Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00016

 

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00016

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сумын Бичигт багийн .... тоотод оршин суух, Б овогт С-ын Ц //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Хангамжийн ... айлын орон сууцны .... тоотод оршин суух, Х овогт Г-ын М //-д холбогдох,

эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00571/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан шаардлагадаа: С.Ц миний бие нь охин Ц.Н-ын хамт амьдардаг. Бид 2 өөрсдийн гэсэн орон гэргүй. Ховд аймгийн Буянт суманд мал малладаг аав, ээж 2-тойгоо хамт амьдардаг боловч охиноо цэцэрлэгт оруулах гээд одоо Ховд аймгийн төвд айлын амбаар хөлслөн амьдарч байна. С.Ц миний бие нь 2013 онд С.Зулбаяртай танилцсан. С.З нь аймгийн төвд гэр барин ганцаараа амьдардаг байсан. С.З нь ганц бие, эхнэр хүүхэдгүй гэж ярьдаг байсан. С.Зулбаяртай гэрт нь хааяа очиж хонодог байсан. Тэр үедээ надад хайртай, гэр бүл болж амьдарна гэж ярьдаг байсан. Удалгүй би жирэмсэн болж энэ тухайгаа С.Зулбаярт хэлэхэд Эрэгтэй хүүхэд гарвал би авна. Эмэгтэй хүүхэд гарвал чи өөрөө өсгөөрэй. Эсвэл чи хүүхдээ авахуул гэж хэлсэн боловч би хүүхдээ авахуулахгүй гэдгээ хэлсэн. Тэр үеэс хойш С.Зулбаяр надтай уулзалгүй зугтааж, төрөх үед болон төрсний дараа нэг ч удаа уулзаагүй, хүүхдээ эргэж тойроогүй. Миний охин Ц.Н 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Одоо 5 настай. Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа. С.Ц миний бие нь тодорхой эрхэлсэн ажилгүй.

С.Зулбаяртай танилцах үед хариуцагч нь өөрийгөө С.Зулбаяр гэдэг гэж танилцуулж байсан бөгөөд хамт ажилладаг хүмүүс нь Зулаа гэж дууддаг байсан.

Гэтэл хариуцагч нь Г.М гэдэг нэртэй юм байна. Иймд хариуцагчийн нэрийг Хс овогт Г-ын М // гэж тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: Боржин овогт Сүх-Очирын Ц миний бие нь тус шүүхэд Хиргис овогт Гонгоржавын Мд холбогдуулан Г.Мыг охин Ц.Н-ын эцэг мөн болохыг тогтоолгох, охин Ц.Насантогтохыг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь Г.Мд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Ц нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШЗ2019/02150 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 102,211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөг төлөхийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь уг шүүгчийн захирамжид заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Цас улсын тэмдэгтийн хураамж нийт 102,211 төгрөгийн тал хувь болох 51,105.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Цэрэнпагмын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мд холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Ц нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц улсын тэмдэгтийн хураамж нийт 102,211 төгрөгийн тал хувь болох 51,105.5 /тавин нэгэн мянга нэг зуун таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ