Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 285

 

“Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0352 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 190 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан  “Б-А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0352 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б-А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Б-А” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумдын нутаг ......... нэртэй ........  гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн .......  дүгээрт бүртгэсэн байна. Төрийн захиргааны байгууллагаас “Б-А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд шүүж үзэн мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6/6917 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр саналын хуудсанд “Дэмжихгүй” саналын хариуг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Аймаг нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно" гэж заасан байна.

2. Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б-А” ХХК-д ......  гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" захиргааны акт болно. Учир нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 9-р хуудас ... Төв аймгийн Баян сумын ИТХ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авсан тухай” 04-р тогтоол гарсан байна.

Үүний дараагаар нэхэмжлэгч “Б-А” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №07/01 дугаар албан бичгээр АМГТГ-ын КХ өргөдлийн бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн ..... нэртэй .....  гектар талбайн Баян сумын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авсан тухай” Төв аймгийн Баян сумын ИТХ тогтоолын хавсралтаар батлагдсан солбицолд давхцаж байгаа тул давхцалтай талбайг хасаж хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хүсэлтийг АМГТГ-ын КХ-т гаргаж, уг талбайн кадастрын зургийг хавсаргажээ.

Уг албан бичгийн дагуу хариуцагчаас солбицолд өөрчлөлт оруулсныг бүртгэж, дахин шүүлт хийж, тусгай зөвшөөрөл олгох талаар тэмдэглэгээг өргөдлийн дотоод хяналтын хуудаст тэмдэглэжээ... мөн 12 дугаар хуудсанд ... Түүнчлэн нэхэмжлэгч компанийн Төв аймгийн Баян сумын ИТХ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04-р тогтоолд заасантай давхцалтай хэсгийг хасаж үлдсэн талбайд тусгай зөвшөөрөл олгох агуулга бүхий дахин гаргасан өргөдлийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас АМТХ-ийн 19.6-д заасан тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, мэдэгдэл хүргүүлсэн. Гэсэн атлаа хариуцагч тайлбартаа Баян сумын ИТХ “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоол батлагдан гарч кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэгдсэн ба "Б-А" ХХК-ийн гаргасан .....  дугаартай өргөдөлтэй давхцалтай тул олгох боломжгүй байна гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг бичиж олгох хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа нь үндэслэлгүй байна.

Дүгнэхэд нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгоогүй хариуцагч захиргааны байгууллагын эс уйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчаас зөрчсөн гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Хэдийгээр нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах үед өргөдөлд тусгасан хайгуулын талбай нь тусгай хэрэгцээнд байгаагүй боловч өргөдлийг хянан шийдвэрлэх явцад уг талбайг эрх бүхий байгууллага орон нутгийн тусгай  хэрэгцээнд  авч  мэдээллийг кадастрын  мэдээллийн  санд  бүртгэсэн  тул хуулиар   хориглосон    хязгаарласан   талбайтай   хэсэгчлэн   давхцуулан   тусгай зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалт байхгүй байна.

Харин АМТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар өмнө түрүүлж өгсөн өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай бол давхцаагүй хэсэгт нь дахин журмын дагуу өргөдөл гаргах эрхтэй.

Түүнээс биш хайгуулын тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх явцад тухайн талбайг эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авсны улмаас тухайн аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу давхцалыг хасаж давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалт АМТХ-иар зохицуулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Харин нэхэмжлэгч дахин шинээр давхцаагүй хэсэгт өргөдөл гаргах бол АМТХ-ийн 17, 18 дугаар зүйлүүдэд заасны дагуу гаргах боломжтой.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг "Б-А" ХХК-д олгож кадастрын мэдээллийн сангийн зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж шийдвэрлэвэл АМТХ-ийн 19 дүгээр зүйл, Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д "Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" заалтыг зөрчих улмаар Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" нөхцөл байдал үүсэж байгааг шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б-А” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар гаргаж, өргөдлийн дугаар авсан, хариуцагчаас холбогдох зураг зүйн шүүлт хийж, улмаар нэхэмжлэгчээс орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан хэсгийг хасч, солбицолд өөрчлөлт оруулсныг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч бүртгэж авсан, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн атлаа уг тусгай зөвшөөрлийг бичиж олгохгүй байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт заасан ажлын 3 хоногт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчаас “өргөдлийг хянан шалгах явцад нөхцөл байдал өөрчлөгдөж, маргаан бүхий талбайг орон нутгийн хэрэгцээнд авсан тул биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан” гэх маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд газар авах асуудлыг шийдвэрлэсэн, ийнхүү тогтоол гаргасныг захиргааны байгууллага 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гаргах үед мэдэж байсан, цаг хугацааны хувьд шийдвэр гаргах үед биш, харин шийдвэр гаргахаас өмнөх цаг хугацаанд болсон үйл баримтыг зааж маргаж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй, тусгай зөвшөөрөл олгохоос өмнө шалган тогтоох нь захиргааны чиг үүрэгт хамааралтай, нэхэмжлэгчийн хувьд хууль зөрчөөгүй, солбицлоо өөрчилж, давхцлыг арилгасан болно.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...шалгаж үзээд хэсэгчилсэн давхцалтай учраас давхцлыг арилгасан байгаа, одоо тусгай хэрэгцээний газартай давхцал байхгүй” гэж тайлбарлаж байснаар дээрх гомдол няцаагдаж байна.

Хариуцагчийн “давхцаагүй хэсэгт дахин шинээр өргөдөл гаргах байсан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зарчмын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй талбайд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй атал дахин өргөдөл гаргахыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй юм.

Хариуцагчаас “орон нутгаас дэмжихгүй санал ирүүлсэн” гэж маргаж байгаа боловч захиргааны байгууллага энэ үндэслэлийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэр гаргахдаа орон нутгийн Засаг дарга, Иргэдийн Хурлын “дэмжихгүй” тухай саналыг мэдэж байсан, өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл олгоход зөрчилгүй гэж үзэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0352 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ