Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00401

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1267 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Өсөх хүрд трейд ХХК,******* ХХК-иудад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 406,829,456.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бадамдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, Г.Батбаатар, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бадамдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч******* ХХК,******* ХХК-иудад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 406,829,456.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 46,641,164,39 төгрөг төлсөн, эдийн засгийн хямрал, дотоодын түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 406,829,456.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201021818 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/1 тоот хаягт байршилтай, 87,75 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008657 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 65/2 тоот хаягт байршилтай, 141,44 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000305916 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 1843/0140 дугаар бүхий 471 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,193,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-аас 2,193,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1267 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бадамдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40.2. дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус хуульчлан заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн зүгээс нотлох баримт гарган шүүхээр үнэлүүлэхийг хүссэн боловч хариуцагчийн татгалзлыг шүүхээс огт дүгнээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 2019.08.09-нийн өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл энэ өдөр гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдсэн.

4.3. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч шүүхэд хандан зээлийн гэрээнээс удаа дараа татгалзаж байснаа илэрхийлж, энэ байдлаа нотлох баримт байхгүй учраас сүүлд гаргаж өгсөн******* ХХК-ийн албан бичгээрээ гэрээг цуцлагдсан гэж марган үүнийгээ нотлохоор шүүхэд хүргүүлсэн юм. Шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон зээлийн гэрээг цуцлагдсан гэсэн үндэслэлийг огтоос шүүхийн шийдвэрт дүгнээгүй, ямар учраас энэ үндэслэлийг дүгнэх боломжгүйн талаар эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйд хариуцагчийн зүгээс гомдолтой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

4.4. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Хариуцагчийн 2019.08.09-ний өдөр нэхэмжлэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн учраас уг өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй, ...уг албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно гэж дүгнэсэн.

4.5. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамт өгсөн нотлох баримт болох******* ХХК-ийн албан бичигт бид өмнө 2019.08.09-ний өдөр албан бичиг хүргүүлсэн талаар дурдсан байгаа бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэгчийн зүгээс няцаагаагүй. Шүүхэд нотлох баримтыг шинжлэн судалсан байдаг. Хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд ч энэ талаар тодорхой яригдсан. Шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад энэ албан бичгийн талаар дурдагдснаас үзэхэд бид энэ гэрээ цуцлагдсан гэдгийг нотлогдсон гэж үзэж байгаа юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч******* ХХК,******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 340,571,353.93 төгрөг, зээлийн хүү 64,971,986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,116 төгрөг, нийт 406,829,456.16 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар ...нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 388,403,960 төгрөгийг төлөх саналтай... гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч******* ХХК-тай 2015.10.13-ны өдөр НШС-АШ-С-15/001 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 350,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 65/1 тоот, 87.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлалтай 65/2 тоот 141.44 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах үйлчилгээний зориулалт бүхий 471 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан, түүнчлэн зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр хариуцаж барагдуулахаар******* ХХК батлан даалтын гэрээ тус тус байгуулжээ.

 

Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

8. Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрт 44,524,468.92 төгрөгийг төлсөн, 2017 оны 02 дугаар сараас хойш хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргийг зөрчсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

9. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.3, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зохицуулжээ.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд урт хугацаатай гэрээний хувьд гэрээг цуцлах тул зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нь хуулийн дээр заалтыг зөрөөгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хариуцагчийн татгалзлыг огт дүгнээгүй, ...хариуцагчийн гэрээнээс татгалзсан 2019.08.09-ний өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үнийн дүнгээс 24,540,864.15 төгрөгийг хасч, өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн ...хариуцагч нь эдийн засгийн хүндрэлд орсны улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлөх тухай албан бичгийг 2019.08.09-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч дээрх албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь тодорхойгүй, түүнчлэн хариуцагч нь төлбөрийн чадваргүй болсноо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй... гэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 406,829,456.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1267 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бадамдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-иас 2020.07.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД