Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/988

 

  2023          7           17                                       2023/ШЦТ/988

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч Э.Намуун /томилолтоор/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт А-ын С-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2303 00320 0302 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5. эцэг, эх, дүү нарын хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 Б овогт А-ын С /РД:.................. / 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод хэргийн Их сургуулийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр, Тоёота приус 20 маркийн ........... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө", мөн дүрмийн 3.5-т заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох Б.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 5 дахь тал/,           Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дэх тал/,

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14 дэх тал/,

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 дахь тал/,           Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/,

 Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын 2023.6.06-ны өдрийн 04/2288 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 59-60 дахь тал/,

 Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, *******аас гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 23-25 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тий өгсөн: "...Би 2023 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд найз Эрхэмбаярын хамт Дотоод Хэргийн Их сургуулийн урд талын байранд очиж хүнтэй уулзах гээд явж байсан ба бид хоёр Дотоод Хэргийн Их сургуулийн урд талын авто замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед ертөнцийн зүгээр зүүн талаас 2 дугаар эгнээнээс цагаан өнгийн Тоёота приүс 20 маркийн автомашин ямар нэгэн зогсох үйлдэл хийлгүйгээр ирээд намайг мөргөөд, зогсолгүй шууд чигээрээ яваад өгсөн. Би машинд мөргүүлээд газар унасан. Харин найз Эрхэмбаяр машинд мөргүүлээгүй. Тэр үед уулзах гэж байсан Эрхэмбаярын найз охин Баярдулам ослын газарт ирсэн байсан. Тэр охин өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч нь намайг үзээд “баруун хөлийг минь хугарсан байна” гээд “шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэсэн. Тэр үед намайг мөргөсөн цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашины жолооч гэх 20 гаран насны үл таних эрэгтэй хүн ослын газарт буцаад ирчихсэн байсан. ...ослын улмаас миний баруун хөлний шилбэний яс хугарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн н 20-21 дэх тал/,

 Гэрч Х.Эрхэмбаярын өгсөн: "...2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд хичээлээ тараад Тэлмүүн найзтайгаа Сансарт уулзаад манай найз охин Баярдуламтай уулзахаар Хууль Сахиулах Их сургуулийн зүг 23 цагийн орчимд явсан. ...сургуулийн урд зам дээр буугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний замаар зам хөндлөн гарах үед би Тэлмүүний урд гар утсаараа яриад явж байсан. Тэлмүүнээ миний ард нэг алхамын зайтай явж байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Тоёота приус 20 маркийн цагаан автомашин 80 орчим км цагийн хурдтай ирээд Тэлмүүнийг мөргөсөн. Тэгээд эргээд хартал Тэлмүүнээ мөргүүлж байгаа машины хамар дээгүүр нь даваад газарт унаж байсан. Тэгтэл мөргөсөн машин зогсохгүй шууд цаашаа яваад өгсөн. Хажууд байсан машины жолооч ах нар машинаасаа бууж ирээд түргэн дуудсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6252 дугаартай: 1. Б.Тий биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл , баруун тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дахь тал/,

 Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.5.25-ны өдрийн 281664 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-52 дахь тал/,

 Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Нямбаярын 2023.6.29-ний өдрийн 808 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" /хх-ийнн 72-73 дахь тал/,

 Яллагдагч *******ын өгсөн: "...шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа" гэх мэдүүлэг /хх-ийнн 83 дахь тал/,

 Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: "...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Баянзүрх Эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,936,000 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 99 дэх тал/,

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хүсэлт /хх-ийн 103-104 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд нь 5,000,000 төгрөгийг /хх-ийн 25 дахь тал/ авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 104 дэх тал/ байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авахад Эрүүл Мэндийн Даатгалын сангаас зарцуулсан 1,936,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заснаар хорих ял ононгдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ын С-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******-д тайлбарласугай

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан *******ад хяналт тавихыг харъяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1,936,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчиин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА