Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00057

 

БӨАБТСГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр,

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00183 дугаар шийдвэртэй,

БӨАБТСГ нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Илүү шилжүүлсэн усны үнэ болох 3275000 төгрөг гаргуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “БӨАБТСГнь “С” ХХК-нд 2016 онд усны зардалд нийт 3.275.000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гэрээнээс гадуур илүү шилжүүлсэн нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрч мөн өдөр Улсын байцаагчийн акт тавигдаж уг мөнгийг БТСГ-ын данснаас гаргаж Аудитын албаны дансанд төлж барагдуулсан болно.

“С” ХХК-ний удирдлагад нэгэнт илүү төлсөн мөнгийг эргэн төлж өгөхийг санал болгосон боловч янз бүрийн тайлбар тавьж төлж өгөхгүй байна.  

Иймд илүү төлсөн 3.275.000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг шүүхийн журмаар “С” ХХК-аас гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тус Биеийн тамир, спортын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. ” гэжээ.  

 

                Хариуцагчийн тайлбарт: “БӨАБТСГ нь 2013 оны цэвэр бохир усны үнэ болох 3275000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг манай “С” ХХК-д илүү шилжүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

БӨАТБСГ нь 2013 онд байгуулсан гэрээнд зөвхөн жилийн цэвэр бохир усны батлагдсан төсвөөр цэвэр бохир усыг авахаар 2 байгууллагын ня-бо нар гарын үсэг зурж гэрээ хийгдсэн. 2011 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн гэрээнд 5 жилийн хугацаатай байгуулсан ба зөвхөн жилийн эхэнд сунгах нөхцөлтэй. 2011 онд анх барилга баригдах үед усны тоолуур тавигдсан ба 2011 онд тоолуураар усны төлбөрийг тооцож байсан. 2012-2013 онд тоолуур эвдэрсэн тул тухайн жилийн тогтмол зардал болох цэвэр бохир усны хэмжээгээр тооцоо хийж байсан.

Иймд БӨАТБСГ нь тогтмол зардлаас шилжүүлсэн цэвэр бохир усны зардлыг зөвхөн ус нийлүүлэгч компани руу шилжүүлсэн мөн жилийн цэвэр бохир усны төсвөөр гэрээ хийсэн учир “С” ХХК нь ямар ч илүү мөнгө аваагүй болохыг мэдэгдэж байна. Уг орж ирсэн бүх мөнгө нь манай компанийн борлуулалтын орлого болоод тухайн хугацаанд төлөх ёстой НӨАТ-ыг татварыг хэлтэс төлж ямар ч тооцоогүй болсон.

Жилийн эцэст 2 байгууллага тооцооны хуудас авч авлага, өглөг баталгаажуулдаг. 2013 оны тооцооны үлдэгдлийг баталгаанд ямар ч өр төлбөр, авлага бичигдээгүй болохыг тухайн үед хийгдсэн аудитын тайлан нотлоод байгаа.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00183 дугаар шийдвэрээр:

 

“1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-г баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн “С” ХХК-иас илүү шилжүүлсэн усны үнэ болох 3275000 (гурван сая хоёр зуун далан таван мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч БӨАТБСГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгч БӨАБТСГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б миний бие  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00183 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 

БӨАТБСГ-т 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрсэн хоёр байгууллагын хооронд байгуулсан (БТСГ, “С” ХХК) цэвэр бохир ус зайлуулах гэрээнээс илүү 3.275.000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №198 дугаар төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн байна. БТСГ нь “С” ХХК-аас 3275000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00183 дугаар шийдвэрээр манай газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.  

Тухайн үед батлагдсан төсвөөс гадуур усны тоолуур эвдэрсэн нэрийдлээр “С” ХХК-д илүү шилжүүлсэн байна. Улмаар Санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар дахиад 3.275.000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь дансанд шилжүүлж, дахин дахин байгууллага хохирч байна. Мөн тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Ж-ийн гарын үсгийг дурайлган зурсан буруутай этгээд болон тухайн мөнгийг хууль бус зарцуулсан, шамшигдуулсан хэн буруутай этгээдийг тогтоон илүү шилжүүлсэн мөнгийг буцаан төлүүлж, БТСГ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч БӨАБТСГ нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр, санхүүгийн баримтгүйгээр илүү шилжүүлсэн 3275000.00 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талууд шүүхэд мэтгэлцжээ.

 

1. Нэхэмжлэгч дээрх шаардлагаа Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18-01/59 дугаартай актыг үндэслэн гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх улсын байцаагчийн актын танилцуулгыг авч хэрэгт хавсарган, уг актын төлбөрийн тооцооллыг тодруулах шаардлагатай талаар хүсэлт гаргасныг Баян-Өгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1330/ШЗ2018/00733 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримталж хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагч тал Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18-01/59 дугаартай актаар тогтоогдсон төлбөрийг эс зөвшөөрч тооцооллын талаар шүүхэд маргасан, энэ талаар тайлбар /хэргийн 113 дугаар тал/ гаргасан бөгөөд шүүхээс дээрх төлбөр тогтоосон акт бодит байдалд нийцсэн эсэх, илэрхий тооцооллын алдаагүй, санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэгдсэн эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хангаж, шүүх хуралдааныг шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр нэг удаа хойшлуулах байжээ. Түүнчлэн шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар дурдсан /хэргийн 120 дугаар тал/ атлаа шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэн маргааныг шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн уг шүүгчийн захирамжид хуульд зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.

 

            2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т заасныг баримталсан нь маргааны үйл баримтад хамааралгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэлийг тусгаагүй буюу хууль хэрэглэж дүгнэлт хийгээгүй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон зарим нотлох баримтын бодит үндэслэлд дүгнэлт хийхдээ маргаж буй хугацаанд БӨАБТСГ цэвэр усны тоолуур эвдэрхий, эсхүл ажиллагаатай байсан эсэх, нэхэмжлэгч актаар тогтоогдсон төлбөрийг Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд төлсөн эсэх зэрэг үйл баримтуудад үндэслэлтэйгээр дүгнэлт хийгээгүй байна.

 

            3. Хэргийн 3 дугаар талд авагдсан хариуцагч “С” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлд /№12/-д нэхэмжлэгч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй болно. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                                     

С.ӨМИРБЕК