хохирогчийг харчихгүй яав даа гэх харамсах сэтгэл төрж явдаг. Хуулийн хүрээнд тогтоолгох гэж өөрийнхөө хүрээнд үзлээ. Тогтоосон мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Миний өөрийн санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэж, хойд зам дээр хэвтэж байсан Ч.Э хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байгаагаа илэрхийлж байна, санхүүгийн байдлаас болоод хохирол төлөх боломжгүй байсан, хуримтлуулж байсан мөнгөө л сая өглөө.Цаашид гарах зардлыг иргэний журмаар төлөхөд татгалзах зүйлгүй ...” гэв.

Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед болсон ослыг эмнэлгийн тусламж авахаас өмнө би бүх зүйлийг мэдэрч байсан. Прокурорын саналыг дэмжиж байна. Жолооч маш хурдан орж ирсэн. Тэр зам уруу байсан. Уруу замд бүх зүйл харагдана. Би бие сэтгэлийн хувьд их хохирсон. Бүтэн нэг жил болоход надтай ямар ч харилцаа тогтоогоогүй. Эмнэлэгт байхад 200.000 төгрөг ээж нь ирж өгсөн. Түүнээс өөрөөр ирж уулзаагүй. Миний бие цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ хэрэг болоод 1 жил гаруй болж байна. Би одоо тонгойж үйлдэл хийж чадахааргүй болсон. Өмгөөлөгчийн гаргасан 5.918.148 төгрөг нэхэмжлэлтэй санал нэг байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.Эын...тухайн үед би өөрийгөө гайгүй согтолттой байна гэж бодож байсан. Би айлаас гараад шороон замаар явж байгаад тойргийн хойд талаас засмал зам руу ороод осол гарсан газрын баруун талд ирээд зам хөндлөн гараад шороон замаа дагаад доошоо буутал зам нэлээн хальтиргаатай байсан учир унах шахаад биеэ цэгнээд дахиад доошоо явтал бетон шонгийн харалдаа хальтраад унасан. Би уначихаад нэг хэсэг хэвтэж байтал 1 автомашин урдаасаа баруун гар тийшээ эргэж орж ирээд намайг дайраад өнгөрөөд зогссон. Би тэр машиныг хараад босох гэсэн боловч түрж мөргөөд урд дугуйгаараа цээжин дээгүүр гараад нэг зогсох гэснээ дахин хаазлаад хойд дугуйгаараа дайрч гараад 2-3 метр яваад зогссон ...жолооч эрэгтэй хүн бууж ирээд “юу вэ” яах вэ ахаа гээд орилоод байсан. Би тэр хүнд эмнэлэг дууд гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх 19-20 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8.992.032 төгрөгийн зардал гарсан ... яллагдагч Э.Нгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх 15 дугаар тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 324 тоот дүгнэлтэнд:

1. “Ч.Эын биед баруун 1-12, зүүн 1-11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндий дэх хий, бүсэлхийн 1-р нугалам их биеийн шахагдсан хугарал, баруун бугалга, баруун эгэм, зүүн дал, өвчүүний бүдэрхийн сэлтэрсэн хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэжээ /1 хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,

2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл дэх “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд “Тоёота Хайландер” маркийн 33-45 УНБ улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч зам дээр хэвтэж байсан Ч.Эыг дайрч эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, зорчих хэсэг дээр хэвтэж байгаа хүн жолоочид харагдах боломжтой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах туршилт хийв .../... хэрэгт хамааралгүй хөндлөнгийн жолооч болох Э.Золбаяраар автомашиныг жолоодуулан хэргийн газар руу эргэх үед ослын газарт А цэгийг үндэслэн байрлуулсан хиймэл хүнийг хараад зогссон бөгөөд яагаад зогссон талаар асуухад зорчих хэсэгт дээр хүн байгаа учир зогссон талаар хэлэв ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэг /1хавтаст хэргийн 198-201 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3276 дугаартай дүгнэлтэнд:

1. “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд Toyota Highlander маркийн 33-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь баруун гар тийш эргэхдээ шороон хальтиргаатай зам дээр хэвтэж байсан гэх явган зорчигчийг дайрсан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг биелүүлээгүй үндэслэлтэй байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан 11-р хуудас дахь нотлох баримтад явган зорчигч Чүлтэм овогтой Энхбаатар нь 2022 оны 02 дугаар сарын 26-нд явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 2,05%  тоон үзүүлэлттэй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тогтоосон нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б-д Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: “өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” заалт, хавтаст хэргийн 4,5,7,8-р хуудас дахь явган зорчигч хэвтэж байсан гэх цус мэт улаан зүйлээр бохирлогдсон хэсгийг автомашинд дайруулсан гэх “А” цэгээр авсан нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б-д явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. Үүнд: “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” заалтыг биелүүлээгүй байна.

3. Зам, замын байгууламжтай холбоотой асуулт нь авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу хариулах боломжгүй.

4. Чиг өөрчлөх, эргэх гэдэг нь явж байгаа чигээ өөрчилж баруун, зүүн гар тийш эргэх, буцаж эргэх үйлдэл хамаарах тул жолооч Э.Н нь хатуу хучилттай замаас шороон зам руу гарч байгаа үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийн чиг өөрчлөх үйлдэл мөн.

5. Тухайн осол болсон замын хэсэг нь асфальтан замаас гарсан тээврийн хэрэгсэл явах боломжтой замын шороон хэсэг буюу замын зэргэлдээх нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээр хүн дайрагдсан осол болсон байх тул зам тээврийн осолд хамаарна.

6. Мөрдөн шалгах туршилтаар хатуу хучилттай замаас гарч шороо хэсэг рүү орох үед зам дээр хэвтэж байсан явган зорчигчийг харах боломжтой байсан байна.

7. Явган зорчигч өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуу, зам дээр хэвтэж байсан нь зам тээврийн осол гарах шалтгааны нэг нөхцөл болсон байна.

8. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд анх хүн дайрагдсан гэх “А” цэг нь асфальтан замаас ямар зайд байгаа болон замын налуу хэсгийн өнцөг тодорхой биш тул жолооч Э.Н нь асфальтан замаас гарч уруудахдаа хэвтэж байсан явган зорчигч хүртэлх зайд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой эсэх болон бүрэн зогсолтын замыг тогтоох боломжгүй байна” гэжээ /2 хавтаст хэргийн 2-6 дугаар тал/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн “...Туршилт хийгээд автомашин зогсох боломжтой гэдгийг харуулсан нотлох баримт хэрэгт авагдсан байна. Хурдыг дээрх арга хэрэгслийг буюу камер, тоормосны мөр ашиглаж бүрэн тогтоох боломжтой. Өөрөөр тогтоох боломж одоогоор байхгүй ...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Гэрэлмаагийн “...2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө гарсан осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай төрсөн хүү Нямдаваа осол гарсан талаар надад сүүлд хэлсэн. Энэ Т.Хайландер маркийн 33-45 УНБ дугаарын автомашиныг 2018 онд өөрийн эзэмшилд худалдан авсан боловч манай хүү Нямдаваа байнга унаж ашиглаж байгаа. Нямдаваад бүр өгөөгүй, Нямдаваа ажилдаа унадаг юм. Би энэ автомашиныг унадаггүй. Хамгийн сүүлд хэзээ оношилгоонд орсныг нь би мэдэхгүй байна. Авснаасаа хойш унаж ашиглаж байгаагүй. Энэ автомашиныг ЭМ ЭЛ жи ББСБ-д 2018 онд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл аваад нэрийг нь шилжүүлсэн боловч миний эзэмшлийн автомашин юм. 2022 оны 02 дугаар сард зээлээс нь 3.000.000 төгрөг үйлдсэн байсан боловч дахин мөнгө хэрэг болоод 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэмж зээл аваад 15.000.000 төгрөгийн зээл авсан байгаа. Автомашинд эвдрэл гэмтэл учраагүй, нэхэмжлэх зүйлгүй. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Автомашин эвдрээгүй ...; …Э.Н манай хүүхэд бөгөөд буруу зөв нь тогтоогдсон тохиолдолд төлбөрийн асуудлыг төлнө гэж бодож байна. Одоогоор би хохирогчийн эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд 200.000 төгрөг шилжүүлсэн. Цаашид гарах зардалд нь туслана гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 71, 74 дүгээр тал/,

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн 04-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Эаас гаргасан хохирлын баримтууд /1хх 24-36 дугаар тал/,

Өвчний түүх /1хх 38-68 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Нгийн “...би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед лагераасаа гараад хот орж гэртээ харьж усанд ороод 22 цаг өнгөрч байх үед гэр лүүгээ явсан. Би тухайн үед Хайландер маркийн 33-45 УНБ дугаарын автомашиныг жолоодон ганцаараа явж байсан. Замаараа шатахуун аваад Яргайтын богинын ам руу өгсөж засмал замаар яваад хогийн цэг өнгөрөөд засмал замаасаа баруун гар тийш шороон зам руу уруудаж ороод жоохон явтал чулуу дайрах шиг мэдрэгдсэн бөгөөд би машины доод талыг шалгах зорилгоор зогсоод буугаад хартал газарт хүн хэвтэж байсан. Би хүн дээр очоод хартал нөгөө хүн доошоо харсан байдалтай, урдаасаа хойшоо чиглэлд толгой нь хандсан, хар хөх хувцастай хүн байсан. Би хүнийг ахаа та яаваа гэхэд нөгөө хүн ёо гэж хэлээд асуултад хариулахгүй байсан. Зүүн талын чихний дээд хэсгээс шалбарч цус гарсан байсан. Би машины араас суудлын бүрээсээ гаргаж ирээд толгой дээр нь 1-ийг, мөн дээр нь 1-ийг тавьж даарахаас сэргийлсэн. Би өөрийнхөө утсаар цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирээд хүнийг үзээд аваад явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Машиныг түр саатуулсан. Би нөгөө хүнээс нэрийг нь асуухад нэрээ хэлсэн бөгөөд гэрийнхнийхээ утсыг өгөөч гэхэд хариулахгүй байсан. Автомашин манай ээжийнх боловч одоо ББСБ-ийн нэр дээр байдаг. Би энэ автомашиныг 2018 оноос хойш байнга унаж байна. 2021 оны 7 дугаар сард оношилгоонд орж тэнцсэн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Осол гарах үед би ядраагүй байсан. Янз бүрийн эмийн хэрэглээ байхгүй. Автомашины гэрэл урагш бүрэн тусч байсан бөгөөд зам дээр хүн харагдаагүй, босоо явж байгаагүй, зам дээр хэвтэж байсан гэж бодож байна. Тухайн үед би маш бага хурдтай, огцом эргэлттэй зам учир маш бага хурдтай явж байсан. Осол гарах үед зам орчны байдал түгжрэлгүй байсан. Тэр зам нь огцом буудаг зам бөгөөд тэндээ сул шороотой, хальтиргаа гулгаатай байдаг юм. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам гэрэлтүүлэггүй байсан. Осол гарах үед тэр хүнээс өөр хүн байгаагүй. Би ганцаараа явж байсан. Осол гарсны дараа тэр хавиар хүн яваагүй. Одоогоор 200.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байна. Би хохирогчийн эмчилгээний төлбөрт баримтаар гаргаж өгсөн мөнгийг төлнө гэсэн бодолтой байгаа боловч одоогоор яг бэлэн мөнгөгүй байгаа бөгөөд би ямар нэгэн хадгаламжгүй, тодорхой хэмжээний зээл төлдөг учир болохгүй. Ослын улмаас автомашинд эвдэрсэн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцсан. Би өмнө нь танилцаад санал хүсэлт гаргаагүй боловч би өөрөө Замын хөдөлгөөний дүрэм судлаад үзтэл энэ заалттай санал нийлэхгүй байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Хүний эрүүл мэнд хохирсонд харамсаж маш их сэтгэлийн дарамттай байгаа ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 132 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 122/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 118/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 120/,

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1хх 121/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Могойд овгийн Эрхэмбаатарын Нямдаваа нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины ам, Холбооны бетон антены гарцтай замд “Тоёота Хайландер” маркийн 33-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Эыг дайрч түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Эын мэдүүлэг /1хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /2хавтаст хэргийн 15 дугаар тал/,  иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Гэрэлмаагийн мэдүүлэг /1хавтаст хэргийн 71, 74 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 324 тоот дүгнэлт /1хавтаст хэргийн 96-98 дугаар тал/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 198-201 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3276 дугаартай дүгнэлт /2хавтаст хэргийн 02-06 дугаар тал/, шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /2хавтаст хэргийн 09-10 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг  зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Энэ нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 324 тоот дүгнэлтээр хохирогч Ч.Эын биед баруун 1-12, зүүн 1-11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндий дэх хий, бүсэлхийн 1-р нугалам их биеийн шахагдсан хугарал, баруун бугалга, баруун эгэм, зүүн дал, өвчүүний бүдэрхийн сэлтэрсэн хугарал гэмтлүүд учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Нгийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 Уг Авто тээврийн осол гарахад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Энэ нь Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад 2,05% тоон үзүүлэлттэй, согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б-д Замын хөдөлгөөнд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б-д Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: “өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” заалт, хавтаст хэргийн 4,5,7,8-р хуудас дахь явган зорчигч хэвтэж байсан гэх цус мэт улаан зүйлээр бохирлогдсон хэсгийг автомашинд дайруулсан гэх “А” цэгээр авсан нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б-д явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. Үүнд: “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” заалтыг биелүүлээгүй байгаа нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалт, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл:

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Нг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Нгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэдийгээр санамсаргүй байдлаар үйлдэгддэг боловч түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан бөгөөд Э.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Баримттай хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн. Цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилээр хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх шаардлагатай байгаа учир гэр болон ажлын хооронд явах шаардлагатай гэж үзэн ийм саналыг шүүхэд гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г  хэргийн хамт хадгалуулах саналтай байна...” гэсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгээс: “Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна” гэв.

Шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Төлөх төлбөргүйг дурдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хавтаст хэргийн 12 дугаар талд байгаа. Өөрийнхөө эзэмшилийн гар утаснаас эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудсан тэмдэглэл байгаа. Зам тээврийн осол гэдэг нь тохиолдлын шинжтэй, урьд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн зэргийн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. 2 хүний хувьд гэвэл бага насны хүүхэдтэй, тогтсон гэр бүлтэй, улсад хөдөлмөрлөж буй залуу гэр бүл. Цаашид хохирогчийн иргэний нэхэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлж байна. Ажил хөдөлмөрөө хийгээд явж байгаа тул хохирол төлбөрийг төлөх боломжтой гэж миний зүгээс үзэж байна. Залуу хүн нэг алдсан. Өөрийнхөө гэм бурууг ухамсарладаг. Өөрийнх нь амьдралд том сургаж болсон гэж үзэж байна. Зам тээврийн хэрэг бол санамсаргүй, болгоомжгүйгээр үйлдэгддэг. Эдгээр байдлуудыг харгалзаад зорчих эрхээ хязгаарлах нь тухайн оршин суугаа газартаа тогтоогддог. Ажил, гэр нь 2 өөр газар байрладаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу 3 жил тэнсэн үүрэг хүлээлгэх гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хуулийн заалтыг барьж эрүүгийн хариуцлага оногдуулж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн гол зорилго маань хүнийг гэмшүүлэх зорилготой байдаг. Энэ хүн нь залуу хүн, сэхээтэн хүн, хятад хэлний МОНЦАМЭ-д ажилладаг боловсролтой залуу байгаа. Өөрийн хийсэн хэрэгтээ их гэмшиж явж байгаа. Хохирогчид учирсан хохирол, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулхад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас энэ эрүүгийн хариуцлагыг саналыг шүүхэд гаргаж байна. Эрх хасах тал дээр маргахгүй ...” гэсэн саналыг гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Ч.Эт хохирлын 3.095.000 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны үед 200.000 төгрөгийг нийт 3.295.000 төгрөгийг  төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээ хийлгүүлсэнтэй холбогдуулан гарах зардлыг төлөхөө илэхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд;

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Э.Нг чөлөөлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Э нь 3.293.008 төгрөгийн баримттай хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Н нь нийт 3.295.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээ хийлгүүлсэнтэй холбогдуулан гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Ч.Э нь эмнэлэгт хэвтэх хугацаанд түүний хүү Э.Золбоог ажлаасаа чөлөө авч намайг асарсан тул түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болох 5 918 148 төгрөг нэхэмжилсныг шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Өөрөөр хэлвэл хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг түүний ажлын цагийн бүртгэл, ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн гаргах боломжгүй юм.

Ингэж хэлэлцэхгүй орхих нь иргэний нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Мөн хохирогч Ч.Э нь энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд 8.992.032 төгрөгийн зардал гарсаныг,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх, 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэхээр хуулчилсан байх тул шүүгдэгч Э.Нгаас дээрх 8.992.032 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Н нь 703612 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд гээгдүүлсэн шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааны үед хураалгаагүй гэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар туршилт хийсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Могойд овогт ЭНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Э.Нг чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

4. Хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8.992.032 төгрөгийг шүүгдэгч Э.Нгаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Н нь 703612 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд гээгдүүлсэн шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааны үед хураалгаагүй, 2 ширхэг Сиди-г хэргийн хамт хадгалах, хохиролд 3.295.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээ хийлгүүлсэнтэй холбогдуулан гарах зардлыг төлөхөө илэхийлсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ