Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0370

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр          Дугаар 128/ШШ2020/0370            Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М.

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар.

Гуравдагч этгээд: “Ч” ХХК 

Прокурорын дүгнэлт:  “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага дүгнэлттэй бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нарыг оролцуулав.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-д нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр "Ч” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ч" ХХК-ийн “Ч” гэх нэртэй эмийн сан нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Б-д “и-баримт” олгоогүй гэх үйлдэлд “Ч” ХХК-ийг “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулжээ.

Хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалд хохирогч С.Бы “800 төгрөгийн үнэтэй маскнаас 5 ширхэгийг, 1100 төгрөгний үнэтэй маскнаас 5 ширхэгийг худалдан авч 9500 төгрөгийн гүйлгээнээс надад 4000 төгрөгийн баримт өгсөн, нэмж 1100 төгрөгийн маскнаас 5 ширхэгийг худалдан авахад маскны үнэ нэмэгдсэн учир .... баримт өгөхгүй гэж хэлсэн" гэх, холбогдогч Л.М-ийн “манай эмийн санч Б.Бат нь маскны үнэ нэмэгдсэн “и-баримт” өгөхгүй гэж хэлэх үндэслэл байхгүй камерын бичлэгийг шүүсэн тухайн үед 3 залуу ар араасаа орж ирэн маск худалдан авч, аптекийн зургийг дарж гарсан, тухайн үед баримтыг цувуулан өгсөн, магадгүй өөрөө и баримтаа үлдээгээд гарсан, эсхүл хажуу талын хүн нь авсан байх” гэх мэдүүлгүүд тус тус нотлох баримтаар авагджээ.

Цугларсан нотлох баримтаар “Ч" ХХК-ийн төлбөрийн и баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй үйлчлүүлэгчид олгосон гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчих зөрчлийн шинжгүй харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл /Татварын хууль зөрчих/-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.

Мөн төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон, Эсхүл олгоогүй гэх үйлдлийг бүрэн нотлох ажиллагааг эрх бүхий албан тушаалтнаас хийж гүйцэтгээгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удидлага болгон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 ны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч" ХХК-нд 5.000.000 /таван сая / төгрөгөөр торгож шийтгэл 0059...  оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-т “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон тэр бүлийн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл эглэж байгаа хувь хүнийг” гэж, 3.1.2-т “худалдагч” гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг” гэж, 12.8-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл   өгөхийг хориглоно” гэж тус тус заасан байна.

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 1800-1284 утсанд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах “Ч” ХХК-ийн “Ч” гэх нэртэй эмийн сантай холбоотой гурван гомдол ... Нэг гомдол нь иргэн С.Б-д маскний үнэ нэмэгдсэн тул и-баримт өгөхгүй гэж тухайн хэрэглэгчийн 9500 төгрөгийн гүйлгээний тооцоонд 4000 төгрөгийн и-баримт нь хохирогчоос ирүүлсэн дансны хуулга, “Ч” эмийн сангаас хохирогчид и-баримт болон болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 1/06 дугаар удирдамжийн дагуу тухайн эмийн санд хяналт шалгалт хийх явцыг харуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдсон.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Б-аас ирсэн гомдлын дагуу хяналт хийхээр “Ч” эмийн санд очиход, 1100 төгрөгний үнэтэй нэг удаагийн орос амны хаалтнаас 10 ширхэгийг худалдан авсан хэрэглэгчид 8800 төгрөгний и-баримт өгч байсан нь баримтаар тогтоогдсон. Эмийн сангийн ажилтнаас тодруулахад кассын үлдэгдэл 8 ширхэг байсан учраас баримт тэгж хэвлэсэн гэсэн тайлбар өгч байсан. Тус тэмдэглэлд Л.М  дутуу баримт өгснөө хүлээн зөвшөөрч гарыг үсэг зурсан.

 Холбогдогч болох “Ч” ХХК-ийн захирал Л.М-ийн хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад “Ч” ХХК-ийн Ард кино театрын урд байрлах эмийн сангийн нягтлан бодогчийн кассын программд үзлэг хийсэн. Тус үзлэгээр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн худалдан авалтын мэдээллийг гомдол гаргагч С.Б-ны 9500 төгрөгийн, 5500 төгрөгийн амны хаалт худалдан  авсан баримт бүртгэгдээгүй байсан. Хэрэглэгчид дутуу баримт өгдөг, бараа ажил үйлчилгээний талаар дутуу мэдээлэл өгдөг нь нэг удаагийн үйлдэл бус.

Холбогдогч “Ч” ХХК-ийн захирал Л овогтой М нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс  хэрэглэгчид ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчсөн болох нь зөрчлийн ажиллагаанд авагдсан холбогдох материал, гэрэл зураг, авсан тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дах хэсэгт зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 10.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэж хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 18001084 дугаар утсанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ч” ХХК-ийн “Ч” гэх нэртэй эмийн сантай холбоотой гомдол ирсэн. Иргэн С.Б нь маскны үнэ нэмэгдсэн тул и баримт өгөхгүй байна, мөн маск үнэтэй зарагдаж байна гэсэн. Хохирогчоос авсан мэдүүлэгт “... 9500 төгрөгт 4000 төгрөгийн баримт өгсөн” гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.О газар дээр очин хяналт шалгалт хийхэд “Ч” ХХК нь 1100 төгрөгийн нэг удаагийн маск авахад 8800 төгрөгийн ибаримт хэвлэн өгсөн байдаг. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутад захирал Л.Мөнхцэцэгийн хүсэлтийн дагуу Ц.О нь программын шивэлт дээр үнийн дагуу орсон байдаг гэсний дагуу шалгахад тогтоогдоогүй. Хохирогч С.Б-ны нөхөр маск орж авсан байхад С.Б-аас хохирогчийн мэдүүлэг авсан. Учир нь “Ч” ХХК-ийн картын гүйлгээнд С.Б гэх 9500 төгрөгийн гүйлгээ гарсан. Харин зөвхөн нөхөр нь орж л авсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1-т хэрэглэгч гэж бараа, ажил үйлчилгээгээр хангуулж байгаа хувь хүнийг хэлэхээр заасан. Худалдагч, гүйцэтгэгч нь үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Маскны үнэ нэмэгдсэн гэж худал мэдээлэл өгөх ёсгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнэ нэмсэнийг хянаагүй. Харин и баримтыг олгоогүй гэдгийг хянасан. Татварын газарт хэрвээ и баримт олгоогүй тохиолдолд шилжүүлэх байсан гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар захирал Л.М-ийг хууль ёсны төлөөлөгч гэж үзээд эмийн санчаас мэдүүлэг аваагүй” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

“Ч” ХХК-д шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас оногдуулсан шийтгэл нь үндэслэлгүй “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчих зөрчлийн шинжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  /Татварын хууль зөрчих/-ийн 8.2 дахь заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.

 Иймд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байна” гэжээ.

 Гуравдагч этгээдий өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ч” ХХК-ийн зүгээс дүгнэлт гаргагчийн дүгнэлтийг дэмжих байр суурьнаас оролцож байна. 5 сая төгрөгийн торгуулийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь бид дотоод хяналтын камерыг шалгасан. Мөн гомдол гаргагч С.Б нь өөрөө эмэгтэй хүн. Гэтэл камерын бичлэгийг харахад 3 эрэгтэй хүн л орж гарсан ба хоорондоо дохио зангаа ашиглан ярилцаж, ээлж ээлжээрээ юм авцгаасан. Тухайн 9500 төгрөгийг картаар нэг дор уншуулж, цувуулан тусдаа баримт авсан байх магадлалтай байгаа. Энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт зааснаар татвартай холбоотой маргааныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч хууль буруу хэрэглэж, эрх мэдлээ хэтрүүлэн зөрчлийн хэрэг нээж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ байр сууриа дэмжиж байгаа. 9500 төгрөгийн зүйл авахад 4500 төгрөгийн баримт өгсөн гэж маргаж байгаа. Гэтэл яг энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтыг татвартай хамаатуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас Ийгл телевизээр “Ч” ХХК нь и баримт өгөөгүй байна гэсэн мэдэгдэл хийж байсан. Гэтэл зөрчлийн хэрэгт хяналт тавих прокурорын дүгнэлт гараагүй, эцэслэн шийдэгдээгүй байхад олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацсанд маш их гомдолтой байгаа. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-д 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлт бичжээ[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О нь “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ч" ХХК-ийн “Ч” гэх нэртэй эмийн сан нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Б-д “и-баримт” олгоогүй гэх үйлдэлд “Ч” ХХК-ийг “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

Прокурор Д.М: “... “Ч" ХХК-ийн НӨАТ-ын төлбөрийн “ebarimt”-ыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй үйлчлүүлэгчид олгосон гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжгүй харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл /Татварын хууль зөрчих/-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.

Мөн төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон, Эсхүл олгоогүй гэх үйлдлийг бүрэн нотлох ажиллагааг эрх бүхий албан тушаалтнаас хийж гүйцэтгээгүй ...” гэж тайлбарлаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Тодруулабал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэргийн гуравдагч этгээд “Ч” ХХК-ийг манай байцаагч нь НӨАТ-ын төлбөрийн “ebarimt”-ыг худалдан авалт хийсэн үнийн дүнгээс бага үнийн дүнгээр олгосон нь Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8. “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж хэрэглэгчийг хохироосон.” гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагчид НӨАТ-ын төлбөрийн “ebarimt”-ыг худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгээс бага үнийн дүнгээр олгосон гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь болох нь тогтоогдож байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл. “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг”, 12.8. “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих,”, тус зүйлийн 6.-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал,”, 6.16. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн … 10.2 дугаар зүйл, .... заасан зөрчил;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл үйлдвэрлэгч, худалдагч нь  хэрэглэгчдэд худал мэдээлэл өгөхийг хориглосон байх бөгөөд хэрэв худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хэрэглэгчдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

Маргаан бүхий тохиодолд тус хэргийн гуравдагч этгээд “Ч” ХХК нь тус зөрчлийн материалын гомдол гаргагч С.Б-д худал мэдээлэл өгсөн, түүний улмаас гомдол гаргагчийн эрх ашигт  хохирол учраагүй байх бөгөөд харин гомдол гаргагчийн нөхөр нь гуравдагч этгээд “Ч” ХХК-иас худалдан авалт хийсэн, худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгээс бага үнийн дүнгээр НӨАТ-ын төлбөрийн “ebarimt”-ыг олгосон гэх үйл баримт нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас нь дүгнэвэл тус хэргийн хариуцагч шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь гуравдагч этгээд “Ч” ХХК нь гомдол гаргагчид худал мэдээлэл өгсөн зүйл байхгүй байхад дээрх үндэслэлээр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Харин тус хэргийн гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн гомдол гаргагчийн нөхөрт худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгээс бага үнийн дүнгээр НӨАТ-ын төлбөрийн “ebarimt”-ыг олгосон гэх үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. “Татварын хууль зөрчих”, 8.2. “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон … .” гэх шинжтэй үйл баримт байх боломжтой байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 6.12. “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19, … дүгээр зүйл, ... заасан зөрчил;” гэж зааснаар гомдол гаргагчийн дээрх гомдлыг татварын улсын байцаагч шалгаж, шийдвэрлэх нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцэхээр  байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-ын “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож  шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12.-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хангаж, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Ц.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0059... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас