| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00491/и |
| Дугаар | 00014 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00014
| 2020 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2020/00014 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 22-11 тоотод оршин суух, Ш овогт К-н Д //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт байрлах, Тунгалаг буянт ХХК //,
хариуцагч: Ховд аймгийн Мянгад суманд байрлах, Жаргалант рашаант ХХК //-иудад холбогдох,
1,440,000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай 153/2019/00491/и индекстэй иргэний хэрийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жайнанур, хариуцагч Жаргалант рашаант ХХК-ийн төлөөлөгч Н.Баттөмөр, хариуцагч Тунгалаг буянт ХХК-ийн төлөөлөгч К.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Д миний бие нь Ховд аймгийн Мянгад суманд үйл ажиллагаа явуулах Тунгалаг буянт тоосгоны үйлдвэрт 2009 оноос хойш ажиллаж байгаад 2013 оноос манаачаар ажиллаж эхэлсэн. Манай үйлдвэр улирлын чанартай ажилладаг учраас 4 сараас 10 сар хүртэл үйлдвэр дээрээ модчин хийж байгаад, 10 сараас 4 сар хүртэл үйлдвэрийнхээ манаачаар ажилладаг.
2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Н.Баттөмөр нь Танай захирал К.Нэргүй намайг үнс ав гэсэн. Би дулаарахаар буцаагаад өгөхөөр тохиролцсон гэж ирэхэд нь би захирал руу асуухаар залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Мянгад сумын төвд байсан К.Нэргүй захирлын дүү болох К.Мерекейд хэлэхэд за би дамжуулж хэлье гэж хэлсэн. Тэгээд Н.Баттөмөр нь Хово маркийн машинаар 6 машин үнс ачиж явах гэхэд би хориглосон боловч миний үгэнд оролгүй аваад явсан.
2019 оны 4 дүгээр сард үйлдвэрийн ажил эхлэхэд К.Нэргүй захирал үнс ачиж явсан талаар мэдэж намайг зөвшөөрөлгүйгээр үнс ачуулсан байна, та цалингаасаа төлөөрэй гэж хэлсэн. Улмаар Н.Баттөмөрт ачиж явсан үнсээ авч ирэхийг хэлэхэд танай захирлаас авах авлагатай учраас буцааж өгч чадахгүй гэдэг хариу хэлсэн.
Манай үйлдвэрийн захирал болох К.Нэргүй нь Н.Баттөмөрт төлөх өргүй. Бидний хооронд өгч авах зүйл байхгүй гэж хэлсэн. Улмаар манай захирал 1 машин үнсийг 250.000 төгрөгөөр тооцож, 6 машин үнс болох 1.440.000 төгрөгийг миний цалин дээрээс суутган авч одоог хүртэл олгохгүй байгаа тул надад хохирол учраад байна.
Миний бие энэ асуудлаар Ховд аймгийн Мянгад сумын цагдаад хандсан боловч энэ асуудлаараа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн бөгөөд миний бие нь Тунгалаг буянт ХХК болон Жаргалант рашаан ХХК-нийн захиралуудын хооронд өр авлагын асуудлаас болж 1,440,000 төгрөгийн цалин хөлсөө авч чадахгүй хохироод байна.
Иймд Тунгалаг буянт ХХК-ийн захирал К.Нэргүй болон Жаргалант рашаан ХХК-нийн захирал Н.Баттөмөр нараас 1,440,000 төгрөгийн хохирлыг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жайнанур шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч К.Жайнанур болон хариуцагчийн төлөөлөгч Н.Баттөмөр, К.Нэргүй нар дараах нөхцөлтэйгөөр эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжпэлийн шаардлага 1,440,000 төгрөгөөс Тунгалаг буянт ХХК-ийн К.Нэргүй нь 1,140,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцлоо.
2.Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч К.Жайнанур нь нэхэмжпэлийн шаардлага болох 1,440,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзлаа.
3.Хариуцагч Жаргалант рашаант ХХК-ийн захирал Н.Баттөмөр нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Жаргалант рашаант ХХК нь Тунгалаг буянт ХХК- д 6 машин үнсийг буцаан өгөхөөр
4.Энэхүү гэрээнд зохигч нар харилцан ярилцаж сайн дурын үндсэн дээр эвлэрч, энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Хариуцагч Тунгалаг буянт ХХК-ийн төлөөлөгч К.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би нэхэмжлэгчид 1,440,000 төгрөг өгөх ёстой байснаас нэхэмжлэгч К.Дарига Казакстан улс руу явах шаардлага гарсан гэж хэлээд 300,000 төгрөгийг надаас авсан. Үлдэгдэл 1,140,000 төгрөгийг нэхэмжлэгч К.Даригад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн....гэв.
Хариуцагч Жаргалант рашаант ХХК-ийн төлөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Тухайн маргааны хувьд манай компани хариуцах ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч К.Дарига нь надад ямар ч хамааралгүй асуудлаар холбогдуулж нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Миний хувьд 6 машин үнсийг К.Даригагаас аваагүй, К.Нэргүйгээс авсан. Би уг нь К.Нэргүйгээс 3600 ширхэг бээлийгээ авсны дараа үнсийг нь өгөх ёстой байсан....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Д нь Жаргалант рашаант ХХК-д холбогдуулан 1,440,000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Т ХХК-ийг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч К.Д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч К.Ж нь нэхэмжпэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж, Т ХХК-ийн төлөөлөгч К.Н нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэн К.Жайнанурт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жайнанурт эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 63 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Даригагийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,140,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,910 төгрөгийн тал хувь болох 15,955 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч К.Д олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн Жаргалант рашаант ХХК-ийн захирал Н.Баттөмөр нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Жаргалант рашаант ХХК нь Тунгалаг буянт ХХК- д 6 машин үнсийг буцаан өгөхөөр тохиролсон байдал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул уг эвлэрлийг батлаагүй болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК, Т ХХК-иудад холбогдох, 1,440,000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч К.Д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч К.Жайнанур нь нэхэмжпэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж, Т ХХК-ийн төлөөлөгч К.Н нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Да улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 31,910 төгрөгийн тал хувь болох 15,955 /арван таван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг хариуцагч Тт ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч К.Долгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ