Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00037

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр Дугаар 153/ШШ2020/00037 Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Т овогт Г-ын Ш //-н нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч, 2019 оны  11 дүгээр  сарын  18-ны  өдөр 153/2019/00590/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Г.Ш нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гонгорын Ш миний бие 1965 оны 02 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт Гонгорын 5 дахь хүү болж төрсөн. Аав ээж, ах эгч нарын хамт мал маллаж байгаад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жил цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Сүлжээ бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Шинэ зам ХХК болоход мөн малчнаар ажилласан. 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Түдэвийн Чулуунгэрэлтэй гэр бүл болж тус нэгдэлийн Сүлжээ бригадад мал маллаж амьдарсан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг.

Одоо тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас Г.Ш намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ш  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ш нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Ш нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний  өдрийн 2290 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадын 1981-1983, 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Нямдаваагийн ....Г.Ш нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Сүлжээ бригадад эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Сүлжээ бригадад 1992 он хүртэл мал маллаж байсан. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Г.Ш нь сургуульд сураагүй. Г.Шгийн аавынх нь нэрийг Дансранийн Гонгор, ээжийг нь Сэрээтэрийн Дондов гэдэг байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Г.Нансалмаагийн ....Г.Ш нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад буюу Сүлжээ бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Тэр үед 16 насыг хөдөлмөрийн чадвартай нас гэдэг байсан юм. Эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан юм. Г.Ш нь бог мал буюу хонь малладаг байсан. Г.Шгийн аавынх нь нэрийг Дансрангийн Гонгор, ээжийг нь Сэрээтэрийн Дондов гэдэг байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-12, 24-26, 27-28 дугаар тал/

Г.Ш нь 1965 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба гэрч Г.Нансалмаагийн ....Г.Ш нь 16 насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад буюу Сүлжээ бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Тэр үед 16 насыг хөдөлмөрийн чадвартай нас гэдэг байсан юм.... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг 16 насанд хүрснээр хязгаарлаж Г.Шн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Г.Ш нь БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаартай тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 7494 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000722 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 17 дугаар тал/

Хавтаст хэргийн  13-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн  Г.Нансалмаа, Д.Нямдаваа нарын тодорхойлолт, хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т овогт Г-ын Ш //-н Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,  Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Шн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ