| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00500/и |
| Дугаар | 00025 |
| Огноо | 2020-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 00025
| 2020 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2020/00025 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороо хөдөө хэсэгт оршин суух, И овогт С-ийн Б //ын нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00500/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ихэр овогт Сономцэрэнгийн Б миний бие нь 1963 оны 07 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадад Сономцэрэнгийн отгон хүү болж төрсөн. Миний бие нь бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1971 онд Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургууль руу шилжин суралцаж 1979 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн.
Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн талын булаг бригадад ээж Дашням овогтой Дүгэржавын суурьт Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн илгээлтээр туслах малчнаар очиж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. С.Б миний бие нь 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шарууд овогт Зэвгээгийн Сарангэрэлтэй гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн.
Гэр бүл болоод Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригаддаа үхрийн суурь хариуцан авч эхнэрийн хамт мал малласан.
Миний нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир шүүхэд баримт болгож гаргаж өгөх боломжгүй байна. Сономцэрэнгийн Б намайг анх төрөхөд эцэг эх маань Түмбаяр гэдэг нэрээр төрсний гэрчилгээ авсан байдаг. Гэтэл сургуульд 1 дүгээр ангид орсон үеэс Б гэдэг нэрээр бүртгэж, тэр үеэс хойш миний бүх бичиг баримтууд Сономцэрэнгийн Б гэдэг нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж явах болсон. Иймээс миний нь 2010 онд Сономцэрэнгийн Түмбаяр гэдэг нэрийг Сономцэрэнгийн Б болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. С.Б миний бие нь 1979 оноос хойш 1991 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад бог, бод мал маллаж байгаад нэгдэл хувьчлагдан тарахад хувиараа нутагтаа мал маллаж байгаад 2010 онд Улаанбаатао хотын Багануур дүүрэг рүү шилжиж одоо тэндээ мөн мал маллаж байна.
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас 1990-2000 онд хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан.
Иймд Ихэр овогт Сономцэрэнгийн Б намайг 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадын 1980-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, өмгөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Бумбат сүлжээгийнхэн ургийн ном зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-17, 25, 36-37 дугаар тал/
Харин С.Б нь 1980 онд 8 дугаар анги төгссөн болох нь Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Галаагийн С.Б нь 1972-1980 онд Зэрэг сумын 8 жилийн сургуульд суралцаж төгссөн нь үнэн гэх тодорхойлолоор С.Б нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуульд сурч байсан нь тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 1979-1980 онуудад ажиллаж байсан болох нь дээрх Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн захирлын тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэгч С.Бийг 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс тус 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв./хх-ийн 26 дугаар тал/
С.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990- 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 20 дугаар тал/
Хавтаст хэргийн гэрч О.Бямбатогтохын ...С.Б нь Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1979 онд төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан....гэх мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ихэр овогт Сономцэрэнгийн Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ