| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00662/и |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 00013
| 2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00013 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шимт тэжээл ХХК-ийн захирал Х.Сүх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00662/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан, Б.Уранчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шимт тэжээл аж ахуй нэгж нь 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө гэж бүртгүүлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй 2,814,000 төгрөгийн өр үүсгэчихээд сураггүй алга болсон. Манай нийгмийн даатгалын хэлтэст регистрийн дугаарыг нь хийгээд хайхаар хаана байгаа нь гарч ирдэг программ байдаг. Тэр программаар хайхад Х.С нь Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн 12 дугаар хорооны Өнөр хорооллын 2-2-ын 0 тоотод амьдардаг гэсэн мэдээлэл гарч ирж байгаа. Холбоо барих утасны дугаар байхгүй учраас энэ хаяг нь дээрээ амьдардаг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Шимт тэжээл ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг Баатархайрханы 1 гэсэн хаягт бүртгэлтэй байдаг. Энэ хаягаар нь очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Нэг жил орчим шимтгэл төлж байгаад шилжээд явчихсан юм шиг байгаа юм. Х.С нь манайд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 2,814,000 төгрөгийн өртэй байгаа. Энэ өрийг нь төлж барагдуулахын тулд Шимт тэжээл ХХК-ийн захирал, ПВ85092112 регистрийн дугаартай, Хүрэлбаатарын Сүх-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шимт тэжээл ХХК нь 2016 онд анх бүртгүүлснээс хойш 2017 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 2,814,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үүсгэсэн. Амарбаясгалан, Загд-Очир, С, Энхзориг гэсэн 4 хүн дээр 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тайлангаа өгсөн боловч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй алга болсон. Үүнээс хойш 2 жил гаран утсаар ч холбогдохгүй, компанийнх нь хаяг нь дээр очиход компани нь байхгүй байсан учир Х.Сүх-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шимт тэжээл ХХК /4068106/-ийн төлөөлөгч Х.Сүх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Х.С нь Шимт тэжээл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. /хх-ийн 14 дүгээр тал/
Шимт тэжээл ХХК нь 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн 2,814,000 төгрөгийн өр үүсгэсэн болох нь Шимт тэжээл ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2017 оны 5 дугаар сарын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Шимт тэжээл ХХК-ийн хаяг нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 тоотод бүртгэлтэй болох нь Шимт тэжээл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Шимт тэжээл ХХК-ийн захирал Х.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрханы үйлдвэрийн районы 00 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 624 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь Шимт тэжээл ХХК-ийн захирал Х.Сүх-Эрдэнийн оршин суугаа хаягийг олж тогтоолгож, түүний оршин суугаа газрын шүүхэд 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,814,000 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл гаргах үндэслэлээр түүнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шимт тэжээл ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 тоотод бүртгэлтэй боловч тус хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр нотлогдож байх тул Шимт тэжээл ХХК-ийн захирал Х.Сүх-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Шимт тэжээл ХХК-ийн захирал Х.Сүх-Эрдэнийн талаарх мэдээлэл: Шимт тэжээл ХХК-ийн регистрийн дугаар нь 4068106, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 тоотод бүртгэлтэй, ПВ85092112 регистийн дугаартай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шимт тэжээл ХХК-ийн төлөөлөгч, регистрийн дугаартай, Х-ын С-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Х. С-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Х.С-ийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ