| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00573/и |
| Дугаар | 00023 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00023
2020 оны 01 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2020/00023 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумынТахилт багт оршин суух, А овогт С-ийн С //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00573/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Самбуугийн С нь 1966 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт Самбуугийн 1 дэхь охин болж төрсөн. Сургуульд сураагүй бага боловсролтой. 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эцэг, эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал туслах малчнаар ажилласан ба нэгдэл тарж Баясгалант амьдрал ХК болоход мөн малчнаар ажилласан. Одоо хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим бичиг баримт олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.
Иймд С.Сийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.С нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1514 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Төмөрөөгийн ....Би 1960-1969 онуудад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байгаад, 1969-1972 онуудад цэргийн алба хаасан. 1972-1992 онууд буюу нэгдэл тартал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад малчнаар, 1992-2000 онуудад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал ХК-д мал аж ахуй хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан....С.С нь 1982 оноос хойш эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. С.С нь тус нэгдэлдээ 1990 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. С.С нь бог мал буюу хонь, ямаа хоёрыг холимог маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбүрэнгийн ....Би 1972-1991 онуудад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад мужаан, малчнаар ажиллаж байсан....С.С нь 16 насанд хүрээд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалан амьдрал нэгдлийн 2 дугаар бригад буюу Тахилт бригадад хонь, ямаа маллаж байсан. С.С нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад нэгдэл тартал тасралтгүй мал маллаж байсан. С.С нь бог мал маллаж байсан. Харин аав нь адуучин хүн байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 9-14, 17-28, 41-42, 43-44 дүгээр тал/
С.С нь 1966 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба гэрч Д.Эрдэнэбүрэнгийн ....С.С нь 16 насанд хүрээд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалан амьдрал нэгдлийн 2 дугаар бригад буюу Тахилт бригадад хонь, ямаа маллаж байсан..... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг 16 насанд хүрснээр хязгаарлаж С.Сийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар 1608000852 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 29 дүгээр тал/
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Төмөрөө, Д.Эрдэнэбүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А овогт С-ийн С //-ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Тахилт бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ