| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00614/и |
| Дугаар | 00006 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 00006
| 2020 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00006 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнхайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Х овогт С М //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,350,000 төгрөг, зээлийн хүү 21,595 төгрөг, алданги 576,070 төгрөг, нийт 1,947,665 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153/2019/00614/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Сур суран эдлэл хийх зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээл авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 650,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 650,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу үндсэн зээл 650,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 1,350,000 төгрөг, хүү 21,595 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 тоот Ховд аймгийн Санхүү хяналт, аудитын алба, улсын байцаагчийн акт, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу 576,070 төгрөгийн алданги, нийт 1,947,665 төгрөгийг Сум хөгжүүлэх санд төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Самдангийн Мөөс сум хөгжүүлэх санд төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.М тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөнххайрхан сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн 1,947,665 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь С.Мд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,350,000 төгрөг, зээлийн хүү 21,595 төгрөг, алданги 576,070 төгрөг, нийт 1,947,665 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,350,000 төгрөг, зээлийн хүү 21,595 төгрөг, алданги 576,070 төгрөг, нийт 1,947,665 /нэг сая есэн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 46,113 /дөчин зургаан мянга нэг зуун арван гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,947,665 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,113 төгрөгийн тал хувь болох 23,056.5 төгрөгийг хариуцагч С.Мөөс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч С.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,350,000 төгрөг, зээлийн хүү 21,595 төгрөг, алданги 576,070 төгрөг, нийт 1,947,665 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,947,665 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 46,113 /дөчин зургаан мянга нэг зуун арван гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 46,113 төгрөгийн тал хувь болох 23,056.5 /хорин гурван мянга тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч С.Мөөс гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ