| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0639/З |
| Дугаар | 221/МА2025/0751 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0751
“Ө” ХХН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Б.Д, Г.Н нар
Нэхэмжлэгч: “Ө” ХХН
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 677 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Б.Д, Г.Н нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Н
Хэргийн индекс: 128/2025/0639/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 677 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нэмэлт ажиллагаа хийж, дахин шинэ акт гаргаснаар маргаан бүхий татгалзсан шийдвэрийн үр дагавар болсон олгогдоогүй буцаан олголт /хөнгөлөлт/ олгогдох буюу “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголтыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах болохыг дурдах нь зүйтэй” гэж хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.
3.2. Учир нь хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаалт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг нягтлан шалгаж дахин шинэ акт гаргах бус хүчингүй болгож, буцаан олголт олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан утга бүхий буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12 дахь заалтыг хамтад нь дурдсан агуулгатай шийдвэр гаргасан.
3.3. Нэхэмжлэгч “Ө” ХХН-ийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татварын дун 34,384,017.95 төгрөг бөгөөд урьд оны илүү төлөлт 3,175,524.58 төгрөг, тайлант оны нэхэмжлэхээр төлсөн дүн 26,877,564.07 төгрөг, 2022 оны үүссэн нэхэмжлэхээр төлсөн дүн 2,165,464.65 төгрөг буюу нийт албан татварын ногдлын барагдуулалт 32,218,553.3 төгрөг байсан. 2024 оны буюу тайлант хугацааны төлбөл зохих албан татварын үлдэгдэл 2,165,464.65 төгрөгийг төлөөгүйн улмаас Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хөнгөлөлт эдлэхгүй гэж шийдвэрлэсэн тул дахин шинээр акт гаргах боломжгүй юм.
3.4. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “...татварын системд үндэслэлгүй үүссэн нэхэмжлэхийн мэдээллийг залруулга хийх чиг үүрэг татварын албанд байгаа болохыг тэмдэглэж байна.” гэсэн нь шүүх хурлаас өмнө бүрдүүлсэн нотлох баримтаа үгүйсгэсэн дүгнэлт болсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвд хандаж, Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн. Үзлэгээр 2022 оны татварын өрийн үлдэгдэл байхгүй харин тайлант оны дутуу төлөлттэй болох нь тогтоогдсон. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” гэж заасан бөгөөд тухайн онуудад хамаарах нэхэмжлэх, татварын өрийн мэдээллийг харах, шийдвэрлэх боломж нь нэхэмжлэгчид байсан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. 1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Ө” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.
2.2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/13 дугаартай Аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай тушаалаар хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн. Уг 1 дүгээр хавсралтаар баталсан Хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтад нэхэмжлэгч “Ө” ХХН нь багтсан.
2.3. Татварын ерөнхий газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг хянаад, 54 татвар төлөгч хуулийн шаардлага хангаагүй буцаан олголтыг дахин хянах чиглэлийг дүүргийн татварын хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн.
2.4. Татварын буцаан олголтыг дахин хянах шаардлагатай татвар төлөгчийн жагсаалтад нэхэмжлэгч “Ө” ХХН-ийг тайлант хугацааны дутуутай гэж буцаасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын буцаан олголтыг дахин хянаж, тус дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалаар хуульд заасан шаардлага хангаагүй хасагдах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсан. Тус тушаалын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 3 дахь хэсэгт нэхэмжлэгч “Ө” ХХН-ийг харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан гэх шалтгаанаар 2024 оны татварын буцаан олголт авах боломжгүй болсон.
2.5. Хавсралтын жагсаалтад дурдсанаар нэхэмжлэгч “Ө” ХХН-ийг харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан гэсэн үндэслэлээр татварын буцаан олголт олгохоос татгалзсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хавсралтад техникийн алдаа гаргасан ... нэхэмжлэгч тайлант хугацааны үлдэгдэлтэй” гэх шалтгаанаар буцаан олголтоос хасагдсан гэж тайлбарласан.
2.6. Нэхэмжлэгч “Ө” ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын албан татварын буцаан олголт /хөнгөлөлт/ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... татвар төлөгч хуулийн этгээдийн тухайд 2024 оны жилийн эцсийн тайланг энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр илгээсэн. Тайлан илгээсэнтэй холбоотойгоор систем гэхээсээ илүүтэй татварын алба нь компанийн өмнөх онуудын татварын илүү төлөлттэй холбоотой зүйлүүдийг нягталж шалгаад 2024 оны жилийн эцсийн тайланг хүлээж аваад илүү төлөлтүүдийг суутгаад өнөөдрийн төлөх дүн чинь 26 сая байна гэж нэхэмжлэх үүссэн. Энэ нэхэмжлэхийн дагуу мөн өдрөө татвар төлөгчийн зүгээс татвараа төлсөн. Дахиад нэг нэхэмжлэх байсан. Тэр нь 02 дугаар сарын 03-ны өдөр үүссэн буюу 2,165,464.65 төгрөг буюу өнөөдрийн дутуу гээд байгаа дүнтэй яг ижилхэн байна. Энэ үүсгэсэн дүнг тухайн үед нь 02 дугаар сарын 06-ны өдөр мөн төлсөн. Төлбөрийн дүнгээрээ тооцоод үзвэл 29 сая төгрөг болж байна. Тухайн ингэж үүсэхэд татвар төлөгчийн карт дээр ямар нэгэн өөр өр авлага байгаагүй. Нэгэнт тайланг илгээсэн учир Татварын хэлтсийн хариуцсан улсын байцаагчаас тайланг хүлээж аваад баталгаажуулаад холбогдох материалуудыг нь шалгаад, системдээ шалгачхаад Татварын ерөнхий газар луу явуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ компаниуд сая дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтуудыг хангасан байгаа учраас буцаан олголтыг шийдвэрлэе гэдэг байдлаар явуулсан. Шийдвэртэй холбоотой асуудлаар Татварын ерөнхий газраас хариу ирүүлэхдээ сая дурдсан 2022 оны татвар дутуу байна гэдэг. 2,165,464.65 төгрөгтэй холбоотой асуудал нь татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас гэдэг юм уу, эсвэл дутуу байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Энэ бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд хуулийн хугацаанд гаргах холбогдох хуулийн шаардлагыг хангасаар байтал татварын алба эс үйлдэхүй гаргаж хууль бусаар буцаан олголт авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Нөгөө талаар татварын алба сүүлд 2,165,464.65 төгрөг хаанаас яаж үүссэнийг нотолж чадахгүй байгаа...” гэж тайлбарлан маргажээ.
2.7. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Ө” ХХН нь 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өргүй байхад хариуцагчаас 2022 оны 4 дүгээр улирлын өрийн үлдэгдэл гэж 2,165,464.65 төгрөгийн нэхэмжлэх үүсгэсэн нь үндэслэлгүй байжээ. Хэдийгээр шүүх дээрх дүнг үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж шийдвэрлэх боломжгүй буюу татварын системд үндэслэлгүй үүссэн өрийг залруулах чиг үүрэг нь татварын албанд байх тул, түүнчлэн энэ залруулгыг хийхгүй бол ирээдүйд өрийн үлдэгдэл гэх энэхүү нэхэмжлэх дахин үүсэх боломжтой байх тул хариуцагч дахин акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зөв...” гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд нийцнэ.
2.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... анх тайлан илгээсний дараа хоёр нэхэмжлэх үүссэн, уг хоёр нэхэмжлэхийг төлсний дараа нэг нэхэмжлэх нь хаагдаж, нөгөө нэхэмжлэх нь хаагдахгүй байсан тул татварын албанд хандаж байсан... 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын илүү төлөлттэй байсан” талаар тайлбарласан.
2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн 2024 оны тайлангаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 34,384,017.95 төгрөгийн дүнтэй тайлагнаж, улмаар 26,877,564.07 төгрөгийн дүнтэй 1250201184603 дугаар бүхий, 2,165,464.65 төгрөгийн дүнтэй 1220402869518 дугаар бүхий хоёр нэхэмжлэхийг тус тус төлсөн төдийгүй өмнөх оны 3,175,524.58 төгрөгийн илүү төлөлттэй байсан зэрэг үйл баримтаас дүгнэн үзвэл маргааны гол зүйл болох 2,165,464.65 төгрөгийн дүнтэй 1250201184603 дугаартай нэхэмжлэх хэзээ үүссэн, уг нэхэмжлэх хэдий хугацааны татвар болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай байх бөгөөд энэ талаарх баримтыг цуглуулах нь хариуцагчийн “Ө” ХХН тайлант хугацааны дутуутай байсан гэх тайлбар үндэслэлтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой байна.
2.11. Хэдийгээр анхан шатны шүүхээс дээрх зөрүүтэй байдлыг тодруулахаар татварын цахим системд үзлэг хийсэн байх боловч төдийлөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж чадалгүйгээр “... татварын системд үндэслэлгүй үүссэн нэхэмжлэхийн мэдээллийг залруулга хийх чиг үүрэг татварын албанд байгаа” гэж дүгнэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.
2.12. Учир нь тайлант хугацааны үлдэгдэл болох 2,165,464.65 төгрөгийн нэхэмжлэх болон төлсөн гэх 26,877,564.07 төгрөгийн дүнтэй нэхэмжлэхүүд нь ижил 1250201184603 гэсэн дугаартай байх төдийгүй 2,165,464.65 төгрөгийн дүнтэй 1220402869518 нэхэмжлэх нь Татварын нэгдсэн удирдлагын системд 888.481.95 төгрөгөөр төлөгдсөн гэж бүртгэгдсэн, хариуцагчаас уг төлөгдөөгүй нэхэмжлэхийг нэхэмжлэгчийн 2022 оны 2 дугаар улирлын татвар гэж, төлөгдсөн 2,165,464.65 төгрөгийн дүнтэй 1220402869518 нэхэмжлэхийг 2024 оны 04 дүгээр улирлын татвар гэж тус тус тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч “Ө” ХХН нь 2022 оны байдлаар 19,489,183.42 төгрөгийн татварын илүү төлөлттэй байсан нь тогтоогдож байх энэ тохиолдолд 2,165,464.65 төгрөгийн дүнтэй 1220402869518 нэхэмжлэх нь 2022 оны 02 дугаар улирлын татвар мөн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээч томилох замаар etax.mta.mn татварын цахим системд үүссэн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2.13. Иймд анхан шатны шүүхээс дээрх зөрүүтэй байдлыг бүрэн гүйцэд тодруулах хүрээнд etax.mta.mn татварын цахим системээс нэхэмжлэгч “Ө” ХХН-ийн 2022 оноос хойших хугацааны татварын бүхий л нэхэмжлэхүүдээс хэрэгт хамааралтай нэхэмжлэхүүдийг шалгаж, уг нэхэмжлэхүүд хэзээ үүссэн, хэзээ төлсөн, мөн төлөгдөөгүй гэх 1250201184603 дугаартай нэхэмжлэх хэзээ үүссэн, уг 1250201184603 дугаартай нэхэмжлэх нь 2022 оны 02 дугаар улирлын татварын нэхэмжлэх мөн эсэх талаар шинжээч томилох байдлаар энэхүү нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.
2.14. Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон тайлант хугацаанд өртэй эсэхийг тодруулаагүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ