Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00008

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00008

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Ж  овогт Е-ны М //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Ж овогт Т-ны М / /-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрт байшин болон аксент маркийн автомашиныг үлдээх тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00404/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Е.М, хариуцагч Т.М, хэлмэрч А.Сара нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр анх танилцахдаа биечлэн уулзаагүй. 2014 оны 8 сард утсаар танилцаад нэг удаа уулзаад 2014 оны 11 дүгээр сард гэр бүл болсон. 2014 оны 11 дүгээр сард намайг оргуулаад явсан. Бид хоёр нүсэр хурим найр хийгээгүй. 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлээд албан ёсоор гэр бүл болсон. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр том охин М.Аружан төрсөн. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь охин М.Айерке төрсөн. Хүүхдүүд төрсний дараа зүгээр болох байх гэж бодсон чинь үргэлжилсээр байсан. Одоогоор 2 хүүхэдтэйгээ, 1 дүүтэйгээ хамт аав ээжийн өгсөн гэрт амьдарч байгаа. Ямар ч өөр холбогдсон хүн байхгүй, хоёр хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Би 17 насандаа гэрлэсэн түүнээс хойш байнга зоддог, архидалт ихтэй, архи уудаг шалтгааныг нь би мэддэггүй, архи уучихаад намайг зоддог, нөхрийн өвчтэй ээж байдаг тэр хүн надад муухай ханддаг тэр нь бас гэрлэлт цуцлуулахад нөлөөлдөг, гэр орондоо ямар ч орлогын эх үүсвэр байдаггүй, хоёр хүүхдийнхээ 20000 төгрөгөөр амьдардаг. Гэрлэснээс хойш гэрт юу ч авч ирээгүй, Ховд сумын хэдэн дэлгүүрт өртэй, хүүхдийн 20000 төгрөгөөр төлж байгаа. Буянт сумын хэд хэдэн дэлгүүрт өртэй байгаа. Тэр өрөө хүүхдийн 20000 төгрөгөөр төлөөд заримыг нь төлж дуусаагүй байгаа, 2 хүүхдээ би өөрөө асарч байна. Гэрлэснээс хойш болон хүүхэд төрснөөс хойш Т.М нь 1 ширхэг оймс ч авч ирж байгаагүй. Ар гэр, амьдралаа би өөрөө зохицуулдаг. Би Ховд аймагт цайны газарт ажиллаад 2 хүүхдээ тэжээж байгаа, анх нэхэмжлэхдээ том охин М.Аружаныг аавд нь өгье гэж бодсон. 2019 оны 09 дүгээр сарын 27-нд том охиноо аавд нь өгөөд явуулсны дараа 10 сарын эхээр өөрийнхөө утсыг барьцаанд тавиад такси хөлслөөд, том охиноо очиж авсан тэгэхэд царай зүс алдсан, үс нь сэгсийсэн, хувцас нь хиртэй байсан. Миний хүүхдийг аав нь харж чадахгүй юм байна. Тийм болохоор одоо хоёр охиноо өөр дээрээ үлдээмээр байна. Манай нөхөр орлогын эх үүсвэргүй учраас хүүхдийн тэтгэлэг авахгүй тиймээс хоёр хүүхдээ өөр дээрээ аваад, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Аксент маркийн машиныг нөхөртөө өгч, байшингаа би өөрөө авна....Хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч манай нөхөр орлогын эх үүсвэргүй учраас хүүхдийн тэтгэлэг авахгүй, Т.М өвчтэй ээжийнхээ халамжийн мөнгөөр амьдардаг. Тийм болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж байна. Байшин, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна....Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар багт байрлах, 4х4 хэмжээтэй, блок нь байшинг авна. Дээврийн мод, цонхны модыг авах хүсэлтэй байна....Цагаан өнгийн аксент дугаарыг нь мэдэхгүй байна. Аксент маркийн машин өөрийн нэр дээр байхгүй, хүргэн дүүгийн нэр дээр байдаг. Аксент маркийн машин Т.Мийн хашаанд байгаа гэв.

Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай дүү манай эхнэртэй хамт сурдаг байсан. Би эхнэртэйгээ нэг удаа уулзаж дараагийн 3-4 хоногоос оргуулаад авч зугтсан. Хэзээ гэрлэсэн он, сар, өдрөө мэдэхгүй байна. М.Аружан, М.Айерке гэдэг хоёр хүүхэдтэй. 2019 оны 04 сард Баян-Өлгий аймаг руу хадам ахынхаа байшинг бариулахаар хамт яваад Е.Мийн ах байшингаа бариулж дуусаад надад ямар ч мөнгө өгөөгүй. Байшин барьж дуусаад би шил архи уусан намайг архи уусан гэж Ховдын машинд хүчээр суулгаж явуулаад манай эхнэр үлдсэн. Тэр үйл явдлаас болж гэрлэлтээ цуцлуулах шалтгаан гарч ирсэн. 2019 оны 7 дугаар сард Ховд аймгийн Цагдаагийн газрын тэнд Е.М нэг залуутай хамт явж байхад нь таарсан. Сая Е.М худлаа ярьсан би гэрлэчихсэн байгааг нь мэдэж байна. Тэр хүнтэй холбоотой байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Миний хүүхдүүд дандаа охидууд байгаа. Манай эхнэр өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Би хүүхдүүддээ санаа зовж байгаа, том охиноо өөрийнхөө асрамжид авна. Е.М цаашид өөр хүнтэй амьдрах учраас хоёр охиноо хүний гар харуулмааргүй байна. Автомашинаа өөрөө авна, байшинг эхнэртээ өгнө. Том охин М.Аружаныг ээж нь ах, бэр эгчийнхээ хамт шөнийн 12 цагт ирж авсан. Хувцас нь хиртэй, үсийг нь самнаагүй байсан гэдэг нь худлаа би хувцас бэлдээд цэцэрлэгт өгөх гэж байсан. Шөнийн 12 цагт ирж охиноо авч явсан гэдгийг сумын цагдаа гэрчилнэ....улсын дугааргүй, цагаан өнгийн аксент машин байгаа....2019 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа....Байшин барьж барилгын ажил хийж мөнгө олдог байсан гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е.М нь Т.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрт байшин болон аксент маркийн автомашиныг үлдээх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2014 онд танилцан, 2014 оны 11 сард гэр бүл болж, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин М.Аружан, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин М.Айерке нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-8 дугаар тал/

Нэхэмжлэгч Е.М, хариуцагч Т.М нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оны хавраас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь том охин болох 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин М.А асрамжийн талаар маргах боловч хүүхдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Иймээс хүүхдүүдийн нас, биеийн онцлог, эхийн анхаарал халамж зэргийг харгалзан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.А, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.А нарыг эх Е.Мийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг батлахаар тогтов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.А, М.А нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Т.Мийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Т.Мээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Е.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., мөн хуулийн 126.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар багт байрлах, 4х4 хэмжээтэй, блок нь байшинг өөртөө болон хүүхдүүддээ гаргуулах, улсын дугааргүй, цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг хариуцагчид үлдээх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар багт байрлах, 4х4 хэмжээтэй, блок нь байшинг өөртөө болон хүүхдүүддээ гаргуулах, улсын дугааргүй, цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг хариуцагчид үлдээх талаар зохигч маргаагүй тул Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар багт байрлах, 4х4 хэмжээтэй, блок нь байшинг нэхэмжлэгч Е.М, охин М.Аружан, М.Айерке нарт, улсын дугааргүй, цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг хариуцагч Т.Мэд тус тус олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Е.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Мд олгохоор тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Ж овогт Т М //, Ж овогт Е-ны М // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.А /, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.А // нарыг эх Е.Мийн асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Е.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т заасныг баримтлан Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар багт байрлах, 4х4 хэмжээтэй, блок нь байшинг нэхэмжлэгч Е.М, охин М.А, М.А нарт, улсын дугааргүй, цагаан өнгийн Аксент маркийн автомашиныг хариуцагч Т.М тус тус олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Т.Мэд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Е.Мд тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Мд олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ