Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/439

 

 

 

 

 

  2023        03          29                                   2023/ШЦТ/439

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

хохирогч Ө.Д,

хохирогч М.Л, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тамир,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2206 00000 2764 дугаартай хэргийг 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн 0000 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Торгоны зам худалдааны төвд зохион байгуулагч ажилтай, ам бүл 8, ээж, дүү, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо хороолол 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

            С.Б /РД:АА00000000/

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны хооронд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 000 дугаар байрны гадна хохирогч Ө.Д, М.Л нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан хохирогч Ө.Дгийн хоолойг нь боож газарт унаган эрүүл мэндэд нь “хоёр зулай, чамархай, зүүн хөхлөг сэртэн, суурь ясны суман заадал салсан нийлмэл хугарал зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн, суурь духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч М.Лг газарт унагаж 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дотор буланд шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд үүдэн 2 шүдний сулрал, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийсэндээ ойлгож, гэмшиж байгаа...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч М.Л мэдүүлэхдээ “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө С.Б гэдэг залуутай тааралдаад бэртэл авсан. Тухайн үед юу болсон талаар юу ч санахгүй байгаа. Сүүлд нь гэртээ орсон байсан. Яаж орсныг мэдэхгүй байгаа. Ямартай ч түргэний машинд ухаан орсон. Тэрнээс хойшоо эмчилгээ хийлгэж явсан. Хоёр нүдэндээ  эмчилгээ хийлгээд, нэг нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Нэгэнд нь имплант хийлгээд энэ хагалгаа нь амь насны заалттай зүрх зогсох эрсдэлтэй хагалгаа хийлгэсэн ч азаар амжилттай болоод явж байгаа. Тэрнээс хойш нүдний хараа тогтохгүй. Юмыг хоёр болгож харах, одоо болтол ажил хийж чадахгүй, ажил хийх чадвараа алдаад, эмчийн хяналтад байж байна. Одоо зүүн нүдний гуурс авхуулах хугацаа нь арай болоогүй байгаа. Бүрэн эдгэрээгүй гэсэн заалттай учраас авхуулаагүй явж байгаа.  Эрүүл мэнд, санхүүгийн хувьд нэлээн хохирол амссан. Хагалгаа хийлгэхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болсон. Ажил хийгээд явж байх ёстой залуу хүн хагас жилийн турш ажилгүй, гэрийн байдалтай. Тархиндаа цохиулаад гэмтэл авсан учраас даралт маш өндөртэй 2 сарын хугацаанд даралтын эм ууж байсан. Тэрний дараагаар  нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд одоо гайгүй болж байгаа. Тэр үед би бол маш их гомдолтой байсан. Одоо бол тэр үеийг даваад гарсан учраас гомдоод байх зүйл байхгүй. Цаашид нүдний тогтворжуулах эмчилгээ хийлгэж эмчийнхээ хяналтад байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна. 12.712.175 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Түүнээс 7.000.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 5.712.175 төгрөгийг авах ёстой. Үүнээс цааш гарах зардлуудаа тухай бүрд нь баримтуудаа бүрдүүлээд нэхэмжилмээр байна...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ө.Д мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 05-аас 06-ны өдрийн шилжих шөнө М.Л гэх найзтайгаа явж байгаад С.Б гэх залуутай муудалцсан. Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлттэй болсон үйл явдал тохирч байна. Гэмтэл авснаас хойш эрүүл мэнд,  сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байсан. Сэтгэл гутралд орсон. Эрүүл мэндийн хувьд сайжирч байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Ачаалал авахаар унаж татах аюултай учраас хамаагүй ядарч болохгүй. Сульдаж болохгүй гэсэн.  Зүүн талын мэдрэл нь үхсэн гэх юм уу байх, гэмтэлтэй болсон байгаа. Гомдол санал гэвэл залуу хүмүүс муудалцаж болно. Тэр үед шүүгдэгчийг ч буруутгаад, өөрсдийгөө ч буруутгаж байгаа.  Гэхдээ нэг цохиод өнгөрсөн бол болох байсан. Заавал ийм болтол нь зодож нүдэх шаардлага байсан юм уу гээд нэлээн тэр үедээ энэ залууд дотроо гомдож байсан. Би өөрөө 3 нялх хүүхэдтэй. С.Бийг бас 4 хүүхэдтэй гэдгийг нь сонсоод харамсаж л байна. Аль аль нь гэр бүлээ тэжээгээд явах ёстой байтал нэг нь гэмтээд нэг нь шүүхийн хариуцлага хүлээвэл тэр нь хэцүү байна. Одоо тэгээд учиргүй гомдоод байх зүйл байхгүй. Тухайн үед гомдож байсан. Миний эмчилгээний зардалд барагцаагаар хэлэхэд 12.000.000 гаран төгрөг гарсан. Түүнээс 6.000.000 төгрөгийг 2.000.000 төгрөгөөр 3 удаа авсан хувааж С.Бээс авсан байгаа. Цаашид эрүүл мэндийн хувьд ямар нэгэн байдлаар эм тариа, эмнэлэгт хэвтэх, эмчилгээний зардал хэрэгтэй. Тэрийг гаргуулах саналтай байна. М.Л бид хоёр өмгөөлөгч авсан. Бодитой гарсан зардлуудыг барагдуулж байвал өөрөөр гомдол санал байхгүй...” гэв.

 

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 01 дэх тал/

 

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч М.Лгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд, /хавтаст хэргийн 03-15 дахь тал/,  

      

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Э.Ө.Дгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хавтаст хэргийн 16-45 дахь тал/

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04/4336 тоот албан тоот, /хавтаст хэргийн 47-51 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний 12304 дугаартай "...

       1. Ө.Дгийн биед хоёр зулай, чамархай, зүүн хөхлөг сэртэн суурь ясны суман заадал салсан нийлмэл хугарал хүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн, суурь духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

       4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 85-87 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны 12302 дугаартай:

       1. М.Лгийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дотор буланд шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд үүдэн 2 шүдний сулрал, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

       3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 2715 дугаартай дүрс бичлэгийн шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 110-118 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Лгийн гэрчээр өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 30 минутад Доржмаа, Мөнгөнхундага, Очироо нарын хамт "Sanura tower" 3 давхрын Рио-д суусан. Бид дөрөв тэндээ 1 шил архи хувааж уучхаад 01-02 цагийн орчимд караокед орж дахин 1 шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад Очироо такси бариад явчихсан. Мөнгөнхундага, Ө.Д бид гурав гэртээ очих гээд алхсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн гэртээ ирсэн байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бийн сэжигтнээр өгсөн "...Манай дүү Г.Батгэрэл нь сурч байсан сургуулиасаа гарна гэсэн асуудал гарсан бөгөөд би дүүтэйгээ ярилцах шаардлага гарсан тул 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой гэрээсээ гараад нэг газар орж хамт сууж ярилцсан. Тухайн үед архи, пиво хольж уусан. Тэгээд гараад гэрүүгээ явж байхад үл таних хоёр залуу өөдөөс алхаж хажуугаар гарахдаа нэг залуу нь яасан зүгээр үү гэж тохуурхсан байдалтай надад хандаж хэлсэн. Би миний зүгээр байх чамд хамаагүй гэж хэлээд уг залуутай маргалдаж эхэлсэн. Арай том биетэй залуу нь миний хажууд юу ч хэлэхгүй над руу хараад зогсож байхдаа миний нүүрэн тус газар 1-2 удаа гараараа цохихоор нь би уг залууг газар унагаад нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би дүүдээ хандаж чи зодоонд орж болохгүй шүү гэдгийг анхааруулж хэлсэн, дүү зодоонд оролцоогүй, эрүүл байсан. Би жижиг биетэй залуу руу нь очоод хойноос нь барьж аваад ард нь гарч байгаад баруун гараараа хүзүүгээр нь бооход уг залуу ухаан алдах шиг болсон. Би гараа тавиад хойшоо ухрахад уг залуу дагз хэсгээрээ хойш газар /аспалт зам/ дээр унасан. Тэгээд би том биетэй залуу руу нь очоод нүүр хэрэгт нь 3-4 удаа баруун гараараа алгадсан. Тэр хооронд жижиг биетэй залуу нь босоод цаашаа төв зам руу чиглээд явахаар нь би уг том биетэй залууг орхиод дүүг гэртээ ор гэж хэлээд хотхоноос гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна гэх мэдүүлэг, /хх-ийн 131-132 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаа Г.Б гэрчээр өгсөн "...Манай ах намайг компьютер дээр тоглоом тоглоод сууж байтал чи сургуулиасаа завсардлаа, ирээдүйд яах бодолтой байна ярилцъя гээд оройны 22-23 цагийн үед гэрээсээ дагуулж гараад Энхтайвны гүүрний баруун доод хэсэгт байрлах пабад /нэрийг нь хараагүй/ дагуулж ороод юм ярингаа ах 5 шил пиво, 100 грамм вискиг ганцаараа уусан. Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-аас 09 дүгээр сарын 06-нд шилжээд 03 цаг өнгөрч байх үед харихаар болоод пабаас гарч, Баянмонгол хороолол руу алхаад явж байсан. Баянмонгол хорооллын хашаан дотор ах бид хоёрыг байр руу орох гээд явж байх үед 175 см орчим өндөртэй, хар өнгийн үстэй, 70-75 орчим кг жинтэй, бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй болон 170-173 орчим см өндөртэй,  туранхай, хар өнгийн хувцастай үл таних хоёр залуу хажуугаар өнгөрч явах үедээ "зүгээр үү хөгшөөн" гэж хэлсэн. Тэр үед нь ах С.Б нөгөө залууд хандаж "айн" гэж асуухад "зүгээр үү хөгшөөн" гэж асуусан юм гээд намхан нуруутай, туранхай залуу нь манай ахтай маргалдаад, хэрүүл өдөөд байсан. Хажууд нь том биетэй залуу нь чимээгүй зогсож байсан. Би тухайн үйл явцыг хараад ах болон жижиг биетэй залуу хоёроос 3-4 алхмын зайтай зогсож байсан. Маргаан ширүүсээд эхэлтэл том биетэй залуу манай ахыг гараараа 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Манай ах өөрийг нь цохисон том биетэй залууг газарт унагаад 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон ба намайг салгах гээд яараад очтол том биетэй залуу ухаан алдсан. Нөгөө 170-173 см өндөртэй, туранхай залуу нь ах дээр очоод зууралдаад эхлэх үед ах намайг чи цаашаа бай, битгий оролц гэсэн. Тэр үед би холдох санаатай явж байгаад эргээд хартал манай ах нөгөө залууг яаж боосон нь мэдэхгүй хоолойг нь гараараа боож байгаад тавьсан. Тэр үед нь туранхай залуу толгойгоороо газарт савж унасан. Тэр үед хоёр залуу хоёулаа газарт ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Би сандраад туранхай залууг очиж чирээд юм налуулж суулгахад ах С.Б эхэнд ухаан алдсан том биетэй залууг чирч юм налуулж суулгаад сэргээхийн тулд нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан. Би ахад хандаж туранхай залууг үхчих вий дээ гэж хэлтэл хэсэг хугацааны дараа туранхай, сүүлд ухаан алдаж толгойгоороо газарт савж унасан залуу сэргэсэн. Тэр үед манай ах намайг гэртээ түрүүлээд орж бай гээд гэрийнхээ түлхүүрийг өгөөд явуулсан. Намайг гэртээ орох үед 4 цаг өнгөрч байсан. Намайг гэрт орсноос хойш 10 гаруй минутын дараа араас ах гэртээ орж ирсэн..." гэх мэдүүлэг,  /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Дгийн өгсөн  "...Ямар хүнд зодуулсан, хүнтэй муудалцсанаа санахгүй байна нэг мэдсэн нэг эрэгтэй хүн хүзүүгээр, гарын бугуй хэсгээрээ боож байхыг хальт санаж байна, тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна, баруун нүд хөхөрсөн тархи гэмтсэн гэж эмч хэлсэн, одоо толгой их өвдөж байна, зүүн чих юм сонсох муу байна гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Лгийн өгсөн "...Шөнийн 2 цагийн орчимд байрныхаа урд талын гарааш орж Ө.Дгийн машинаас юм авахаар очоод буцаад гараашнаас гараад юу болсон талаар санахгүй байна, нэг мэдсэн өглөө түргэний машинд сэрсэн. Харанхуй байсан болохоор миний ойролцоо насны залуу байсан санагдаж байна хувцсыг нь харж амжаагүй, булан эргээд ухаан алдсан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 62 дахь тал/

 

Баянмонгол СӨХ-ын хяналтын камерын бичлэгийн хэрэгт ач холбогдолтой хэсгийг хуулбарлан авч, СД-нд буулган 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /хавтаст хэргийн 189 дэх тал/

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон СД-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 190-191 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч А.Маралын “Хохирогч Ө.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.323.900 зардал гаргасан байх тул шүүгдэгч С.Бээс дээрх зардлыг гаргуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  64 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Шархүүгийн өгсөн "...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 04 цаг 30 минутын үед хаалгаа нүдээд эхнэр нь онгойлгоход цус болчихсон байсан гэсэн, унтаж чадахгүй байхаар нь эхнэр нь намайг дуудсан, тэгээд гэрт нь яваад очиход тийчлээд байсан ба надад хандаж унтъя гэж хэлсэн, унтаж чадахгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлэхэд эмнэлгээр явж үзүүлээрэй гээд толгойд нь оёдол тавьж өгөөд явсан, унтаж чадахгүй болохоор нь дахин түргэн дуудаж Гэмтлийн эмнэлэгт ирсэн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ундралын өгсөн “...04 цагийн үед зүүн талын толгой хэсгээс цус гарсан байдалтай орж ирэхээр нь юу болсон гэж асуусан чинь юм хэлээгүй хайр нь унтлаа гээд газар хэвтсэн, тэгэхээр нь яаралтай түргэн тусламжийн 103 дуудсан чинь удалгүй эмч ирж үзээд толгой нь хагарсан байна чихнээс цус гарах аюултай гээд Гэмтэл аваад явсан, тэгээд очоод шууд эмнэлэгт хэвтүүлсэн, би тэр үед нялх хүүхэдтэй болохоор хамт явж чадаагүй үлдсэн" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 179-182 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 151 дэх тал/

- Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 158 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 142 дахь тал/

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хавтаст хэргийн 152 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 153 дахь тал/

- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, /хавтаст хэргийн 154 дэх тал/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 155-156 дахь тал/

- Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 157 дахь тал/

- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 159 дэх тал/

- “Түвхэн Хан” ХХК-ийн тодорхойлолт, /хавтаст хэргийн 160 дахь тал/

- Гэр бүлийн гишүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 161-165 дахь тал/

- Ажил олгогч Ж.Бямбасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, /хавтаст хэргийн 167 дахь тал/

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бүрэнтөгс нь С.Бийн хувийн байдлын талаар ярьж мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 77 дахь тал/

зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:   

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө  шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 000 дугаар байрны гадна хохирогч Ө.Д, М.Л нартай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Ө.Дгийн хоолойг нь боож газарт унагаж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн дээрх цаг хугацаанд хохирогч М.Лг газарт газарт унагаж, толгой нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний 12304 дугаартай "...Ө.Дгийн биед хоёр зулай, чамархай, зүүн хөхлөг сэртэн суурь ясны суман заадал салсан нийлмэл хугарал хүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн, суурь духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, зулай, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны 12302 дугаартай: “...М.Лгийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дотор буланд шарх, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд үүдэн 2 шүдний сулрал, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн "... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр лүгээ явж байхад үл таних хоёр залуу өөдөөс алхаж хажуугаар гарахдаа нэг залуу нь яасан зүгээр үү гэж тохуурхсан  байдалтай надад хандаж хэлсэн. Би миний зүгээр байх чамд хамаагүй гэж хэлээд уг залуутай маргалдаж эхэлсэн. Арай том биетэй залуу нь миний хажууд юу ч хэлэхгүй над руу хараад зогсож байхдаа миний нүүрэн тус газар 1-2 удаа гараараа цохихоор нь би уг залууг газар унагаад нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би дүүдээ хандаж чи зодоонд орж болохгүй шүү гэдгийг анхааруулж хэлсэн, дүү зодоонд оролцоогүй, эрүүл байсан юм. Нөгөө 2 залуугийн жижиг биетэй залуу руу нь очоод хойноос нь барьж аваад ард нь гарч байгаад баруун гараараа хүзүүгээр нь бооход уг залуу ухаан алдах шиг болсон. Би гараа тавиад хойшоо ухрахад уг залуу дагз хэсгээрээ хойш газар /аспалт зам/ дээр унасан. Тэгээд би том биетэй залуу руу нь очоод нүүр хэрэгт нь 3-4 удаа баруун гараараа алгадсан...” гэх мэдүүлэг, 

Гэрч Г.Б өгсөн "...Баянмонгол хорооллын хашаан дотор ах бид хоёрыг байр руу орох гээд явж байх үед 175 см орчим өндөртэй, хар өнгийн үстэй, 70-75 орчим кг жинтэй, бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй болон 170-173 орчим см өндөртэй, туранхай, хар өнгийн хувцастай үл таних хоёр залуу хажуугаар өнгөрч явах үедээ "Зүгээр үү хөгшөөн" гэж хэлсэн. Тэр үед нь ах С.Б нөгөө залууд хандаж "Айн" гэж асуухад "Зүгээр үү хөгшөөн" гэж асуусан юм гээд намхан нуруутай, туранхай залуу нь манай ахтай маргалдаад, хэрүүл өдөөд байсан. Хажууд нь том биетэй залуу нь чимээгүй зогсож байсан. Би тухайн үйл явцыг хараад ах болон жижиг биетэй залуу хоёроос 3-4 алхмын зайтай зогсож байсан. Маргаан ширүүсээд эхэлтэл том биетэй залуу манай ахыг гараараа 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон. Манай ах өөрийг нь цохисон том биетэй залууг газарт унагаад 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон ба намайг салгах гээд яараад очтол том биетэй залуу ухаан алдсан. Нөгөө 170-173 см өндөртэй, туранхай залуу нь ах дээр очоод зууралдаад эхлэх үед ах намайг чи цаашаа бай, битгий оролц гэсэн. Тэр үед би холдох санаатай явж байгаад эргээд хартал манай ах нөгөө залууг яаж боосон нь мэдэхгүй хоолойг нь гараараа боож байгаад тавьсан. Тэр үед нь туранхай залуу толгойгоороо газарт савж унасан. Тэр үед хоёр залуу хоёулаа газарт ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Би сандраад туранхай залууг очиж чирээд юм налуулж суулгахад ах С.Б эхэнд ухаан алдсан том биетэй залууг чирч юм налуулж суулгаад сэргээхийн тулд нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан...." гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.Дгийн өгсөн  "...Баруун нүд хөхөрсөн тархи гэмтсэн гэж эмч хэлсэн, одоо толгой их өвдөж байна, зүүн чих юм сонсох муу байна гэх мэдүүлэг,

Хохирогч М.Лгийн өгсөн “... тухайн үед юу болсныг санахгүй байгаа, ямартай ч түргэний машинд сэрсэн...” гэх мэдүүлэг, Баянмонгол СӨХ-ны хяналтын камераас хуулбарлаж авсан 5 ширхэг дүрс бичлэгт шинжилгээний хийж, үзлэг хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг бичлэгүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг болон хэрэгт хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

          Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан үедээ ялимгүй зүйлээс шалтгаалан бусадтай маргалдаж, зодож хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ярьж мэдүүлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм бурууд маргаагүй болно.

           Бусдыг зодох үйлдэл нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болдог.

Шүүгдэгч С.Бийн хохирогч Ө.Дгийн хоолойг боож, толгойн хэсгээр нь газарт унагаж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хохирогч М.Лгийн толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарч байна.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд 2 хохирогчийг зодож хохирогч Ө.Дд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч М.Лд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдлийг нэг удаагийн үйлдлээр, нэг цаг хугацаанд үйлдсэн тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах нь хуульд нийцнэ.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Ө.Д, М.Л нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь С.Бийн гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д “... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Ө.Д нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэрэгт  баримтаар 5.848.922 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Б шүүхийн шатанд хохирогчид 9.000.000 төгрөг төлж барагдуулсан,

Хохирогч М.Л нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэрэгт  баримтаар эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 4.425.040 төгрөг, хохирогч, түүнийг өвчтэй байх хугацаанд асарсан гэх түүний гэр бүлийн гишүүний ажилгүй байсан хугацааны цалин орлогод 6.750.000 төгрөг  буюу нийт  11.175.040 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирогчид 12.000.000 төгрөг төлж барагдуулсан.

Хохирогч Ө.Дд Улсын гуравдугаар төв эмнэдэгт 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэс засал хийсэн зардлын төлбөрт 3.889.000 төгрөг төлөгдсөнөөс Эрүүл мэндийн даатгалаас 3.305.650 төгрөг, иргэнээс 583.350 төгрөг төлөгдсөн талаарх баримт хавтаст хэргийн 38 дахь талд авагдсан байна.

Гэтэл хавтаст хэргийн 48 дугаар талд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хохирогч Ө.Дд хийсэн мэс заслын төлбөрийн мэдээллийг 4.077.000 төгрөг гэж зөрүүтэй байдлаар нэхэмжилсэн байна.

Иймд хохирогчид эрүүл мэндийн тусламж үзүүлж, мэс засал хийсэн Улсын  гуравдугаар төв эмнэлгийн баримтыг үндэслэн хохирлыг тооцож буюу шүүгдэгч С.Бээс 5.344.900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  төлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Д, М.Л нарт цаашид хийгдэх эмчилгээний зардлыг болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлсэн болно.

Хохирогч Ө.Д, М.Л нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Б нь урьд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 

 

Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Өөрөөр хэлбэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хийлгэсэн эмчилгээ хийлгэсэн болон ажилгүй байсан хугацааны зардал баримтаар нэхэмжилснийг нөхөн төлсөн, хохирогч нарын эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, зардал нэхэмжлэх талаар хохирогч нарын байр суурийг хүлээн зөвшөөрч, зардал нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, шүүгдэгч нь насанд хүрээгүй 4 хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч, тэжээн тэтгэдэг зэрэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг байр суурь, санал, дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох,  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10.800 /арван мянга найман зуу/ нэгж буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв С.Б нь шүүхээс оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/-н төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Бийн сэжигтнээр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулж тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10.800 /арван мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 10.800 /арван мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.       

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.                                                                                                                                                                                          

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б нь хохирогч М.Лд 9.000.000 /есөн сая төгрөг/, хохирогч Ө.Дд 12.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.Бээс 5.344.900 /таван сая гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулж, хохирогч Ө.Д, М.Л нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.