Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч           Н.Баярмаа  даргалж,        

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр         

Улсын яллагч Д.Нямсүрэн

Шүүгдэгч Б.Бямбажаргал түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямбажаргалд  холбогдох 201625031786 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт

                       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 44-580 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овгийн Батболдын Бямбажаргал /РД: ХК80071911/

 

 

            Холбогдсон хэргийн талаар

           

Шүүгдэгч Б.Бямбажаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 19-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр хүүхэддээ агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очсон Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын тасгийн эргүүлийн офицер Д.Сэргэлэн, хэв журмын цагдаа ахлах ахлагч Н.Энхтүвшин нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж Д.Сэргэлэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би өөрийнхөө үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид засарч зөв амьдрах болно. Би УИХ-ын гишүүний жолоочоор 8 жил өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаад ажлаасаа халагдсан юм. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн маргаан болсон. Ингэхдээ би ажилгүй болохоор хоол ундны мөнгөгүй. Мөн өвөл болохоор хүйтэнд зуух халахгүй байсан. Зуухаа янзлуулах гэхээр мөнгөгүй учраас настай хүмүүсээс зөвлөгөө авч өөрөө зуухаа янзлаж байгаад хувцас болон нүүр хөө тортог болж яг гудамжны хүн шиг байсан. Тэгсэн эхнэр маань гэрээ болон өөрийгөө хар гээд зуухаа хагас дутуу янзалсан. Сэргэлэн эгчийн биед гэмтэл учруулсандаа эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Цаашид сорив арилгуулах эмчилгээний зардлыг төлнө. Учир нь би ажилд орох гээд 2-3 газар анкет өгсөн байгаа. Энэ байдлаа даргадаа хэлэхэд ажилд оруулж өгнө гэсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Д.Сэргэлэн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүргийн 17, 18 дугаар хорооны нутагт Согоот-114 чиглэлд жолооч цагдаа Н.Энхтүвшингийн хамт 20-73 УНҮ дугаартай машинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цаг 51 минутанд Согоот-10-с "Сурагчийн 44-580 тоотод согтуу хүн агсам тавиад эхнэрээ зодоод байна" гэсэн дуудлага хүлээн авсан. Дуудлагын дагуу очиж явтал замд хадам ээж нь гэх хүн над руу залгаад "хүргэн гараад зугтаасан, "Дуки" дэлгүүрийн үүдэнд байгаа, нүүр гар нь нил хөө болчихсон залуу байгаа гэж хэлсэн. Очиход 30 гаран насны нүүр гар нь хөө болсон залуу хашгираад 1 шил 0,5 литрийн хэмжээтэй Хараа архи бариад сууж байсан. Тэр залууг машинд суулгаад хэлтэс рүү явах замд тэр залуу ард хашгираад "та нар новшийн цагдаа, та нарыг ажилгүй болгоно, маргааш хараарай нэг нэгээр чинь сугалаж ална гээд л нөгөө яриагаа яриад байсан. Тэр үед бид 2 юм ярилгүй л яваад байсан. 5 буудал орчим явж байхад тэр залуу манай жолоочийн хамар руу цохиод миний цээж рүү нэг цохисон. Тэгээд буцаад Энхтүвшингийн руль рүү дайраад булаацалдсан. Тэгэхээр нь Энхтүвшин баруун тийшээ шахаад зогсох үйлдэл хийсэн. Тэр үед би машины хаалга бага зэрэг онгойлгоод бүсэнд байсан гаваа тайлж авсан. Тэгээд буух гэтэл тэр залуу гавыг маань надаас шүүрч аваад миний толгойн тус газарт цохисон. Тэгээд Энхтүвшинг цохих гэхээр нь би гавных нь нөгөө талаас шүүрч авахад Энхтүвшин надтай нийлж гавыг нь булааж авсан. Тэр үед миний толгойноос их хэмжээний цус гараад нүд юм харахаа болисон. Миний духны хэсэг хавдаж арьс нь ясандаа тултал язарч 6 ширхэг оёдол тавиулсан. Би нүүрнийхээ сорвийг бүдгэрүүлэх лазер эмчилгээний зардал, эм тарианы зардал, ажилгүй байсан хугацааны зардлыг гаргуулж авна./хх-15/

 

Хохирогч Н.Энхтүвшин мөрдөн байцаалтанд өгсөн: Сэргэлэн ахмад бид 2 тэр этгээдийг хараад таньсан ба машинаа "Дуки" дэлгүүрийн үүдэнд тавиад би эхлээд машинаасаа буугаад уг этгээд дээр очсон. Тэгээд "та машинд суу, танд гомдол гарч дуудлага ирсэн" гэж хэлсэн. Тэгтэл тэр этгээд "би машинд суухгүй намайг энд хаяад яв гэж надад хэлсэн. Тэгхээр нь бүснээс нь чирээд машин руу авч явсан тэгээд машиндаа суулгаад хөдөлсөн. Гэтэл хадам ээж Дархансайхан нь машин дээр гүйж ирээд "наад хүнээ битгий явуулаарай, охиныг маань аймаар зодсон, байнга зоддог, бид нар дараа нь өргөдөл гаргана, битгий явуулаарай" гэж хэлсэн. Тэгээд хэлтэс рүү хөдлөөд явж байхад уг этгээд "намайг энд буулгаад хая, насаараа цагдаа явахыг чинь харна, буулгахгүй бол нэг нэгээр чинь түүж ална гэж янз бүрийн юм ярьж явсан. Тэгээд машин бариад явж байхад араас мөр рүү цохиод яваад байсан. Тэгээд явсаар байгаад 14 дүгээр хороо 5 буудлын автобусны буудал өнгөрч байхад "та нар намайг буулгаж хаяхгүй байна гэж хашгираад миний мөрнөөс татаад Сэргэлэн ахмадын дал руу цохисон, тэгэхээр нь би "чи зүгээр яваач, яагаад хүн цохиод байгаа юм гэж хэлээд Сэргэлэн ахмад гаваа гаргаж ирэхэд нөгөө нөхөр гавыг нь булааж аваад гаваар нь дух руу нь цохисон. Тэгээд над руу далайхаар нь би гавыг нь булааж авсан. Миний хамар руу цохисон, хантаазнаас татсан, мөр рүү цохисон. Гэмтэл шарх үүсээгүй, надад шинжээч томилж өгсөн тогтоол өгсөн боловч би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад гэмтэл учраагүй, ямар нэгэн гомдол байхгүй./хх-18/

Гэрч Д.Баярцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 19-нд гадуур явж байгаад 16 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Бямбажаргал жаахан халамцуу 2 хүүтэйгээ байж байсан. Согтуураад агсрах маягтай үг хэлээд байсан. Хүүхдүүд нь айгаад уйлаад байсан. Надтай хэрүүл хийх гээд чанга чанга яриад байсан. Тэгээд би ээжтэйгээ ярьж байгаад цагдаа дуудахаар болоод ээж Дархансайхан өөрийнхөө утсаар агсам тавиад хүүхдүүд айлгаад байна ирээд аваач гэж дуудлага өгсөн. Үүнийг манай нөхөр мэдээд дэлгүүр рүү яваад өгсөн. Цагдааг дуудлагаар ирэх үед нөхөр "Дуки" дэлгүүрийн гадна байсан. Цагдаа нар түүнийг аваад явсан./хх-22/

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1398  тоот дүгнэлтэнд:

            1. Д.Сэргэлэнгийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь нүүрний засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахгүй ба мэс ажилбарын эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй.

            6. Д.Сэргэлэнгийн баруун сарвуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх 32-33/, Хохиролын мөнгө хураан авсан тэмдэглэл хх-8, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-9, эд зүйл хураан авсан тэмдэглэл хх-11, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хх-12, иргэний үнэмлэхний лавлагаа хх-53, ял шалгах хуудас хх-54, 55, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ хх 58-60,  зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

             Шүүгдэгч Б.Бямбажаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 19-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас саатуулан шалгахаар авч явсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Сэргэлэн, мөн тасгийн цагдаа, ахлах ахлагч Н.Энхтүвшин нарыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн эсэргүүцэж Д.Сэргэлэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Д.Сэргэлэнгийн өгсөн…тэгээд Энхтүвшинг цохих гэхээр нь би гавных нь нөгөө талаас шүүрч авахад Энхтүвшин надтай нийлж гавыг нь булааж авсан…тэр үед миний толгойноос их хэмжээний цус гараад нүд юм харахаа больсон…миний духны хэсэг хавдаж арьс нь ясандаа тултал язарч 6 ширхэг оёдол тавиулсан…би нүүрнийхээ сорвийг бүдгэрүүлэх лазер эмчилгээний зардал, эм тарианы зардал, ажилгүй байсан хугацааны зардлыг гаргуулж авна гэсэн мэдүүлэг хх-15, хохирогч Н.Энхтүвшингийн өгсөн…та нар намайг буулгаж хаяхгүй байна гэж хашгираад миний мөрнөөс татаад Сэргэлэн ахмадын дал руу цохисон…тэгэхээр нь би "чи зүгээр яваач…яагаад хүн цохиод байгаа юм гэж хэлээд Сэргэлэн ахмад гаваа гаргаж ирэхэд нөгөө нөхөр гавыг нь булааж аваад гаваар нь дух руу нь цохисон… тэгээд над руу далайхаар нь би гавыг нь булааж авсан…миний хамар руу цохисон…хантаазнаас татсан, мөр рүү цохисон…гэмтэл шарх үүсээгүй, надад шинжээч томилж өгсөн тогтоол өгсөн боловч би шүүх эмнэлэгт үзүүлээгүй…надад гэмтэл учраагүй, ямар нэгэн гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-18/, шүүхийн шинжилгээний 13107 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Прокуророос шүүгдэгч Б.Бямбажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

 

Иймд шүүгдэгч Б.Бямбажаргалыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас төрийн албан хаагчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Бямбажаргал нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудсаар/хх-54/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/ нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бямбаргал нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

                                                                                                                                                                                                                                     Шүүгдэгч Б.Бямбажаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн учир үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.                                                                                                                                                                         

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гавыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст буцаан олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.