Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00015

 


 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00015

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, Т овогт Б-ийн Э //-д холбогдох,

сум хөгжүүлэх сангийн зээл 8,632,309 /найман сая зургаан зуун гучин хоёр мянга гурван зуун ес/ төгрөг гаргуулах тухай 153/2019/00625/и индекстэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр Батсуурь овогтой Бөхболд нь Өлөнгийн цех байгуулах чиглэлээр Сум хөгжүүлэх сан-гаас 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэйгээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлийн хугацаа болох 36 сар буюу 3 жилийн хугацаанд зээлийн графикт хугацааны дагуу эргэн төлөлтөө хийгээгүй ба 86,000 төгрөгийн хүү төлсөн. Үлдэгдэл 32,309 төгрөгийн хүү төлөгдөөгүй. Үндсэн зээл 5,000,000 сая төгрөг үлдсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасны дагуу хоногийн 2 хувиар тооцож алданги гаргасан. Зээл төлөгдөөгүй алдангыг сараар хувилж нийт 3,600,000 төгрөгийн алданги тооцож гаргасан. Үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 8,632,309 төгрөгийг Батсуурь овогтой Бөхболдоос нэхэмжилсэн боловч зээлдэгч Батсуурь овогтой Бөхболд нь 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор нас барсан учраас төрсөн дүү Батсуурь овогтой Э нь хамтран зээлдэгчээр хоёрдугаар гарын үсэг зурсан учир тухайн иргэнийг хариуцагчаар татсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь нэхэмжлэлтэйгээ холбоотойгоор үндсэн зээлийн 60 хувь буюу 3,000,000 сая төгрөгийг чөлөөлж, зээлийн хүү, алдангийг 100 хувь чөлөөлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 6,632,309 төгрөгийг багасгаж, хамтран зээлдэгчээр хоёрдугаар гарын үсэг зурсан Батсуурь овогтой Эаар үндсэн зээлийн 40 хувь буюу 2,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...Ах дүү нартайгаа ярилцаж байгаад тухайн нас барсан хүний нэр дээр мал хөрөнгө байдаг бол зарж борлуулаад энэ өр зээлийг барагдуулмаар байна гэж би гэрээр нь очиж уулзаж хэлж байсан. Жил бүр мэдэгдэх хуудас Б.Эд хүргүүлдэг. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сард мэдэгдэх хуудас хүргүүлээд гарын үсэг зуруулж авсан. Өмнө жилүүдийн мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зуруулж байгаагүй. Тааралдах бүртээ аман хэлбэрээр хэлж, чамд ямар боломж байна вэ, яаж төлөх үү гэж хэлдэг байсан. Б.Эын төлбөрийн чадамжийг нь харгалзан үзэж зээлийн хүүгээ багасгасан....Иймд 2,000,000 төгрөгийг Б.Эаас гаргуулж Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сан-д оруулж өгнө үү....гэв.

Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суугч Төнхөн овогтой Батсуурийн Э миний бие 29 настай эмэгтэй ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, одоо 7 сартай жирэмсэн 4 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа.

Дутуу төрөх магадлал маш өндөр учир хэвтэрийн дэглэм сахих заалттай, эмчийн хяналтан доор байна. Мөнххайрхан сумын хүүхдийн Оргил цэцэрлэгийн үйлчлэгч ажилтай. Мөнххайрхан сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 19 ний өдрийн 1/168 тоот нэхэмжлэлтэй танилцлаа.

Миний төрсөн ах Б.Бөхболд нь 2013 онд Өлөнгийн цех байгуулах зориулалтаар сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн зээл авсан юм билээ. Ах маань ганц бие хүн байсан учраас тухайн үедээ 2 дугаар гарын үсгийг чи зураад өгөөч гэж гуйхлаар нь би гарын үсэг зурж өгсөн нь үнэн. Тухайн үедээ би ахыгаа нас барахын чинээ бодсон ч үгүй ээ. Гэвч уг мөнгийг авч зарцуулсан шамшигдуулсан зүйл байхгүй. Талийгаач ах маань уг төслөө хэрэгжүүлэх бодолтой байсан ч бие нь өвдөж 2 удаа Улаанбаатар хотруу шинжилгээнд явж элэгний хорт хавдар гэсэн онош гарч эмийн эмчилгээ болон, өндөр төлбөртөй энергийн эмчилгээ хийлгэсэн ба ирэх буцах зардал, эм тариа зэрэгт уг мөнгийг зарцуулсан.

Ахад маань өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Ээжтэйгээ хамт амьдарч байсан. Миний ээж 2012 оны 06 сарын 12-нд бас элэгний хорт хавдар гэсэн оношоор нас барсан. Ах маань 2014 оны 09 дүгээр сарын 21-нд бас л элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан бөгөөд уг өр зээлийн би хариуцах үндэсгүй гэж үзэж байна. Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.

Талийгаач бид 2 нэг эх эцэгээс төрсөн ах дүүс мөн болов ч нэг ам бүл биш, би нөхөр С.Мөнхмаралтай суугаад 8 жил болж байгаа бөгөөд тэр үед хуримаа хийж тусдаа гарсан байсан.

2011 оны 11 сард гэрлэлтээ батлуулсан манай өрх хүн амын бүртгэлд талийгаач ахын нэр байхгүй. Нөгөөтэйгөөр талийгаач ахын авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй зөвхөн 2 дугаар гарын үсэг л зурсан болохоос би хамтран зээлдэгч биш. Тухайн үед гарын үсэг зурахдаа би үүрэг хариуцлага хүлээхийг мэдэхгүй байсан.

Гэвч надад уг зээлийг төлөх чадвар байхгүй. Манай нөхөр онц эрхэлсэн ажилгүй ганц миний үйлчлэгчийн /300 000/ гурван зуун мянган төгрөгний цалингаар амьдардаг. Би өөрөө цалингийн зээлтэй сар бүр авдаг гурван зуу мянгаасаа /200 000/ хоёр зуугаар нь цалингийн зээлээ төлдөг үлдэгдлийг нь таван ам бүлийнхээ амьдралдаа зарцуулдаг. Миний энэхүү байдлыг харгалзан зээл төл гэсэн дарамтнаас салгаж өгнө үү.

Миний хувьд амьдралын хатууг туулж яваа бөгөөд дээр мөнгө төл гэж дуудаад байхаар сэтгэл санааны хувьд хямарч бие минь өвдөөд хэцүү байна. Мөнххайрхан сумын цэцэрлэгийн үйлчлэгч ажилтай Б.Э миний бие жирэмсэн хүндрэлтэй эмчийн хяналтанд байгаа машин унаанд сууж тээвэрлэхийг хориглосон заалттай байгаа тул шүүх хуралд өөрийн биеэр очиж оролцох боломжгүй байна намайг оролцохгүйгээр шүүх хурлыг хийж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь Б.Эд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 8,632,309 /найман сая зругаан зуун гучин хоёр мянга гурван зуун ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтуул нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлов.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Ах маань ганц бие хүн байсан учраас тухайн үедээ 2 дугаар гарын үсгийг чи зураад өгөөч гэж гуйхлаар нь би гарын үсэг зурж өгсөн нь үнэн боловч ахын авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй, ...ах маань 2014 оны 09 дүгээр сарын 21-нд бас л элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан бөгөөд уг өр зээлийн би хариуцах үндэсгүй, ....талийгаач бид 2 нэг эх эцэгээс төрсөн ах дүүс мөн болов ч нэг ам бүл биш, .би хамтран зээлдэгч биш....надад уг зээлийг төлөх чадвар байхгүй.... гэж маргажээ.

Б.Бөхболд, хариуцагч Б.Э нар нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргатай 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээн байгуулан өлөнгийн цех ажиллуулах зориулалтаар 5,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 6-10, 29 дүгээр тал/

Үндсэн зээлдэгч Б.Бөхболд нь 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 05/003611 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдлоо.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, хариуцагч Б.Бөхболд нь 5,000,000 төгрөг авсан, зээлийн хүүд 86,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Үндсэн зээлдэгч Б.Бөхболд нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Эаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүснэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний дуусах хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Б.Эын ....ах маань ганц бие хүн байсан учраас тухайн үедээ 2 дугаар гарын үсгийг чи зураад өгөөч гэж гуйхлаар нь би гарын үсэг зурж өгсөн нь үнэн боловч ахын авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй, ...ах маань 2014 оны 09 дүгээр сарын 21-нд бас л элэгний хорт хавдар өвчнөөр нас барсан бөгөөд уг өр зээлийн би хариуцах үндэсгүй, ....талийгаач бид 2 нэг эх эцэгээс төрсөн ах дүүс мөн болов ч нэг ам бүл биш, .би хамтран зээлдэгч биш....надад уг зээлийг төлөх чадвар байхгүй... гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Эаас 2,000,000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 153,067 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Эаас 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Эаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх санд оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 153,067 /нэг зуун тавин гурван мянга жаран долоо/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ