Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2025/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Т.Энхмаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ш

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т, Т.Ц,

Иргэдийн төлөөлөгч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0064/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий захиргааны акт нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус байгаа тул эс зөвшөөрч, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

2.1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тухайд:

2.1.1. Үйл явдлын товчоон, 2001-2010 оны хооронд 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хар төмөрлөгийн үйлдвэр /Д т ү/-ийн талаар өөрчлөн байгуулах, хувьчлах, удирдлагыг гэрээгээр гүйцэтгүүлэх, олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан боловч эдгээр шийдвэрүүд нь амжилтгүй хэрэгжиж байсан учраас 2008-2012 оны Засгийн газар энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх эдийн засгийн чухал шийдвэр гаргасан. (Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаар захирамж. Энэ нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх төрийн үүргийг төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх төрийн шийдвэр байсан юм. Төрийн өмчит “Д т ү” компанитай хамтран хэрэгжүүлэх хувийн компанийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар сонгох шийдвэрийг Төрийн өмчийн хороо 2010 онд гаргасан ба энэхүү сонгон шалгаруулалтаар “К” ХХК шалгарсан. Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд шаардлагатай “Дэд бүтэц байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих хугацаанд “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг удирдах “К” ХХК-тай байгуулсан “Менежментийн гэрээ”-г 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус байгуулсан. Төрийн өмчийн хороо нь дээрх гэрээнүүдийн үр дүнг дүгнэж, тухайн үеийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрийн үйл ажиллагааны хүрсэн түвшинг харгалзан “Д т ү” ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 471 дүгээр тогтоолыг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг Концессын тухай хуулийн дагуу концессын гэрээ болгож өөрчлөхөөр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэсэн. Тиймээс манай компани 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд Эдийн Засгийн Хөгжлийн яамтай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Концессын гэрээг Засгийн газар, эрх бүхий байгууллагуудын тогтоол шийдвэр, хууль тогтоомжийн дагуу байгуулснаар “Д т ү” ТӨХК болон түүний харьяа бусад этгээдүүд, тэдгээрийн эрх залгамжлагчийн хувьд удирдлагын эрх хэрэгжүүлэх концесс эзэмшигчийн эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байсан.

2.1.2. Бид Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Концессын гэрээний 3 дугаар зүйлд тус тус заасан эрхүүдийг (“Д т ү” ТӨХК-тэй холбогдуулан Компанийн тухай хуулийн 62.1.1, 62.1.7, 62.1.9-62.1.11, 62.1.13- 62.1.16-т заасан эрхүүд, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон бусад удирдлагыг томилох, чөлөөлөх, “Д т ү” ТӨХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, “Д т ү” ТӨХК-ийг хууль шүүхийн өмнө төлөөлөх, концессын зүйл, түүний хүрээнд шинээр бий болсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, орд газруудад олборлолт явуулах, ашиглах, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг захиран зарцуулах, үр шимийг хүртэх) хууль ёсны дагуу эдлэх болсон. Энэ нь Концессын тухай хууль, тухайн үеийн Засгийн газар, Засгийн газрын харьяа байгууллагуудын гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжсэн зүйл бөгөөд Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 69 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албан ёсоор байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа үйл ажиллагаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гэж, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын дээрх тогтоол, шийдвэрүүд болон гэрээний эрхээр бидний хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай гэж үзэж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол гаргаж, концессын гэрээг гэнэт нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэр гаргасан нь манай компанийн дээр дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлуудыг зөрчиж байна.

2.1.3. Мөн маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан захиргааны шийдвэр гаргалтын ажиллагаанд оролцох эрх, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулах эрх, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, саналаа хүргүүлэх эрх зөрчигдсөн. Үүний улмаас концессын гэрээнд заасан концессын зүйлийг эзэмших, ашиглах, хөрөнгө оруулалтын үр шимийг тогтоосон хугацаанд хүртэх боломжгүй болж хохирч байна.

2.2. Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухайд:

2.2.1. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу захиргааны байгууллага нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай билээ. Гэтэл Засгийн Газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолоор “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэх үндэслэл зааж, концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан билээ. Гэвч шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй. Иймд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа атал ямар баримтад үндэслэж, “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж үзсэн нь тодорхой бус, маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн байна.

2.2.2. Бид концессын гэрээний үүргээ биелүүлж байгаа тухайд “К” ХХК нь концессын гэрээ байгуулахаас өмнө 2010 онд “Д т ү” ТӨХК-ийн хөрөнгө оруулагчаар шалгарсан байсан бөгөөд “К“ ХХК-ийн “Д т ү” ТӨХК-д бий болгосон өөрчлөлтийг 2010 онд хөрөнгө оруулалт хийж эхлэхээс өмнөх нөхцөл байдал буюу 2009 оны эцсийн санхүүгийн нөхцөл байдлаас эхлэн дүгнэх нь зүйтэй юм. “Д т ү” ТӨХК-ийн хөрөнгийн хэмжээ 2009 онд 40.9 тэрбум төгрөг байсан. Эргэлтийн бус хөрөнгө 14.9 тэрбум төгрөг, эргэлтийн хөрөнгө 25.9 тэрбум төгрөг байсан. Үйлдвэрийн борлуулалт нь 33.5 тэрбум төгрөг, алдагдал нь 1.3 тэрбум төгрөг байсан. “К'” ХХК нь хөрөнгө оруулагчаар шалгарч, 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ““Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж ажиллаж эхэлснээс хойш бид 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан болохыг Төрийн өмчийн хороо 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын тухай” 326 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Мөн 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг Төрийн өмчийн хороо 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор тогтоосон. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд “Д т ү” ТӨХК-ийн нийт хөрөнгийн дүн 2013 оны эцсийн байдлаар 175.4 тэрбум төгрөгт хүрсэн буюу хөрөнгө оруулалт хийхээс өмнөх 2009 онтой харьцуулахад 4.3 дахин өссөн. Үндсэн хөрөнгө нь 2009 онд 14.9 тэрбум байснаас 2013 оны эцэст 85 тэрбум төгрөг болж 5.7 дахин нэмэгдсэн. Үйл ажиллагааны орлого нь 93.4 тэрбум төгрөг болж 2.8 дахин өссөн ба ашгийн хэмжээ 7.16 тэрбум төгрөг болсон нь “К” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтаас “Д т ү” ТӨХК-д бий болгосон үр дүн юм. Концессын гэрээний дагуу амжилттай ажилласны үр дүнд 2021 оны эцсийн санхүүгийн тайланд тусгагдсанаар “Д т ү” ТӨХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 625.3 тэрбум төгрөг буюу 2009 оны дүнтэй харьцуулахад 15 дахин, үндсэн хөрөнгө нь 121.9 тэрбум төгрөг буюу 2009 онтой харьцуулахад 8.2 дахин нэмэгдсэн байна. Борлуулалтын орлого 2021 онд 432.4 тэрбум төгрөг буюу 2009 онтой харьцуулахад 12.9 дахин нэмэгдсэн. Мөн “К” ХХК нь концессын гэрээ байгуулах үед концессын нийт хугацаанд концессын төлбөрт 31.9 тэрбум төгрөгийг улсад нэмж төлсөн бөгөөд концессын гэрээ эхэлснээс 6 дахь жилээс эхлэн хуваарийн дагуу жил бүр концессын төлбөр 1,276,000,000 (нэг тэрбум хоёр зуун далан зургаан сая) төгрөг төлж байсан болно. Дээрх тоон үзүүлэлт нь концесс эзэмшигч “К” ХХК-иас “Д т ү” ТӨХК-ийн уул уурхайн болон гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүн, үйлдвэрлэлийн шинэчлэлүүд, хуурай болон нойтон аргын баяжуулах үйлдвэрүүд барьж байгуулсан, цахилгааны эх үүсвэр бий болгосон, цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан, төмөр зам болон авто зам барьж тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулсан, орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан болохыг нотлох бодит баримт юм.

2.2.3. Мөн “Д т ү” ТӨХК 2009 онд татварын нийт төрлөөр 2.0 тэрбум төгрөгийн татвар тайлагнадаг байсан бол 2021 онд татваруудын нийт төрлийн дүнг тооцоход 81.4 тэрбум төгрөг болсон буюу 40 дахин өссөн байна. Зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2021 онд 38.5 тэрбум төгрөг хүрсэн нь 2004-2009 онуудад төлдөг байсан дундажтай харьцуулахад 45 дахин нэмэгдсэн үр дүн бий болсон.

2.3. Засгийн газрын тогтоолын бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус байгаа тухайд,

2.3.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж тус тус заасан. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолд концессын гэрээ цуцлах бодит болон хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Тодруулбал, гэрээ цуцлах бодит үндэслэлийг “концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж заасан байх боловч гэрээний аль заалтаар хүлээсэн үүрэг, ямар байдлаар биелэгдээгүй тухай дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна. Мөн гэрээ цуцлах үндэслэлийг “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж заасан байх боловч Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж, концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд гэрээ цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасныг актын хууль зүйн үндэслэл болгосон байна. Иймд гэрээ цуцлах үндэслэл нь “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэх үндэслэл эсэх эсвэл Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4 дэх заалт, концессын гэрээний 11.2 дахь заалт байсан эсэх нь тодорхой бус байна. Хэрэв 2-оос дээш жилийн хугацаанд төслийн үйл ажиллагаа зогссон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн бол хэдээс хэдэн оны хооронд төслийн үйл ажиллагааг зогссон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн эсэх нь тодорхой бус. Тус маргаан бүхий актыг гаргахтай шууд холбогдуулж тус нөхцөл байдлыг тогтоосон ямар нэгэн баримт, тайлан байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасанд нийцэхгүй байна.

2.3.2. Иймд Засгийн газрын зүгээс Концессын гэрээ цуцлах үндэслэлийг ямар баримтаар тогтоосон, ямар нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд ямар үндэслэлээр гэрээ цуцлах шийдвэр гаргасныг нотлох баримт цуглуулах байдлаар тодруулж өгөхийг шүүхээс хүсье. Ийнхүү Засгийн газрын шийдвэрийн үндэслэлд хамаарах нотлох баримтууд шүүхэд ирвэл бид тэдгээртэй танилцаж, түүнд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байна.

2.4. Эерэг үйлчлэл бүхий захиргааны актуудыг хууль бусаар хүчингүй болгосон тухайд,

2.4.1. Маргаан бүхий захиргааны актаар концессын гэрээг цуцлахаас гадна бидэнд эерэг үйлчлэл бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосон. Дээрх тогтоолууд нь дараах байдлаар бидэнд эрх олгосон. Концессын гэрээ байгуулах “Д т ү” ТӨХК-ийн удирдлага, хөрөнгийг хүлээж авах үндэслэл болсон захиргааны актууд билээ.

 

 

Хүчингүй болсон шийдвэр

Шийдвэрийн утга, агуулга

1

Засгийн газрын 2013.09.06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан Жагсаалтын 1 дэх хэсгийн 5 дахь заалт

Д т үийг концессын зүйлд хамруулж баталсан.

2

Засгийн газрын 2014.02.28-ны өдрийн 69 дүгээр тогтоол

Манай компанитай Концессын гэрээ байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгосон.

3

Засгийн газрын 2015.04.20-ны өдрийн 161 дүгээр тогтоол

Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 23.4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д 3 жилийн хугацаагаар олгосон.

 

2.4.2. Дээрх тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, концессын гэрээг цуцлах тогтоол гаргасан нь дээр дурдсан тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл биш билээ. Гэтэл “Концессын гэрээ цуцлах тогтоол гарсантай холбоотой” гэх үндэслэлээр дээрх тогтоолуудыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.5. Концессын гэрээг цуцлах бүрэн эрхгүй тухайд:

2.5.1. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Концессын гэрээг дараах тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална” гэж, 3.1.7-д “эрх бүхий этгээд гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг ...” гэж, концессын гэрээний “Нэгдүгээр бүлэг. Гэрээнд хэрэглэгдэх нэр томьёо, түүнийг тайлбарлах” хэсэг, 8 дахь талд “Эрх бүхий этгээд гэж Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус заасан. Иймд хууль, концессын гэрээний эдгээр заалтуудын дагуу концессын гэрээг эрх бүхий этгээд цуцлах эрхтэй бөгөөд Засгийн газар бол эрх бүхий этгээд биш юм. Мөн Засгийн газар нь концессын гэрээний нэг тал биш тул гэрээний нэг талын эдлэх эрх болох гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхгүй юм. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд гэрээ цуцлах шийдвэрийн гэрээний аль нэг тал гаргах тухай заасан. Иймд Засгийн газарт концессын гэрээг цуцлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй гэж үзэж байна.

2.6. Гэрээ цуцлах журам баримтлаагүй, хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн тухайд:

2.6.1. Хэрэв Засгийн газрыг гэрээ цуцлах эрх бүхий этгээд гэж үзвэл концессын гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон гэрээг цуцлах журмыг баримтлах учиртай. Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Концессын тухай хууль тогтоомж нь ... Иргэний хууль ... энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу концессын эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэх ёстой. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах бол энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдэж, зөрчлийг арилгах боломжит нэмэлт хугацаа олгох шаардлагатай. Гэвч Засгийн газрын зүгээс тус журмыг баримтлаагүй. Хэрэв Засгийн газрын зүгээс гэрээний зөрчлийн талаар бидэнд урьдчилан мэдэгдэж, түүнийг арилгахыг хүссэн бол бид гэрээний үүрэг зөрчигдсөн эсэхийг судлан үзэх, хэрэв зөрчигдсөн бол тогтоосон нэмэлт хугацаанд зөрчлийг арилгах арга хэмжээ авах, гэрээний зөрчлийг арилгах боломжтой байсан.

2.6.2. Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 51 дүгээр тэмдэглэлийн 12-т “Дархан-Уул аймагт хэрэгжих уул уурхай, металлургийн цогцолбор төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Н.Т, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар газар ашиглах эрхийг ... олгох арга хэмжээ авахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад” гэж холбогдох этгээдэд тус тус даалгасан.

2.6.3. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-268 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай “ А-314 дүгээр тушаал гарч, тушаалуудын дагуу шаардлагатай арга хэмжээнүүд авагдаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хүртэлх хугацаанд Засгийн газар, концессын гэрээний эрх бүхий этгээдийн зүгээс биднийг концессын гэрээний үүргээ зөрчсөн тухай огт мэдэгдээгүй, аливаа зөрчил гаргасан гэж үзээгүй, зөрчил арилгахыг шаардсан зүйлгүй байсан ба харин ч эсрэгээр манай хэрэгжүүлж буй төслийг дэмжих үүднээс дээрх шийдвэрүүдийг гаргаж дэмжиж байсан. Бид Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, сайд нарын дээрх тушаал, шийдвэрүүдэд итгэж үнэмшсэний үндсэн дээр зардал гаргаж, итгэл үнэмшилтэй ажиллаж байсан. Гэтэл үүнээс хойш Засгийн газар өмнө гаргасан шийдвэрүүдээ үгүйсгэсэн гэнэтийн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн хэрэг гэж үзэж байна.

2.7. Сонгох боломжийг гэрээний зорилгын дагуу хэрэгжүүлээгүй тухайд:

2.7.1. Засгийн газрын зүгээс төслийн хэрэгжилтийн талаар шийдвэр гаргахдаа концессын гэрээг цуцалсныг эс зөвшөөрч байна. Засгийн газар төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах боломжтой өөр хувилбаруудыг шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай судалж үзсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж заасан.

2.7.2. Концессын гэрээ зөрчигдсөн гэж үзсэн ч Засгийн газар, эрх бүхий этгээдийн зүгээс заавал гэрээ цуцлах шийдвэр гаргах бус, концесс эзэмшигчид дэмжлэг үзүүлэх (Концессын гэрээний 6.2, 6.3 дахь заалтууд); гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах (тухайлбал гэрээний хугацааг сунгах, гэрээний дагуу хийж гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт оруулах зэрэг, концессын гэрээний 12.1-д гэрээний зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох, чиглэл өгч биелэлтийг хангуулах, шаардлага хүргүүлэх (Иргэний хуулийн 225.1, Концессын гэрээний 6.10, 6.11, 0.12, 6.14, 8.4 дэх заалтууд) арга хэмжээ авах боломжтой билээ. Иймд Засгийн газарт сонгох боломж байсан.

2.7.3. Энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу зорилгодоо нийцүүлэн хуульд заасан сонгох боломжийг хэрэглэх боломжийг ашиглаагүй.

2.7.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим юм. Өөрөөр хэлбэл, концессын гэрээг цуцалсан маргаан бүхий захиргааны акт нь концессын гэрээг анх байгуулсан хууль ёсны зорилгод тохироогүй ба захиргаа өөрийн эцсийн зорилгод нийцүүлж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох бага хэмжээнд хөндсөн шийдвэр байх ёстой.

2.7.5. Гэтэл Засгийн газрын зүгээс концессын гэрээний зорилго болох “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн шинжтэй төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн цогцолбор байгуулах” зорилгын эсрэг шийдвэр гаргалаа.

2.7.6. Монгол Улсын Их Хурлаас бидний хэрэгжүүлэхээр зорьсон гангийн үйлдвэрийн “Монгол ган цогцолбор 1” нэртэй төсөл, түүний хэрэгжилтийн нөхцөл байдлыг мэдэж, дэмжиж байсан бөгөөд 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  3.2.2-т “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлж ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах”, “... Монгол ган цогцолбор 1, ... төслүүд хэрэгжиж дууссанаар 2025 он гэхэд дотоодын гол нэрийн ган бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангаж, экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн байна” гэж зааж, Засгийн газарт тодорхой чиглэл өгч байсан. Иймд Засгийн газраас гарч буй тогтоол нь тус зорилгод нийцсэн байх учиртай.

2.7.7. Гэтэл Засгийн газрын зүгээс дээр дурдсан өөр хувилбаруудыг судалж үзэлгүй, боломжит хувилбар хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх шийдвэр гаргалгүйгээр шууд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж гэрээ цуцлах шийдвэрийг гаргаж байгаа нь дээрх зарчим, зохицуулалт, зорилго болон Улсын Их Хурлаас баталсан бодлогод нийцэхгүй юм.

2.7.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ ... буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт ... хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасны дагуу шалгаж үзэхийг хүсье.

2.8. Концессын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг зөрчсөн тухайд:

2.8.1. Концессын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “... концессын зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон энэ хуулийн 5.3-т зааснаас бусад орлого, ирээдүйд бий болох ашиг нь концесс эзэмшигчийн өмчид хамаарна” гэж, 5.3-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны үнэт зүйл нь төрийн ... өмчид хамаарна” гэж заасан.

2.8.2. Ийнхүү гэрээний явцад шинээр бий болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйлс нь аль талын өмч болохыг гэрээгээр тохиролцох боломжийг хуулийн дээрх заалтууд олгосон. Бидний байгуулсан Концессын гэрээний 2.4-д “... концессын зүйлийг ашиглах явцад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүнийг худалдан борлуулсны орлого, дагалдах байгууламжийг бусдад ашиглуулснаас олсон орлого, ашиг, үр шим, оюуны өмч, концессын зүйлийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд олж авсан биет хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрх, ... зэргийг концесс эзэмшигч бие даан эзэмшиж, ашиглан үр шимийг хүртэнэ” гэж, 3.3-д “Концессын зүйл, түүний хүрээнд шинээр бий болсон аливаа биет болон биет бус хөрөнгө, эд хөрөнгийг зориулалтын дагуу гэрээний хугацаанд эзэмших, ашиглах” гэж, 3.5-д “Төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх эрхтэй” гэж тус тус заасан.

2.8.3. Гэрээний эдгээр заалтуудын дагуу концессын зүйлийг ашиглах явцад бий болсон бүтээгдэхүүн, аливаа хөрөнгө нь концесс эзэмшигчийн өмч билээ. Гэтэл Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолын 3 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 123 дугаар тогтоолын 3.1, 3.2 дахь заалтуудын дагуу концессын зүйлийг ашиглах явцад бий болсон хөрөнгүүдийг ч улсад буцаан аваад байна.

2.8.4. Энэ нь Концессын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Концессын гэрээний 2.4, 3.3, 3.5 дахь заалтуудыг зөрчиж буй юм. Өөрөөр хэлбэл, концессын гэрээ цуцалсан нь үндэслэлтэй эсэхээс үл хамааран манай компанийн хөрөнгийн өмчлөх эрхэд халдаж буй нь хууль бус юм. Иймд Засгийн газрын тогтоолын 3 дахь заалт нь тус тогтоолын 1 дэх заалтаас үл хамааран хууль бус бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

2.9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, Концессын гэрээний 10 дугаар зүйлийн тухайд,

2.9.1. Концессын гэрээний 10.2, 10.3-т концесс эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хязгаарлаж, сөргөөр нөлөөлсөн аливаа арга хэмжээг эрх бүхий байгууллагаас авсан тохиолдолд концесс эзэмшигч гэрээг зөрчсөн гэж үзэхгүй тухай, гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх тухай тус тус заасан.

2.9.2. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн  нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Концессын гэрээний явцад биднээс үл хамаарсан болон улсын байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанаас хамааран бид гэрээний үүргээ гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээлтэй байсан, боломжгүй болсон нөхцөл байдал байгаа ба түүнд холбогдох нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлж, бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гаргуулах юм.

2.10. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийн тухайд:

2.10.1. Засгийн газрын тогтоолд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар мэдэгдлийг үндэслэл болгосон тухай тусгасан байна. Гэвч тус мөрдөгчийн мэдэгдэл нь захиргааны акт биш бөгөөд эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй.

2.10.2. Мөрдөгчийн гаргасан мэдэгдлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих эрхтэй прокурор хянадаггүйгээс гадна, зохицуулалт агуулсан захиргааны акт биш гэж үзэж шүүх мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн болно.

2.11. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж буй тухайд:

2.11.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 4331 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан болно.

2.11.2. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, хуулийн 1 дүгээр зүйлээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д “3асгийн газар, Монгол банкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан” гэсэн зохицуулалтыг нэмсэн.

2.11.3. Тус хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дүгээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт нийтлэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.5-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тусгай журам /анхан шатны журам/-аар хянан шийдвэрлэх зохицуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2511 дүгээр захирамжаар тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.11.4. Тус захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн, тогтоол албажаагүй байгаа болно.

2.11.5. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2511 дүгээр захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус захирамжийн 5 дахь талд “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай" 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр байх тул...” гэж нэхэмжлэлийг хүлээн авах харьяаллыг хуулийн өөрчлөлтийн дагуу тодорхойлсон тул энэхүү нэхэмжлэлийг харьяаллын дагуу гаргаж байгаа болно. Иймд маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолын тухайд “Д т ү” ТӨХК нь Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын Төмрийн хүдрийн ордуудад түшиглэн төмрийн хүдрийг боловсруулж, төмөрлөг түүний эдийн хомсдолыг багасгах, тоо хэмжээг өсгөх, Д т ү-ийг өргөтгөх, Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах концепц төлөвлөгөөг анх 2010 оны 04 дүгээр сард боловсруулан холбогдох яамдад танилцуулж, Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн хороогоор батлуулан ажиллаж эхэлсэн. Төрийн өмчийн хороо, “Д т ү” ТӨХК болон “К” ХХК нарын хооронд:

-Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ;

-“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд шаардлагатай “Дэд бүтэц байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”

-Монгол Улсын Концессын тухай хууль болон бусад эрх зүйн актыг үндэслэн “Д Т ү” ТӨХК-ийн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” концепци төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Үндэсний хөрөнгө оруулагч “К” ХХК нарын хооронд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” концессын гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр байгуулсан.

3.2. Тус концессын гэрээгээр “К” ХХК нь “Д т ү” төрийн өмчийн хувьцаат компанийг 30 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай 148 дугаар тогтоол нь “концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” учраас холбогдох гэрээ, хууль тогтоомжийн дагуу цуцалсан.

3.4. Тодруулбал, концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа / эс үйлдэхүй/-аас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.” гэж, мөн гэрээний 11.3-т “Хэрэв энэхүү гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй” гэж тус тус заасныг үндэслэн гэрээг цуцалсан.

3.5. Концесс эзэмшигч “К” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухайд “Д т ү” ТӨХК нь 3 орд газар бүхий ил уурхай ба баяжуулсан үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 55-63 хувийн агуулгатай баяжмал, 25-55 хувийн агуулгатай завсрын баяжмал болон ган цувимал бүтээгдэхүүн зэргийг боловсруулан үйлдвэрлэдэг. 2015-2019 онуудад алдагдалтай, 2019-2021 онуудад 3 жил дараалан ашигтай ажилласан. Гэвч 2021 оны санхүүгийн тайланг дэлгэрүүлэн авч үзвэл, нийт 432,4 тэрбум төгрөгийн орлого олж, 39,8 тэрбумын ашигтай ажилласан боловч 630,9 тэрбум төгрөгийн нийт өртэй, эргэлтийн хөрөнгийн дүн 481,7 тэрбум, эргэлтийн бус хөрөнгийн дүн 143,6 тэрбум, эздийн өмчийн дүн -5,6 тэрбум төгрөг байгаа нь тус концесс эзэмшигч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, “Д т ү” ТӨХК-ийг эрсдэлд оруулсныг харуулж байна.

3.6. Том татвар төлөгчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн NDPM211300000192696 дугаар битүүмжлэх мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар зөвшөөрлийн дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мэдэгдлээр компанийн Арилжааны банкнууд дахь дансыг битүүмжилсэн. Данс битүүмжлэгдсэний улмаас бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн бараа материал татаж чадахгүй, сэлбэг хэрэгсэлгүй болох, үйлдвэрлэл зогсох хэмжээнд хүрч, мөн ажилчдын цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, улс орон нутгийн төсөвт төлөх татвар, төлбөр, импортын гаалийн төлбөр, тээврийн зардал зэргийг төлөх боломжгүйд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Концессын тухай хуулийн дагуу “Концесс эзэмшигч нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжаа төлөх үүргээ биелүүлээгүй” байна.

3.7. Дээрх нөхцөл байдлуудын улмаас Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” мөн хуулийн 24.2.4-т “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэдгийг үндэслэн цуцалсан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хэмжээ, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн тогтоол юм.

3.8. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т “Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1,5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай олон нойтон аргын баяжмал үйлдвэр”, 2.1.2-т “жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, мөн 6 дугаар зүйлийн 6.24-т “төслийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллага зээлдүүлэгчээс зээл авах” гэж заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж зөрчиж “Д т ү” ХК-ийн нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний төгрөгийн болон ам.долларын зээл авч, концесс эзэмшигч өөрийн компанийн данс руу шууд шилжүүлэн авсан үйлдэл нь гэрээний үүргээ зөрчсөнийг тод харуулж байна.

3.9. Захиргааны хууль тогтоомжийг зөрчөөгүй тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Монгол Улсын Засгийн газар нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчсөн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй гэжээ.

3.10. Эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй хуулийн этгээд илтэд гэрээний үүргийг биелүүлээгүй, хууль бус үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдэд хохирол учруулсан, цаашлаад улс орны эдийн засаг, санхүүд хохирол учруулсан үйлдэлд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хамгаалагдахгүй гэж үзэж байна.

3.11. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолоор улсын хөрөнгийг хамгаалах, олон жилийн хугацаанд бүтээн байгуулсан үйлдвэр, үйлдвэрийн хөрөнгүүд үнэгүйдэх, олон мянган ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, улсад татвар хураамж төлөхгүй өр авлагыг их хэмжээгээр үүсгэх зэрэг ирээдүйд бий болох их хэмжээний хохирол учрах, санхүүгийн эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлж гарсан нь “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын илэрхийлэл юм.

3.12. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан тухайд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлт, тайлангаар “Концессын гэрээний зүйлийн хэсгүүд /2.1.1-2.1.6/-ийн хэрэгжилт, 75 хувьтай, гэрээний 2 дугаар бүлгийн 2.1.2, 2.1.3 дахь хэсгүүд/төмрийн хүдэр боловсруулах, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх/ ажлууд хугацаандаа хэрэгжээгүй байна. Төслийг цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай “төслийн хөрөнгө оруулалтыг шийдэх, газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, цахилгаан хангамж, тээвэр ложистикийн асуудлыг шийдэх шаардлага тулгарсан” гэх ажлын хэсгийн дүгнэлт гарсан.

3.13. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн албан бичгийг үндэслэсэн.

3.14. Төрийн өмчийн хорооны дарга Д.С-ын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаартай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирсэн санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 24.1.4-т “энэ хууль болон концессын гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан”, Концессын гэрээний 11.2-т “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-аас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар концессын гэрээ дуусгавар болох үндэслэл тогтоогдож байх тул холбогдох арга хэмжээг авхуулахаар Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг удирдлага болгон ирүүлсэн Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол гарсан.

3.15. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль бус ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй харин нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй, концессын тухай хуулийн дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хангалттай үндэслэл тогтоогдсон, үйл баримтууд байгаа болно.

3.16. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “К” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн шүүхэд гаргасан  нэмэлт хариу тайлбартаа:

4.1. “К” ХХК-д “Д т ү” ТӨХК-ийн Удирдлагын эрх болон түүний хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд:

4.1.1. Монгол Улсын Засгийн газар /Цаашид “ЗГ” гэх/-аас хар төмөрлөгийн үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлсэн өөрчлөн байгуулах, хувьчлах, удирдлагыг гэрээгээр гүйцэтгүүлэх, олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах зэргээр олон арга хэмжээг 2001 оноос хойш авч хэрэгжүүлж байсан.

4.2.2. 2008-2012 оны төрийн эрх барьж байсан Засгийн газар уул уурхайн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулан дараах тогтоол, шийдвэр, гэрээнүүд байгуулагдсан.

4.2.3. 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоолоор “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх техник эдийн засгийн үндэслэл /Цаашид ТЭЗҮ гэх/ боловсруулах, менежментийн гэрээг байгуулж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд, Төрийн өмчийн хорооны дарга нарт даалгасан.

4.2.4. 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн өмчийн хорооны “Менежментийн гэрээний төслийг дэмжиж, гэрээ байгуулах зөвшөөрөх тухай” 332 дугаар тогтоол батлагдаж, түүнийг үндэслэн “Дархан Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газрыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлийн дагуу ТЭЗҮ-г боловсруулж төсөл хэрэгжүүлэх, компанийн удирдлагыг тогтвортой ажиллуулах менежментийн гэрээнүүд  байгуулагдсан.

4.2.5. 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 333 тоот тушаалаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирсэн саналд үнэлэлт өгөх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчаар “К” ХХК-ийг шалгаруулсан.

4.2.6. 2010 оны 1 дүгээр 28-ны өдөр Концессын тухай хууль Улсын Их Хурлаар батлагдсан.

4.2.7. 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ”-г “Д т ү” төрийн өмчит хувьцаат компани, “К” ХХК-ийн хооронд байгуулсан.

4.2.8. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Дэд бүтэц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ”-г “К” ХХК ба “Д т ү” ТӨХК нарын хооронд байгуулсан.

4.2.9. 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн өмчийн хорооны 326 дугаартай тогтоолоор “Хөрөнгө оруулалтын тухай” тогтоолыг Засгийн газрын 2008 оны 153 дугаартай тогтоол, “Д т ү” ТӨХК-ийн 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Үндэсний аудитын газрын 2012 оны дүгнэлтийг үндэслэн 48 сая долларын хөрөнгө оруулалт оруулсан болохыг зөвшөөрч баталсан.

4.2.10. 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Д т ү” ТӨХК болон “К” ХХК нарын хооронд “Менежментийн гэрээ”-г байгуулсан.

4.2.11. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн өмчийн хорооны даргын А/123 тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдаж, Ажлыг хэсэг өгөгдсөн удирдамжийн дагуу “Уул уурхай, металлургийн цогцолборыг байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний биелэлт, болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын хэсгийн дүгнэлт, саналын хэсэгт Концессын гэрээнд тодруулж оруулах зайлшгүй шаардлагатай саналуудыг тусгаж байсан.

4.2.12. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн өмчийн хорооны “Д т ү” ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 471 дүгээр тогтоолоор 2010 оны “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны “Дэд бүтэц байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “К” ХХК нь 81,301,393,800.4 төгрөгийн хөрөнгө оруулсныг тогтоож баталсан. Мөн тогтоолын 2 дах заалтад дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж Концессын тухай хуулийн дагуу Концессын гэрээ болгож өөрчлөх асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд тавьж шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн удирдлагын газарт үүрэг болгосон.

4.2.13. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталсан.

4.2.14. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-ын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай”  69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг К ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засаг хөгжлийн яамны сайд, “Д т ү” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд К ХХК-д шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд тус тус үүрэг болгож, шийдвэрлэсэн. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, “К” ХХК-ийн хооронд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ (шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих шилжүүлэх)”-г 30 жилийн хугацаатай байгуулсан.

4.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолоор “К” ХХК-тай байгуулсан Концессын гэрээг цуцалсан үндэслэлийн тухайд:

4.2.1. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд гарсан тухайд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 148 дугаар тогтоолоор “К” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн концессын гэрээг МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , мөн хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг , мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  гэж заасныг баримталсан. Энэхүү эрхийн хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн концессын гэрээг цуцалсан нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх мөн. Энэ эрхээ хэтрүүлсэн, эсхүл хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй юм.

4.2.2. Засгийн газар нь Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгож буй эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг холбогдох этгээдүүдэд олгох бүрэн эрхийг эдэлнэ. Нөгөө талаар, Концесс эзэмшигч концессын гэрээний дагуу шилжүүлж авсан төрийн өмчийг эзэмшиж, ашиглахдаа хууль болон гэрээг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нь Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээг нийтийн эрх ашгийн үүднээс авах үүрэг хүлээдэг субъект юм. Энэ талаар Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтын 24.2.4-т “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж тодорхой заасан. Засгийн газар нь энэхүү бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан.

4.2.3. Засгийн газар нь концессын гэрээг цуцлах болсон үндэслэлийн нэг нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 48 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл байсан. Энэхүү мэдэгдлийн агуулгад Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23 өдрийн 153 дугаар тогтоолоор “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах, менежментийн гэрээг “Д т ү” ТӨХК-тай байгуулж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Н, Төрийн өмчийн хорооны дарга Д.С нарт даалгасан ... 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэр бүхий албан тушаалтнууд нь холбогдох хууль зөрчиж, удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлж, төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагчаар үндэсний компани болох К ХХК-ийг санал болгож байна гэж ажлын хэсгийн тайланд дурдсан. /К ХХК нь 2008 оны 10 сарын 31-ний өдөр барилгын засварын чиглэлээр Г.Э гэх иргэний нэр дээр үүсгэн байгуулагдсан, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар нэг туршлагагүй, Д.Э-ийн өгсөн үүргийн дагуу үүсгэн байгуулагдсан, түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд болох нь тогтоогдож байна ... холбогдох арга хэмжээг авхуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон мэдэгдэл бичив. ... Мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг авч, ...1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гэж бичигдсэн.

4.2.4. Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай дээрх мэдэгдэлд дурдсан байдаг. Тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулах мэдэгдэл өгсөн нь нийтийн өмч үнэгүйдэхээс урьдчилан сэргийлэх, цаашид нийтийн өмчийг хууль бусаар ашиглаж, үр шим, ашиг хүртэхээс сэргийлэх, нийтийн өмчийг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдэлд дурдсаны дагуу Засгийн газраас концессын гэрээг цуцалж, хариу арга хэмжээг авсан. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцнэ.

4.2.5. Концесс эзэмшигч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тухайд Засгийн газар нь Концессын гэрээг цуцлахдаа гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Концессын тухай хуулийн 24.2.3, концессын гэрээний 11.2, 11.3 дахь заалтыг үндэслэсэн.

4.2.6. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд хариуцлага болон хохирол барагдуулах талаар зохицуулсан. Засгийн газраас гэрээг цуцлахдаа гэрээний 11.2, 11.3 дахь хэсгийг баримталсан. Энэхүү гэрээний зохицуулалт нь Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “Концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” гэж заасантай хамт хэрэглэгдэнэ. Иймд цуцалсан үндэслэл зохицуулалтыг зөвхөн гэрээгээр хязгаарлаж, ойлгож хэрэглэхгүй.

4.2.7. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь Иргэний хуулийн §206 дугаар зүйлтэй холбоотой юм. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээний үүргээ биелүүлж чадаагүй.

4.2.8. Концессын гэрээний 2.1-д Концессын зүйл болох 6 хэсгийг, 2.6-д хугацааг заасан. Гэрээний 2.6-д “Энэхүү гэрээний хугацаа нь Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 жил байна. Үүнээс концессын зүйлийг барьж ашиглалтад оруулах хугацаа нь Гэрээ хүчин болсон өдрөөс хойш 4 жил байна” гэж заасан. Гэрээ хэрхэн хүчин төгөлдөр болох талаар гэрээний 2.7-д заасан.

4.2.9. Гэрээний 2 зүйлийн 2.1.1-д “Хуст Уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3.0 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр”, гэрээний 2.1.2-т “Жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр” барьж ашиглалтад оруулахаар тусгасан.

4.2.10. Харин Концесс эзэмшигч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойг 4 жилийн хугацаанд энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Концессын гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/136 дугаар тушаалаар Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээний хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

4.2.11. Хэргийн материалд, ажлын хэсгийн тайлан авагдсан. Энэхүү тайлан нь 2019 оны 06 сарын 25 өдөр гарсан. Тус тайлангийн дүгнэлт хэсгийн 3.1.1-д “Концессын гэрээний концессын зүйлийн хэсгүүд /2.1.1-2.1.6/-ийн хэрэгжилт 75 хувьтай, гэрээний 2 дугаар бүлгийн 2.1.2, 2.1.3 дахь хэсгүүд /төмрийн хүдэр боловсруулах эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил/ хугацаандаа хэрэгжээгүй” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээр гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа Концесс эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байсныг нотлох юм.

4.2.12. Концессын гэрээний 6 дугаар зүйлд гэрээний оролцогчдын эрх, үүргийг зааж өгсөн байна. Тус гэрээний 6.33-т “Концесс эзэмшигч нь энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд ногдох албан татвар, төлбөр хураамж болон концессын зүйлийг ашиглах болон эзэмших үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан аливаа зардал, төлбөрийг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй” гэж заасан.

4.2.13. “Д т ү” ТӨХК-иас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын дарга Б.З-д хандан А-1/473 тоот албан бичиг хүргүүлсэн. Тус бичигт “концесс эзэмшиж байсан “К” ХХК-иас удирдлагын эрх, эд хөрөнгийг шилжүүлэн авах явцад уг компани нь Концессын гэрээний 6.33-т ...гэж заасан үүргээ үл биелүүлж, 2020 онд 46,351,538,516.70 төгрөгийн, 2021 онд 76,019,683,372,38 төгрөгийн, 2022 онд 353,106, 297,70 төгрөгийн, нийт 122,724,328,183.78 төгрөгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөр үүсгэснийг тогтоосон” гэж бичжээ.

4.2.14. Татварын Ерөнхий газраас дээрх албан бичгийн хариуд 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 01/1741 тоот хариу бичиг өгсөн байдаг. Энэхүү бичигт “Д т ү ТӨХК-нд татварын албаны зүгээс удаа дараа татварын өрийг төлүүлэхтэй холбоотой хуулийн хугацааг сунгаж татварын өрийг барагдуулах боломжийг өмнө нь олгож байсан” гэж бичжээ. Үүнээс үзэхэд, Концесс эзэмшигч “К” ХХК нь Концессын гэрээний 6.33-т заасан үүрэг болон Монгол Улсын хууль тогтоомж дагаж мөрдөн ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогддог.

4.2.15. Энэ гэрээний зөрчлийг 2022 оны 07 дугаар сард тогтоосон зүйл биш юм. Гэрээг цуцлахаас өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Татварын Ерөнхий газраас 01/679 дугаар бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Н-д хандан “Таны өгсөн үүргийн дагуу нэр бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, борлуулалтын орлого татвар төлөлтийн мэдээллийг ..хүргүүлж байна” гэсэн хариуг өгч байсан. Энэхүү албан бичгийн хавсралтаар татварын өр төлбөр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг маш тодорхой дурдаж, өгсөн байна. Дээрх тайланд 2020-2021 оны татвар, хураамжийн зөрчлийн талаар тайлагнасан. Үүнд:

- Татварын ногдол, төлөлт, өрийн талаар тайлбарлахад тус компани нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 106.8 тэрбум төгрөгийн татварын өртэй байна.

-2020-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагналын талаар тайлбарлахад “Д т ү” ТӨХК нь 2020 болон 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар экспортод гаргасан төмрийн хүдэр, төмрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг тооцохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг баримтлаагүй, түүнчлэн гаалийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлогдсон төмрийн баяжмал дахь мөнгө, цайр, зэс, хөнгөн цагаан, хар тугалга зэрэг дагалдах металлуудад Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлбөр төлөх журам”-ын 2.7, 2.8 дахь заалтуудыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож тайлагнаагүй зөрчилтэй тайланг татварын албанд ирүүлсээр байна. “Д т ү” ТӨХК-ийн экспортод гарган борлуулсан гэрээний үнэ нь Олон Улсын зах зээлийн жишиг үнээс 11.12-31.33 хувиар доогуур байна. Эрдэс баялгийн татварын хэлтэс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн алдагдсан боломжийн судалгааг хийхэд, 2014-2018 онуудад буюу Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөлгүй экспортлогчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх зохицуулалт ороогүй үед давхардсан тоогоор нийт 40 аж ахуй нэгжид 1 сая тонн төмрийн хүдрийг дотоодын борлуулалтын дунджаар 31-54 мянган төгрөгөөр борлуулж нийт 2.1 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийсэн байна.

4.2.16. Үүнээс үзэхэд, Концесс эзэмшигч  “К” ХХК нь Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.5-д “Хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамж төлөх” нийтлэг үүрэг, түүнчлэн Концессын гэрээний 6.33-т заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 397 дугаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолын хавсралтаар Д т ү ТӨХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээний жагсаалтыг баталсан. Хэдийгээр энэ тогтоол нь концессын гэрээг цуцалсан үйл баримтын дараа хийгдсэн боловч тухайн үед Засгийн газарт танилцуулсан зөрчлүүдийг баталгаажуулсан баримт юм.

4.2.17. Энэхүү тогтоолоор баталсан зөрчил, дутагдлын нийт дүн нь 1,233,781,640,000 төгрөг гарсан. Тус зөрчил, дутагдлыг тогтоосон тэмдэглэл, тогтоолуудыг энэхүү тайлбарт хавсаргасан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоосон зөрчил, дутагдал, татвар, хураамжуудыг эрүүгийн журмаар хохирол хэлбэрээр нэхэмжилж, шалгуулж байгаа болно. Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2, 11.3 дахь заалт, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 48 дугаартай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийг тус тус үндэслэн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч “К”ХХК-ны эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Учир нь Төрийн өмчийн хорооны 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 326 дугаартай тогтоолоор “Хөрөнгө оруулалтын тухай” тогтоолыг Засгийн газрын 2008 оны 153 дугаар тогтоол, “Д т ү” ТӨХК-ийн 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Үндэсний аудитын газрын 2012 оны дүгнэлтийг үндэслэн 48 сая долларын хөрөнгө оруулалт оруулсан болохыг зөвшөөрч баталсан бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Д т ү” ТӨХК болон “К” ХХК-ны  хооронд “Менежментийн гэрээ”-г байгуулсан байна.

4. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн өмчийн хорооны даргын А/123 тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдаж, ажлын хэсэг өгөгдсөн удирдамжийн дагуу “Уул уурхай, металлургийн цогцолборыг байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх “Д т ү” ТӨХК, “К” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний биелэлт, болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлт, саналын хэсэгт Концессын гэрээнд тодруулж оруулах зайлшгүй шаардлагатай саналуудыг тусгаж байжээ.

5. Мөн Төрийн өмчийн хорооны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Д т ү” ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 471 дүгээр тогтоолоор 2010 оны “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны “Дэд бүтэц байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “К” ХХК нь 81,301,393,800.4 /Наян нэгэн тэрбум гурван зуун нэг сая гурван зуун ерэн гурван мянга найман зуун/ төгрөгийн хөрөнгө оруулсныг тогтоон баталж, мөн тогтоолын 2 дахь заалтад дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж Концессын тухай хуулийн дагуу Концессын гэрээ болгож өөрчлөх асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд тавьж шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн удирдлагын газарт үүрэг болгосон байна.

6. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг “К” ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засаг хөгжлийн яамны сайд, “Д т ү” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “К” ХХК-д шилжүүлэхийг Төрийн өмчийн хороонд тус тус үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

7. Улмаар 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, “К” ХХК-ийн хооронд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.7-д заасан “Шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх”, “Барих-шилжүүлэх” төрлөөр 30 жилийн хугацаатай байгуулсан байна.

8. Монгол Улсын Засгийн газар нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4, “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээний 11.2, 11.3 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг тус тус үндэслэн концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концесс эзэмшигч “К” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээг цуцалжээ.

9. Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7-д зааснаар Засгийн газар нь Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд Засгийн газар өөрийн гаргасан, эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, өөрчилж болохоор байна.

10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн.

11. Нэгэнт эрх бүхий байгууллагаас концесс эзэмшигч нь хууль болоод гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, шийдвэрээ хүчингүй болгосон тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нэхэмжлэгчийн хувьд үйлчлэхгүй.

12. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлж бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий тогтоолыг гаргасан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаар Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана”, 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж заасантай нийцсэн байна.

 13. Тухайлбал: Концессын гэрээний 2.1-д тусгагдсан Концессын зүйл болох Сэлэнгэ аймаг дахь Хүдэр сумын Төмөртэйн орд /Улсын Их Хурлын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д тусгагдсан Стратегийн орд/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Төмөр толгойн орд /Улсын Их Хурлын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 21-т тусгагдсан Стратегийн орд/-ууд нь Стратегийн орд юм гэж заажээ.

14. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.1-т “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” 2.5-д “Мөн хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчийн зүйлсийг хуульд заасан нөхцөл журмын дагуу иргэн, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасан байна.

15. Эдгээр хуульд заасны хүрээнд Засгийн газар нь стратегийн орд газрыг Концессын гэрээний дагуу ашиглуулахаар шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол гаргаж, биелэлтийг хангана”, 8 дугаар зүйлийн 7-д “Засгийн газар нь Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгож буй эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна” гэж заасны дагуу маргаан бүхий тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

16. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу Засгийн газар нь төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг холбогдох этгээдүүдэд олгох бүрэн эрхийг эдэлдэг бөгөөд энэ утгаараа гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй төдийгүй концесс эзэмшигч нь концессын гэрээний дагуу шилжүүлж авсан төрийн өмчийг эзэмшиж, ашиглахдаа хууль болон гэрээг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээг нийтийн эрх ашгийн үүднээс авах үүрэг хүлээнэ.

17. Концессын тухай хуулийн 3.1.7-д ““Эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг” гэж, Концессын гэрээнд ““Эрх бүхий этгээд” гэж Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг” ойлгоно гэж, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Концессын гэрээг дараахь тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална:”, 24.2.4-т “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн;” гэж зааснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын концессын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг цуцалсны дараа концессын гэрээнд заасан эрх бүхий этгээд тухайн байгуулсан концессын гэрээг цуцлахаар заасан байна.

18. Харин 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:”, 52.2.4-т “концессын харилцаанд”, 56 дугаар зүйлийн 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж тус тус зааснаар Монгол Улсын Засгийн газар нь концессын гэрээг цуцалсан нь процессын хувьд алдаатай боловч концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч “К” ХХК-ийн концессын гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх зөрчигдөөгүй байна.

19. Өөрөөр хэлбэл, Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг ойлгох бөгөөд уг үйл ажиллагааны нэг талд зайлшгүй төр оролцдог онцлогийн хувьд Монгол Улсын Засгийн газар нь хуульд заасан үндэсний аюулгүй байдал болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, Эдийн засаг, хөгжлийн яамны “К” ХХК-тай байгуулсан “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл” хэрэгжүүлэх концессын гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

20. Эдийн засаг, хөгжлийн сайд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 01/287 дугаар албан бичгээр “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг цуцлах тухай тогтоолын төслийг танилцуулгын хамт Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг танилцуулга болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар мөрдөгчийн мэдэгдэл зэргийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар нь “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концесс эзэмшигч “К” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тухайн тогтоолын агуулга, зорилго нь Концессын тухай хуульд заасан “нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлах” гэж заасантай нийцсэн байна.

21. Өөрөөр хэлбэл, Концессын гэрээний 11.2-т заасны дагуу концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэхээр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно”, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.2.4-т тус тус зааснаар Засгийн газар нь гэрээг үндэсний аюулгүй байдал болон нийтийн эрх ашгийн үүднээс цуцлах бүрэн эрхтэй.

 22. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан бөгөөд эдгээр үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

23. Нөгөөтээгүүр, Концессын тухай (2010 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “концессын зүйлийг бэлэглэх, арилжих, худалдах зэргээр бусдад шилжүүлэх, концессын үйл ажиллагааг санхүүжүүлэх, эсхүл концессын гэрээнд зааснаас бусад зорилгоор концессын зүйлийг барьцаалах;”-ийг концесс эзэмшигчид хориглосон зохицуулалттай байна.

24. Уг гэрээний нэг тал нэхэмжлэгч нь концессын гэрээнд зааснаас бусад зорилгоор концессын зүйлийг барьцаалж, “ХХБ” ХХК-иас их хэмжээний зээл авсан нь дээрх хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчжээ.

25. Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” тохиолдолд эрх бүхий этгээдийн санаачилгаар Концессын гэрээг цуцлахаар хуульчилжээ.

26. Гэрээний 2 дугаар зүйлээр Концессын зүйл ба Гэрээний нөхцөлүүдийг тусгаж, концесс эзэмшигчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хийж гүйцэтгэх ажлыг тухай бүр нэрлэн заасан; ба үүнээс Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3,0 саяас доошгүй тн төмрийн хүдэр олборлох, 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, жилд 500.0 мянгаас доошгүй т.н хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, “Д т ү” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300.0 мянган тн-д хүргэх өргөтгөл шинэчлэл хийх ажлыг гэрээнд заасан гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч нотлоогүй, харин эсрэгээрээ концессын гэрээний зорилгыг өөрчлөх саналыг дэвшүүлж, захиргааны байгууллагыг “цахилгаан эрчим хүч болоод газрын асуудлыг шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

27. Түүнчлэн Концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Хуст Уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3.0 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр”, гэрээний 2.1.2-т “Жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах”, 2.1.3-т “Д т ү ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх /Төмрийн хүдэр боловсруулах эцсийн бүтээгдэхүүн гаргах/ гэж тусгасан байна.

28. Концессын гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/136 дугаар тушаалаар Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээний хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

29. Гэтэл концесс эзэмшигч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаанд энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, тайлангаар “концессын гэрээний зүйлийн хэсгүүдийн хэрэгжилт 75 хувьтай, гэрээний 2 дугаар бүлгийн 2.1.2, 2.1.3 дахь хэсгүүдэд заасан ажил хугацаандаа хэрэгжээгүй, үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд 2-3 дахин буурсан ба анхны төслийн хүчин чадлын 20-30 хувийг эзэмшиж байна, үйл ажиллагааны гол анхаарлаа уурхайдаа төвлөрүүлж үйлдвэрлэлдээ төдийлөн анхаараагүйгээс сайн чанарын ган туйван үйлдвэрлэх хэмжээ 50,0-60,0 мян.тн байснаас  15,0-20,0 мян.тн болж буурсан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа Концесс эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь нотлогддог бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А-268 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарсан боловч Ажлын хэсгийн төлөвлөгөө хэрэгжээгүй байна.

30. Мөн Концессын гэрээний 6 дугаар зүйлд гэрээний оролцогчдын эрх, үүргийг зааж өгсөн бөгөөд тус гэрээний 6.33-т “Концесс эзэмшигч нь энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд ногдох албан татвар, төлбөр хураамж болон концессын зүйлийг ашиглах болон эзэмших үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан аливаа зардал, төлбөрийг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй” гэж заасан.

31. Гэтэл “К” ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Д т ү” ТӨХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Татварын ерөнхий газрын дарга Б.З-д хандсан “концесс эзэмшиж байсан “К” ХХК-иас удирдлагын эрх, эд хөрөнгийг шилжүүлэн авах явцад уг компани нь Концессын гэрээний 6.33-т заасан үүргээ үл биелүүлж, 2020 онд 46,351,538,516.70 төгрөгийн, 2021 онд 76,019,683,372.38 төгрөгийн, 2022 онд 353,106,297.70 төгрөгийн нийт 122,724,328,183.78 төгрөгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөр үүсгэснийг тогтоосон” агуулга бүхий А-1/473 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Д т ү ТӨХК-нд татварын албаны зүгээс удаа дараа татварын өрийг төлүүлэхтэй холбоотой хуулийн хугацааг сунгаж татварын өрийг барагдуулах боломжийг өмнө олгож байсан” гэх агуулга бүхий 01/1741 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “К” ХХК нь Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.5-д “Хууль тогтоомжоор ногдуулсан татвар, хураамж төлөх” нийтлэг үүргээ мөн Концессын гэрээний 6.33-т заасан үүргээ  биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.32. Концессын гэрээг цуцлах болсон бас нэг үндэслэл нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 48 дугаар мөрдөгчийн мэдэгдэл байна.

33. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар М.Д-ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/4776 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан “тус хэлтэст шалгагдаж буй 1902006220123 дугаар хэрэгт бичсэн 48 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авч хуульд заасан хугацаанд нь хариу ирүүлнэ үү” гэж, тус бичгийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” хавсралтад

-Тус төслийг хэрэгжүүлэх компани шалгаруулахдаа хууль зөрчиж шалгаруулсан тухай, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23 өдрийн 153 дугаар тогтоолоор “Д т ү” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах, менежментийн гэрээг “Д т ү” ТӨХК-тай байгуулж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Н, Төрийн өмчийн хорооны дарга Д.С нарт даалгасан. Төрийн өмчийн хорооны дарга Д.С-ын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаартай тушаалаар Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас ирсэн саналд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан.

-Дээрх тушаал гарснаас хойш 10 хоногийн дараа буюу 2009 оны 12 дугаар сарын 04 ний өдөр нэр бүхий албан тушаалтнууд нь холбогдох хуулийг зөрчиж, удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлж, төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагчаар үндэсний компани болох “К” ХХК-ийг санал болгож байна гэж ажлын хэсгийн тайланд дурдсан. /“К” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилгын засварын чиглэлээр Г.Э гэх иргэний нэр дээр үүсгэн байгуулагдсан, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар нэг туршлагагүй, Д.Э-ийн өгсөн үүргийн дагуу байгуулагдсан, түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд болох нь тогтоогдож байна/ гэж,

-тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Н.Б нь нийтийн албан тушаалтан нь авлигын эсрэг хууль, концессын тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 69 дүгээр тогтоолыг үндэслэн “К” ХХК-иас ирүүлсэн Концессын гэрээний төслийг хүлээн авч, Санхүү эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр концессын гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулж, тус компанид хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон.

-“К” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 1,826,631,388,208.01 төгрөгийн төмрийн баяжмалыг экспортод гаргаж орлого олж, төр, нийтийн эрх ашигт их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан. Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаар бүхий “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж тусгасан байна.

34. Уг албан бичгийн дагуу Засгийн газар нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 69 дүгээр тогтоолоо дахиж хянаж үзэж Монгол Улсын Засгийн газраас “нийтийн өмч үнэгүйдүүлэхээс урьдчилан сэргийлэх, цаашид нийтийн өмчийг хууль бусаар ашиглаж, үр шим, ашиг хүртэхээс сэргийлэх, нийтийн өмчийг хамгаалах шаардлагатай” гэж үзээд концессын гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

35. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх тухай” концессын гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Учир нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний нөхцөлүүдийн зарим хэсгийг гүйцэтгээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болж, Засгийн газрын маргаан бүхий тогтоолоор гэрээг цуцлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Концессын тухай (2010 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т нийцжээ.

36. Мөн дээрх гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгч “К” ХХК-иас Эдийн засаг хөгжлийн яаманд холбогдуулан гэрээнээс үүссэн хохирлоо нэхэмжилж маргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3786 дугаар захирамжаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 37. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Э нь “улсаас тогтоосон үнэ ханшид хүргэлгүй маш бага үнээр зарж борлуулж, улсыг хохироосон байна гэж ойлгоод хариуцагч талын зөв” гэж дүгнэсэн болохыг тэмдэглэв.

38. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ

                         ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

                         ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ