Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

  2020             2              11                                       2020/ДШМ/191

 

          Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911 02668 1148 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их засаг овгийн Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ, 1991 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ТЭСО” Корпорацийн “Домог Интернешнл” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 24 дүгээр гудамжны 411 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 8 дугаар байрны 26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ91080815/;

Ц.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 139 дүгээр сургууль дотор Э.Мөнхцэцэгийг “надаас салсан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн Э.Мөнхцэцэгийг “надтай амьдар, амьдрахгүй бол ална, алж байж санаа амарна, янхан гичий, түмний нүдэн дээр шившиг болгоно” гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж, 2019 оны 5 дугаар сард өөрт нь, 2019 оны 8 дугаар сарын 30, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд сургуулийн жижүүрээр дамжуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их засаг овгийн Цогтбаатарын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнх-Эрдэнийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнх-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, Ц.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад оногдуулсан торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялын аль нэгээс нь чөлөөлж өгнө үү” гэв.

                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 139 дүгээр сургууль дотор Э.Мөнхцэцэгийг “надаас салсан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Мөнхцэцэгийн “...2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр намайг сургуулийн коридорт явж байхад Мөнх-Эрдэнэ гэх залуу сургууль дотор гэнэт орж ирээд намайг хараад хэл үггүй шууд үснээс зулгааж, шалан дээр унагаагаад хөлөөрөө миний нурууны хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед ойр байсан сургуулийн багш болон эцэг, эхчүүд Мөнх-Эрдэнийг надаас салгаж, цагдаад дуудлага өгсөн юм.” /хх 15-16/,

гэрч С.Цэрэнхандын “2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Мөнх-Эрдэнэ нь сургууль руу ямар ч зөвшөөрөлгүй шууд яваад орсон бөгөөд би болон замд таарсан манай сургуульд ажилладаг багш, ажилчид зогсоох гэж оролдсон боловч түлхэж дайраад сургууль руу орсон. Энэ үед Мөнхцэцэг багш нарын өрөөнөөс гарч ирж таарсан бөгөөд Мөнх-Эрдэнэ, Мөнхцэцэг нар коридорын буланд таараад Мөнх-Эрдэнэ шууд Мөнхцэцэгийн үснээс зулгааж газар унагааж чирээд, түүний бие хэсэг рүү өшиглөж дэвсээд байсан. Ойр орчимд нь байсан багш нар, эцэг, эхчүүд Мөнх-Эрдэнэтэй зууралдаж, хорьж байгаад Мөнхцэцэгийг холдуулж байгаад цагдаад дуудлага өгч, Мөнх-Эрдэнийг цагдаад өгч явуулсан.” /хх 22-23/,

гэрч Б.Эрдэнэчулууны “...удалгүй Мөнхцэцэг багш орилоод “наадахаа аваач ээ” гээд орилохоор нь би араас нь гараад харсан чинь Мөнхцэцэг багш газар унасан байдалтай, хажууд нь Мөнх-Эрдэнэ гэх өмнө нь сургууль дээр ирээд Мөнхцэцэгийг асуугаад байдаг залуу Мөнхцэцэгийн үснээс зулгаачихсан байж байсан. Тэр хоёрыг манай сургуулийн үйлчлэгч эмэгтэй салгах гээд оролдож байгаа харагдсан.” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Э.Мөнхцэцэгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 12088 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөн Ц.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 5 дугаар сард Э.Мөнхцэцэгт өөрт нь, 2019 оны 8 дугаар сарын 30, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд сургуулийн жижүүрээр дамжуулан  Э.Мөнхцэцэгийг “надтай амьдар, амьдрахгүй бол ална, алж байж санаа амарна, янхан гичий, түмний нүдэн дээр шившиг болгоно” гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Мөнхцэцэгийн “...би 2012 онд оюутан байхдаа Мөнх-Эрдэнэ гэх залуутай танилцаж уулздаг байсан бөгөөд тухайн үед намайг хий хоосон хардаж, ална гэж зоддог, над руу заазуур барьж сүрдүүлээд гэрээсээ гаргахгүй гэх мэтээр дарамталдаг байсан болохоор 2013 онд би түүнээс харилцаагаа салгасан. ...2019 оны 5 дугаар сар хүртэл Мөнх-Эрдэнэ нь миний өмнө нь ажиллаж сургууль дээр очиж, асууж сураглаж байгаад намайг хаана ажиллаж байгааг минь мэдээд 139 дүгээр сургууль дээр ирж надтай уулзаад “янхан, гичий минь надтай хамт байхгүй бол ална шүү, алж байж санаа амарна” гэж дайрч байхад манай сургуулийн ажилчид намайг хамгаалж, цагдаад дуудлага өгч шалгуулж байсан.” /хх 15-16/,

гэрч С.Цэрэнхандын “Мөнх-Эрдэнэ нь манай сургуулийн бага ангийн багш Мөнхцэцэгийг байнга асууж сураглаж ирээд байдаг. Өмнө нь 3-4 удаа ирж байсан. Энэ хүнээс Мөнхцэцэг зугтаад байдаг тул бид нар Мөнхцэцэгийг нуугаад байдаг юм. Өмнө нь ирээд явахдаа “Мөнхцэцэгт эрлэг чинь ирээд явлаа гэж хэлээрэй. Хаана таарсан газар чинь ална шүү гэж хэлээрэй” гээд байдаг байсан.” /хх 22-23/,

гэрч Б.Эрдэнэчулууны “Ц.МөнхЭрдэнэ өмнө нь сургууль дээр олон удаа ирж Мөнхцэцэгийг дарамтлаад зодох гэж дайраад байдаг байсан. 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр намайг жижүүр багшаар ажиллаж байх үед Мөнх-Эрдэнэ нь Мөнхцэцэгийг асууж ирсэн юм. Тухайн өдөр Мөнхцэцэг багш ажил дээр байгаагүй бөгөөд би түүнд “Мөнхцэцэг манай сургуульд ажиллахаа больсон, 72 дугаар сургуульд ажиллаж байгаа” гэж худал хэлэхэд яваад өгсөн. 20 минутын дараа Мөнх-Эрдэнэ нь буцаж ирээд намайг “худлаа ярилаа, пиздаа чинь” гэж хараагаад хориглосоор байхад сургууль руу ороод анги болгоны хаалгыг онгойлгож хайгаад байсан. Тэгээд “Мөнхцэцэгийг гаргаад ир, тэр муу гичийг чинь би алж байж сална” гээд сургууль дотор орилоод байсан. Гаргаж дийлэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгөөд ажилчдын хамтаар сургуулиас гаргаж хаалга түгжсэн чинь хаалга балбаж байгаад цагдаад баригдаад явсан.” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн хохирогч Э.Мөнхцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Ц.Мөнх-Эрдэнийн хохирогч Э.Мөнхцэцэгийг надтай хамт амьдар, амьдрахгүй бол ална гэх зэргээр заналхийлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан “Надад оногдуулсан торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялын аль нэгээс нь чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12088 дугаартай дүгнэлтүүд зэргээр хохирогч Э.Мөнхцэцэгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн хохирогч Э.Мөнхцэцэгийг удаа дараа заналхийлсэн үйлдэл хийсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Эдгээр мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд хорих ялын санкцгүй бөгөөд хорих ялтай гэмт хэргүүдэд хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хуульчилсан байна. Иймд аль нэг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байдлаар давхардуулж бичсэн алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Ц.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эдгээр ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь “ТЭСО” Корпорацийн “Домог Интернешнл” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг 300 болгон багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...700 цаг...” гэснийг “...300 цаг...” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...700 цаг...” гэснийг “...300 цаг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ