Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00007

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00007

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн  оршин суух, Т овогт Х-ийн Б //-т холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 319,311 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,249 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 138,511 төгрөг, нийт 511,071 /таван зуун арван нэгэн мянга далан нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2019/00605/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40525861 тоот гэрээ байгуулан 94104014 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан P-Smart /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 319,311 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,249 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 138,511 төгрөг, нийт 511,071 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0/187 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ: Хариуцагч Х овогтой Б нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 40525861 тоот гэрээний үлдэгдэл 511,071 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 сарын 23-нд бүрэн төлсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Х.Бт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 319,311 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,249 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 138,511 төгрөг, нийт 511,071 /таван зуун арван нэгэн мянга далан нэг/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 511,071 /таван зуун арван нэгэн мянга далан нэг/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/6501 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,982 төгрөгийн тал хувь болох 7,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,991 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 319,311 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,249 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 138,511 төгрөг, нийт 511,071 /таван зуун арван нэгэн мянга далан нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлага болох 511,071 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,982 төгрөгийн тал хувь болох 7,991 /долоон мянга есэн зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7,991 /долоон мянга есэн зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ